Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2444

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03231 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ү-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36 600 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас Б.Ү өөрийн эцэг Д.Б-ийн хамт 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 24 000 000 төгрөгийн зээл авч, 20 000 000 төгрөгт сарын 2 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол 18-09 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Тухайн үеийн “С” ХХК-ийн захирал А.С өөрийнхөө нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр оруулсан бөгөөд 2016 оны 12 дугаар сард зуурдаар нас барсан ба компаний удирдлага Г.Э-д шилжсэн. Зээлийг авснаас хойш Д.Б, Б.Ү нар төлбөр төлөөгүй, зээлийн барьцааны байранд Б.Ү амьдарч байгаа. Иймд Б.Ү-ээс үндсэн зээл 24 000 000 төгрөг, хүү 400 000 төгрөг, алданги 12 200 000 төгрөг, нийт 36 600 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн захирал А.С бид хоёр хамтран амьдарч байхдаа хоёр талаасаа мөнгө гаргаж энэ байрыг авч хамтран эзэмшихээр гэрчилгээ авсан. Б.Ү болон А.С нарын дундаас 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин С.А төрсөн. Талийгаач 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөгийг гаргахдаа хуурамчаар зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулаагүй тухайн мөнгийг байр авахад хэрэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 18-09 тоот орон сууцандаа хамт амьдарч байсан. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар бид хоёрын дундын өмч одоо А.С нас барсан болохоор Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч нь охин С.А юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ү-ээс 36 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”С” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-ээс 340 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөлд байдалд дүгнэлт өгөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсний улмаас миний эрх хууль, ёсны ашиг сонирхолыг илтэд хохироосон. Талийгаач А.С бид хоёр хамтын амьдралтай байсан бөгөөд үүнийг хэргийн материалд байгаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн магадлалаар тогтоосон. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд талийгаач А.С үл хөдлөх хөрөнгийн үнийн дунгийн 50 хувийг өмчилж байгаа нь харагдана. Уг байрыг 30 000 000 төгрөгийн үнэтэй гэвэл би надад 15 000 000 төгрөг хамаатай. Гэтэл түүний 100 хувь хувьцааг эзэмшдэг байсан компаниас нэхэмжлэл гаргаад түүнийг нь шүүх хангаад 36 000 000 төгрөг төлөхөөр шийдвэр гаргачихаар нэг зүйлийг мөнгө болон өмчлөлөөр давхар төлж байна. Уг байрыг "С" ХХК-ийн авсан зээлэнд барьцаалсан бөгөөд уг компани зээлээ төлөөгүйн улмаас уг орон сууц барьцаанаас чөлөөлөгдөөгүй. Төлөхгүй бол уг зээлийн үүргийн гүйцэтгэлд хураагдах магадлалтай. Тиймээс уг компанийн зээлийн материалыг гаргуулж хэрэгт хавсаргах шаардлагатай. Иргэний хуулийн 515 дутаар зүйлийн 515.1,  520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт зааснаар уг захирлын эрх шилжүүлсэн процессийг шүүх хуулийн дагуу гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, "С" ХХК нь нэг хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагч нь талийгаач А.С байсан. Нэхэмжлэгч "С" ХХК-ийн хувьцаа нь үүсгэн байгуулагч А.С-ийн хөрөнгө. Тиймээс хуулийн дээрх заалтад заасны дагуу нэг жилийн дотор уг хувьцааг хэн нэгэн өмчлөх эрхгүй. Нэгэнт өмчлөх эрх хуулиар олгогдох боломжгүй бол хувьцаа эзэмшигчид хуралдаж шийдвэр гаргах боломжгүй. Ийнхүү шийдвэр гараагүй байхад нэхэмжлэл гаргасан нь хууль бус байхад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Мөн Г.Э нь төлөөлөх эрхтэй гэж үзэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Захирлаар Г.Э томилогдсон процесс нь хууль зөрчсөн эсэх, ямар баримтыг үндэслэн захирлаар томилогдсон, Г.Э итгэмжлэл олгоод байгаа нь үндэслэлтэй эсэх, нотариат өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Г.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон нь хууль зөрчсөн. Хариуцагчийн зүгээс уг хурал болох өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчид хамаатуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нотариатч н.О-т нэхэмжлэл гардуулсан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

       Нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч Б.Ү-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 600 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

         “С” ХХК-ийг төлөөлж захирал А.С иргэн Б.Ү, Д.Б нартай 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 24 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай зээлдүүлж, үүнээс 20 000 000 төгрөгт сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч Б.Ү дээрхи 24 000 000 төгрөгийг хүлээн авсан /хх-4-5/ үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэхдээ зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэснийг үндэслэл бүхий болоогүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 76 дугаар зүлийн 76.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно”, 76.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэж тус тус заажээ.

Дээрх зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх хугацаа гэрээ байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 1 сарын хугацаатай байсан тул хариуцагчаас зээл төлөхийг шаардах эрх 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс үүсчээ. Энэ өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар  үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гаргах боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдах буюу зогсох үндэслэл байсан гэж үзэх баримт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч Б.Ү-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03231 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ү-ээс зээлийн гэрээний үүрэгт 36 600 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                             Т.ТУЯА

                                                                                                            Д.БАЙГАЛМАА