Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                      Хэргийн индекс:166/2022/0142/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч А.А.А- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-од холбогдох эрүүгийн 2218000000147 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “**********” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 2, эцгийн хамт оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, А.А-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А.А- нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Д.Д.А-тай маргалдан улмаар толгой тус газар нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талын нотлох баримт, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг мэтгэлцээний үндсэн дээр тогтоовол шүүгдэгч А.А.А- нь хохирогч Д.Д.А-г “хүнтэй утсаар ярилаа” гэж хардаж толгойн тус газар нь аягаар цохисны улмаас баруун чамархайд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.А.А-ын хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч А.А.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-“Д.Д.А- нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз залуу А.А.А-од толгойн тус газраа цохиулж гэмтсэн гэх гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан.  /хх 1/,

 

3. Шүүгдэгч А.А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.А-, Э- бид 3 архи уугаад сууж байхад Д.А- хүнтэй утсаар яриад байхаар нь би тухайн үед хардаж уурласны улмаас маргалдаж байгаад ундаа ууж байсан шилэн аягаараа Д.А-гийн толгой тус газар нь 1 удаа цохисон. Надад цохиулсны улмаас Д.А-гийн толгойноос цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

            4. Хохирогч Д.Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай найз залуу А.А.А- болон найз Э- нарын хамт Э-ийн гэрт бага зэрэг архи уусан. Архи уусан нь өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр найз Э-ийн төрсөн өдөр байсан учраас өнөөдөр тэмдэглэх зорилгоор архи уусан. Ингээд архи уугаад сууж байтал манай найз залуу А.А.А- нь миний толгой руу ундаа ууж байсан шилэн аягаараа нэг удаа цохисон. Үүнээс болоод миний толгойноос цус гарсан учир би эмнэлгийн байгууллагад очиж оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх 5/,

            “...Би А.А-той гэр бүлийн харилцаагүй, энэ асуудал дээр хэн хэндээ хамааралгүй хүмүүс.Тэрнээс гэр бүлээ батлуулан хамт амьдарч байгаагүй хоёулаа тус тусдаа оршин суудаг. ...одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. А.А- нь надад эм тариа болон бусад хэрэгцээтэй зүйлсийг авч өгөөд надаас уучлалт гуйсан. Бид хоёр одоо ямар нэгэн асуудалгүй эвлэрцгээсэн. Мөн би А.А.А-оос ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 7/,

 

            5. Гэрч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...15-16 цагийн орчим нэг мэдсэн чинь Д.А-, А.А- хоёр маргалдаж эхэлсэн. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Гэтэл А.А.А- ундаа ууж байсан шилэн аяга ширээн дээрээс аваад Д.А-гийн толгой руу 1 удаа цохиход толгой нь болон шилэн аяга хагарсан.” гэх мэдүүлэг /хх 15/,

6. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 292 дугаартай шинжээчийн дүгнэлт: Д.Д.А-гийн биед баруун чамархайд няцарсан шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Д.А-гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх 20-21/

 

Шүүгдэгч А.А.А-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 34-38/, оршин суух хаягийн тодорхойлолт иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 42-53/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хийгдвэл зохих бүхий л ажиллагаа хийсэн байна.

 

Иймд шүүгдэгч А.А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.А.А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.А.А-ын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялын саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журамд нийцсэн байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.А.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч Д.Д.А- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...бид хоёр учраа ололцсон надад гомдол санал байхгүй” гэх тайлбар /хх 70/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А-од оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ