Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 79

 

 

  

 

 

 

                                   

 

                                                 

                                          

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Г.Мөнхбаяр /томилолтоор/,

хохирогч Ч.Насантогтох,

шүүгдэгч Б.Мэндбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Цагаагчууд овогт Батбаатарын Мэндбаярт холбогдох эрүүгийн 201626030980 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 19-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цагаагчууд овогт Батбаатарын Мэндбаяр /РД:ХП81040719/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Мэндбаяр нь Ч.Насантогтоход байрны 8%-ийн зээл гаргаж өгнө гэж 2015 оны 09 сарын 08-наас 2015 оны 11 сарын 09-ний хооронд нийт 1.550.000 төгрөг авч залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                     

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            1. Хохирогч Ч.Насантогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Би зээлээр орон сууц авах талаараа өөрийн төрсөн эгч Алтанцэцэгт хэлээд “зээл хөөцөлдөөд өгөх таньдаг хүн байна уу” гэхэд Вандан-Очир гэдэг хүнтэй холбоо тогтоож өгсөн уг хүнээр дамжуулж Мэнбаяртай анх уулзсан. Тэгээд хүүгийнхээ нэр дээр орон сууц авах гэрээ хийсэн, ипотекийн 8 хувийн зээл яаралтай гаргуулах хэрэгтэй талаар туслах боломжтой эсэх талаар ярилцаад Мэндбаяр нь болно бүтнэ гээд зээл бүтсэний дараа зээлийн 5%-ийг өөрөө авна гэж тохиролцсон. Тухайн үед зээлийг 14 хоногоос 1 сарын хугацаанд хөөцөлдөж өгнө гэж хэлсэн. Мэндбаяр манай хүүгийн нэр дээр байрны зээл хөөцөлдөх гэж байгаагаа мэдэж байсан. Түүнээс хойш Мэндбаяр зээл хөөцөлдөж байгаа гэсэн боловч нэг ч удаа банкуудаар ороогүй. Надаас мөнгө болоод материалуудыг аваад алга болсон. Би хохирол төлбөрөө авчих юм бол надад гомдол санал байхгүй.

Надаас 800.000, 200.000, 100.000 төгрөгийг тус тус аваад дараа нь би ажилдаа явсан хойгуур ажлынхаа ахлахад 200.000 төгрөг үлдээгээд Мэндбаяр аваад, дараа нь ирээд надаас 250.000 төгрөг авсан. Ингээд нийт 1.550.000 төгрөгийг 2015 оны 09 сарын 08-наас 2015 оны 11 сарын 09-ний хооронд тус тус авсан. Миний хувьд хохирлоо барагдуулаад авчихвал өөр гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Б.Мэндбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

“...Тухайн өдөр намайг хүүхдээ салхилуулаад Төрийн орон сууцны корпорацийн ойролцоо явж байхад манай найз Сансарын аав Вандан-Очир утсаар яриад “Насантогтоход байрны зээл хөөцөлдүүлэх” талаар ярьсан. Би тухайн үед Насантогтохыг орон сууцны зээл авна гэж ойлгосон. Тэгтэл Хан-Уул дүүргийн Алтай хотхоны цаана байх нэг байрыг худалдаж авах гэрээний 10%-ийг төлсөн баримт үзүүлсэн. Тэгэхээр нь би “нэгэнт байраа сонгосон бол материалаа бүрдүүл гэхдээ наад гэрээ чинь их хатуу нөхцөлтэй гэрээ байна хэрвээ байрандаа орвол наад гэрээ чинь хэрэгжиж эхэлнэ, орохоосоо өмнө бүх материалаа 100% бүрдүүлж байж ор” гэдгийг хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа ярихдаа Насантогтох хүүгийнхээ нэр дээр зээл авах талаар хэлээд манай хүү Солонгос явсан нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураараа 3 сар төлсөн гэсэн баримтуудыг надад үзүүлсэн. Би баримтуудыг Хас банкны эдийн засагчид үзүүлсэн боловч боломжгүй гэсэн хариу өгсөн. Би Насантогтоход Хас банкны өр барагдуулах албанаас зарж байсан хэд хэдэн байрыг санал болгосон боловч авахгүй гэсэн. Тухайн үед материалуудыг бүрдүүлж байхад Насантогтох батлан даагчаар орно гэж гэсэн. Гэтэл батлан даагч нь 12.000.000 төгрөгийн өртэй байсан. Ийм учир батлан даагчаар орж болохгүй гэж хэлсэн. Түүнээс хойш би хэд хоног хөдөө явсан. Би Насантогтохын материалуудыг бүрдүүлээд зээлийг хөөцөлдөж байхад Насантогтох манай хөгшин аав, ээж рүү залгаж мөнгө аваад алга болсон гэж хэлсэн байсан. Би хөдөөнөөс ирээд Насантогтохын материалыг нь шуудангаар явуулсан. Би Насантогтохоос 1.550.000 төгрөг 2015 оны 09 сарын 08-наас 2015 оны 11 сарын 09-ний хооронд цувуулж авсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нь барагдуулна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626030980 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ч.Насантогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2015 оны 09 сарын үед хүү Бат-Эрдэний нэр дээр байр авах гээд хөөцөлдөж яваад Алтай хотхоны ар талд Глобал БЕВРЕЖ гэдэг газар 10%-ийг нь өгвөл зээлд хамрагдаж болно гэхээр нь газар дээр нь тушаагаад гэрээгээ хийгээд гэртээ харьчихаад өөрийн эгч Алтанцэцэгт би байр авч байгаа гэрээгээ хийсэн одоо яаралтай 8%-ийн зээл хурдан гаргах хэрэгтэй байна гэхэд манай эгч Вандан-Очир гэдэг хүний 99864115 гэдэг утсыг өгсөн. Тэгээд ярихад манай хүү Сансарын найз Мэндбаяр гэдэг хүн зээл гаргадаг миний зээлийг лав гаргаж өгсөн гээд Мэндбаярыг утсыг надад өгсөн. Тэгээд би Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн Орон сууцны корпорацийн орчимд эгч Алтанцэцэгтэй цуг очиж Мэндбаяр гэгч хүнтэй уулзахад байр авах талаараа хэлээд зээл авах гэсэн юм хэр хугацаатай гаргаж өгөх вэ гэж асуухад дээд тал нь 1 сар, наад зах нь 14 хоног болно, харин авах зээлийн 5 хувийг авдаг юм гэсэн тэгэхээр нь тэгье гэж тохироход Мэндбаяр өөрөө эхлээд шилэн дансанд хийнэ гэж ярьчихаад дараа нь ажил хөөцөлдөж байна гэх нэрийдлээр мөнгө авсан. Тухайн үед би дансаа өг гэхэд ерөөсөө дансаа өгөлгүй бэлнээр авдаг байсан. Тэр баримт нь эх хувиараа надад бий.

Сүүлд 2016 оны 03 сарын 22-ны өдөр 210.000 төгрөгийг нийтдээ 1.550.000 төгрөгийг авсан. Тэрнээс хойш 2015 оны 11, 12 сар, 2016 оны 01 сард 8 хувийн зээл хаагдсан гээд яваад л байсан. Тэгтэл барилгын компани зээл бүтээх 3 сарын хугацаа дууссан тул байрнаасаа гар гэх мэдэгдэх хуудас өгөхөөр нь би Мэндбаярт хэлэхэд тэр барилгын компанийн Тунгалаг гээд гэрээ хийдэг менежертэй яриад нэг сар сунгуулсан. Ингээд сунгуулсан сар дуусахад ахин мэдэгдэл өгөхөөр нь би барилгын компанийн захирал Сэдбазартай уулзаад миний хүү мэс засалд ороод удаагүй байгаа би өвлийн хүйтэнд хаачих вэ нэг сар сунгаачээ гээд сунгуулсан энэ үед Мэндбаяр ч утсаа авахаа болиод алга болсон. Тэгээд би байрнаасаа 2016.3 сард гарсан. Үүнээс хойш надтай ерөөсөө уулзаагүй миний хүүгийн бичиг баримтыг өгөөгүй сүүлдээ би гэрт нь очиход хаалгаа тайлаагүй.

Хамгийн сүүлд 7 сард холбогдоод мөнгө төгрөгөө авна гэхэд өгнө миний юм бүтэхгүй байна гарын үсэг хүлээгээд байна гэх зүйл яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-18х/,

 

2. Гэрч Ч.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би анх 2013 онд тэтгэвэртээ гарахдаа Ганга өргөө нийслэлийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байхдаа Вандан-Очир гэх барилга бариулж ашиглалтанд оруулахад түүний байрны ус дулаан хариуцсан байцаагчаар би ажилладаг байсан үед ажлаа хийж явахдаа Вандан-Очиртой ажлын шугамаар танилцаж байсан. Тухайн үед түүний хүү Сансар гэх залуутай мөн танилцсан. Түүнээс хойш би тэтгэвэртээ гараад 2015 онд Вандан-Очиртой таарахад барьсан байрны подвалийн өрөөнүүдээ зарсан гэхэд нь би яаж зарсан тухай сонсоход манай хүү Сансар нь таньдаг хүнээрээ зээл гаргуулаад энэ байраа зарсан гэх талаар ярьсан байсан.

Үүнээс хойш 2015 оны 09 сарын үед манай дүү Насантогтох нь байранд орох гэж байгаа талаар ярихаар нь би энд нэг хүн байр авахдаа хүнээр зээл гаргуулаад байраа зарсан гэсэн тэр хүнтэй би холбож өгөх үү гэж хэлэхэд манай дүү зөвшөөрсөн. Тэгээд би Вандан-Очир руу яриад дүүтэйгээ холбож өгсөн. Тэгээд манай дүү Вандан-Очирын хүү Сансарын утсыг олж авсан тэгээд хоорондоо холбогдоод хоёр удаа Мэндбаяр гэгчтэй зээлийн үйл явцын талаар дүү Насантогтохтой цуг явж уулзаж байсан. Түүнээс хойш мэдсэн зүйл байхгүй харин дүүгээсээ л зээлийн явцын талаар сонсож байсан. Миний сонссоноор 1.500.000 төгрөг авсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

 

3. Гэрч Б.Ялалтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би Мэндбаяртай багын найз. Манай найз их нийтэч сайхан сэтгэлтэй, төлөв даруу зантай хүнд их тусархаг хүн. Мэндбаярыг хүн байрны 8%-ийн зээл гаргаж өгнө гэж мөнгө авсан талаар мэдэхгүй байна. Мэндбаяр гэртээ хоёр хүүхэдтэйгээ цуг байдаг эхнэр нь салаад явсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,

 

4. Гэрч Б.Цэенхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би анх Мэндбаярыг найз Ялалттай найзалж байхад нь танилцаж найз болсон. Түүнээс хойш надаар хувцас хунар оёулах мэтээр харилцдаг байсан. Зан аашийн хувьд даруухан төлөв санагддаг. Мэндбаярыг хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэж сонссон. Мэндбаярын зээл гаргадаг ажлын талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

5. Гэрч Э.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би Мэндбаяртай 10 жилийн найз одоог хүртэл найзалж байгаа. Мэндбаяр нь их нийтэч, найз нөхдийнхөө дунд их сайн л үнэлэгддэг, шударга, төлөв даруу, хүнд их тусархаг зантай хүн. ...Мэндбаяр нь одоо хувийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2, 3 найзтайгаа нийлж хийдэг гэсэн. Зун 6 сарын үед утсаар ярихад Мэндбаяр хүний зээлийн материал хөөцөлдөөд явж байна гэж ярьж байсан. Түүнээс урьд нь зээлийн материал гаргах талаар сонсож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,

 

6. Шүүгдэгч Б.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2015 оны 05 дугаар сард манай Сансар гэгч 10 жилийн найз болон түүний аав Вандан-Очир надтай Спортын төв ордны урд таараад “Насантогтох гэгч хүн байгаа, тэрэнд тулсаадхаач” гэж захисан. Тэгэхээр нь би “ямар учиртай хүн юм” гэж асуухад “өөрсдийнх нь барьсан байрны цахилгаан техникийн нөхцөлийг хөөцөлдөж өгсөн хүн туслаадхаач” гээд мөн “шагнал өгөх байх түүнийг нь өөртэй нь ярина биз” гэсэн. Түүнээс хойш 10 хоногийн дараа охин Ундрамыг 50-р сургуульд хүргэж өгчихөөд явж байхад миний утас руу Насантогтох залгаад “Сансар, Вандан-Очир нарын хэлүүлсэн хүн байна уулзая” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гээд Төрийн орон сууцны корпорацийн тэнд уулзая гэж тохирсон. Тэгээд над руу эгчтэйгээ ирээд материалаа үзүүлсэн.

Тухайн үед надад миний танил Хас банкны өр барагдуулах албаны дарга Билэгсайхан манайд зээлийн өрөнд хураагдсан орон сууцнууд бий тэдгээрээс борлуулвал 1-1,5%-ийн шимтгэл авч болох талаар хэлсэн. Би боломжийн санал гээд зөвшөөрсөн байсан болохоор Насантогтоход санал болгоод ганц хоёрыг хэлсэн гэвч өөрөө үнэтэй гээд хүлээж аваагүй, мөн СХД-н 21-р хороонд хүртэл орон сууц санал болгож байсан ч Насантогтохын хүүхэд нь маш их архи уудаг болохоор би энэ хүүхдийг эндээс холдуулах гэж байгаа гэж хэлсэн. Ингээд 2016 оны 7 дугаар сард наадмын дараа СХД-н 1-р хороолол 9-р байрны орчим надтай уулзахдаа өөрийн эгчтэйгээ ирж уулзсан тэгэхдээ Хан-Уул дүүргийн Алтай хотхоны цаана байрлах нэг байрыг худалдаж авахаар гэрээ хийсэн, гэрээний 10%-ийг төлсөн гэсэн баримт үзүүлсэн.

Тэгэхээр нь би “нэгэнт сонгосон бол материалаа бүрдүүл, гэхдээ наад гэрээ чинь их хатуу нөхцөлтэй гэрээ байна, хэрвээ байрандаа орвол наад гэрээ чинь хэрэгжиж эхэлнэ, орохоосоо өмнө бүх материалаа 100% бүрдүүлж байж ор” гэдгийг өөрт нь хэлсэн. Тэгээд тэндээс яваад түүнээс хойш хэд хэдэн удаа яриад зөвлөгөө авч байсан.

Би Насантогтохыг, Вандан-Очиртой ойр дотно холбоотой ажилладаг гэж ойлгосон ба ...надад бүх зүйлийг бүрдүүлж өгвөл шагнал олгож 3.0 сая төгрөг өгнө гэж хэлэхэд нь ...би зөвшөөрсөн.  Тухайн үедээ бидний хооронд ямар нэг гэрээ хийгдээгүй, харин дундын өмчлөлийн данс нээе гэж намайг санал болгоход эхэндээ за тэгье гэж хэлчихээд, дараа нь хийгээгүй. Үүнээс хойш нилээд хэд хоногийн дараа над руу дахин ярихад нь би “Нарны хороололд явж байна, нөгөө шагналаасаа урьдчилгаа болгож чадах уу” гэхэд “за тэгье” гэхэд  нь 500.000 төгрөг авсан. Мөн үүнээс хойш 2 удаа манай Багануурт ажил хийдэг бригадад хоолны материал авах хэрэг гараад 300.000 төгрөг авсан. Энэ үед Насантогтох “би хүүгийнхээ нэрээр зээлд оруулъя, би хамтран зээлдэгчээр орохоор боллоо” гэсэн.

Тэгэхээр нь би хүүхдээ өөрийнхөө материал шиг адилхан бүрдүүл гэж хэлээд дараагийн 300.000 төгрөг авах гэж очихдоо материалтай нь танилцсан. Тэгэхэд хүүхдийн материалд нь нийгмийн даатгалын дэвтэр нь 3 сараар тасарсан байж байтал 2015 оны 12 сар гэсэн тэгэхээр нь би өршөөлийн хууль яригдаж байна энэ нь нийгмийн даатгалыг нөхөн төлөх тухай яригдаж байгаа юм байна тэрэнд нөхөн тооцох компани олдох байх түүн дээр танай хүүгийн 3 сар хоцорсон төлөлтийг төлүүлье гэж ярихад Насантогтох өөрөө зөвшөөрсөн. Ингэж олдохоос өмнө хоёулаа хүүгийн чинь компани дээр очоод тодорхойлолт авъя гэж ярьж байсан. Энэ үед би Насантогтоход таны нэр дээр ямар нэгэн зээл байна уу гэж асуухад байгаа гэсэн. Тэгэхээр нь би та үүнийгээ өмнө нь хэлэхгүй яасан юм гээд Төрийн банк руу очоод зээлийн үлдэгдлийг тодруулахад 12.0 сая орчим төгрөг байсан. Тэндээс гараад салахдаа би өөрт нь “та анхнаасаа надад зээлтэй” гэж хэлэхгүй яасан юм гэж хэлсэн. Энэ зээлийн материал бүрдүүлэхэд хэцүү гэдгийг хэлж байсан. Би нийгмийн даатгал нөхөн тооцох компани олоод Насантогтохоос 3 сарын төлбөр буюу 450.000 төгрөгийг авсан.

Тэгээд энэ хугацаанд би Насантогтоход “та хүүхдийн нийгмийн даатгал нөхөн тооцогдож гараад ирэхээс өмнө зээлээ төлж барагдуулаарай” гэж хэлэхэд “би төлж чадахгүй манай нөхөр архи уудаг, хүүхэд маань цалин өгдөггүй, архи уудаг нөхөр тусдаа байдаг, би хамаг гэр орноо авч явж байна” гээд уурлаад байсан. Тэгж байтал манай хуурай ах Батцогтын бие муудаад би малыг нь харахаар 10 хоног Сүхбаатар аймаг явсан. Тэгээд ирэх хооронд миний утас холбогддоггүй миний гар утас залгуураараа цэнэг шахдаггүй зөвхөн батерей цэнэглэгчээр асдаг. Ингээд ирэх хооронд манай ээж Дуламсүрэн рүү хүртэл яриад уурласан байсан.

...Би өмнө нь Хасбанк, Голомт банкинд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан болохоор хүнд материал л бүрдүүлж өгч байсан. Би Глобал БЕВЕРЖ ХХК-ны хүнийг сайн танихгүй, борлуулагчтай нь Насантогтохын талаар уулзаж байсан. Нэрийг нь сайн санахгүй байна, Баярмаа гэсэн байх...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х, 42-45х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 46х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47х/, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 48х/, магистрын дипломын хуулбар /хэргийн 63х/, Мэндбаярын Эрхэм 2010 оны 12 дугаар сарын 05-нд /РД:УЦ10320511/, Мэндбаярын Ундрам 2009 оны 04 дүгээр сарын 15-нд /РД:УК09241585/ төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 60-61х/, төлбөр барагдуулах тухай баталгаа гаргасан баримт /хэргийн 11х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах талаархи Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам зөрчөөгүй, эдгээр нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан тул шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Б.Мэдбаяр нь хохирогч Ч.Насантогтоход байрны 8 хувийн хүүтэй зээлийн материал бүрдүүлэхэд туслаж, зээл гаргаж өгнө гэж түүнээс 2015 оны 09 сарын 08-наас 2015 оны 11 сарын 09-ны өдрийн хооронд нийт 1.550.000 төгрөгийг цувуулж бэлнээр авч залилан мэхэлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ч.Насантогтохын  мэдүүлэг, шүүгдэгч Б.Мэндбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, төлбөр барагдуулах талаар баталгаа гаргасан баримт болон гэрч Ч.Алтанцэцэгийн мэдүүлэг /хэргийн 19-20х/, мөнгө авсан гэсэн баримт /хэргийн 53х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Мэндбаяр нь 2015 оны 09 дүгэр сарын 08-ны өдрөөс 2015 оны 11 сарын 09-ний өдрийн хооронд “хохирогч Ч.Насантогтохыг “байрны 8%-ийн зээлд хамруулна” гэж өөрийн эрх хэмжээ, бүрэн эрхэд хамаарахгүй, банкны байгууллага зохих журмын дагуу гүйцэтгэх эрх үүргийг өөртөө хамаатуулан бусдад амлаж, итгэл төрүүлэн, хохирогч Ч.Насантогтохоос урамшуулал шагнал нэрээр 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг авч өөрийн хэрэгцээнд зарцуулан ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Насантогтоход учирсан хохирол 1.550.000 төгрөг байгаа Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээнд хамаарах бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мэндбаярын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь тохирсон байх тул шүүгдэгч Б.Мэндбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Гэсэн хэдий ч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн /6 сарын хугацаа өнгөрсөн/, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” байх тул шүүх Б.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Мэндбаяр нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 47х/ тогтоогдсон байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.       

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мэндбаяраас 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ гаргуулж, хохирогч Ч.Насантогтоход олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                

ТОГТООХ нь:

 

 1. Цагаагчууд овогт Батбаатарын Мэндбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мэндбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт Б.Мэндбаяр цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Мэндбаяраас гэм хорын хохиролд 1.550.000 / нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж,

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 3-р 58-26-01 тоотод оршин суух, Боржигон овогт Чогсомын Насантогтоход /РД:МР65042102/ олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Б.Мэндбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БАЗАРХАНД