Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/020

 

Т.Б, Ц.Д, Г.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Т.Б,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Д, Г.Х нарын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/71 дүгээр захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар эсэргүүцлээр Т.Б, Ц.Д, Г.Х нарт холбогдох эрүүгийн 1814002430147 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Олохнууд овогт Ц.Д, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* ******* *******-ийн дулааны инженерийн 1 дүгээр курсэд суралцдаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлтгүй,

Монгол Улсын иргэн, Тайжууд овогт Г.Х, бүрэн бус дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлтгүй,

Монгол Улсын иргэн, Сартуул овогт Т.Б, 2000 оны 3 дугаар сарын 29-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 18 настай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлтгүй,

Шүүгдэгч Т.Б, өсвөр насны шүүгдэгч Ц.Д нар нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Титэм дэлгүүрийн хажууд Д.Хыг хүч хэрэглэж бүлэглэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Титэм дэлгүүрийн хажууд Д.Хд хүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б, өсвөр насны шүүгдэгч Ц.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.11 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус, тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б, өсвөр насны шүүгдэгч Г.Х, Ц.Д нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан ажиллагаануудыг хийгээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив шинжийг агуулаагүй байхад хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3-т хохирогчийн хуульд заасан үүргийг тусгаж өгсөн бөгөөд мөн хуулийн 8 2 дугаар зүйлийн 3.2-т.. хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, 4-т ... хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн., эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ... гэж тус тус хуульчилсан байх ба хохирогч Д.Х нь “худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.

Шүүхээс хохирогч Д.Хын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон байгаа эсэхийг зааглан ялгах хууль зүйн дүгнэлтийг зөв хийх, гэмт хэргийг зөв зүйлчлэх зэрэг асуудлыг мөрдөн байцаалтын шатанд дахин шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн хохирогч Д.Хын Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан ... тэр хүүхдүүдээс миний алдсан эд зүйлийг хураан авсан байсан эргүүлж олгож өгнө үү ... гэсэн хүсэлтээс үзвэл тухайн алдагдсан эд зүйлүүдийг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдээс хураан авсан гэж үзэхээр байх ба хэрэгт дээрх эд зүйлүүдийг хураан авсан үзлэг хийсэн, нотлох баримтаар тооцсон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар заасан хуулийн заалтыг огт хэрэгжүүлээгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар.. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ .. гэж заасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “... гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно, “мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ", мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны гэм буруугийн зарчмуудыг баримталж ажиллах шаардлагатай бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг зөвтгүүлэх, үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Т.Б, өсвөр насны шүүгдэгч Г.Х, Ц.Д нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 7 дугаар эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Хохирогч Д.Х нь хойшлуулшгүй ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө гар утас болон түрийвчтэй эд зүйл алга болгосон талаар мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгт хууль ёсны дагуу хохирогчоор тогтоогдон 8.2 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон байна.

Хохирогч Д.Хын худал мэдүүлэг өгсөн нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 27-наас 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Номгон 1 дүгээр баг 91 дүгээр байрнаас гараад 3-1-4 тоотод байх хадмынх руугаа явж байгаад Номгон 1 дүгээр баг Титэм дэлгүүрийн урд эхнэр Пүрэвдуламын 86917676 дугаарын утас руу өөрийн 88917676 дугаарын утаснаас ярьж явахад хэдэн банди нар тааралдсан. Тэгээд надаас тамхи байна уу гэж асуухаар нь байхгүй гээд явах гэхэд намайг ингэж явдаггүй юм гээд миний зүүн талын нүүрэн хэсэгт цохиод ар нуруу руу хөлөөрөө жийсэн тэгээд би унасан намайг унахад тэнд байсан бүх хүүхдүүд тал талаас өшиглөсөн тэгээд нэг сэрэхэд нөгөө хүүхдүүд алга болсон байсан. Тэгээд хадмынд ирсэн эхнэр надтай утсаар ярьж явсан болохоор мэдсэн бололтой хашааныхаа үүдэн дээр гараад зогссон байсан. Би цагдаад гэрчийн мэдүүлэг өгсөний дараа тухайн зодуулсан газраараа эргээд очиж хайхад миний утас Титэм дэлгүүрийн хайсны хажууд унтарсан дэлгэц нь хагарч корпос нь гэмтсэн байдалтай тэндээсээ гэрлүүгээ явсан замаараа явж байгаад ******* дэлгүүрийн баруун тал Шүүхийн шийдвэрийн урд талын замаас олсон олоход бичиг баримт, карт, мөнгө бүрэн байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,

Өсвөр насны яллагдагч Г.Хн “...2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн үед бүжгийн бэлтгэлээс Б, *******, *******, Д нарын хамт гэр рүүгээ явж байгаад Титэм дэлгүүрийн урд согтуу 1 ах гуйвсан явж байсан. Тэгэхэд нь Б, *******ийг тамхи асуугаатах гээд явуулсан ******* тэр ахаас очиж тамхи асуусан чинь тэгсэн чинь тэр ах би чиний тамхийг бэлдэж өгөх ёстой юмуу гээд баруун гараараа *******ийг цохичих шиг болсон. Тэгээд би найзыгаа өмөөрөөд тэр ахын нурууны дал хэсэг рүү нь 1 удаа жийчихээд зугтаасан. Тэгэхэд Б тэр ахын нүүр рүү 1 цохиж байгаа харагдсан ." гэх мэдүүлэг /хавтаст 84-86 дугаар тал/,

Өсвөр насны яллагдагч Т.Бийн “...2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө болсон явдал....Титэм дэлгүүрийн хажуугаар өнгөрөөд явж байтал 1 нилээн гуйвсан согтуу ах зогсож байхаар нь би тэр ахаас *******ийг тамхи асуугаатах гэсэн чинь ******* миний үгэнд ороод тамхи очоод асуусан. Тэгэхэд нь тэр ах *******ийн урдаас би та нарын тамхийг бэлдэх ёстой юу пиздагуудаа гээд гараа далайсан. Тэгэхэд нь *******ийг цохичихлоо гээд би өмөөрөөд гүйгээд очсон чинь Хн нуруу руу өшиглөсөн. Тэр ах гуйвангуут нь би нүүр рүү нь нэг удаа цохисон унангуут нь Д очиж өшиглөсөн. Тэгэхэд ******* цаанаа хашааны хажууд утсаа оролдоод ******* хойшоо ухарсан байдалтай байсан...Тухайн үед цаг шөнийн 01 цаг өнгөрч харанхуй болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-97 дугаар тал/,

Өсвөр насны яллагдагч Ц.Дгийн “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө 00 цаг өнгөрөөд 01 цагийн үед бүжгийн бэлтгэлээс тараад гэр рүүгээ харих гээд Х, *******, Б, ******* нарын хамт явж байсан. Тэгтэл Номгон 1 дүгээр баг Титэм дэлгүүрийн хажууд нэг согтуу ах тамхи татаад зогсож байсан Б, *******ийг очоод тамхи асуугаатах гэсэн. Тэгээд ******* очоод асуухад тэр ах би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу пизда минь гээд гараа далайхад ******* далдирсан. Тэгэхэд нь Х цохичихлоо гэж бодоод тэр ахын араас очоод 1 өшиглөсөн. Тэгээд Б нүүр рүү нь гараараа 1 цохисон. Тэгээд тэр ах өнхөрөөд ойчихоор нь би араас нь 1 удаа нуруу руу нь өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-109 дүгээр зүйл/,

Өсвөр насны яллагдагч Д.*******ийн “... Номгон 1 дүгээр баг Титэм дэлгүүрийн хажууд нэг ах нилээн согтуу тамхи татаад зогсож байсан. Б намайг очоод тамхи асуугаатах гэж хэлсэн. Тэгээд би очоод тамхи асуухад тэр ах би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу пизда минь гээд намайг цохих гээд баруун гараараа далайсан. Тэгэхэд нь би хойшилсон чинь Х тэр ахыг араас нь жийгээд тэр ах дайвалзахад нь Б хажуу талаас нь нүүр рүү 1 цохисон. Тэгээд тэр ах өнхрөөд ойчсон. Тэгэхэд нь Д нуруу руу нь 1 өшиглөсөн. Тэгээд бүгд талбайн тийшээ зугтаагаад тэндээсээ айгаад гэр гэрлүүгээ тараад явсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 131-132 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байгаа болно.

Мөн өсвөр насны яллагдагч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс хууль буруу хэрэглэж буй насанд хүрээгүй хүнийг эцэг, эх, асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчийг байлцуулалгүйгээр сурган хүмүүжлэгч байлцуулан хууль сануулан авсан мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болохгүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан сануулж мэдүүлэг авсан хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд тухайн мэдүүлгийг үндэслэн өсвөр насны яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулан, мөрдөн шалгах ажиллагааны дүнд хэрэгт хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн гэж дүгнэж, өсвөр насны яллагдагч нар нь тухайн гэм буруутай үйлдлийг хийсэн тодорхой байхад шүүхээс хууль зөрчин өсвөр насны яллагдагч нараас өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг даалгасан гэж үзэж байна

Иймд өсвөр насны яллагдагч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль тайлбарлаж өгч, хууль ёсны төлөөлөгч сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгч байлцуулан авсан мэдүүлэг буюу бичгийн нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан бөгөөд өсвөр насны яллагдагч нарын хойшлуулшгүй ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явц дахь хохирогч болон өсвөр насны яллагдагч нарын мэдүүлгээр эрс үгүйсгэгдэж байгаа болно.

Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож зөв мэдүүлэх чадваргүй болсон хохирогчийн мэдүүлэг... нь дангаараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж хуульчилсан бөгөөд хохирогч Д.Хын хувьд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хүлээн мэдүүлэг өгсөн нь түүнийг илтэд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг зүйлчилсэн тул өсвөр насны ялпагдагч нар болон бусад этгээдүүдийн үйлдэл ямар шалгуур шинж хэлбэрээрээ гэмт хэрэгт хамтран оролцсоныг ялгаж зааглан хууль зүйн үүднээс тухайн гэм буруутай этгээдүүдийн үйлдэлд дүгнэлт хийн хэргийг зүйлчлээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Мөн анхан шатны шүүхээс хэргийг удаа дараа үндэслэлгүйгээр прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зорилтыг үл ойшоосон, илтэд хууль зөрчиж буй явдал юм.

Иймд анхан шатны шүүхээс хэргийг хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийн бодит байдлыг тунгаан эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул өсвөр насны яллагдагч Г.Х, Т.Б, Ц.Д нарт холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүх дээд шатны шүүхийнхээ шийдвэрийг биелүүлээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү гэв.

Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хуулийн үндэслэлгүйгээр хэргийг хүндрүүлэхээр буцаасан, магадлалыг биелүүлээгүй байх тул эсэргүүцлийг хангаж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийн хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх үйл ажиллагаа шийдвэрийг прокурор *******гийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Т.Б, Ц.Д, Г.Х нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэл тохироогүй, прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болсон байна.

Мөн түүнчлэн прокурорын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч Т.Б, өсвөр насны шүүгдэгч Ц.Д нар нь бүлэглэж хохирогч Д.Хын эрүүл мэндэд хөнгөн хохиол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.11-т заасныг журамлан гэж Эрүүгийн хуульд байхгүй зүйл заалт хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй болсон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцээгүй байна.

Хэрэгт шүүгдэгч Т.Бийн хувийн байдлын талаарх бичиг баримтын хуулбар авагдаагүйгээс анхан шатны шүүгчийн захирамж болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудад Т.Бийн төрсөн өдөр нь регистрийн дугаартайгаа зөрүүтэй бичигдсэн байгааг анхаарах нь зүйтэй байна.

Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 Зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь;

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/71 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******гийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 07 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйийн 1.1-д зааснаар хэргийг прокурорт очтол Т.Б, Ц.Д, Г.Х нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                             Б. БОЛОР-ЭРДЭНЭ