| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0399/и |
| Дугаар | 557 |
| Огноо | 2017-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 557
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХЖТт холбогдох
1 удаагийн тэтгэлэг 5231523 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017.09.20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч ХЖТыг төлөөлж дарга Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХЖТт гоцлол дуучнаар 15 жил нийтдээ мэргэжлийн соёл урлагийн байгууллагад 26 жил ажилласан. Соёлын байгууллагад гоцлол дуучнаар 15 жил нийтдээ 25-аас доошгүй жил ажилласан учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 21-нд өндөр насны тэтгэвэрт гарсан.
2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тэтгэвэрт гарснаар Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар “...соёлын ажилтан тэтгэвэрт гарах үед ажиллаж байсан байгууллага нь тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг жилийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгоно” гэж заасны дагуу нэг удаагийн тэтгэлэг авах эрх үүссэн.
Энэ талаар байгууллагын даргад хэлэхэд 2017оны төсөвт батлуулаад өгье гэсэн. Тэтгэлгийн мөнгө 2017 оны төсөвт тусгагдаж ирсний дараа ХЖТын дарга Б.Б нь Ш /өмнөх театрын дарга/ та хоёр ажиллаагүй байж ажилд авсан, чөлөөлсөн тушаал гаргаж цалин аваагүй байж нийгмийн даатгалд шимтгэл төлсөн нь Аудитын шалгалтаар илэрсэн учраас тэтгэлгийн мөнгийг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.
2015.10.19-ний өдөр театрын дарга Ш намайг ажилд авсан. 2016.02.22-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Намайг ажилд авахдаа Дорнод Сүхбаатар аймгуудын хамтарсан тоглолт болох гэж байна дуулаад өгчих гэж гуйсан. Би ажилд орсоны дараа миний хоолойны булчирхай үрэвсээд дуулж чадахгүй, тэр нь мэдрэлд ч нөлөөлж болзошгүй гэсэн тул эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай болсон. Тэгэхэд Ш дарга чи боломжоороо тоглолтонд дуулчих бид чиний нийгмийн даатгалыг төлнө. Улс орон даяар эдийн засгийн хямралтай байгаа тул цалин өгч чадахгүй нь гэхээр нь би цалин аваагүй. Тэр тоглолтонд нь би дуулсан. Намайг тэтгэвэр тогтоолгоход Нийгмийн даатгалын хэлтэс нь миний соёлын ажилтнаар ажилласан байдал нийт ажилласан хугацааг харж тооцоод болзол хангасан гэж үзээд өндөр насны тэтгэвэрт гаргасан. Нийгмийн даатгалын хэлтэст би зохих шимтгэлийг төлж тэтгэвэр авах эрх үүссэн тул намайг тэтгэвэрт оруулсан гэж үзэж байгаа. Миний хоолойны өвчин бол мэргэжлийн өвчин. Намайг ажиллуулж байсан юм чинь цалин өгч болох л байсан. Дарга төсөв мөнгө муутай байна гээд байхаар нь би эмчилгээ хийлгэж байсан болохоор мөнгө нэхээгүй.
Иймд Аудитын байгууллагын ХЖТт зөрчил арилгуулахаар тавьсан албан шаардлагыг харгалзахгүйгээр миний тэтгэлгийг гаргуулж өгнө үү.
Тэтгэвэрт гарах эрх үүсээд тэтгэвэр тогтоолгосон байхад тэтгэлгийг олгох ёстой. Ш даргын хувьд намайг гоцлол дуучнаар дуулаад мэргэжлийн өвчтэй болсон зэргийг харгалзаж, МСҮТ-д суралцаад мужааны мэргэжил эзэмшчих, тэгээд тэтгэврийнхээ ард ч гэсэн байгууллагатаа жижүүр гм-ээр ажиллуулна гэж чиглүүлж сургаж байсан. Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 1 дэх хэсэг, Монгол Улсын Гэгээрлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Соёлын ажилтныг тэтгэвэрт гарахад нь тэтгэлэг олгох журмын 1-ийн 1дэхь хэсэгт тус тус заасныг үндэслэн тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг жилийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлэг 5231523 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХЖТыг төлөөлж дарга Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд Батхуяг дуучныг мэднэ. ХЖТт дуучнаар ажиллаж байсныг нь ч мэднэ. Тэтгэлгийг өгөхөд миний зүгээс хувь хүний зүгээс татгалзах зүйлгүй. ХЖТын 2016 оны тайлангийн жилийн төсвийн гүйцэтгэлд Аудитын шалгалт орсон. Уг шалгалтаар Д.Бийг 2015.10.19-ний өдөр томилогдож 2016.02.22-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө цалин аваагүй мөртлөө байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн буруу байна гэсэн. Мөн Д.Бт нэг удаагийн тэтгэлэг олгох үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан тул миий хувьд тэтгэлгийг өгөх боломжгүй гэж үзэж байгаа. Өөр ярих зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь соёлын ажилтныг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэлэгт 5231523 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч ХЖТ нь гоцлол дуучин Д.Б нь 15 жил гоцлол дуучнаар, нийт 25 жил ажилласан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 2015.10.19-ний өдрөөс 2016.02.22-ны өдрийг хүртэлх 4 сар 2 хоногийн ажилласан хугацаандаа цалин аваагүй байж байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн зөрчил гаргасан. Аудитын газар зөрчлийг илрүүлж, улмаар 1 удаагийн тэтгэлэг олгохгүй байхыг зөвлөсөн тул уг зөвлөмжийн дагуу тэтгэлэг олгохоос татгалзаж байна гэжээ.
Д.Б нь 1996 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ХЖТт нийтдээ 16жил 9сар 13хоног ажилласнаас 15 жил нь гоцлол дуучнаар, мөн нийгмийн даатгалын хэлтсээс ажилласан жилийг нөхөн олгосон олголтоор 8жил, 4сар, цэргийн алба хаасан 11сар нэмэгдэж нийт 26 жил ажилласан нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан байдал тогтоосон шүүхийн шийдвэр, өндөр насны тэтгэвэр тогтоосон дэвтэр, холбогдох тушаал, шийдвэрээр тогтоогджээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-т: “....сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин......, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр /гоцлол дуучнаар/ ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийн дагуу нэхэмжлэгч нь 2016.02.21-нд өндөр насны тэтгэврээ тогтоолгожээ.
Иймд Д.Бийн мэргэжлийн урлагийн байгууллага болох ХЖТт найруулагч, жүжигчин, гоцлол дуучнаар ажиллаж байсан байдал нь соёлын ажилтанд хамаарахаар байна.
Соёлын ажилтан тэтгэвэрт гарч байгаа бол 1 удаагийн тэтгэлэг олгохыг Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1дэх хэсгийн 1-д “соёлын ажилтныг тэтгэвэрт гарах үед ажиллаж байсан байгууллага нь тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг жилийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг 1 удаа олгохыг заажээ.
Тэтгэлэг олгох нэг үндэслэл нь соёлын ажилтан тэтгэвэрт гарах тохиолдол болохыг хуульд ийнхүү зааснаар нэхэмжлэгч нь тэтгэлэг авах эрх үүссэн байна.
Хариуцагчийн Д.Б нь мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2015.10.19-өөс 2016.02.22-ны хооронд 4 сар 2 хоногийн хугацаанд цалин аваагүй байж тус байгууллагаар НДШ төлүүлсэн зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээрх хугацаанд Д.Б нь тус байгууллагат ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Д.Бийг ажилд томилсон Б/48, ажлаас чөлөөлсөн Б/14 тоот тушаал, ЭМНДХ-т ХЖТаас Д.Бийн шимтгэл төлөгдсөн баримт зэргээр нотлогдож байх тул Д.Бийг ажиллаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин ХЖТ нь Д.Бт дээрх хугацаанд цалин олгоогүй байж ЭМНДГ-т шимтгэл төлснийг уг ажилтантай холбон үзэж 1 удаагийн тэтгэлэг буюу соёлын ажилтны эдлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Соёлын ажилтаны тэтгэлэг нь соёлын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдвол зохих эдийн засгийн баталгаа нь байна. Иймд Д.Б нь соёлын ажилтаны тэтгэвэр тогтоолгосон тул нэг удаагийн тэтгэлэг авах эрхтэй этгээд гэж үзлээ.
Иймд хариуцагч ХЖТ-аас 1 удаагийн тэтгэлгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь 1 удаагийн тэтгэлэгт 5231523 төгрөг нэхэмжилснийг тэтгэвэр тогтооход баримталсан /тэтгэврийн дэвтэрт бичигдсэн/ 1 сарын дундаж цалин 333327 төгрөгийг 12 сараар үржүүлж бүгд 3999924 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1231599 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78949 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасныг баримтлан ХЖТаас нэг удаагийн тэтгэлэгт 3999924 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1231599 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч ХЖТаас улсын тэмдэгтийн хураамжинд 78949 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогот оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА