| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0412/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/446 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0412/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох эрүүгийн 1818007780499 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Э 1986 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хадам эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Майхантын ******тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Ч.С эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Майхантын ******тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Ч.С эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр******* бид хоёр 0,33 гр “Хараа” архи 2 шилийг, 500 граммын пиво хоёрыг хувааж ууж дуусаад дахин архи аваад орж ирэхэд******* гэрт байхгүй байсан. Тэгээд би авсан архиа ганцаараа ууж байгаад унтсан юм. Унтаж байхад******* намайг сэрээгээд картын нууц үг сольсон байна гээд бид хэрүүл маргаан хийсэн. Би хэрүүл хийж байхдаа*******г үстэж байгаад цонх руу түлхчихээд гараад явсан.
...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч Ч.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Э гаднаас орж ирээд миний картыг булааж аваад явсан. Тэгээд би сургуулиас хүүхдээ аваад гэртээ иртэл тэрээр гаднаас 1 шил архи барьчихсан орж ирсэн. Би түүнээс виза картаа аваад охинтойгоо хамт найзындаа очих гээд АТМ-ээс мөнгө авах гэтэл нууц дугаарыг нь сольчихсон байсан. Би буцаж гэртээ ороод виза картнаас болж маргалдаад хэрүүл хийсэн юм. Тэгтэл Б.Э нь миний үснээс зулгаагаад намайг цонх руу түлхсэн бөгөөд би толгойгоороо цонх мөргөөд цонх хагарч миний зүүн талын хөмсөг зүсэгдэж, чихний омог сэтэрсэн юм.
...0.33 гр “Хараа” архи 2 шилийг, 0.5 гр пиво хоёрыг ****** бид хоёр хувааж уусан юм.
...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,
-“…Ч.С биед зүүн хөмсөг, зүүн чихний омогний шарх сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1117 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 13/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 15/,
-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 25-26/,
-Ч.С согтуурлыг шалгасан тэмдэглэл /хэргийн 27/,
-“...Би *******тай эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогч Ч.С хүсэлт /хэргийн 39/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Э үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.С эрүүл мэндэд “зүүн хөмсөг, зүүн чихний омогний шарх сорви” бүхий гэмтэл учирсан /хэргийн 13/ бөгөөд хохирогч Ч.Сугармаа нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Майхантын ******тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Ч.С эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Э-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Э үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Э анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ