Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/457

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0441/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч, хохирогч Д.А  өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч, хохирогч А.Б  өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч, хохирогч А, Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Д.А, А.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818006360486 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Д.А, 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

2.Монгол Улсын иргэн, А.Б, 1993 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А, Б  нар нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  болох “Зулзагын гол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эрэл” амралтын газарт архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, Д.А нь А.Б  эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Б нь Д.А  эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А, Б  нар нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  болох “Зулзагын гол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эрэл” амралтын газарт архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, Д.А нь А.Б  эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Б нь Д.А  эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч, хохирогч Д.А  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогчийн хувьд А.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч, хохирогч А.Б  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогчийн хувьд Д.******ээс нэхэмжлэх зүйл байхгүй.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

-Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл  /хэргийн 8/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 9-10/,

-Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр манай найз *******ын төрсөн өдөр болоод *******, ******, Отгоо, ****** бид тав Зулзагын голын “Эрэл” амралтад амарсан юм. Орой 19 цагийн орчим *******ын нөхөр ******, О******* гэх найзтайгаа ирсэн юм. Ингээд бид нар 21 цагийн орчим бүжгийн талбай руу очоод бүжиглэж байхад нэг харсан чинь *******, ****** нар явсан байсан. Ингээд ******, ******бид гурав бүжиглэж байгаад ус уухаар очиход байранд ******, ******* хоёрын үс нь арзайсан хоорондоо хэрүүл зодоон хийсэн байдалтай байсан. ******ийн урд О*******, *******ын урд нөхөр ****** нь зогсож байсан. Тэгэхээр нь би “юу болсон бэ?” гэж асуухад ******* надад хумсаа үзүүлээд “миний хумс хугарчихлаа” гээд уйлаад байсан, хажуунаас нь ****** нь *******ыг хэл амаар доромжлоод байсан. Би хэсэг харж зогсож байгаад гарсан бөгөөд миний араас ******, О*******, Отгоо, ******* нар гарч ирсэн юм. Тэгээд бид нар өөр газар гэр аваад амарцгаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,

-Гэрч П.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр би багийн найзууд болох ******, ******** нартай хамт салхинд гарахаар болоод байж байтал миний 10 жилийн ангийн найзууд болох *******, ***** нар “төрсөн өдөр болж байгаа, салхинд гарах гэж байна” гэхээр нь нийлээд тавуулаа Зулзагад Эрэлийн амралтад очоод архи ууцгаасан. Уугаад сууж байтал *******ын нөхөр ******* найз О******* гэх 2 залуу ирээд хамт ууцгаасан. ****** нилээн согтоод байхаар нь би “чи согтоод байна, бага уу” гэхэд “өөрийнхөө хэр хэмжээг мэдэж байна, чи хүмүүсийн дунд эвгүй байдалд орууллаа” гээд над руу агсраад байсан. Орой нь бүжгийн талбай руу бүжиглэхээр явцгаатал *******, ****** хоёр салаад жорлон орохоор яваад удаад байхаар нь бид хэд байшин руугаа явж байтал замд *******, ****** хоёр хэрэлдээд ****** нь *******ыг өшиглөх гэж байгаад өөрөө саваад толгойгоороо ор мөргөөд шалан дээр унасан. Тэгээд нөгөө хамт байсан хэд явлаа гээд явцгааж ****** бид хоёр л үлдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,

-Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр *******ын төрсөн өдөр болоод манай эхнэр найзуудтайгаа Зулзагын голын Эрэл амралтын газар луу явсан юм. Би араас нь орой 18 цагийн орчим найз ******* /О*******/-ын хамт очиход манай эхнэр найзуудтайгаа саравчинд сууж байсан бөгөөд бүгдээрээ архи уусан халамцуу байсан юм. Би машин жолоодож байсан болохоор архи уугаагүй. Ингээд гадаа харанхуй болтол юм ярьж суугаад манай эхнэр найзуудтайгаа бүжгийн талбай руу явж бүжиглэнэ гээд явсан. ******* бид хоёр байр луу ороод хөзөр тоглоод сууж байхад манай эхнэр ******* ****** хоёр гаднаас тэврэлдэж орж ирээд ****** манай эхнэр *******ыг ор луу түлхээд унагаасан. Тэгэхэд манай эхнэр ******* “чи одоо түрүүнээс хойш тэвчээд байхад яагаад давраад байгаа юм бэ?” гээд ******ийг үсдээд авсан. ****** мөн адил *******ыг үсдээд авсан юм. Тэгэхээр нь О******* бид хоёр тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод салахгүй арай гэж салгасан юм. Тэгээд бүжгийн талбайгаас *****, ******, ******ирээд бүгдээрээ буцаж байр луу орход *******, ****** хоёр дахиад хэрүүл хийгээд үстэлцээд авахаар нь дахиж салгаад зогсож байхад ****** *******ыг өшиглөх гэж байгаад шалан дээр асгарсан ундаан дээр халтираад толгойгоороо савж унаад босч ирээд над руу “чи намайг түлхэж унагаасан шүү, би чамайг шоронгийн хадаас болгоно” гээд над руу дайраад эхэлсэн юм. Тэгэхээр нь би “за за одоо болье гээд эхнэрийгээ аваад гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/,

-Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр *******ын төрсөн өдөр болоод ******, *****, ******, ******* бид нар Зулзагын голын “Эрэл” амралтын газарт очиж амарцгаасан. Орой 18 цагийн орчим *******ын нөхөр ****** найз *******гийн хамт ирсэн. ****** машин жолоодож байгаа гээд архи, пиво уугаагүй юм. Ингээд архи ууж байхад ****** архи их уугаад согтох гээд байхаар нь ****** ******т хандаж “миний найз одоо архиа жаахан бага уу” гэж хэлсэн чинь ****** “чи намайг олон хүмүүсийн дунд эвгүй байдалд орууллаа” гээд уурлаж эхэлсэн юм. Ингээд бид нар бүжгийн талбай руу очоод бүжиглэж байхад ****** бүжгийн талбайн хажуугийн сандал дээр ганцаараа сууж байхад ******* аваад явсан юм. Ингээд *****, ****** бид гурав бүжиглэж байгаад өрөө рүү очиход *******, ****** хоёр хоорондоо зодолдсон бололтой хэрүүл хийгээд хоёр талд сууж байсан. ******ийн сууж байсан орны доор ундаа байсныг ****** хөлөөрөө түлхээд асгасан. Тэгээд ****** ******* хоёр хоорондоо хэрүүл хийж байгаад ****** босоод *******ыг өшиглөх гэж байгаад асгасан ундаан дээрээ өөрөө халтираад толгойгоороо газар савж унасан бөгөөд унаж босож ирээд ухаан алдаж байгаа болоод жүжиглээд байсан. Тэгээд бид нар ******, ****** хоёрыг үлдээгээд явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29/,

-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай найз ****** “эхнэрийн төрсөн болоод Зулзагын голын Эрэл амралтан дээр байгаа юм, хоёулаа очоод бэлэг өгчихөөд оройдоо буцаад ирье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан юм. Бид Эрэл амралтын газар 18 цагийн орчим очиход ******гийн эхнэр ******* 4 найзынхаа хамт саравчинд суугаад архи ууж байсан. ****** бид хоёр хэсэг хамт сууж байгаад бүрэнхий болоод ******* найзуудтайгаа бүжгийн талбай руу явж ****** бид хоёр амралтын байранд хөзөр тоглоод сууж байхад гаднаас *******, ******* хоёр орж ирсэн бөгөөд ****** их согтуу харагдсан. ******* ******ийг унтуулах гээд байгаа бололтой орон дээр суулгаад ******* нь “за миний найз одоо унтчихаа, чи их согтсон байна” гэсэн чинь ****** уурлаад *******ыг ор луу түлхээд унагаасан. Тэгсэн чинь ******* уурлаж ******тэй үстэлцээд нэгнийгээ өшиглөөд эхэлсэн. Тэгэхээр нь ****** бид хоёр салгаад байж байхад гаднаас *******ын гурван найз орж ирсэн бөгөөд тэднийг орж ирсэний дараа *******, ****** хоёр хоорондоо дахиад үстэлцээд авсан. Бид тэднийг салгаад байж байхад ****** *******ыг өшиглөх гэж байгаад газар асгарсан байсан ундаа дээр халтирч унасан.  Босож ирээд та нар бүгдээрээ нийлж намайг зодлоо гэж уурлаад байхаар нь ****** ерөөсөө явья гээд бүгдээрээ явцгааж, амралтын байранд ****** нэг найзтайгаа үлдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 30/,

-“А.Б  биед тархи доргилт, баруун гуя, зүүн хөлийн шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. А.Б  биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 823 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 35/,

-“Д.А  биед тархи доргилт, баруун хөлийн шилбэн дэх цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.А  биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 812 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 37/,

 -Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Б  биед үүссэн тархи доргилтын гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно. Харин баруун гуя, зүүн хөлийн шилбэний цус хуралт гэмтлүүд нь хамрах талбай бага учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна.

...Д.А  биед үүссэн тархи доргилтын гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно. Харин баруун хөлийн шилбэн дэх цус хуралт гэмтэл нь хамрах талбай бага учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна.” гэх мэдүүлэг /хэргийн 40/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч А.Б  үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.А  биед “тархи доргилт, баруун хөлийн шилбэн дэх цус хуралт” бүхий гэмтэл учирсан /хэргийн 37/ бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа,

мөн шүүгдэгч Д.А  үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын биед “тархи доргилт, баруун гуя, зүүн хөлийн шилбэний цус хуралт” бүхий гэмтэл учирсан /хэргийн 32/ бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч байгаа тул тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 Иймд шүүгдэгч А, Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хохирогч А, Б  нар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А, Б  нар нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  болох “Зулзагын гол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эрэл” амралтын газарт архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, Д.А нь А.Б  эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Б нь Д.А  эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А, Б  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А, Б  нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А, Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.А , А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.А , А.Б нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч А, Б  нарт оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч А, Б  нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч А, Б  нарт анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч А, Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А, Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ