Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 420

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

У.Агийн нэхэмжлэлтэй, 

 

О.Гт холбогдох

 

эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09-р сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Гтой 2005 онд танилцаж, 2009 онд өрх тусгаарлаж тусдаа амьдардаг болсон. 2006 онд охин Аю, 2012 онд хүү Б нар мэндэлсэн. Бид хоёр хамтран амьдрах хугацаанд нөхөр маань хувиараа ажил хийдэг, айлын мал хариулдаг байсан. Нөхөр маань архи уудаг, архи уухаараа агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, зодож балбадаг байсан. Би хоёр хүүхдээ бодоод нөхрийнхөө муухай занг тэвчин өнгөрүүлдэг байсан. Цаашид зодуулаад байж чадахгүй, миний хувьд энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй болохоор охин Аюийг эцгээр нь овоглож чадаагүй. Хүү Бг эцгээр нь овоглож гэрчилгээ авсан. Иймд охин Аюийн эцэг нь Г мөн болохыг тогтоож, Аю, Б нарт эцгээр нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч О.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Агийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Би Атай 2005 онд танилцаж, 2009 онд гэр бүл болж тусдаа гарсан. 2006 онд охин Аю, 2012 онд хүү Б нар мэндэлсэн.Би айлын мал маллаж, олсон мөнгөөрөө хоёр хүүхдээ хувцаслаж, идэж уухаар дутаахгүй амьдарч байсан. У.А нь зарим үед гэрээсээ яваад хэл сураггүй алга болдог, би хоёр хүүхэдтэйгээ хамаатан садангаар нь орж, эрж хайдаг байсан. Тэгэхэд нэг залууг дагаад явсан байсан. Би хоёр хүүхдээ бодоод уучилсан. 2016 оны 11-р сарын сүүлчээр эгчийгээ эмнэлэгт үзүүлнэ гэж гэрээсээ гараад эргэж ирээгүй алга болсон. Гэтэл 2017 оны 02-р сард Ренцэндорж гэдэг хүнтэй амьдарч байгаа гэдгийг нь сонсоод очиход тэр хүнтэйгээ хамт амьдарч байсан.  Хоёр хүүхдийг маань Эрдэнэцагаан сум руу аав, ээж хоёр руугаа явуулсан байсан. А бид хоёр салаагүй, би хоёр хүүхэдтэйгээ уулзмаар байдаг. 2 хүүхэд бол миний хүүхдүүд мөн. Хүүхэддээ тэтгэлэг төлнө гэхэд миний хувьд өвчтэй эхийгээ асраад ажил хөдөлмөр эрхэлдэггүй болохоор боломж муутай гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

У.А нь охин Аюийн эцгээр Гийг тогтоолгож, хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

У.А, О.Г нар нь 2005 оноос эхлэн дотно харьцаатай болж, хамтран амьдарч, тэдний дундаас охин А.Аю нь 2006 онд, хүү Б нь 2012 онд төрж, эрүүл энх бойжиж байгаа ба охин Аюийн эцэг нь хариуцагч О.Г мөн болохыг хүлээн зөвшөөрч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, мөн  тэдний дундаас  охин Аю нь  2006 оны 08-р сарын 18-ны өдөр, хүү Б нь 2012 оны 06-р сарын 02-ны өдөр тус тус төрж, эрүүл энх бойжиж байгаа болох нь Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06-р сарын 29-ний өдрийн 38000761, 38/000762 тоот төрсний бүртгэлийн лавлагаанууд өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул А.Аюийн эцгээр хариуцагч О.Гийг тогтоож, хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч У.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Гоос 70200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод, 2 хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1964400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46380 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот тус тус оруулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2006 оны 08-р сарын 18-ны өдөр төрсөн А овогтой Аюийн эцгээр О.Гийг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 08-р сарын 18-ны өдөр төрсөн охин Аю, 2012 оны 06-р сарын 02-ны өдөр төрсөн хүү Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Оюун овогтой Гоор тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан У.А, О.Г нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч У.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Гоос 70200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод, 2 хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 1964400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 46380 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот тус тус оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА