Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/397

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч*******,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004170411 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чавдартай,  Халтмай овогт Рэнцэндоржийн Оюунгэрэл,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь 2020 оны 08 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ам гол нэртэй газар иргэн*******тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч******* нь 2020 оны 08 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ам гол нэртэй газар иргэн*******тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч*******гийн ... 2020 оны 08 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Богд сумын 1 дүгээр багт байдаг Ам гол гэх газар Дэмбээ, Бат-Эрдэнэ болон манай 3 айлын мал нийлсэн байсан юм. Би Дэмбэрэлийн үхэр нь манай гэрийн гадаа байхад нь гэрлүү нь туугаад аваачсан юм. Дэмбэрэлийн эхнэр Оюунгэрэл нь хүрч ирээд яагаад үхэр туугаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь танай хүүхэд чинь манай хонийг дандаа хөөдөг би хүүхэд рүү нь хандаад дахиж манай хонийг хөөдөг юм бол алгадана шүү шээс минь гээд хэлчихсэн чинь та юу гээд хүүхэд шээс гээд байгаа юм би хүүхдээ хэнээс ч өмөөрнө шүү гэж хэлээд миний зүүн нүдрүү гараараа цохихоор нь би дахиад намайг цохь цохь гэж хэлсэн. Тэгээд хэрэлдэж байгаад салсан. Оюунгэрэл бид 2 бэлчээрээс болоод хэрэлдсэн. Тухайн үед хажууд Оюунгэрэлийн 7 дугаар ангийн хүүхэд Ганбаа болон түүний дүү 5 настай хүхэд Баасандорж хамгийн бага нь 1 нас гарантай хүүхдүүд ээжтэйгээ байсан. Өөр бид нарыг хэрэлдэж байхад бид нараас зайтай Бат-Эрдэнэ, Дэлгэрцэцэг, Мандах, Цагаанаа нар нь малаа ялгаад байж байсан хэрэлдэхийг харсан. Оюунгэрэл зүүн гараараа миний баруун нүдрүү 1 удаа цохисон. Гэртээ хариад шөнө 03 цагийн үед шөнө унтаж байгаад сэрээд охин Бадамыг дуудаад харуулсан чинь таны нүд хавдчихсан байна яачихсан юм бэ гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/,

Гэрч Б.Бат-Эрдэний ... 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай мал дотор Мандах, Цагаанаа 2 бас мал шүүж явсан. Нэг харахад Балжмаа болон Оюунгэрэл нар нь Дэмбээ ахын хажуу талын дэрсэн дээр нэгнийхээ малыг хөөлөө барилаа гэж хэрэлдэж байсан. Би малаа ялгаж аваад гэрлүүгээ явахад Балжмаа болон Оюунгэрэл нар хэрэлдээд байгаад байсан. Балжмааг цохихыг бол хараагүй хэрэлдээд байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, Гэрч Ж.Дэлгэрцэцэгийн ... Тэгээд нөхөр бид хоёр хойшлоод Балжмаа эгчийн малд нь малаа шүүгээд буцаад хойноос уруудаад Дэмбээ ахын малнаас ямаагаа ялгаад гэрлүүгээ уруудаад явах үед Дэмбээ ахын баруун талынх нь малны хотонд Оюунгэрэл эгч болон Балжмаа эгч 2 хоорондоо мал хөөлөө гээд хэрэлдээд зогсож байхыг нь харчихаад шууд гэрлүүгээ харьсан. Оюунгэрэл Балжмааг цохиж байхыг бол хараагүй, хэрэлдэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч М.Бадамын ... 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний ээж Балжмаа бид 2 гудасны өнгө хийгээд байж байтал 18 цаг өнгөрч байхад Бат-Эрдэнийн эхнэр нь манайх руу залгаад малаа ялгацгаая гэж хэлсэн. Тэгээд ээж гэрийн гадна байсан Дэмбээгийн үхрийг нь туугаад явсан. Би ямаагаа саагаад байж байхад ээж Оюунгэрэлтэй хэрэлдээд байх шиг байсан чанга чанга дуугаралцаад байсан. Орой 20 цаг өнгөрч байхад ээж гэртээ Дэмбээгийн эхнэр Оюунгэрэлтэй хэрэлдчихээд ирлээ гэсэн юм. Ээж орж ирээд цай уугаад зурагт үзчихээд бид хоёр 22 цагийн үед амарсан. Шөнө 03 цагийн үед намайг унтаж байхад ээж дуудаад нүд яачихваа гэж асуусан. Харсан чинь баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Гэрч Б.Мандахын ... Би Дэмбээгийн мал дээр малаа ялгах гээд очиход ээж үхэр туугаад ирсэн. Оюунгэрэл бид 2 зэрэг шахуу гэр гэрээсээ ирсэн. Гэтэл Оюунгэрэл ээжрүү мэдрэлтэй юм уу та чинь үхэр хөөгөөд гээд загнаад байсан. Би тэндээс ойрхон Бат-Эрдэнэ, Дээгий болон манай нөхөр Цэвээнбал нар дээр очиж малаа ялгасан. Тэр үед Оюунгэрэл ээж 2 хойно урдаа ороод хэрэлдээд яваад байгаа харагдсан. Малаа ялгаж дуусаад нөхөр бид 2 ээжийнд очоод хоол идээд сууж байхад 21 цагийн үед ээж араас ороод ирсэн. Дэмбээгийн эхнэртэй хэрэлдчихээд ирлээ гээд юм яриад байсан тухайн үед би тоогоогүй. Нүдийг нь анзаараагүй. Өдөр дүүтэй гудас оёод сууж байхад нүд нь зүгээр байсан. Маргааш өглөө нь би ямаагаа саах гээд ямааны холбоон дээр ээжтэй таарахад баруун нүд нилээн хавдартай байсан. Наад нүд чинь яачихаа вэ гэж асуухад ээж өчигдөр орой Оюунгэрэл цохисон юм, би та нарт хэлээгүй юм гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/,

Гэрч Ч.Цэвээний ... Тэр үед намайг харахад Оюунгэрэл 3 хүүхэдтэйгээ болон хадам ээж Балжмаа хоёр гэрийнхээ дунд байдаг довон дээр зогсож харагдсан. Оюунгэрэл нь Балжмааг цохихыг хараагүй. Маргааш өглөө нь 11 цаг болж байхад намайг гэр буулгаж байхад ээж манайд ирсэн. Тэгээд ажсан чинь баруун нүд хөхрөөд хавдсан байсан. Та наад нүдээ яачихаа вэ гэж асуухад Оюунгэрэл намайг цохисон юм гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 08-ны өдрийн №499 дугаартай шинжээчийн ... Б.Балжмаагийн биед баруун нүдний дээд, доод зовхи болон хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 47-48/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Хохирогч Б.Балжмаа нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд эм тарианд 18.150 төгрөг, унааны зардалд 52.000 төгрөг, нүдний дусаалга 14.000 төгрөг нийт 84.150 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт эм тариа худалдсан авсан 18.150 төгрөгийн баримт авагдсан байх тул шүүгдэгчээс 18.150 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Балжмаад олгов. Харин хохирогчийн нэхэмжилсэн унааны зардал 52.000 төгрөг, нүдний дусаалга 14.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Халтмай овогт Рэнцэндоржийн Оюунгэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч*******д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч*******ээс 18.500 төгрөг гаргуулж хохирогч*******д олгосугай.

6. Хохирогч******* нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА