Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 09

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд оршин суух иргэн Б овогт Г.О-ийн нэхэмжлэлтэй,  /регистрийн дугаар: ЙП0000000/

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Миний охин Г-ын Ш-ын төрсний гэрчилгээн дээр С-ийн Ч гэж бичигдсэнийг Г-ийн О болгон залруулж өгөхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2020/0005/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хяналтын улсын байцаагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ю нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Г.О миний бие 1986 онд том охин Г.Ш-ыг төрүүлж охиныхоо төрсний гэрчилгээг хүнээр авахуултал иргэний бүртгэлийн ажилтан төрсний гэрчилгээн дээр нь миний овог нэрийг бага байхад өргөж авсан аавын овгоор овоглож нэрийг маань С-ийн Ч гэж бичсэнээс болоод бүх бичиг баримт зөрүүтэй болоод хохирч байна. Иймд Г-ын Ш-ын төрсний гэрчилгээн дээр С-ийн Ч гэж бичигдсэнийг Г-ийн О болгон залруулж өгөхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.           

Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний том охин Г.Ш-ын төрсний бүртгэлд эх болох миний овог нэрийг бага байхад өргөж авсан ааваар, нэрийг маань С-ийн Ч гэж бичсэн байх тул уг зөрчлийг арилгуулах талаар улсын бүртгэлд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн 1 хувийг ирүүлжээ.

Энэхүү бүртгэлийг шалгахад тус хэлтсийн иргэний баримтын архивд хадгалагдаж байгаа Хайрхандулаан сумын 1986 оны төрсний бүртгэлийн 34 дугаарт 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ч-ын Ш төрснийг 1986 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн тухай /эхээр овоглосон/ бүртгэл байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасныг баримтлан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр зөрчлийг арилгах боловч уг төрсний бүртгэлд дурдагдсан С-ийн Ч, нэхэмжлэл гаргагч Г-ийн О нар нь нэг хүн гэдэг нь нотлогдохгүй, мөн иргэний гар дээр байх төрсний гэрчилгээнд эцгээр тэмдэглэгдсэн Жамганы Ганболд нь дээрх төрсний бүртгэлд тусгагдаагүй байх тул шүүхэд хандан тогтоолгохыг зөвлөн ажилласан болно” гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Миний охин Г-ын Ш-ын төрсний гэрчилгээн дээр С-ийн Ч гэж бичигдсэнийг Г-ийн О болгон залруулж өгөхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.                                                                         Хавтаст хэрэгт авагдсан баримт болох иргэн Г-ын Ш-ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар дээр эхийн овог нэрийг С-ийн Ч гэж бичсэн баримт байна.

Харин нэхэмжлэгч Г-ийн О-ийн БНМАУ-ын иргэний паспортын нотариатаар батлуулсан хуулбар дээр бичигдсэн хүмүүсийн бүртгэлийн эхэнд овог, нэр гэсний доор О-ийн Ш, төрсөн он, сар, өдөр гэсний доор 1986 оны 02 дугаар сарын 24, паспортын эзний юу болох гэсний доор охин гэж тус тус тэмдэглэгджээ.

Иргэн Г-ын Ш-ын төрсний гэрчилгээний хуулбар дээр түүний төрсөн он, сар, өдрийг 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй гэж бүртгэсэн байгаа нь  нэхэмжлэгч Г.О-ийн БНМАУ-ын иргэний паспорт дээр бүртгэгдсэн хүмүүсийн эхэнд бичигдсэн О-ийн Ш-ын төрсөн он, сар, өдөртэй тохирч байна.

Мөн Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 45/013659 дугаартай төрөл садангийн лавлагаагаар Д-ийн Г-нь Ж овогт Г-ын Ш-ын өвөө болохыг тодорхойлжээ.

Мөн хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох иргэний архивын бүртгэлийн дэвтрийн хуулбарын 34 дугаарт эхийн овог, нэр нь С-ийн Ч гээд хүүхдийн овог, нэрийг Чын Ш, эмэгтэй, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрснийг, 1986 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн тухай бүртгэл байна.

Дээрх баримтуудаас үзэхэд иргэн Ш-ын овгийг “Г-ын, О-ийн, Ч-ын” гэх зэргээр өөр өөрөөр бүртгэсэн нь тогтоогдож байна.

Дараах  бичгийн  нотлох  баримтууд болон үйл баримтуудад үндэслэн дүгнэж үзвэл Г.Ш-ын төрсний гэрчилгээг олгохдоо түүний ээж Г-ийн О-ийн овог, нэрийг ташаарч буруу овог, нэрээр буюу С-ийн Ч гэж андуу ташаа бүртгэж төрсний бүртгэлийг хийж, төрсний гэрчилгээ олгосон байна гэж шүүхээс дүгнэлээ.

Уг алдаатай бүртгэлээс шалтгаалан Монгол Улсын өндөр настай олон хүүхэд төрүүлж өсгөсөн иргэний хуулиар олгогдсон нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломж нөхцөл хязгаарлагдаж иргэний хувьд баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон байна гэж шүүхээс дүгнээд иргэний эрхийг сэргээж бүртгэлийг зөвтгөн залруулах шаардлагатай байна гэж үзлээ. 

Хариуцагч захиргааны байгууллага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Ш-ын төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэлд түүний эхийн овог, нэрийг буруу зөрүү бүртгэсэн байх магадлалтай болохыг үгүйсгэхгүй байгаа болно. 

Иймд шүүхээс Г.Ш-ын төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэлд түүний эхийн овог, нэрийг Г-ийн О гэхийг С-ийн Ч гэж алдаатай буруу бичиж бүртгэснээс шалтгаалан Монгол Улсын иргэнд  хуулиар  олгогдсон эрхээ эдэлж нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд хүрч, Монгол улсын өндөр настай олон хүүхэд төрүүлж өсгөсөн эх иргэн Г.О-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрэхээр байна.          

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заажээ.

Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж хуульчилжээ.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.  

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгчээ.  

Иймд шүүхээс “Г.Ш-ын /ЙП00000000/ төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэлд түүний эхийн овог нэрийг С-ийн Ч гэж буруу нэрээр бичиж бүртгэснийг залруулж Г-ийн О болгон зөвтгөж засвар өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч   Г.О-ийн хууль ёсны ашиг сонирхол, эрхийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106,3.12 дугаарт зааснуудыг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дүгээрт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-ийн “Миний охин Г-ын Ш-ын төрсний гэрчилгээн дээр С-ийн Ч гэж бичигдсэнийг Г-ийн О болгон залруулж өгөхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Ш-ын /ЙП00000000/-ын регистрийн дугаартай төрсний бүртгэлд түүний эхийн нэрийг С-ийн Ч гэж бичигдсэнийг Г-ийн О гэж зөвтгөн өөрчилж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаарт  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдьсугай.

 

        3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.