Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0138/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч Ц.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б-ын Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818002930160  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............... өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, автокраны операторчин мэргэжилтэй, “Ө” ХХК-д кранист ажилтай, Дархан сумын .......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ын Х /........../.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Дархан сумын ....... тоотод Ц.Ц-ийн гэрт Ц.Ц-той маргалдаж, улмаар Ц.Ц-г зодож эрүүл мэндэнд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Дархан сумын ,,,,,,,,,,,,,,, тоотод Ц.Ц-той маргалдаж, улмаар зодон баруун 6-р хавирганы битүү хугарал, дух, баруун хөмсөг зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хацар, уруул, нүүрний хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Ц-ийн “...манай эхнэрийн дүү Х гаднаас орж ирээд “чи эгчийг минь жаргааж чадсангүй, битгий давраад байгаарай” гэж хэлэхээр нь би орноосоо босч ирээд “чи миний гэрээс яв” гэж хэлтэл шууд нүүр руу цохиод ширээн доор унасан байхад өшиглөөд цохиод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...эм тариа, өвчин намдаах тариаг 2 сар хэрэглэсэн. Эмчилгээний зардал 134.000 төгрөг гарсан” гэх мэдүүлэг,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ,,,, дугаартай “Ц.Ц-ийн биед баруун 6-р хавирганы битүү хугарал, дух, баруун хөмсөг зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хацар, уруул, нүүрний хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаараар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19/,

Шүүгдэгч Д.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт “...Цоомоо ах намайг боож, хэд хэдэн удаа цохьсон. Би эсэргүүцэл үзүүлж Ц ахыг тонгорч унагаагаад зүүн талын гуян тус газар нь хоёр удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч Ц.Ц нь эмчилгээний зардал 134,000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Д.Х нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул 134,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Х-ыг хүний биед хөнгөн хохирол учруулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б-ын Х-аас 134,000 төгрөг гаргуулж, хохирогч С овгийн Ц-ын Ц -д олгосугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б-ын Х-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан Б.Х-т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД