Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 520

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Б.Ж

 

Хариуцагч: Б.Эд холбогдох 

 

эцэг байх эрхийг хасуулах, асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017.09.12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Б.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ба-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нагац эгч Агийн хүү Тын эцэг Б.Э, эх Т.А нар нь 2002 онд гэрлэж, 2 хүүхэд төрүүлсэн бөгөөд бага нь Т хүү юм.

Энэ хоёр хүн 2009 онд салж, том охиноо Э өөрөө авч, хүү Тыг Онгон суманд өөрийн төрсөн эгчид албан ёсны үрчлэлт бус түр тохиролцож өгсөн юм билээ. Эийн эгч нь төд удалгүй 3 настай хүү Тыг бид авахгүй. Та нар өөрсдөө ав гэж манай өвөөгийнд авчирч өгсөн. Энэ цагаас хойш өвөө чи энэ хүүхдийг авч хүн болго. Өөр аргагүй боллоо гэж надад өгсөн. Тэр цагаас хойш энэ хүүхэд 3 настай манайд ирээд одоо 11 настай болтлоо миний асрамжинд амьдарч байна. Энэ хугацаанд аав нь нэг ч удаа хүүхдээ эргэж ирдэггүй. Утсаар ярьдаггүй. Ээж нь 2012 онд аваарт орж өрөөсөн хөлөө тайруулж хөдөлмөрийн чадваргүй, нэн ядуу амьдралтай, өрх толгойлсон эмэгтэй амьдарч байгаад 2016 онд насбарсан. Ээжийгээ амьд байхад ч манайд миний асрамжинд байсан. Эцэг Э нь өөр эмэгтэйтэй гэрлээд 3 хүүхэдтэй болсон гэсэн. Эцэг Э нь энэ хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ санаатайгаар зайлсхийж, хүүхдээ харж хандахгүй, асрамжлахгүй, тэжээн тэтгэхгүй, орон байраар хангахгүй, хүүхэд нь хаана байдгийг ч мэдэдхгүй өнөөдрийг хүрсэн. Бид энэ хүүхдийг асрамжилж байгаагийн хувьд халамжаас өгдөг 20 000 төгрөгийг бусад тэжээгчээ алдсаны тэтгэмж авья гээд нийгмийн халамжийн байгууллагаар явахаар эцэг Эөөр овоглож явдаг учраас боломжгүй гэсэн хариу авдаг. Эцэг Э нь хүү Тыг асрамжлахгүй, тэжээн тэтгэхгүй, орон байраар хангахгүй, санаа тавьдаггүй, эцэг хүнийнээ үүргийг биелүүлэхгүй байх тул эцэг байх эрхийг нь хасч, хүү Тыг миний асрамжинд албан ёсоор шилжүүлэх асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байна. Т 3 настай үлдээд өнөөдөр 11 настай болсон хойноо аав Эийнхөө барааг анх удаа өчигдар харсан. Энэ хүн чиний аав чинь гэж хэлэхэд биш би танихгүй гэж л хэлж байна. Энэ хүүхэд эцэг Эийг танихгүй байгаа учраас мэдээж дагаж явахад хэцүү. Өөрөө дагаж явахгүй гээд байгаа болохоор энэ хүүхдийг өссөн орчноос нь салгаад явуулахад хэцүү. Тэгэхээр энэ хүүхдийн асуудлыг хүүхдэд ашигтэй байдлаар шийдүүлмээр байна. Энэ хүүхэд бичиг үсэг мэдэхгүй. Сургуулиас завсардсан гэв. Би өөрөө хөдөө амьдарч байсан болохоор энэ хүүхдийг сургуульд сургаж чадаагүй. Би өөрийн асрамжиндаа албан ёсоор авбал энэ хүүхдийн асуудлыг хүүхдэд ашигтэй байдлаар шийдэж явмаар байна гэв.

 

Хариуцагч: Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Атай 2002 онд гэр бүл болж байсан. Бидний дундаас охин Х 2003 онд, хүү Т 2005 онд төрсөн. А бид хоёр таарч тохирохгүй болоод 2008 оноос тусдаа амьдарсан. 2016 онд А өвчний учир насбарсан. Охин Х миний ээж аав хоёртой хамт амьдардаг. Хүү Т нь ээжийнхээ нагац дүү Жаргалбаатарын гар дээр өсөж бойжиж байгаа юм байна. Би хүү Тыг 3 настай байхад нь Агаас салаад тусдаа амьдарч байсан. 3 настайгаас нь хойш уулзаагүй болохоор хүү маань намайг танихгүй байна. Хүүтэйгээ уулзахад би таныг танихгүй, харж байгаагүй, та миний аав биш гэсэн. Арга ч үгүй биздээ. Би хүүгээ хар нялх байхад нь хаяад явсан. Харж асрамжлаагүй. Өнөөдөр аваад явна гэхээр танихгүй байгаа, явахгүй гээд байна. Тийм болохоор эцэг байх эрхээ хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, ээжийнх нь нагац дүү Жаргалбаатарын асрамжинд байлгах саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Ж хариуцагч Б.Эд холбогдуулан эцэг байх эрхийг хасуулах, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч Б.Ж нь Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Б.Ж нь Улаанбаатар хотод оршин суудаг боловч асран хамгаалуулагч тухайн орон нутагт амьдардаг, нэхэмжлэгч тухайн орон нутагт амьдардаг байдлыг харгалзан үзэж Гэрбүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхээр уг маргаантай асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно. 

Нэхэмжлэгч Б.Ж нь Б.Эд холбогдуулан эцэг байх эрхийг хасуулах, нагац дүү Тын асран хамгаалагчаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.

Хариуцагч Б.Э Т.А агсан нарын дундаас хүү Э.Т төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбаруудаар тогтоогдож байна. 

Хариуцагч хүү Э.Тын төрсөн эцэг мөн эсэх талаар маргаагүй бөгөөд миний хүү гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч Б.Э нь хүү Б.Тыг 3 настай ээжид нь үлдээгээд уулзаагүй, хүү Э.Т нь өнөөдөр 12 нас хүрчээ. Хариуцагч Б.Э нь хүү Э.Тыг асран хамгаалах, тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх, сургах, орон байраар хангах үүргээ биелүүлдэггүй, эцэг хүний хуулиар хүлээсэн “хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх” үүргээс зайлсхийдэг болох нь нэхэмжлэгчийн энэ хүү манайд 3 настай ирсэн, түүнээс хойш аав нь нэг ч удаа ирж уулзаагүй, ээж нь амьд байхдаа эрхэлсэн ажилгүй нэн ядуу амьдралтай байсан. 2012 онд аваарт ороод өрөөсөн хөлөө тайруулаад хөдөлмөрийн чадвараа 80хувиар алдаж, халамжийн орлогоор амьдарч байгаад 2016 онд насбарсан гэх нэхэмжлэгчийн мэдүүлэг, Хариуцагч Б.Эийн би 2008 оноос хойш хүү Ттай уулзаагүй. Хүү намайг танихгүй байгаа нь хүүхдийн буруу биш, би хүүгээ асрамжлаагүй гэх тайлбар, хүү Э.Тын “...Энэ хүн миний аав биш, би танихгүй” гэх  мэдүүлэг зэргээр хүү Тыг харж асрамжилдаггүй, тэжээн тэтгэдэггүй, орон байраар хангадаггүй, хүүхдэдээ гэр бүлийн анхаарал тавьдаггүй, эцэг хүний хуулиар хүлээсэн “хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх” үүргээ биелүүлдэггүй болох нь тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үндэслэл тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд хариуцагч Б.Эийн, хүү Э.Тын эцэг байх эрхийг хасаж, хүү Э.Тын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түүний нагац ах Б. Жаргалбаартарыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “... Шүүх нь эцэг эх байх эрхээ хасуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хүү Э.Тт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Эөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-д заасныг баримтлан хариуцагч Олуул овгийн Б.Эийг 2006.01.21-нд төрсөн хүү Эийн Тын эцэг байх эрхийг хассугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 2006 оны 01 сарын 21-нд төрсөн хүү Э овогтой Тын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түүний нагац ах Б.Ж /РД:ЛЭ88101111/-ыг тогтоосугай.

3.Гэрбүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006.01.21-нд төрсөн хүү Э.Тыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг байх эрхээ хасуулсан Бүлтэн овогтой Эөөр тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Жын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эөөс 70200 төгрөг гаргуулж Б.Жт, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1964400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46380 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

  6.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болснөөс хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Хүрэлтогоод даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар  шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.БОЛОРМАА