Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0123/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Иргэдийн төлөөлөгч Ж.Ж-,

Улсын яллагч  Г.Уянга, Т.Дэлгэрсайхан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т-, Б.Ч-,

Шүүгдэгч П.П.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.З-д холбогдох эрүүгийн 2218000000073 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***************” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1017 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон,  П.З-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.П.З- 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цагийн орчим согтуугаар иргэн Б.Б.У-тай маргалдан сандал руу түлхэж амь насыг нь хохироон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч П.П.З- нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цагийн орчим согтуурсан үедээ Б.Б.У-тай маргалдан сандал руу түлхэж сандлын хурц иртэй түшлэг дээр унагаан хэвлий цээжний хавсарсан гэмтэл, бүсэлхий нурууны баруун талаар хэвлийд нэвтэрсэн шарх, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн хажууг сэтлэн нойр булчирхай, элэг, өрц, баруун уушгийг дайран баруун талын 5 дугаар хавиргыг хугалан цээжний баруун өмнө хэсгээр гарсан шархны гэмтэл бүхий амь насыг аврах боломжгүй гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч П.П.З- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би талийгаач Б.У-тай уулзаад нэг шил архи уусан.  Тэгээд Ө.Ө.Д-ын гэрт ирсэн. Бид гурав архи уусан. Үүрийн 3-4 цагийн үед жоохон маргалдсан. Зургаан цагийн үед дэлгүүрээс архи авсан. Тэгээд та хоёр эвлэрээч гэр бүл болооч гэж би хэлсэн. Талийгаач жоохон дурамжхан байсан. Ө.Ө.Д- эвлэрэх саналтай байна гэж хэлсэн. Нойлд дуудаж оруулсан Ө.Ө.Д- талийгаач цуг байж байгаад хаяж явсан. Тэгээд би нойлд бие засаад гартал талийгаач сандал дээр хэвтэж байсан. Тэгээд би яасан юу болов гээд очоод хартал сандал дээр зоогдсон байсан. Би сандарсандаа татаад авсан. Тэгээд цаанаас над дээр Ө.Ө.Д- ирээд чи яаж байгаа юм бэ гэсэн. Ө.Ө.Д- утас шүүрч ээж рүүгээ залгаад Б.У- сандалд зоогдоод цус алдаад байна гэж хэлсэн. Ө.Ө.Д- манай нөхрийг хутгалчихлаа цус алдаад байна гэж дуудлага өгсөн. Би чи юу яриад байгаа юм бэ би ямар хутгалсан юм уу гэж хэлсэн. Удалгүй ээж рүүгээ  эргээд залгасан чинь гадаа нь ирж байна гэж хэлсэн. Би гэрээс нь гарч байхад аав, ээж нь зөрөөд орч байсан. Би ахындаа очоод болсон үйл явдлыг хэлсэн. Мөн найз руугаа залгаж хэлсэн. Эмнэлэгт Б.У-ыг сэхээнд орчихлоо гэхээр нь тайвшраад өөрийн найзуудтайгаа архи ууж байтал цагдаа нар залгаад байгаа газраа хэл гэхээр нь өөрийн архи ууж байсан газраа хэлсэн удалгүй цагдаа нар ирсэн.” гэв.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач миний отгон дүү. Миний дүү худал хэлж хулгай хийдэггүй  найз нөхөдтэйгөө эвтэй. Архи их хэмжээгээр уудаг байсан. П.П.З- гэж залуу надад гурван зуун мянган төгрөг өгөх гэж өчнөөн удсан. Хамт байна гэхээр нь би П.П.З- гэх хүнтэй уулзана гэхээр намайг талийгаач оруулаагүй. Их л дээрэлхүү юм шиг надад санагдсан. Найз нөхөд нь нэгнийгээ чирээд явдаг. Би танай найзаас авах юу байгаа юм бэ гэж асуухад манай дүү энэ хүнд хямдхан ажилдаг байсан. Би их гомдолтой. Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой сонссон. Гэтэл өглөө очиход нас барсан байсан. Ө.Ө.Д-ын хаана амьдардаг сайн ойлгодог. Миний тулгуур, ээжийгээ асарч л байсан. Одоо бодоход худлаа хэлэхгүй, хулгай хийдэггүй сайн залуу байж. Дүү маань П.П.З-тай уулзсанаас болж зан ааш нь өөрчлөгддөг байсан. Чи энэ хүнтэй битгий үерх гэж удаа дараа хэлж байсан. Одоо бол үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг байна. Би түлхээгүй өөрөө унасан гээд хэлэх гэж байна. Чи яагаад миний ээж рүү дүүгээ яриулж зандруулж байгаа юм бэ  чи миний ээжийг өрөөл татанга, дүүг маань алчихлаа би чамаас дүүгийнхээ амь насыг нэхэж байна. Би их гомдолтой байна гэв.

 

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч ажилтай Б.Б.А-аас гаргасан “хутгалуулсан шархтай хүн байна” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 12 минутад хүлээн авсан...  /1-р хх 01/,

 

4. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”сандалны түшлэг хэсгийн зүүн тал, рам хэсгээрээ бэхэлгээтэй, баруун талын рамнаас түшлэг хэсэг нь салж унжсан байх ба баруун талын түшлэгний рам хэсэг нь дээгүүрээ нарийн хурц үзүүртэй, уг рам нь суудал хэсгээс дээш ирмэг хүртэл 35 см байх ба цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлж авав.”  /1-р хх 2-14/,

 

5. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Цээжний баруун өмнө хэсэгт хөндлөн байрлалтай 2.7 см урт зах ирмэг тэгш баруун үзүүр хөхний толгойноос 3 см зайд байрлах мэс заслын 3 оёдол бүхий 1-р шархтай. Зүүн гарын хумсны завсраар цус мэт зүйлээр бохирлогдсон. Зүүн гарын тохойн дотор хэсэгт тариа хийсэн бага зэрэг хавдаж хөхөрсөн духны баруун талд босоо байрлалтай 1,8см х 0.2см хэмжээтэй зулгарсан, бүсэлхий нурууны баруун талд хагас тойрог хэлбэрийн задгай үзүүр дээшээ харсан хөндлөн байрлалтай 4.3см хэмжээтэй мэс заслын 5 оёдол бүхий 2-р шархтай. Биеийн бусад ил харагдах хэсэгт ямар нэг гэмтэлгүй.” /1-р хх 26/,

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач гэрээс 16 цагийн орчим хүнтэй уулзана гэж хэлээд гараад явсан юм. Талийгаачийг гараад явсны дараа удалгүй миний утас дугараад утсаа авахад эрэгтэй хүн утасны цаанаас “Б.У- байна уу” гэж их ууртай байдлаар асуухаар нь би “Б.У- ажлаа хийх гээд гараад явсан, чи хэн бэ” гэж асуухад надад нэрээ хэлээгүй. Би дууных нь өнгөөр П.З- байна гэж бодсон. Шөнө 00 цагийн орчим талийгаач гэрт орж ирээд жижиг өрөөнөөс юм аваад гарах шиг болсон дараа нь бас 02 цагийн орчим орж ирээд гараад явсан юм. Тэрнээс хойш уулзаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 33/,

 

7. Гэрч Л.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд миний охин Ө.Д- миний 9906****** дугаарын утас руу өөрийнхөө 9440***** дугаараас залгаад Б.У-, П.З- хоёр манай гэрт ирсэн. Тэгээд Б.У-, П.З- хоёр нэгнийгээ гэмтээгээд Б.У-ыг эмнэлэг ирээд аваад явчихсан. Одоо манай гэрт цагдаа нар ирчихсэн байна. Та ирээд Энхцацралыг авчих гэж ярихаар нь би гэрээсээ гараад охины гэрт ирэхэд цагдаа нар хэргийн газрын үзлэг хийж байна гэхээр нь би зээ охиноо аваад гэр рүүгээ ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 35/,

 

8. Гэрч Я.О* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн хүү П.З-тай өнөөдөр өглөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө Дархан сумын 08 дугаар баг 12 дугаар байрны гадаа уулзсан. Өглөө 09:40 минутын үед миний хүү П.П.З- миний утас руу залгаад “Б.У-ын салсан эхнэрийн гэрт байна, Б.У- цус алдаад байна та хурдан микро хороололд хүрээд ирээч” гэж надад хэлсэн. Би хүү П.П.З-д хандаж чи түргэн дуудсан юм уу? гэж асуухад “эхнэр нь цагдаа дуудсан би 12 дугаар байрны 2 дугаар орцны гадаа хүлээж байя” гэж хэлээд утсаа тасалсан. Би өөрийн нөхөр П- хамт хурдан микрт очоод автобусны буудлын харалдаа буугаад явж байхад зам хөндлөн гараад миний хүү П.П.З- цамцтай гүйж явсан. Нөхөр бид хоёр П.З-г дуудаад “чи хаашаа явж байгаа юм бэ?” гэж асуухад П.З- нөхөр бид хоёрт “гэр рүү явж нэг зузаан хувцас өмсмөөр байна" гэж хэлсэн. Тэгээд ааваасаа унааны мөнгө аваад явсан. Нөхөр бид хоёр П.З-гаас салаад 12 дугаар байрны 22 тоотод орсон чинь гал тогооны өрөөний шалан дээр Б.У- шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би Б.У-аас яаж байна гэж гэсэн гайгүй гээд байсан.Тэгээд би түргэн дуудаад дахиад залгасан чинь эмч ирээд Б.У-ыг аваад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх 38/,

 

9. Гэрч П.П- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн орчим намайг эхнэрийн хамт гэртээ байж байхад эхнэр рүү манай хүү П.З- танихгүй дугаараас залгаад “би Б.У-ыг зодоод эмнэлэг рүү явуулчихлаа би одоо гэрт нь байна” гэсэн.  Тэгэхээр нь би эхнэрийн хамтаар гадагш гараад Дархан сумын 08 дугаар багт байрлах “Магнолия” супермаркетын замын эсрэг талын автобусны буудал дээр хүү П.З-тай таараад Б.У-ын гэрийг асуугаад, надаас хүү таксины мөнгө асуусан. Харин би 2000 төгрөг өгөөд тухайн зодоон болсон айл руу орсон. Тухайн үед хүүхэд надад Б.У-ын бие гайгүй байгаа гэж хэлээд яваад өгсөн. .... Б.У-ын гэрт ороход Б.У- шалан дээр хэвтчихсэн эхнэр нь бөөр нурууны хэсгийн шархыг 00-ын цаасаар дарчихсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 40-41/,

 

10. Гэрч Л.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр өглөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө найз Ө.Д- над руу утсаар яриад “танай нөхөр П.З- өчигдөр орой гэрт ирээд нөхөр Б.У- бид гурав хамт архи уугаад байж байна” гэж хэлсэн. Тэр үед 08 цаг 54 минут болж байсан. Удалгүй нөхөр П.З-гийн ээж 09 цаг 43 минутад залгаад “П.З- сая над руу утсаар залгаад найзыгаа цохичихлоо” гэж хэлээд утсаа тасалчихлаа, байгаа айл, газрынх нь хаягийг хэлээд өг гэхээр нь хэлж өгсөн. Удаагүй би өөрөө найз Ө.Д-, Б.У- нарын гэрт ирэхэд манай хадам аав П-, хадам ээж О- нар ирчихсэн, нөхөр П.З- гараад явсан байсан ба Б.У-ын цээж, нуруу хэсгээс нь цус гарсан байдалтай байсан ба эхнэр Ө.Д- цусыг нь арчиж, цэвэрлэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 43/,

 

11. Гэрч Б.Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр 10 цагт 9940**** гэсэн дугаараас эмэгтэй хүн илт согтуу байдалтай хүн хутгалуулчихлаа цус алдаад байна гэж хэлсэн. Цаана нь нэг эрэгтэй хүн би хутгалчихсан уу гэж хэлэх шиг болсон. Тэгээд би дуудлагаа хүлээн аваад эмнэлгийн хашаанаас гарахдаа 102-т дуудлага өгсөн. Тухайн дуудлагад 10 минутын дотор очиход нойлын өрөөний үүд коридорт 30-40 орчим насны эрэгтэй хажуу талаараа хэвтчихсэн, ухаангүй амьсгаадчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 47-48/,

 

12. Насанд хүрээгүй гэрч У.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сэрээд зурагтаар хүүхэлдэйн кино үзэж байхад П.З- ах аавтай хэрэлдээд байсан. Тэгснээ П.З- ах аавыг гараараа түлхээд аав унахдаа сандал дээр унаад тэгээд шалан дээр аавын цээжнээс цус гараад ээж тэр цусыг нь цэвэрлээд байж байсан тэгээд л би босоод бие засаад аавын хажууд очсон чинь П.З- ах гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 50/,

 

13. Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...9939**** дугаартай утаснаас гээд дуудлага өгөхөөр нь хутгалуулсан гээд мөн үү? гэж асуусан чинь ямар ч байсан түргэн хүрээд ир гэж хэлсэн. Тухайн дуудлагыг Б.А- эмч авсан. Б.А- эмч дуудлагаас ирээд уушги руу хутгалаад бөөрөөр нь гарсан байна гэж хэлсэн. Би тухайн үед амьд юм уу гэсэн чинь амьд, бүгд согтуу байдалтай байна лээ гэж ярьсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх 52/,

 

14. Гэрч Ө.Ө.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний санаж байгаа юм гэвэл өнөөдөр өглөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө П.З- талийгаач хоёр маргалдаад /би юунаас болж маргалдсан, яагаад маргалдсан талаар юу ч санахгүй байна/ П.З- талийгаач хоёр манай гэрийн аркны арын өрөө буюу манай зочны өрөөнд босож зогсоод барилцаж аваад манай гэрийн зочны өрөөний үүдэн талын буюу ширээний зүүн талын сандал руу П.З- талийгаачийг түлхээд унагаасныг би санаж байна. Тэгэхэд талийгаач сандал дээр унаад дараа нь шууд шалан дээр хэвтээд өгсөн. Тэгэхэд талийгаачийн нуруу болон цээжнээс нь цус гараад эхэлсэн юм. Яг энэ үед П.З- “би хүн алчихлаа шүү дээ” гэж хэлээд манай гэрээс гараад зугтаасан. Би зурагтын тавиур дээрээс нойтон салфетик аваад талийгаачийн цусыг тогтоох гэж оролдсон боловч тогтохгүй байсан болохоор 103 руу залгаж дуудлага өгсөн юм. Намайг яг ийм байдалтай байж байхад П.З-гийн ээж, аав хоёр орж ирсэн, удалгүй түргэн тусламж ирээд талийгаачийг аваад явсан юм. Би талийгаачийг түргэн ирээд аваад явсны дараа харахад манай зочны өрөөний үүдэн талын сандлын түшлэг нь эвдрээд унжсан байсан бөгөөд сандал хананаас 30 орчим см зайтай байсан. Тэгээд би сандлын түшлэгийн рам төмөр дээр талийгаачийг унасан юм байна гэж мэдсэн юм.” гэх мэдүүлэг /1-р хх 55/,

 

15. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1. Талийгаачийн биед хэвлий цээжний хавсарсан гэмтэл, бүсэлхий нурууны баруун талаар хэвлийд нэвтэрсэн шарх, бүсэлхийн 2-р нугалмын их биеийн хажууг сэлтлэн нойр булчирхай, элэг, өрц, баруун уушгийг дайран баруун талын 5-р хавиргыг хугалан цээжний баруун өмнө хэсгээр гарсан шархны гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр /үсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11. 3.3.1-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. Талийгаач нь үндсэн оношид бичигдсэн гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.

5. Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх ямар нэгэн архаг хууч өвчин илэрсэнгүй.

6. Талийгаачийн цусны бүлэг BIII, Rh/+/ байна.

7. Талийгаачийн цусанд спирт илрээгүй боловч ходоодны агууламжид 1,3 промилли спирт илэрсэн нь архи согтууруулах зүйл хэрэглэснийг харуулж байна.

8. Амь хохирогчийн биед тогтоогдсон гэмтлийг авсан дариуд эмнэлгийн тусламжийг үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байна.” /1-р хх 66-69/,

 

16. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.У-” гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй, ходоодны агууламжид 1,3 промилли спирт илэрсэн болно. /1-р хх 70-71/,

 

17. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1. Шинжилгээнд авсан “Б.У-” гэж хаягласан цусны бүлэг BIII, Rh/+/ байна. /1-р хх 72-73/,

 

18. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “П.П.З- 38/ эр 2022.01.26” гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй. /1-р хх 82-83/,

 

19. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1. Шинжилгээнд авсан “П.П.З- 2022.01.26” гэж хаягласан цусны бүлэг ОI, Rh/+/ байна. /1-р хх 84-85/,

 

            20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 935 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б.Б.У-ын өмсөж байсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн арьсан тэлээ, саарал эрээн өнгийн дотуур өмд, хөх саарал өнгийн дотоож, Б.Б.У-ын гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б.Б.У-ын өмсөж байсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн арьсан тэлээ, саарал эрээн өнгийн дотуур өмд, хөх саарал өнгийн дотоож дээр цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй.

            3. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б.Б.У-ын өмсөж байсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмдний дээд манжаатаг, баруун болон зүүн гуя, баруун өвдөгний гадна тал, зүүн хөлийн шилбэ, хар өнгийн арьсан тэлээний жинсэн өмдтэй залгагдсан хэсгүүд, саарал эрээн өнгийн дотуур өмд болон хөх саарал өнгийн дотоожийн баруун дээд хэсэг, баруун гуя гадна талд ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус илэрсэн.

            4. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б.Б.У-ын өмсөж байсан гэх хувцаснууд дээрээс илэрсэн нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Б.У-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1-р хх 92-96/,

 

            21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 936 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

            1. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн сандал, бинт, саарал цагаан судалтай бүтээлэг, цаас мэт зүйл, ажлын хэсэгт цэцэгтэй, ногоон өнгийн бариултай хутга, ногоон бариултай заазуур, ажлын хэсэг гэртэй, ногоон өнгийн хутга шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн сандал, бинт, цаас мэт зүйл, нимгэн даавуу мэт зүйл, саарал цагаан судалтай бүтээлэг, ажлын хэсэг цэцэгтэй, ногоон өнгийн бариултай хутга, ногоон бариултай заазуур, ажлын хэсэг гэртэй, ногоон өнгийн хутга дээр цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй.

            3. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн сандлын суудал дээрх хэсэг, түшлэгийн зүүн ар хэсэг, бинтний гол хэсэг, цаас мэт зүйлийн улаан хүрэн бохирдолтой хэсэг, саарал цагаан судалтай бүтээлгийн зах хэсэг, ажлын хэсэг цэцэгтэй, ногоон өнгийн бариултай хутганы ажлын хэсгийн гол хэсэг, ногоон бариултай заазуурын ажлын хэсгийн доод үзүүр, ажлын хэсэг гэртэй, ногоон өнгийн хутганы гэрийн үзүүр хэсэг дээр ДНХ-ийн тогтцоороо хүний цус илэрсэн.

            4. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн сандлын түшлэг болон суудал, бинт, саарал цагаан судалтай бүтээлэг, цаас мэт зүйл дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь дүгнэлтийн дугаар 935-т тусгасан амь хохирогч Б.Б.У-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.

            5. Ажлын хэсэгт цэцэгтэй, ногоон өнгийн бариултай хутга, ногоон бариултай заазуур, ажлын хэсэг гэртэй, ногоон өнгийн хутга дээрээс хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. Уг илэрсэн холимог ДНХ-ийн тогтоцоос дүгнэлтийн дугаар 935-т тусгасан амь хохирогч Б.Б.У-ын гэх цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн.

            6. Нимгэн даавуу мэт зүйл дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тодорхойлох боломжгүй. /1-р хх 102-108/,

 

            22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 937 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн П.П.З-гийн өмсөж явсан гэх биеийн тамирын хар
өнгийн өмд, үдээстэй бор ногоон өнгийн гутал нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн П.П.З-гийн өмсөж явсан гэх биеийн тамирын хар
өнгийн өмд, үдээстэй бор ногоон өнгийн гутал дээр цус илэрсэн, биологийн бусад
ул мөр илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн П.П.З-гийн өмсөж явсан гэх биеийн тамирын хар
өнгийн өмдний зүүн гуя, баруун шилбэ, үдээстэй бор ногоон өнгийн баруун гутлын
хажуу хэсэг дээр ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус илэрсэн.

4. Шинжилгээнд биеийн тамирын хар өнгийн өмд, үдээстэй бор ногоон өнгийн гутал дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь дүгнэлтийн дугаар 935-т тусгасан амь
хохирогч Б.Б.У-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /1-р хх 121-125/,

 

23. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа 58/21:

1.2. П.З- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно.

3. П.З- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай.

4. П.З- нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. П.З- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна.

6. П.З- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно. /1-р хх 130/,

 

23. Гэрч Ө.Ө.Д-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Талийгаач хэрэг болсон өдрийн шөнө заазуураар элэг зүссэн. Гадна талдаа хуванцар хамгаалалтай /хуй/ жижиг ногоон хутгаар талийгаач сонгино арилгасан. Тэгэхэд талийгаачийн ДНХ үлдсэн байх гэж бодож байна. Талийгаач элэг шараад П.З-, талийгаач бид 4 идсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 117/,

 

24. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөртэй холбоотой баримт /1-р хх 224-242/,

 

25. Шүүгдэгч П.П.З-гийн согтуурал шалгасан тэмдэглэл “...согтуурал шалгах драгер багажаар үлээлгэн шалгахад 4.77 хувь гарсан болно.” /1-р хх 189/,

 

Шүүгдэгч П.П.З-гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх 159-170/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 174-188, 202-208/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх тодорхойлолт /1-р хх 199/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1-р хх 215-218/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /1-р хх 219/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Ж.Ж- нь шүүгдэгч П.П.З-г гэм буруугүй байна гэж дүгнэлт гаргасан болно.

 

Гэм буруу болон хохирлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч П.П.З- нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цагийн орчим согтуурсан үедээ Б.Б.У-тай тодорхой бус шалтгааны улмаас маргалдаж түүнийг түлхсэний улмаас хохирогч сандлын хурц иртэй түшлэгийн төмөр дээр унаж бүсэлхий нурууны баруун талаар хэвлийд нэвтэрсэн шарх, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн хажууг сэтлэн нойр булчирхай, элэг, өрц, баруун уушгийг дайран баруун талын 5 дугаар хавиргыг хугалан цээжний баруун өмнө хэсгээр гарсан амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл учруулсны улмаас гэмтлийн шокоор амь насыг нь хохироосон болох нь гэрч Ө.Ө.Д-ын ...” П.З- талийгаач хоёр манай гэрийн аркны арын өрөө буюу манай зочны өрөөнд босож зогсоод барилцаж аваад манай гэрийн зочны өрөөний үүдэн талын буюу ширээний зүүн талын сандал руу П.З- талийгаачийг түлхээд унагаасныг би санаж байна” гэх мэдүүлэг /1хх-55ху/, насанд хүрээгүй гэрч У.Э...” П.З- ах аавтай хэрэлдээд байсан, тэгснээ П.З- ах аавыг гараараа түлхээд аав унахдаа сандал дээр унаад тэгээд шалан дээр аавын цээжнээс цус гараад ээж тэр цусыг нь цэвэрлээд байж байсан тэгээд л би босоод бие засаад аавын хажууд очсон чинь П.З- ах гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /1 хх 50/, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-60ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /1хх 2-15ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б...”2022 оны 01 дүгээр сарын 24-ний ...16 цагийн орчим талийгаач гэрээс 16 цагийн орчим хүнтэй уулзана гэж хэлээд гараад явсан юм. Талийгаачийг гараад явсны дараа удалгүй миний утас дуугараад утсаа авахад эрэгтэй хүн утасны цаанаас “ Б.У- байна уу” гэж их ууртай байдлаар асуухаар нь би “Б.У- ажлаа хийх гээд гараад явсан, чи хэн бэ гэж асуухад нэрээ хэлээгүй. Би дууных нь өнгөөр П.З- байна” гэж бодсон. Шөнө 00 цагийн орчим талийгаач гэрт орж жижиг өрөөнөөс юм аваад гарах шиг болсон, дараа нь бас 02 цагийн орчим орж ирээд гараад явсан юм” гэх мэдүүлэг /1хх 33ху/, гэрч Б.Б.А-ын...”50 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн миний ойлгосноор хутгалсан гэх хүний ээж аав юм шиг байсан. ...хутгалсан гэх залуугийн ээж аав хоёр нь сандалны үзүүрээр цохисон” гэж надтай маргалдсан” гэх мэдүүлэг /1хх 47-48ху/ болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

Шүүгдэгч П.П.З-...”амь хохирогч Б.У-ын амь насыг хохироогоогүй, би нойлд биед засаад гартал талийгаач сандал дээр хэвтэж байсан. Тэгээд би яасан юу болов гээд очоод хартал сандал дээр зоогдсон байсан. Би сандарсандаа татаад авсан. Тэгээд цаанаас Ө.Ө.Д- ирээд чи яаж байгаа юм бэ? гэсэн. ...Ө.Ө.Д- намайг чи алчихлаа гэж хэлэхэд их цочирдолд орсон” гэж мэдүүлж байх боловч гэмт хэрэг гарсан цаг хугацаанд гэрч Ө.Ө.Д-, насанд хүрээгүй гэрч У.Э, амь хохирогч Б.Б.У-, шүүгдэгч П.П.З- нараас өөр хүн байгаагүй. Гэрч Ө.Ө.Д-, насанд хүрээгүй гэрч У.Энхцацрал нар энэ хэргийн хувьд анхдагч гэрч бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар дараах байдлаар мэдүүлснийг нотолгооны ач холбогдолтой гэж үзлээ.

 

Гэрч Ө.Ө.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...”талийгаач, П.П.З- нар жоохон маргалдсан, П.П.З- түлхэж, улмаар Б.У- сандал дээр унаад гэмтэл авсан” гэх, насанд хүрээгүй гэрч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...”өнөөдөр өглөө би сэрээд байж байхад ээж намайг миний охин гээд дуудсан. Тэгээд би сэрээд зурагтаар хүүхэлдэйн кино үзэж байхад П.З- ах аавтай хэрэлдээд байсан. Тэгсэн П.З- ах аавыг гараараа түлхээд аав унахдаа сандал дээр унаад тэгээд шалан дээр аавын цээжнээс цус гараад ээж тэр цусыг нь цэвэрлээд байж байсан. Тэгээд би босоод бие засаад аавын хажууд очсон чинь П.З- ах гэрээс гараад явсан. Тэгсэн дараа нь П.З- ахын эхнэр нь хүүхэдтэйгээ манай гэрт орж ирсэн. Дараа нь нэг эмээ, өвөө хоёр манай гэрт орж ирсэн. Тэгээд дараа нь эмнэлгийн хүмүүс ирээд аавыг аваад явсан.  Манай гэрт улаан өнгийн төмөр сандал хоёр ширхэг байдаг нэг сандалны арын түшлэг нь салсан байсан. Тэгсэн П.З- ах аавтай хэрэлдэж байгаад аавыг түлхээд унахдаа сандалны төмөр дээр нуруугаараа унаад тэгээд газар шалан дээр унаад биеэс нь цус гараад байсан” гэх мэдүүлэг/1х49-50ху/.

Энэхүү гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч П.П.З-, амь хохирогч Б.Б.У- нар маргалдсан ба маргалдах явцад П.П.З- Б.Б.У-ыг түлхсэн үйлдлийн хүчээр амь хохирогч түшлэг нь салж унасан улаан өнгийн төмөр сандлын үзүүрт баруун бүсэлхийний доороос дээшээ, гаднаасаа дотогшоо, хэвлийн хөндий рүү сүлбэгдэж дотор эрхтнүүдийг гэмтээсэн нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Хууль зүйн хувьд дүгнэвэл шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч П.П.З- нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч П.П.З-гийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т “мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Гэрч О 2022 оны 3 сарын 6-ны өдөр Ө.Д- над руу залгаад уйлаад, уучлаарай эгчээ, би шоронд орохгүйн тулд талийгаачийг П.З-г түлхсэн гэж хэлсэн шүү гэж хэлсэн байдаг. Энэ харилцан яриаг сонссон Нямхүү, Алтанцэцэг нарыг гэрчээр асууж өгөөч, мөн насанд хүрээгүй гэрч У.Энхцацрал эрх зүйн чадамжгүй. Гэрчүүдийг хооронд нь нүүрэлдүүлж мэдүүлгийн зөрүүг гаргамаар байна” гэх, өмгөөлөгч Б.Чинбаатарын...”Ө.Ө.Д-ын хувьд хэрэг болсон өдөр өөрөө согтуу байсан. Согтуу байсан хүн үнэн зөв мэдүүлэг өгөх нь эргэлзээтэй. Хэргийн эргэлзээтэй байгаа нь хэргийг бодитой шийдэхэд эргэлзээ төрүүлж байна. П.П.З-гийн хувьд өөрөө тухайн өдөр юу болсныг санадаггүй. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн хувьд хангалттай нотлогдохгүй байгаа учраас цагаатгаж өгнө үү” гэж дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: гэрч Ө.Ө.Д-, гэрч Я.О- нарыг хооронд 2022 оны 03 дугаар сарын 06, 07-нд утсаар ярьсан гэх нөхцөл байдлыг тодруулахад гэрч Я.О- хэлэхдээ... “Ө.Ө.Д-...“би шоронд орохгүйн тулд талийгаачийг П.З-г түлхсэн ярьсан” гэж, Ө.Ө.Д- хэлэхдээ... ”Я.О- 2022.03.04-ны өдөр “чи миний хүүг алуурчин болгочихлоо” гэж ярьсан гэж мэдүүлж байх боловч тэдний хоорондын үнэн худал нь үл мэдэгдэх  мэдүүлэг нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй бөгөөд гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн...олж тогтоон шударгаар ял оногдуулах...зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцнэ.

 

Иймд шүүгдэгч П.П.З-г гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагч нарын дүгнэлтийг шүүх хүлээн авч, шүүгдэгч П.П.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ш.Б- амь хохирогч Д.Б.У-ын оршуулгын зардал болон өмгөөллийн хөлс гаргуулахаар 7.005.490 төгрөг нэхэмжилснийг  шүүгдэгч П.П.З- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч П.П.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У  “Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрт тохирсон хариуцлага хүлээх ёстой” гэсэн, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын...” хийсэн үйлдэлд нь тохирсон ял оногдуулах зүйтэй” гэх, шүүгдэгчийг өмгөөлөгч Ж.Т-, Б.Ч- нар ...”эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлт тус тус гаргалаа.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын хэмжээг 8 жилээс 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулсан ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журам шүүхэд үүрэг хүлээлгэсэн заалт бус харин эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ юм.

Шүүгдэгчийн хувьд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэнээ нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч гэмт үйлдэлдээ хандаж буй түүний зан үйл, хор уршигтаа хандаж буй харьцаа нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс өмгөөлөгч нарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.П.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх хэсгийн 1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.П.З-гийн үйлдсэн хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг нь байгалиас хүнд заяасан хүний амь насанд халдсанаар хор уршиг нь хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй ноцтой гэмт хэрэг юм. Харин амь хохирогчийн оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлсийг  нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч П.П.З- энэ хэрэгтээ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 60 хоног, 2022 оны 3 дугаар сарын 31-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 19 хоног нийт цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон цаас, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн хөндлөн хээтэй сандлын бүтээлэг 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дэвсгэр суудал, түшлэгтэй хар өнгийн төмөр рамтай сандал 1 ширхэг,  нийт урт нь 32 см ногоон өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, нийт урт нь 23 см заазуур 1 ширхэг, нийт урт нь 20 см гадна талдаа хуванцар хамгаалалттай, ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэг, шүрүүпний тав толгой 1 ширхэг, 3 см урттай 1 ширхэг шүрүүп, амь хохирогч Б.Б.У-ын өмсөж байсан цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн арьсан тэлээ 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг  зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгч П.П.З-гийн өмсөж явсан хар өнгийн урдуураа цахилгаантай малгайтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхэг, биеийн тамирын хар өнгийн өмд 1 ширхэг, урд хэсгээрээ хэрээсэн оёдолтой хар өмд 1 ширхэг, цагаан алаг өнгийн 1 хос оймс, хар алаг өнгийн 1 хос оймс, бор өнгийн үдээстэй гутал 1 хос, хар өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч- “гэрч Ө.Ө.Д-ын хувийн байдал”-тай холбогдуулан бичлэг бүхий 2 CD бичлэг гаргаж өгснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, хууль бусаар хүнийг халдашгүй байх эрх чөлөөнд халдаж нотлох баримт цуглуулсан гэж үзэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй бөгөөд эргүүлэн өгөх шаардлагагүй гэж үзэн  хэрэгт хавсаргаж үлдээлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.З-г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.З-г 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.З-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч П.П.З-гийн цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Шүүгдэгч П.П.З- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У- материаллаг хохирол 7005490 төгрөг төлж барагдуулсныг дурдсугай.  

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон цаас, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн хөндлөн хээтэй сандлын бүтээлэг 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дэвсгэр суудал, түшлэгтэй хар өнгийн төмөр рамтай сандал 1 ширхэг,  нийт урт нь 32 см ногоон өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, нийт урт нь 23 см заазуур 1 ширхэг, нийт урт нь 20 см гадна талдаа хуванцар хамгаалалттай, ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэг, шүрүүпний тав толгой 1 ширхэг, 3 см урттай 1 ширхэг шүрүүп, амь хохирогч Б.Б.У-ын өмсөж байсан цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн арьсан тэлээ 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг  зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгч П.П.З-гийн өмсөж явсан хар өнгийн урдуураа цахилгаантай малгайтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхэг, биеийн тамирын хар өнгийн өмд 1 ширхэг, урд хэсгээрээ хэрээсэн оёдолтой хар өмд 1 ширхэг, цагаан алаг өнгийн 1 хос оймс, хар алаг өнгийн 1 хос оймс, бор өнгийн үдээстэй гутал 1 хос, хар өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч- гаргаж өгсөн 2 ширхэг CD бичлэгийг хэрэгт хавсаргасугай.

 

8.Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.П.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.П.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ

 

 

                       ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                       ШҮҮГЧ                         Б.ИХТАМИР