| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0296/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/299 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагч Э.Идэрбат,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-д холбогдох 1921006800335 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 124 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж байсан, бие эрүүл гэх, Б овогт Б. /РД: .../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Бнь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Бөөрөнхий хуушуур” гэх цайны газрын гадна иргэн ...Б-тэй маргалдаж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Бөөрөнхий хуушуур” гэх цайны газрын гадна иргэн ...Б-тэй маргалдаж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921006800335 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ...Б-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Одоогоос 1 сарын өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн орчимд би Дорнод аймгийн Баян-Уул сумын төвд байрлах ЕБС-ын зүүн урд талд өөрийнхөө 6 найзуудын хамтаар 2 шил архи уусан юм. Улмаар өдөр 12 цагийн орчим бид нар архиа ууж дуусаад би бага зэргийн халамцуу байдалтай гэр рүүгээ харьж явсан юм. Харих замаараа би “Бөөрөнхий хуушуур” нэртэй цайны газраар орчхоод гарч явтал миний араас ...Б гэх согтуу ах гарч ирээд надад хандаж чи өчигдөр орой бааран дотор надаас архи харамлаж наймаг баарнаас хөөгөөд байсан билүү? гэж хэлсэн. ...миний уур хүрээд халаасанд байсан эвхдэг хутгаа гаргаж ирээд түүний хэвлий орчимд нь нэг удаа хутгалсан..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Хохирогч ...Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр халамцуу байдалтай 12 цагийн орчимд хоол идэхээр гадагшаа гарсан юм. Улмаар цайны газар руу явж байх замдаа өөрийн найз П-тэй гудамжинд таараад хамт “Бөөрөнхий хуушуур” гэх цайны газарт орж хоол идсэн юм. Хоолоо идчихээд цайны газраас гараад баруун урагшаа алхаж байтал миний араас нэг юм хорсох маягтай мэдэгдсэн бөгөөд хоёр, гурав алхаж байгаад эргээд хартал миний ард тус сумын ...Б гэх согтуу хүн зогсож байсан. Тэгээд би хорсож байсан баруун бөөр орчимдоо гараараа дараад үзтэл гарт маань багахан хэмжээний цус болсон байсан. ......О-тэй цуг сумын эмнэлэг рүү алхаж очоод эмчид үзүүлсэн ба эмч нар надад 1 оёдол тавиад боолт хийж өгсөн. ......Б надаас уучлалт гуйж 100,000 төгрөг өгсөн бөгөөд ...Б бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Гэрч О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт байрлах “Бөөрөнхий хуушуур” гэх цайны газарт байж байхад найз ...Бтэй таарсан. Тухайн үед ...Б архи уусан байсан болохоор би хоол авч өгсөн. ......Б түрүүлээд цайны газраас гарсан. Би тооцоогоо хийчихээд гарсан чинь ...Б намайг хүн хутгалчихлаа гээд баруун бөөр орчимдоо бариад байхаар харсан чинь цус гарч байсан бөгөөд би түүнийг дагуулж сумын эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 657 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Ц....Б-ийн биед цээжний баруун талд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 28-30, 31-38 дугаар хуудас/,
Хохирогч Ц....Б-ийн шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү? гэх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921006800335 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Бөөрөнхий хуушуур” гэх цайны газрын гадна иргэн ...Б-тэй маргалдаж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ...Б-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц....Б-ийн /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, гэрч О-ийн /хх-ийн 14 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 657 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б нь хохирогч Ц....Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Д....Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д....Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б-дэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ...Б-ийн... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...Б-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ...Б-ийн... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д....Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН