| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0404/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/449 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д:Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0404/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч *******,
Шүүгдэгч Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө холбогдох эрүүгийн 1818000000455 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө 1961 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 10 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө нь 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн “Дархан” захын автомашины зогсоол дээр жолооч*******ийн иргэн С.Х-д өгөхөөр тээвэрлэж явсан монгол дээл 7 ширхэг, монгол цамц 9 ширхэг зэрэг барааг машины хажууд тавиад мартаж явсныг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1380000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө нь 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн “Дархан” захын автомашины зогсоол дээр жолооч*******ийн иргэн С.Х-д өгөхөөр тээвэрлэж явсан монгол дээл 7 ширхэг, монгол цамц 9 ширхэг зэрэг барааг машины хажууд тавиад мартаж явсныг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1380000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн өдөр би Орхон сумаас авчирсан огурци зарчихаад буцах гээд зах дээр явж байсан юм. Намайг Орхон сум руу явахаар тендерийн машинд суухад жолооч нь “согтуу хүн авч явахгүй” гээд миний цүнхнээс татаж намайг буулгачихаад явсан. Намайг цүнхээ аваад үүрэх гэтэл хажууд нь цүнхтэй юм байхаар нь сум руу явах гэж байсан хүний юм байна, таних юм чинь гэж бодоод авсан юм.
...би 7 ширхэг дээл, 7 ширхэг цамцыг нь буцааж өгсөн. 2 цамцны үнэ 120000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг компанид ажилладаг бөгөөд манай байгууллага Орхон болон Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед барааг Орхон сумаас Дархан сум руу тендерийн машинд өгч явуулсан байсан. Гэтэл над руу бараагаа ав гэж ярихгүй байсан учраас тендерийн жолоочтой очиж уулзсан. Гэтэл таньдаг хүн маань вокзал дээр хүн цүнхтэй юм зарж байна гэж хэлсэн. Тэгээд очиж үзэхэд манай барааны тал нь байсан бөгөөд гурван ширхэг дээл, зургаан ширхэг цамц дутуу байсан. Энэ талаар цагдаад мэдүүлж, цагдаа үлдэгдэл барааг маргааш өдөр нь авчирч өгсөн. 2 цамцны үнэ болох 120000 төгрөгийг төлж барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-7/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Орхоноос өгч явуулсан дайврыг хүнд өгөх ёстой байсан юм. Тэгээд би машиндаа суугаад хөдлөх гэтэл согтуу хүн орж ирээд суучихсан байсан. Би тухайн хүнийг буулгах гээд ноцолдож байхад Орхоноос явуулсан дайвар газар уначихсан байсан ба би авч тавина гэж бодон нөгөө согтуу хүнтэй ноцолдоод машинаасаа нэлээн холдуулсан юм. Түүний дараа би Орхон луу хөдлөх гэж байснаа хүнд өгч явуулсан дайврыг гэнэт санаад хартал байхгүй байсан. Би тухайн ноцолдож байсан хүнээ хайж төмөр замын вокзал дээрээс олтол миний хүнд өгөх ёстой байсан дайврыг үүрээд явж байсан. Би цүнхтэй зүйлийг аваад эзнийг нь дуудаж шалгаж үзтэл дутуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн11/,
-Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчим найз******, ******хоёртой төмөр замын вокзалын орчим явж байтал манай талийгаач ахын найз зүс таних Хорвоо гэж дууддаг ахтай тааралдсан. Хорвоо ах надад “ахын чинь ажил явдлаар очиж чадаагүй” гээд үүрч явсан цүнхнээсээ 5 ш монгол цамц, 2 ширхэг монгол дээл гаргаж ирээд “энэ дээлийг зараад буяны ажилдаа хэрэглээрэй” гээд өгөхөөр нь “юун дээл юм бэ? гэсэн чинь “минийх байгаа юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар 1380000 төгрөгөөр тогтоосон болно.” гэх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн18-19/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Ө нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Дархан захын автомашины зогсоол дээр жолооч*******ийн иргэн С.Х-д өгөхөөр тээвэрлэж явсан монгол дээл 7 ширхэг, монгол цамц 9 ширхэг зэрэг барааг машины хажууд тавиад мартаж явсныг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1380000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Х-д 1380000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо 2 цамцны үнэ болох 120000 төгрөг төлөгдөөгүй. Шүүгдэгчийн зүгээс түүнийг төлж барагдуулбал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч Ө нь хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор завсарлага авч уг хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан /хэргийн 92/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ө нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Дархан захын автомашины зогсоол дээр жолооч*******ийн иргэн С.Х-д өгөхөөр тээвэрлэж явсан монгол дээл 7 ширхэг, монгол цамц 9 ширхэг зэрэг барааг машины хажууд тавиад мартаж явсныг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1380000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1380000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нийтийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажил хийлгэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ө анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ