Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

М.Анхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолтой М.Анхбаярт холбогдох эрүүгийн 1837000000066 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Алтай суманд төрсөн 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй Шамбийнхан овогт Молдоогийн Анхбаярт нь  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д  тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна мөн дүрмийн 3.5.б-д осолд өртсөн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирнэ, мөн дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, дүрмийн 12.2-д харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчиж Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хурд нэртэй мотоцикль согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж Г.Нямтайваны амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Шамбийхан овогт Молдоогийн Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Шамбийхан овогт Молдоогийн Анхбаярыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шамбийнхан овогт Молдоогийн Анхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр  3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Анхбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Анхбаярт оршин суугаа газар болон эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биеүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Анхбаярт мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаагүй, хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан  үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж хуульчилжээ. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, М.Анхбаярын мөрдөн байцаалтын үед гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Шүүх шүүгдэгч М.Анхбаярыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн боловч уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийж хавтаст хэрэгт хуулийн дагуу авагдсан бусад нотлох баримтыг үнэлэхгүйгээр хууль зүйн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр прокурорын эсэргүүцэлтэй танилцаад гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос М.Анхбаярыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг яллагдагч болон гэрчийн мэдүүлгээр тогтоож байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан гэх үйлдлийг тогтоож чадаагүй байна. Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан журамд зааснаар 0.4 хувь буюу 20 промиль болж согтуу гэж үзэх үндэслэл болох юм. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагчийн уусан архины хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а дахь заалтыг баримтлан яллаж байгаа нь хууль зүйд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                     

            Давж заалдах шатны шүүхээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийг хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

        Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч М.Анхбаярыг  Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Хурд” нэртэй мотоцикл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний амь хохироосон гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд ирүүлжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Анхбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж шүүгдэгч М.Анхбаярын  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1. дүгээр зүйлийн  дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Анхбаярын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Анхбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Анхбаярт оршин суугаа газар болон эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 177 дугаар зүйл, 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчдэд мэдэгдэж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч М.Анхбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн өдөр талийгаач,Э.Батхуяг бид гурав 0,5 литрийн 1шил  Ерөөл нэртэй  архи  хувааж уусан...” гэж мэдүүлж байгаа, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Батхуягийн мэдүүлгээр “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагт амь хохирогч Г.Нямтайван, М.Анхбаяр бид гурав гагнуур хийж байхдаа  Г.Нямтайваны авч ирсэн  Ерөөл нэртэй  архи  хувааж уусан...” гэх боловч Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай “Журам батлах тухай” тушаалын хавсралт “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.4-т “Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж /Драгер 6810, 7510 цаашид “согтуурал шалгах багаж” гэх/ ашиглана.”, 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Анхбаяр согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг дээр дурдсан журмын хавсралтад зааснаар шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй, энэ талаархи нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй байна.

            Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Анхбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний акт, замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй, эргэлзээтэй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж    прокуророос шүүгдэгч М.Анхбаярт   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3. дахь заалттай нийцэж байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч М.Анхбаярыг  2018 оны 11 дүгээр сарын 22-наас 23-нд шилжих шөнө БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Хурд” нэртэй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3.-д зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна.”, 3.4.в.-д зааснаар “мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгай зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зоригчийг тээвэрлэхгүй байх”, 3.1.а.-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох  эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх” гэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж иргэн Г.Нямтайваны амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн  нь хэрэгт хуульд заасан  үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх  чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж,прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгч М.Анхбаярт холбогдох хэргийн үйл баримтыг зөв тогтоож, түүнийг тээврийн хэрэгсэл хөдөлгөөний байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцож,  хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан анхан шатны шүүх түүнд хуульд заасан эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх нь зүйтэй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн   үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Анхбаярт холбогдох “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4/дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3/гурван/ жилийн хугацаагаар тэнссэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүх нь шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан байх бөгөөд уг алдаа нь шүүгдэгчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй  байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж , шийтгэх тогтоолд зохих  өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Прокурор эсэргүүцлийн  үндэслэлээ  “Шүүгдэгч М.Анхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ 20-30 грамм архи уусан  талаар мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Шүүх хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын  хэмжээнд үнэлээгүй.” гэжээ.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ,эсхүл хэргийн байдлыг тогтоох үүргийг хүлээхгүй.”гэж хуульчилсан байх тул шүүгдэгч М.Анхбаяр хуулиар өөрийгөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг  нотлох үүргийг хүлээгээгүй байна. Мөн уг хэрэгт гэрч Э.Батхуяг нь М.Анхбаяр болон амь хохирогч Г.Нямтайван бид гурвуулаа  “Ерөөл” нэртэй  0.5 литрийн нэг шил архи  хувааж уусан гэж мэдүүлдэг боловч мэдүүлэг өгөгч мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй ба энэ хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэрч Э.Батхуягийн дээрх мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь  зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим үг үсэг тоо уншигдахгүй байх ба хуулийн зарим зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж уншигдаж байгааг цаашид анхаарвал зохино.Тухайлбал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйл гэж хэвлэгдэж гарсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.” гэснийг  хасч, 4 дэх заалтыг  “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3.-т зааснаар  “шүүгдэгч М.Анхбаярт оршин суугаа газар болон эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.” гэж, 5 дахь заалтыг  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч М.Анхбаярт оногдуулсан эрх хасах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж, 6 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар    шүүгдэгч М.Анхбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.” Гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

           

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАМБА

 

                                          ШҮҮГЧИД                             М.НЯМБАЯР

 

                                                                                        Н.ТУЯА