| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2020/0392/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/393 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/393
2020 12 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Хосбаяр
Хохирогч Б.Э
Шүүгдэгч Д.О, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Д.О , Бодонгууд овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн 2021000000412 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цагаангууд овогт Д.О . /РД: ЖЕ /,
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэр техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Б.Б . /РД: ЖЕ /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О, Б.Б нар нь согтуугаар, бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 33 дугаар байрны гадна иргэн Б.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн нүд, зүүн хацар шанаа, дээд доод уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, хамрын хянга ясны хугарал, дээд уруулд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “… Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “… Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би базындаа ганц, хоёр пиво уусан. Би архи, пиво ууж чаддаггүй болохоор зүрхэнд орж давчдаад хашгирсан. Намайг хашгирахыг сонсоод 33 дугаар байрын зүүн талын орцны 4 дүгээр давхраас нэг хүн “үхсэндээ хашгираад байгаа пизда вэ, зайлаач” гэсэн. Би “чамд хамаагүй би 38 дугаар байр орж явна” гэж хэлсний дараа тэр залуус гарч ирж, намайг цохиж унагасан. Энэ хоёр залуу намайг нүүр амгүй цохиж, өшиглөж зодсон. Шүүгдэгч Одон тухайн үед надад “хутга шаана” гэсэн. Би энэ хоёрыг яаж ч магадгүй гэж айгаад нэгийг нь түлхэж унагаад гэр рүүгээ зугтсан. Энэ хоёр намайг 2 давхар хүртэл хөөсөн. Би гэртээ ороод цагдаад мэдэгдэж, түргэн дуудсан. Би 33 дугаар байрны 4 давхарын айлаас энэ хоёртой хамт байсан залууг дагуулж цагдаагийн байгууллагад очсон. Би энэ хоёрт зодуулснаас хойш нүд байнга бүрэлзэж, орой болохоор толгой өвддөг болсон. Миний биеийн байдал бүрэн сайжраагүй. Шүүгдэгч нараас 3.000.000 төгрөг нэхэмжилснээс надад 2.000.000 төгрөг өгсөн. Би цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч нараас нэхэмжилнэ гэв.
Шүүгдэгч Д.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би доошоо бууж очоод тухайн залуу руу очиход намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж харилцан бие биенийхээ нүүр рүү гараараа цохиход миний хамраас цус гарсан ... бөгөөд нөгөө залууг цамцных нь захнаас зуураад зогсож байхад Бямбажаргал араас гарч ирээд бид хоёрыг салгах гэхэд нөгөө залуу Бямбажаргал руу дайраад тэр хоёр хоорондоо зодолхоор нь би хажуугаар нь орж зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би араас нь гадаа гараад харахад Одон нөгөө залуутай заамдалцаад зогсчихсон Одонгийн хамраас цус гарсан ... цамц нь урагдсан байсан. Мөн нөгөө залуугийн хамраас цус гарсан байсан. ... би салгах гээд очиход нөгөө залуу миний нүүрэн тус газарт цохисон бөгөөд би зөрүүлж түүнийг цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/,
Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...шөнө 03 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харих гээд гарсан. ... нэг махлагдуу залуу 33 дугаар байрны зүүн талын орцноос гарч ирээд шууд миний нүүр рүү цохиж намайг газарт унагасан. ... мөн дахин нэг залуу ирээд миний нүүрэн тус газарт өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр 2 найз болох Одон, Бямбажаргал нарын хамтаар өөрийн түрээсэлж суудаг Хэрлэн сумын 7 дугаар баг 33-55 тоотод 22 цагийн үед манай гэрт найзууд уулзсан. ... гадуур явж байгаад 00 цагийн орчим Одон, Бямбажаргал нарын хамтаар пиво аваад гэртээ орж уусан. ... амрах гээд хэвтэж байхад манай хоёр найз цонхоор нэг хүнтэй муудалцаад байсан. ... Би учрыг нь олоогүй байж байтал эхлээд Одон араас нь Бямбажаргал гэрээс гүйгээд гарсан. ...буцад орж ирэхдээ Одон, Бямбажаргал нарын хувцас цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 729 дугаар:
1. Б.Э ын биед баруун зүүн нүд, зүүн хацар шанаа, дээд доод уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, хамрын хянга ясны хугарал, дээд уруул язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 25-26 дугаар тал/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24 дүгээр тал/
Шүүгдэгч Д.Огийн: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40,44, 46 дугаар тал/
Шүүгдэгч Б.Б ын: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41, 43, 45 дугаар тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нар нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Д.О, Б.Б нар нь 2020 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 33 дугаар байрны гадна иргэн Б.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн нүд, зүүн хацар шанаа, дээд доод уруул, цээжний зөөлөн эдийн няцрал, хамрын хянга ясны хугарал, дээд уруулд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Э , гэрч Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.О, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, яаралтай тусламжийн хууд ас /хх-ийн 24/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 789 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.О, Б.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.О, Б.Б нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Цагаангууд овогт Д.О , Бодонгууд овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв
Шүүхээс шүүгдэгч Д.О , Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О, Б.Б нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 3.000.000 төгрөгийн шүүгдэгч нараас нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг нэг бүрчлэн хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж дүгнэхэд хохирогч нь нийт 1.973.538 төгрөгийн зардлын нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Үүнээс нотлох баримтын шаардлага хангахгүй
Ажилгүй байсан хугацааны цалин 494.638 төгрөгийн баримт /хх-ийн 56/,
Мянган сарнай эмийн сангийн 2020.09.30-ны өдрийн 248.750 төгрөгийн баримт /хх-ийн 59/, /Гэмт хэрэг гарахаас өмнөх баримт/
БОЭТ-ийн компьютер томографийн оношлогооны 120.000 төгрөгийн баримт /хх-ийн 61/8 /хх-ийн 57-р хуудсанд байгаа баримттай давхардсан/
Маршил мед эмнэлгийн 20.000 төгрөгийн үйлчилгээний баримт /хх-ийн 61/ /хх-ийн 57-р хуудсанд байгаа баримттай давхардсан/ зэрэг нийт 883.388 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /1.973.538 – 883.388 = 1.090.150/
Хохирогч Б.Э ын гаргаж өгсөн баримтаар шүүгдэгч нар нь 1.090.150 төгрөгийг хохирогчид төлөх ёстой бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О, Б.Б нар нь хохирогч Б.Э т нийт 2.000.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О, Б.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О , Б.Б нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Огийн ЖЕ тоот, шүүгдэгч Б.Б ын ЖЕ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Д.О, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаангууд овогт Д.О , Бодонгууд овогт Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О , Б.Б нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Б.Б нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Огийн ЖЕ тоот, шүүгдэгч Б.Б ын ЖЕ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хохирогч Б.Э нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.О, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА