Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/0444

 

Баясах-Атлас ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгчД.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мандахзул, Б.Сумъяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болортуяа, хариуцагч Ө.Зоригт, Д.Ариунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 417дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Баясах-Атлас ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баясах-Атлас ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баясах атлас ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, Польш улсаас барилгын материал импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 2013 оны 12 дугаар сард манай байгууллага дээр Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 132/13 тоот удирдамжийн дагуу санхүүгийн бичиг баримтанд бүрдүүлэлтийн шалгалт хийсэн. Уг шалгалтыг Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг, Ө.Зоригт нар хийсэн бөгөөд 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлээгүй, гадаадаас худалдан авсан зарим барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэж нийт 54,542,772 төгрөгийн акт тогтоосон.

Шалгалтаар илэрсэн зөрчил гэж байгаа асуудлууд нь манай компаниас хамааралгүй байсан учир уг актыг хүлээн зөвшөөрөөгүй, актад гарын үсгээ зураагүй юм. Учир нь манай компани бүх бараа материалаа хойд хилээр оруулдаг ба ажлын хэрэгцээнд зориулж 2010-2012 оны хооронд 10 гаран үйлдлээр 54,5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн урд хилээр оруулж авсан. Эдгээр барааг бид Хятадын "Бүргэд" компанитай харилцан тохиролцож буюу нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар төлөөд агуулахад хүргэж өгөх нөхцөлөөр үнээ тохирсон байсан тул Баясахтлас ХХК мэдүүлэгч субъект биш, гаалиар барааг нуун далдлах болон аливаа хууль бус үйлдэл хийгээгүй. Тийм ч учраас нуун далдлах санаа агуулаагүй тул санхүүгийн тайлан балансад үнэнгээр тусгасаар ирсэн. Иймд Баясахтлас ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 тоот "Төлбөр төлүүлэх тухай" акт хууль бус тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Актаар ногдуулсан төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй гэдгээ албан ёсоор гаалийн улсын байцаагч нарт мэдэгдэн, албан ёсоор анх 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 05/14, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 13/14 дугаар албан бичгүүдээр тус тус Гаалийн ерөнхий газрын даргад хандаж, "Төлбөр төлүүлэх тухай" актыг нягталж, хүчингүй болгож өгөхийг хүссэн юм.

Улмаар 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.Зоригт манай компанийн менежер О.Мандахзулын утас руу залгаж 54,5 сая төгрөгийн зөрчил тогтоосон актыг хүчингүй болгосон гэж албан ёсоор мэдэгдсэн бөгөөд маргааш нь буюу 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дахин залгаж өөрийн ажил дээр ирж уулз гэсний дагуу 23-ны өдөр очиж уулзахад манайхыг шүүхэд гомдол гаргасан эсэхийг лавлаад актыг хүчингүй болгосон, холбогдох бичиг баримтыг архивт шилжүүлэх гэхээр танай зарим баримтууд тамгагүй байгаа тул компанийн тамга тэмдгээ дар гэж хэлсэн байдаг.

Энэ тухай 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд гадаад улсад ажлаар яваад ирэхэд манай менежер О.Мандахзул ...Гаалийн ерөнхий газар актаа хүчингүй болгосон" гэж хэлснээр мэдсэн. Ингээд бид 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 тоот "Төлбөр төлүүлэх тухай" актыг хүчингүй болгосон шийдвэрийг нь гардаж авахаар хүлээж байтал Гаалийн ерөнхий газар нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд акттай холбоотой төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 тоот "Төлбөр төлүүлэх тухай" актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна... гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг, Ө.Зоригт нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан 132/13 тоот удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг, Ө.Зоригт нар 2013 оны 12 дугаар сарын 23-наас 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд "Баясах-Атлас" /регистрийн дугаар 5152925/ ХХК-ийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд тус байгууллагын санхүүгийн болон холбогдох бусад баримтад тулгуурлан бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн.

Тус компанийн нягтлан бодогч солигдсон, жилийн эцсийн тайлан гаргах үе давхцсан, компанийн захирал, маркетингийн менежер нар гадаад томилолтоор явсан шалтгаанаар нэмэлт мэдээ, тодруулга гаргаж өгөхөд ихээхэн хугацаа алдсан зэрэг шалтгаанаас бүрдүүлэлтийн дараах шалгалтыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгуулж ажиллалаа.

Тус компани шалгалтанд хамрагдсан хугацаанд БНХАУ-аас тортой булан, люлик зэрэг зарим нэр төрлийн барааг импортоор авч орлогодоо тусгасан байх боловч тэдгээрийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй байсан.

Гаалийн тухай хуулийн 290.2.1 дэх заалтыг үндэслэн гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны нийт дүн болох 54,542,772 төгрөгийг тус компаниас гаргуулж 2014 оны 02 дугаар сарын 15-ны дотор улсын төсөвт оруулахаар 06/14 тоот акт тогтоосныг Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Б.Есөн-Эрдэнийн хамт тус компанийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэд танилцуулж, цаашид гаалийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сайтар судлаж улсын хилээр нэвтрүүлсэн барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлж байх талаар зөвлөсөн.

Гэтэл тус компани 06/14 тоот актын хариуцлагыг өөрчилж нөхөн бүрдүүлэлт хийж өгөх хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын даргын нэр дээр 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05/14 тоот бичгээр гаргасан байсанд Гаалийн ерөнхий газрын дарга 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 01/977 тоотоор тус компанийн гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдэгдсэн. Иймд Баясах-Атлас ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 417 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 249 дүгээр зүйлийн 249.3, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг баримтлан гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дугаар актаар тогтоосон төлбөрийн нийт үнийн дүнгээс 4,128,300 төгрөгийг хасаж 50,414,472 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Баясах-Атлас ХХК давж заалдах гомдолдоо1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын маргаан бүхий актын үнийн дүнд ногдох барааг Инкотермс-2010 DDР нөхцлөөр худалдаж аваагүй гэж дүгнэж шийдвэр гаргасан нь хариуцагч талд илтэд үйлчилсэн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь нэхэмжлэгч "Баясах-Атлас" ХХК нь БНХАУ-ын Бүргэд компанитай харилцан тохиролцож "Бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх гэрээ"-г Монгол улсын хууль тогтоомж, Инкотермс-2010 Олон улсын гэрээ конвенцийн дагуу байгуулж хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр 2010-2012 онуудад гаалийн улсын байцаагчийн актын хавсралтад заасан бараа худалдаж авч байсан.

Манай компани гэрээний дагуу зуучлалын хөлс, тээвэр, гаалийн татвар зэргийг Бүргэд компанитай харилцан тохиролцон бараа, бүтээгдэхүүний үнийн дүнд оруулж тооцож ирсэн тул тус компаниас авсан бараа бүтээгдэхүүний гаалийн татвар хураамжийг төлөөгүй бөгөөд БНХАУ-ын Бүргэд компани нь гэрээний 3.1-д заасны дагуу гаалийн татвар зэрэг бүх зардлыг хариуцаж, манай компанийн агуулахад бараа бүтээгдэхүүнийг шууд буулгадаг байсан.

Гаалийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Аливаа этгээд энэ хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр чөлөөтэй нэвтрүүлэх эрхтэй гэж Инкотермс-2010 Олон улсын гэрээний 6 дахь хэсэг DDР буюу Нийлүүлэлтийн төлбөр төлөгдсөн нөхцөлийн 1.2-д "худалдагч нь эскпортлоход шаардлагатай бичиг баримтуудын бүрдүүлэлт, эскспорт, импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна", 1.6 дахь заалтын б-д "худалдагч нь: экспорт, импортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй". 2.1-д "худалдан авагч нь худалдааны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч "Баясах-Атлас" ХХК нь дээрх хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу бараа бүтээгдэхүүний үнэ /барааны үнэд тээврийн зардал, гаалийн татвар хураамж багтсан/-ийг тухай бүрт компанийн менежер худалдан авдаг, бараа бүтээгдэхүүний үнэ барааны үнэд тээврийн зардал, гаалийн татвар хураамж багтсан/ -ийг тухай бүрт компанийн менежер н.Гэрэлт-Од Эрээн хот явж Бүргэд компанийг хариуцсан ажилтан Хөгжилтэй харилцаа тогтоож ирдэг байсан тухай шүүх хуралдаан бүрт тайлбарлаж ирсэн атал анхан шатны шүүх БНХАУ-ын Бүргэд компанитай байгуулсан гэрээнүүдээр маргаан бүхий актын хавсралтын үнийн дүнд хамаарах бараануудыг худалдан авсан гэж үзэх боломжгүй хэмээсэн нь үндэслэлгүй, өрөөсгөл бодит нөхцлийг үгүйсгэсэн дүгнэлт юм.

2. Шүүх зөвхөн хариуцагчийн нэхэмжлэгч гэрээгээ бидэнд гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр хэт нэг талын тайлбарт үндэслэн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь хяналт шалгалтын явцад дээрх гэрээнүүдийг гаалийн улсын байцаагч нарт гаргаж өгөөгүй, харин шүүхэд гаргаж өгч байгаа нь учир дутагдалтай гэж дүгнэсэн нь буруу. Учир нь нэхэмжлэгч Бүргэд компанитай байгуулсан 2010-2012 оны гэрээнүүдийг зориуд гаргаж өгөөгүй асуудал огт байхгүй. Гаалийн улсын байцаагч Ө.Зоригт, Д.Ариунцэцэг нар нь бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг компанийн удирдлагын эзгүйд эхэлж хийснээс уг нөхцөл хамааралтай бөгөөд шалгалтад хамааралтай бөгөөд шалгалтад шаардлагатай нэр бүхий 29 баримт хүлээлгэж өгөхийг шаардсан байдаг. Шаардсан 29 нэр бүхий баримтуудыг бүрэн бүтэн гаргаж өгч, буцаан авсан ба үүнд гадаад худалдааны гэрээ гэж огт шаардаагүй байсан.

Гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэгтэй компанийн захирал Г.Бат-Эрдэнэ би уулзахдаа Манай компани бүх гаалийн татвараа төлсөн, шударгаар татвараа тайлагнадаг. Энэ асуудлыг хянаад тодруулах шаардлагатай, яагаад ийм зөрчил илэрснийг шалгамаар байна. Хугацаа сунгаж өгөөч гэсэн боловч сунгах боломжгүй 54 сая төгрөг төл гээд акт тавьсан. Миний бие 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөр төлүүлэх тухай" 06/14 тоот актыг зөвшөөрөөгүй учир гарын үсгээ зураагүй бөгөөд уг актын талаар Гаалийн ерөнхий газарт 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05/14 тоот албан бичиг, мөн оны 03 дугаар сарын сарын 25-ны өдрийн 13/14 тоот албан бичгүүдээр хандахдаа дээрх зөрчил биднээс хамаараагүй. Бүргэд компанитай харилцан тохиролцож НӨАТ, гаалийн татвар төлөөд агуулахад хүргэж өгөх нөхцөлөөр үнээ тохирсон байсан. Гаалийн татвар төлөгдөөгүйг энэ шалгалтаар л мэдсэн болохоо удаа дараа тодорхой илэрхийлж ирснээс актын хавсралтад тусгагдсан 2010-2012 оны бараа бүтээгдэхүүнийг Бүргэд компанитай байгуулсан гэрээний дагуу авсан болох нь тодорхой юм.

3. Инкотермс-2010 олон улсын гэрээний заалт болон Бүргэд компанитай байгуулсан гэрээнүүдээс гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн татвар хураамж төлөх нь худалдагч тал болох Бүргэд компанийн үүрэг болох нь тодорхой харагдаж байгаа. Ийм ч учраас нэхэмжлэч Баясах-Атлас ХХК нь гаалийн улсын байцаагч нарын актыг зөвшөөрөхгүй байгаа.

Уг асуудал Гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч нарын өөрсдийнх нь ажлын хариуцлагатай ч холбоотой. Дээрх бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр орж ирэхэд нь гаалийн байгууллага холбогдох бүрдүүлэлтийг шалгаж, зөрчилгүй бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үүрэгтэй. Бид гадаадын компанитай холбогдох гэрээ хэлцлийнхээ дагуу бараа бүтээгдэхүүний үнийг агуулахдаа хүлээн авсан, гаалийн татвар хураамж нь төлөгдсөн зөрчилгүй гэж ойлгосон. Ийм ч учраас өөрийн компанийн тайлан, тооцоонд тухай бүрт нь тусгаж ирсэн.

4. Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 132/13 тоот удирдамжийн дагуу анх манай байгууллагад бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн. Энэ удирдамжийг компанийн захирал надад танилцуулаагүй, шалгалтын дараа танай байгууллагад шалгалт явуулсан зөрчил илэрсэн үнийг төл гэсэн шаардлага шууд тавьсан. Ямар зөрчил илэрсэн талаар зөрчлийн тэмдэглэл үйлдээгүй, холбогдох баримтуудыг бүрэн гүйцэд шалгаагүй.

Удирдамжийн 3.1-д заасан заалтаа гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг, Ө.Зоригт нар өөрсдөө зөрчиж шалгалт явуулж, алдаатай захиргааны акт гаргасан гэж үзэж байна.

5. Гаалийн улсын байцаагчид маргаан бүхий 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 тоот "Төлбөр төлүүлэх тухай" актыг гаргахдаа Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг үндэслэл болгон нийт барааны үнийг нэхэмжлэгчээс гаргуулахаар захиргааны шийтгэл оногдуулсан байдаг. Энэ тухайгаа ч хариуцагчийн төлөөлөгч удаа дараагийн шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх сайн дураараа хариуцагч гаалийн улсын байцаагч нарын баримтлаагүй, актыг гаргахдаа үндэслэл болгоогүй, Гаалийн тухай хуулийн 249.3-д заасныг гаалийн байцаагч нар эрх хэмжээнийхээ хүрээнд зөв хэрэглэсэн байна гэж дүгнэсэн нь үнэхээр ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Баясах-Атлас ХХК нь маргаан бүхий 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 тоот "Төлбөр төлүүлэх тухай" акт нь утга агуулгын болоод эрх зүйн үндэслэл илэрхий алдаатай төдийгүй актад олон улсын гэрээний дагуу болон Монгол улсаас авсан бараа бүтээгдэхүүн, тээврийн зардал, мөнгөн шилжүүлгийн шимтгэл, дотоод тээвэр гүйцэтгэл нь биш төсөв тусгагдсан зэргээр илтэд алдаатай захиргааны актыг гаалийн байцаагч нар гаргасан учир актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэдгийг анхаараасай гэж хүсэж байна.

Гаалиин улсын байцаагч нарын шалгалтын зорилго нь бүрдүүлэлтийн дараахь шалгалт байсан. Иймд гаалийн улсын байцаагч нар нь Гаалийн гухай хуулийн 249.3-д зааснаар баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж, төлбөрийн акт топоохдоо гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэх байсан. Гэтэл ямар ч баримт нотолгоогүйгээр хийсвэрээр барааны үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн гаалийн улсын байцаагч нарын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдриин 06/14 тоот захиргааны актаар төлбөр тогтоосон нь үндэслэлгүй. Иймд дээрх дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 417 тоот шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий захиргааны акт болох Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдриин 06/14 дүгээр актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж тогтоожээ.

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг, Ө.Зоригт нар Баясахтлас ХХК-ийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг санхүүгийн баримтад үндэслэн шалгаж, гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнэ 54.542.772 мянган төгрөгийг гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэхээр 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 06/14 тоот актыг үйлдсэн байна.

Маргаан бүхий татварын актаар төлбөр ногдуулсан бараа нь Хятадын Бүргэд компанитай харилцан тохиролцож, нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар төлөөд агуулахад хүргэж өгөх нөхцлөөр үнээ тохирсон өөрөөр хэлбэл дээрх барааг Монгол дахь агуулах нөхцөлтэйгөөр гадаадаас худалдан авсан тул гаальд мэдүүлэгч субъект мөн эсэх тухайд талууд маргажээ.

Гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах, 235 дугаар зүйлийн 235.2.2-д зааснаар гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх, зөрчлийг арилгуулах, 235 дугаар зүйлийн 235.4-д зааснаар чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болох эрхтэй талаар заажээ. Иймд, шүүх нэхэмжлэгч дээрх барааг хууль бусаар нэвтрүүлсэн зөрчил бүрдүүлэлтийн дараахь шалгалтаар хэрхэн илэрсэн нөхцөл байдал болон зөрчилд тооцогдсон татвар төлөгчийн гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны үнэ нь захиргааны шийтгэлд тооцогдох эсэхэд дүгнэлт өгсний үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой байна.

Баясахтлас ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/ 224, Замын-Үүд дэх Гаалийн газрын 04/380 дугаар албан бичгүүдээр 2010-2012 онуудад Нидерланд, Польш улсаас 1106 нэр төрлийн бараа импортолсон байх бөгөөд харин БНХАУ-аас Монгол Улсын гаалийн хилээр бараа импортлоогүй, БНХАУ-ын Бүргэд компани нь Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлсэн болох нь нотлогдоогүй байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 132/13 дугаар захирамжийн дагуу хийгдсэн шалгалтаар Гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 290.2.1-д заасныг үндэслэн гадаадаас худалдан авсан зарим барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж барааны үнэ 50.414.472 төгрөгийн төлбөрийг гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараах татвар улсын төсөвт хамаарна, 7.3.2-т гаалийн албан татвар, 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэсэн зохицуулалтаас дүгнэхэд Баясахтлас ХХК-ийн санхүүгийн тайлан балансад тусгагдсан боловч гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй юм. Харин Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болох-оор зохицуулсан боловч нэхэмжлэгч хуулийн этгээд актад заасан 50.414.472 төгрөгийн барааг БНХАУ-аас импортоор худалдаж авсан, тухайн барааны тээврийн зардлыг тус компани өөрөө төлж, энэ талаар анхан шатны баримтандаа тусгажээ.

Нөгөө талаар Инкотермс-2010 DDP буюу Нийлүүлэх нэрлэсэн газар гэх захиалагчийн агуулах нөхцлийг Худалдагч /үйлдвэрлэгч/ экспортлогч нь ачаа барааны экспортын бүрдүүлэлтийг хийж, импортын гаалийн үзлэгт орсон боловч тээврийн хэрэгслээс буулгаагүй барааг нэрлэсэн газарт худалдан авагчид хүлээлгэн өгнө. Тус нөхцлийг тээвэрлэлтийн бүх нөхцөлд хэрэглэнэ. Худалдагч барааг нэрлэсэн газарт авчрахтай холбоотой бүх эрсдлийг хариуцах бөгөөд барааны экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийгээд зогсохгүй мөн импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж, экспорт импортын бүх татвар хураамжийг төлөх үүрэгтэй. Нийлүүлэх нэрлэсэн газар нь худалдан авагчийн нутаг дэвсгэр байна гэж тодорхой тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгчийн БНХАУ-ын Бүргэд компанитай 2010-2012 онуудад байгуулсан гэрээнд тодорхой нэр төрлийн барааг ямар үнээр нийлүүлж байгааг заагаагүй байна.

Иймд анхан шатны шүүх Гаалийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэв Инкотермс-2010 DDPнөхцлөөр бараа худалдан авсан бол нэхэмжлэгч барааны тээвэрлэлтийнхээ зардлыг төлж, энэ талаар нягтлан бодох бүртгэлийн тайландаа тусгахгүй байх үндэслэлийн талаар зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэххэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН