Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2018/00186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш овогт Б.Т-ийн,

Хариуцагч: Х аймгийн ДМ цогцолбор сургуульд холбогдох

Өөр ажилд буруу шилжүүлсэн тул урьд ажиллаж байсан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, багшаар ажилласан үеийн цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2017/01382/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Т, хариуцагч байгууллагын захирал Р.Онар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2001 онд Улсын Багшийн их сургуулийг математик физикийн багш мэргэжлээр төгсч, 2014 онд МУБИС-ийн Боловсролын удирдлагын магистрт суралцан боловсролын магистр, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй болсон. 2001 оноос 2010 оны хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын сургуульд математикийн багшаар ажиллаж байхдаа математикийг ямар арга зүйгээр элементарчилж хүүхдэд ойлгуулан, энэ ойлголт мэдлэгийг хэрхэн чадвар болгож эзэмшүүлэх талаар анхаарч мэргэжлийн онол, арга зүйгээ хөгжүүлж ажилласан. Аймаг, улсын чанартай ур чадварын уралдаанд удаа дараа амжилттай оролцож, Хөвсгөл аймгийн 10 гаруй сумын сургууль болон аймгийн сургуулийн нийт удирдах ажилтнуудад үзүүлэх хичээл зааж туршлага түгээн дэлгэрүүлж байсан. 2010 онд улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн захирал асан Б.Содномдорж багшийн тавьсан сургалтын менежерээр ажиллах саналыг хүлээн авч, одоог хүртэл тус сургуульд ажиллаж байна. Энэ хугацаанд багшийн арга зүй хөгжил, судалгаа, суралцагчдын мэдлэг чадварын үнэлгээ, математик байгалийн ухааны сургалтын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сургуулийн хэмжээнд босоо тогтолцоонд барьж үр дүнтэй ажиллаж байсан. Хичээлийн судалгааг 2010 оноос эхлэн сургууль дээрээ удирдан хэрэгжүүлж, багшлахуйн арга зүйн хөгжлийг дэмжихэд анхаарч байсан. Бүсийн сургуулиудын багш нарт хичээлийн судалгааны арга зүйд суралцуулахад сургалт болон хамтын судалгаа хийж хамтарч ажиллаж байсан. Энэ ажлын суурь Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд сайн байсан тул хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчдын чадварын хөгжлийн багшийн судалгааны ажил манай сургууль дээр тогтвортой хөгжиж, аймаг улсын түвшинд амжилт туршлагаа түгээн дэлгэрүүлж байна.

Би ажиллаж байх хугацаандаа 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр бага хүүгээ хордлоготой төрүүлсэн учир хөдөө цэвэр агаарт байх шаардлагатай болж, хүүгээ 2 нас хүртэл харах чөлөөг сургуулиасаа авсан бөгөөд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Ерөнхий боловсролын сургуулиас санал тавьсны дагуу сургалтын менежерээр 2 жил тус сургуульд ажилласан. Тэгээд Дэлгэрмөрөн цогцолбор сургуульдаа 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр сургалтын менежерээр ажилдаа эргэн ороод сургууль дээр хариуцсан ажлынхаа хүрээнд, сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хангалттай сайн биелүүлэн, ажлын байрандаа мэргэжлийн болон ёс зүйн ямар ч алдаа зөрчил гаргалгүй ажиллаж байтал залуу багш Т.Л нь хүмүүнлэгийн сургалтын менежер болно гэж байна, чамайг сонгон шалгаруулалтгүй орж ирсэн гээд байна гэж захирал Р.О удаа дараа хэлж байсан. 2017 оны намар намайг ажлаа хийж байхад хүмүүнлэг хариуцсан хэл нийгмийн ухааны сургалтын менежерийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж, 9 дүгээр сарын 06-ны өдөр болсон сонгон шалгаруулалтад би 76 хувьтай шалгагдан, хамгийн дээд оноог авч, Т.Л 37 хувьтай шалгагдаж тэнцээгүй. Сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт болон бусад хууль тогтоомжид сургалтын менежер мэргэжлийн багш байх ёстой гэдэг заалт, зүйл байхгүй. Гэтэл тус сургуулийн захирал нь намайг монгол хэл, нийгмийн ухааны мэргэжилгүй гэх шалтгаанаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сургалтын менежерийн ажлаас чөлөөлж, математикийн багшаар томилсон тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр архив, бичиг хэргийн ажилтнаар дамжуулж өгсөн. Тус тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 20.1.2 дахь заалтуудыг үндэслэсэн байсан. Намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, миний зүгээс сургуулийн захиралтай харилцан тохиролцсон зүйлгүй байхад үндэслэлгүйгээр, тодорхой бус шалтгаанаар ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулан томилсон. Би сургуулийн захиргаанд энэ хичээлийн жилийг дуустал сургалтын менежерийн ажлаа хийе гэх санал тавьсан боловч хүлээж аваагүй. Намайг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон тухай тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн тул би шүүхэд хугацаа хэтрүүлж гомдол гаргасан. Иймд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, урьд ажиллаж байсан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Би шүүхэд цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч цалингийн хэмжээ буураагүй тул дээрх шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч Х овогт Р-ийн О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд Б.Т 2010 оноос эхлэн сургалтын менежерээр ажиллаж байгаад 2014 онд хүүхэд төрүүлж, 2 жилийн хугацаагаар чөлөө авсан бөгөөд энэ хугацаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд багшаар ажиллаж байсан. Чөлөөний хугацаа дуусаад, сургалтын менежерийн ажилдаа орсон. Гэтэл сонгон шалгаруулалтанд ороогүй, хэл нийгмийн ухааны мэргэжилгүй хүн авсан байна гэх гомдол гарч, 2017 онд Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас уг ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарла гэсэн албан бичиг ирсний дагуу бид ярилцаж байгаад Б.Т-ийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргахад хүлээж аваагүй. Тэгээд 2017 оны 9 дүгээр сард сонгон шалгаруулалт явагдсан боловч 2 сарын дараа дахиад Боловсролын биржээс танай сургууль нийгмийн ухааны бүтэцтэй хэрнээ нийгмийн ухааны сургалтын менежергүй байна, ажлын байраа тодорхойлж, орон тоог сургуулиараа хэлэлцэн баталж явуул, үүний дараа дахин сонгон шалгаруулалт явуулна гэх шаардлага тавьсан. Дахин сонгон шалгаруулалтад ямар ч хүн ороогүй. Гэтэл Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас Т.Л-ийг сургалтын менежерээр томилох тухай шийдвэр ирсэн тул түүнийг сургалтын менежерээр томилж, Б.Т-ийг математикийн багшаар ажиллуулахаар шилжүүлсэн. Б.Т-ийг сонгон шалгаруулалтад ороод хамгийн өндөр оноо авсан талаар сонсож байсан ч зөвхөн Т.Лхагвадоржийн нэр ирсэн. Б.Т-ийн цалин хөлсийг бууруулаагүй олгож байгаа, бид эвлэрэх талаар ярьж байгаа ч тэрээр зөвхөн сургалтын менежерийн ажилдаа орно гэж байгаа тул энэ орон тоон дээр дахиад хүн авах ямар ч боломжгүй юм. Бид Боловсрол соёл урлагийн газарт сургалтын менежерийн орон тоог нэмэх талаар санал тавихад боломжгүй гэх хариу өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд холбогдох сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч тэрээр шүүх хуралдаанд цалингийн зөрүү нэхэмжлэхгүй гэх тайлбар гарган шаардлагаа багасгажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааг хэтрүүлж Б.Т нь өөр ажилд буруу шилжүүлсэн тул урьд ажиллаж байсан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгчид 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Т-ийг ажлаас чөлөөлж, ажилд авах тухай Б/23 дугаартай тушаалыг ажил олгогчоос 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардуулан өгч, ажил хүлээлцсэн болох нь зохигчийн тайлбар, тус сургуулийн архив, бичиг хэргийн ажилтан Х.Б-ын Тус сургуулийн сургалтын менежер Б.Т-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд авах тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрт нь хүлээлгэн өгсөн гэх бичилттэй тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сургалтын менежер Б.Т-ийн ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл, протокол, ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт зэргээр тогтоогдов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан байх ба Б.Т 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сургалтын менежерийн ажлаа хүлээлгэн өгсөн тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг уг хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь Боловсрол соёл урлагийн газраас хүмүүнлэгийн сургалтын менежер мэргэжлийн багш байх ёстой, сонгон шалгаруулалтанд тэнцсэн Т.Л-ийг ажиллуул гэх шаардлагын дагуу Б.Т-ийг өөр ажилд шилжүүлсэн, орон тоо байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Б.Т Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд сургалтын менежерээр ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олгосон 459211 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн захирлын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ...1. Байгалийн ухааны сургалтын менежер Б-ы Т-ийг өөрийн хүсэлтийн дагуу хүүхдээ 2 нас хүртэл асрах чөлөө олгож, чөлөөний хугацаа дуустал ажлаас чөлөөлсүгэй... гэх бичилттэй Б/20 тоот тушаал, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ...1. Сургалтын менежер Б- Т-ийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс математикийн багшаар ажиллуулсугай... гэх бичилттэй Б/19 тоот тушаал, Б.Т-ийн цалингийн цэс зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажлын байрны тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов.

Нэхэмжлэгч Б.Т-ийг сонгон шалгаруулалтанд ороогүй, хэл нийгмийн ухааны мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас Т.Л-ийг сургалтын менежерээр томилох тухай шийдвэр ирсэн гэх үндэслэлээр сургалтын менежерийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулан математикийн багшийн ажилд шилжүүлэн томилсон болох нь Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б.Т-ийг ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай Б/23 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот албан бичиг, Т.Л-ийн сургалтын менежерийн шалгалтын дүн, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/32 тоот албан бичиг зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Математикийн ЗАН-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн багш нарын хичээлийн цагийн тооцоо, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.

Ажилтан Б.Т-ийн өөр ажилд шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б.Т-ийг ажлаас чөлөөлж, ажилд авах тухай Б/23 дугаартай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

1. Ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Т-ийг Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалаар сургалтын менежерийн ажлаас чөлөөлж, математикийн багшийн ажилд шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т Талууд харилцан тохирсон гэх заалтыг баримтласан боловч хэрхэн тохиролцсон тухай тодорхойгүй бөгөөд зохигчийн хооронд нэхэмжлэгчийн энэ талаар ямар нэг тохиролцоо хийгээгүй гэх тайлбараар няцаагдаж байна.

2. Хариуцагч нь Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас хүмүүнлэгийн сургалтын менежерийн албан тушаалд мэргэжлийн багш байх ёстой гэх үндэслэлээр сонгон шалгаруулалт зарлаж, тус газраас Т.Л-ийг сургалтын менежерээр томилох тухай шийдвэр ирсэн тул түүнийг сургалтын менежерээр томилж, Б.Т-ийг математикийн багшийн ажилд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаархи зохих заалтыг тус тушаалд баримтлаагүй.

Мөн Б.Тг сургалтын менежерийн сонгон шалгаруулалтад орж 76 хувийн үнэлгээ авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн сургалтын менежерийн шалгалтын дүнгийн хуулбар зэргээр тогтоогдлоо.

Ажил олгогчийн гаргасан Б.Т-ийг өөр ажилд шилжүүлэн томилсон Б.Т-ийг ажлаас чөлөөлж, ажилд авах тухай Б/23 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй, тус тушаалд баримтласан хуулийн зохицуулалт ойлгомжгүй, хариуцагч ямар үндэслэлээр албан тушаал бууруулсан тухайгаа нотлож чадахгүй байх тул өөр ажилд буруу шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Б.Т-ийг Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоов.

Ажил олгогчийн санаачилгаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл бөгөөд гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчаас гомдлын шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй.

Хариуцагчаас ирүүлсэн тушаал тогтоол, захирамжийн бүртгэлийн хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б.Т-ийг ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай Б/23 дугаартай тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ийг Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т тус тус зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА