Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 67

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 09 сарын 28 өдөр                Дугаар 67                                          Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Г.Амарсайхан

Иргэдийн төлөөлөгч Ш.Мягмаржав

           Хохирогч Ц.Эрдэнэ-Очир, Д.Цэрэнтогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч А.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  Б  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нямсүрэнд холбогдох эрүүгийн 201617000135 тоот хавтаст хэргийг 2016 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 29 настай эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 

- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 35а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах, 

- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих, 

- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 13-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ЛМ87041679, Улаангууд овгийн Алтанжаргалын Нямсүрэн 

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Нямсүрэн нь ялтай байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 04 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт оршин суух иргэн Д.Цэрэнтогтохын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Ц.Эрдэнэ-Очир, Д.Цэрэнтогтох нарын зодож Ц.Эрдэнэ-Очирын бие махбодид хүнд гэмтэл, Д.Цэрэнтогтохын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч А.Нямсүрэн  шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  2016 оны 04 сарын 22-23-нд шилжих шөнө би Эрдэнэ-Очир ахынд архи уугаад сууж байсан. Бид нарыг сууж байхад Оргилмаа, Цэрэнтогтох хоёр энэ машиныг гуйгаад манайх руу явья гэж хэлсэн. Тэгээд Цэрэнтогтох 1500 төгрөг, Эрдэнэ-Очир 500 төгрөг гаргаад цагаан машины залуутай намайг архинд явуулсан. Амарсанаа Би машины жолоочтой Цэрэнтогтохынх руу явсан. Үлдсэнийг нь бид дөрвүүлээ хувааж уусан.  Эрдэнэ-Очир ахыг согтчихлоо хүргэж өгье гээд машинд суусан. Амарсанаа машин асаах гэтэл Цэрэнтогтох аргалын авдарт байсан галын хайч аваад цохисон. Тэгээд харахад Эрдэнэ-Очир ахын толгойноос цус гарч байсан. Би Цэрэнтогтоход чамаас болж би Эрдэнэ-Очир ахыг цохичихлоо шүү гэж хэлсэн. Тэгэхэд Эрдэнэ-Очир ахын эхнэр босож ирээд намайг алгадаад би гэрээс гарсан. Тухайн үед хятад архи, 2 шил 0.75 литрийн архи тавуулаа хувааж уусан. Хохирогч Эрдэнэ-Очирт мал өгсөн. Цэрэнтогтохыг тухайн үед эмнэлэгт үзүүлж өгсөн, хохирогч нарт төлбөрийг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг, 

 

- Хохирогч Д.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Эрдэнэцагаан сумын төв дээр амьдардаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед би найз Цэнгэлийнд очсон юм. Намайг Цэнгэлийн ороход Цэнгэл, Эрдэнэ-Очир, Нямсүрэн нар архи ууж байсан. Би уг архинаас цуг ууж дуусаад гэр рүү харилаа гэхэд Эрдэнэ-Очир, Нямсүрэн хоёр танайд очъё гээд бид гурав цуг манайд 03 цагийн үед ирээд хэсэг хугацаанд янз янзын юм ярьж сууж байтал. Нямсүрэн гэнэт босч ирээд миний хамар руу цохиод хамрын цус гоожуулсан. Би тухайн үед хамраа дараад чи яаж байгаа юм гэтэл өөдөөс юм дуугарахгүй зогсоод байсан. Тэгтэл Эрдэнэ-Очир чи миний найзыг яагаад зодож байгаа юм гээд босч иртэл Нямсүрэн галын авдар дотор байсан галын хайчийг шүүрч аваад Эрдэнэ-Очирын толгойд зоож цусыг нь гоожуулсан. Би Нямсүрэнд чи яагаад бид хоёрыг зодож байгаа юм гэтэл ахиад намайг хэд хэд цохиж унагаснаа гэрээс гараад явсан. Миний баруун нүд рүү нэг удаа, баруун талын шанаа руу нэг удаа хамар руу нэг удаа цохиж зодсон. Намайг зодоход Эрдэнэ-Очир, Оргилмаа хоёр байсан шиг санагдаж байна. Нямсүрэн, би, Эрдэнэ-Очир бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид гурав их согтолттой байсан. Эрдэнэ-Очир гэх манай найзыг галын хайчаар толгой руу цохиж зодсон өөр зодож цохисон хүн байхгүй. Надад гомдол санал байхгүй..  гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 х /

Манай гэрт Эрдэнэ-Очир, Амарсанаа, Батцэнгэл, Нямсүрэн, цагаан машины жолооч залуу бид хэд 350 граммын савалгаатай хоёр сав Хятад архи хувааж уусан юм.Тэр үед цагаан машины жолооч манайд хоноё гээд надад машиныхаа түлхүүрийг өгөөд унтсан. Бид нар архи уугаад дуусгахад Эрдэнэ-Очир их согтсон байдалтай гуйваад суугаад байхаар нь Эрдэнэ-Очирыг гэрт нь хүргэж өгье гээд бид нар гарч цагаан машинд суугаад би машиныг нь асаагаад хөдөлгөх гэтэл автомат хроптой машин байсан болохоор хөдөлгөж чадалгүй буцаагаад унтраасан юм. Тэгсэн чинь арын суудалд сууж байсан. Амарсанаа надад хандаж  машин барьж чадахгүй байж яах гэж машин барьсан юм   гэж хэлэхээр нь миний уур хүрээд Амарсанааг машинаас буулгаад нэг удаа цохисон. Тэгсэн тэрээр газар ойчоод өгсөн. Тэгтэл Нямсүрэн машины араас бууж ирээд Амарсанааг өмөөрч намайг түлхээд гэр рүү оруулсан. Нямсүрэн намайг зодож байхад манай эхнэр 5 хүүхэд бүгдээрээ унтаж байсан. Дараа нь Нямсүрэн галын хайчаар Эрдэнэ-Очирын толгой руу цохиход нь би  чи яаж байгаа юм бэ бид хоёрыг зоддог  нь гэж чангаар хэлэхэд манай эхнэр сэрээд Нямсүрэнг гэрээсээ хөөж гаргасан. Би цагаан машины жолоочийг огт танихгүй нэрийг нь ч мэдэхгүй. Машины марк дугаарыг нь мэдэхгүй, баруун талдаа үрүүлтэй жижиг цагаан өнгийн суудлын машин байсан. Ямар ч гэсэн тухайн үед Цэнгэл ахынд бид нар архидаж байхад хашаан дотор нь орж ирээд Цэнгэл ахтай мэндлээд байсан болохоор Цэнгэл ах таньдаг байж магадгүй. Тэгээд л өглөө эр манай хүүхдүүдийг босохоос өмнө гараад явчихсан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...  гэх мэдүүлэг, 

 

- Хохирогч Ц.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2016 оны 04 дүгээр сарын 2016 оны 04 сарын 23-ны өдөр би хажуу айлынхаа Цэнгэл гэдэг айлд Нямсүрэн бид гурав хоёр шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад сууж байтал гаднаас найз Цэрэнтогтох эхнэр Оргилмаатай хамт орж ирсэн. Тэгээд бид тав нөгөө архиа ууж сууж байтал би архиндаа согтоод ухаанаа алдаж тасарсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Нэг гайгүй болж сэрээд харахад Нямсүрэн нь Цэрэнтогтохыг цохиж зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь би Цэрэнтогтохыг өмөөрч найзыг минь битгий зодоод бай гэж хэлээд дээшээгээ бостол Нямсүрэн галын хайчаар миний тархи руу цохисон. Тэгээд би галын хайчаар цохиулснаас болоод ухаан алдсан. Ингээд Улаанбаатар хотод гэмтэл согог үндэсний төвд ухаан орсон. Түүнээс өмнөх асуудлыг бүр санахгүй байна. Нямсүрэнд гомдол санал байхгүй Харин эмчилгээтэй холбоотой эм тариа, Эрдэнэцагаан сумаас аймгийн төв рүү явсан, аймгийн төвөөс Улаанбаатар явсан Улаанбаатараас аймгийн төв рүү явсан унааны зардлаа бүгдийг нь нэхэмжилнэ. Энэ зардалд нийт 2.734.734 төгрөгийн хохирол бидэнд учирсан...  гэх мэдүүлэг / хх-ийн 22 х  /

Би 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж тархиндаа мэс засал эмчилгээ хийлгүүлсэн. Эмнэлгээс гараад 10 хоног эмчийн хяналтанд байж боолт хийлгүүлж байсан. Эмчилгээний үр дүнд бие маань гайгүй болж одоогоор баруун хөл, гар хоёр сул саажилттай, хэл яриа бага зэрэг муу ярихад зарим үгийг хэлж чадахгүй байгаа юм. Нямсүрэнгээс эмчилгээтэй холбоотой эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр, эм тарианы төлбөр, унааны зардал зэргийг бүгдийг нь нэхэмжилнэ. Нийт 2.783.734 төгрөгийн зардал гарсан. Үүнээс Нямсүрэнгийн ар гэрийнхээс 750.000 эмчилгээний зардалд өгсөн. Одоо 2.033.734 төгрөгийг Нямсүрэнгээс нэхэмжилнэ. Энэхүү эмчилгээтэй холбоотой зардал болон Нямсүрэнгийн ар гэрээс өгсөн баримтыг өгч хэрэгт хавсаргах хүсэлтэй байна...  гэх мэдүүлэг /хх-ийн 23 х /

 

- Иргэний нэхэмжлэгч Р.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ц.Эрдэнэ-Очир нь А.Нямсүрэн гэх хүнд зодуулсны улмаас Аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хот руу хүргэж өгөхөд шатахууны болон бусад зардалд 610.340 төгрөг гарсан тул энэ мөнгийг нэхэмжилж байна. Төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх журамд зааснаар өөрийн болон бусдын буруутай үйл ажиллагааны улмаас эрүүл мэнд хохирсон тохиолдолд тухайн хүнд үзүүлсэн бодит зардлыг 100 хувь төлүүлнэ гэсэн байдаг гэх мэдүүлэг, / хх-н 153 х /

 

- Иргэний нэхэмжлэгч Р.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ...А.Нямсүрэнд холбогдох хэрэгт манай нэгдсэн эмнэлэгт учирсан хохирол 610.340 төгрөг төлөгдөөгүй байна... гэжээ

 

- Гэрч Х.Оргилмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Намайг 2016 оны 04 сарын 23-ны шөнө 23 цаг өнгөрөөгөөд 5 хүүхэдтэйгээ хамт сумын төв дээр байх гэртээ унтаж байтал шөнө дунд 03 цагийн үед гаднаас манай нөхөр Д.Цэрэнтогтох хоёр найз болох Эрдэнэ-Очир, Нямсүрэнтэй хамт гурвуулаа согтуу орж ирсэн юм. Тэр үед би унтаж байсан болохоор буцаад унтсан. Гэнэт манай нөхөр  хөөе хүн аллаа шүү дээ  гэж орилохоор нь сэрээд хартал Эрдэнэ-Очир газар хэвтчихсэн, Нямсүрэн манай нөхрийн цээж рүү гараа атган цохиж байгаа харагдахаар нь би босож очоод Нямсүрэнд  чи болиочээ  гэж хэлсэн чинь тэрээр   чамд хамаагүй би алсан ч яадаг юм  гээд намайг түлхээд өөрөө цаашаа хаалга руу дөхөхөөр нь би  чи манайхаас гарч  яв  гээд түүнийг гэрээсээ гаргахад манай гэрийн гадна хоёр залуу Нямсүрэнг хүлээгээд зогсож байсан. Тэгээд л Нямсүрэн нөгөө гадаа байсан хоёр залуутайгаа явцгаасан. Манай нөхөр надад хэлэхдээ Нямсүрэн галын хайч аваад Эрдэнэ-Очирын толгойг хагалчихсан гэхээр нь Эрдэнэ-Очирын толгойг үзэхэд бага зэрэг цус гоожсон байдалтай байхаар  нь түүнийг архиндаа согтоод унтаад өгсөн байлгүй гэж бодоод толгой дор нь дэр тавьж өгөөд дээгүүр нь хөнжил нөмөрүүлээд орхисон. Өглөө босоод байж байтал Эрдэнэ-Очирын эгч, дүү, эхнэр нь ар араасаа цуварч ирээд Эрдэнэ-Очирыг сэрээж авч явах гэтэл босохгүй тэр чигээрээ хэвтээд байхаар нь эмч дуудаж үзүүлээд эмнэлэг рүү аваад явсан. Эрдэнэ-Очирыг юугаар цохихыг нь хараагүй, Цэрэнтогтохыг цээж рүү цохихыг нь харсан. Тэр гуравыг гаднаас орж ирэхийг нь хальт харахад нүүр ам нь зүгээр байсан. Тухайн үед Цэрэнтогтохын хоёр нүд хөхөрч хавдсан, хамар нь цөмөрсөн байсан. Эрдэнэ-Очирын толгойн хэсгээс бага зэрэг цус гарсан байсан. Нямсүрэнгийн биед харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Нямсүрэн, Эрдэнэ-Очир, Цэрэнтогтох нар бүгд архи уучихсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 25 х /

 

- Гэрч Б.Амарсанаагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2016 оны 04 сарын 24-ний шөнө 03 цагийн үед би Батсуурь гэх айлаас 350 гр-ийн Хятад архи 2 савыг аваад хөдөө явах гээд гартал цагаан машинтай хүн Батсуурийн гэрийн гадаа таарсан юм. Уг машин дотроос Нямсүрэн гэдэг таньдаг залуу гарч ирээд намайг дуудаж машинд суулгаад 2000 төгрөг өгөөд найздаа ганц юм аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь би өвөртөө байсан 2 сав архиа Нямсүрэнд өгөөд араас чинь бид хоёр мотоцикльтой дагаад очъё гээд машины араас дагаад явахад нэг танихгүй айлд очсон. Бид хоёр Нямсүрэнг дагаад уг танихгүй айлд орж хоёр сав Хятад архиа Эрдэнэ-Очир, Нямсүрэн, Батцэнгэл, цагаан машинтай нэг залуу, гэрийн эзэн гэх нэг залуу бид хэд хувааж уусан. Уг архинаас цагаан машинтай залуу нэг хундагыг татчихаад унтаад өгсөн. Харин гэрийн эзэн гэх залуу Эрдэнэ-Очирыг гэрт нь хүргэж өгөхгүй бол их согтсон байна. Надад машины түлхүүр байна гэж хэлээд бид хэдийг дагуулаад цагаан машинд суулгаад машин асаасан хирнээ хөдөлгөж чадахгүй байгаад байхаар нь та машинаа асаачихаад араандаа хийж чадахгүй байна. Хүний машин барьж байгаад цагдаа нарт хураалгачихвал таньд өөрт чинь хэцүү шүү гэж хэлтэл машинаа унтраагаад машинаас гараад миний сууж байсан талын хаалгыг онгойлгож намайг татаж гаргаад цохиж унагасан. Тэгтэл Нямсүрэн машинаас гарч ирээд чи манай найзыг цохилоо одоо боль гээд гэррүү нь аваад орсон. Би гэрийнх нь гадаа Батцэнгэлтэй хамт байж байтал хэсэг хугацааны дараа Нямсүрэн гарч ирээд найз нь Эрдэнэ-Очирын толгойг хагалчихлаа хэдүүлээ оръё гэж хэлээд Батцэнгэл бид хоёр дагуулаад ороход Эрдэнэ-Очир гэрийн хойд талд гудсан дээр толгойноос нь цус гарсан байдалтай унтаж байгаа юм шиг хэвтэж байсан. Харин гэрийн эзэн гэх залууг бол би анзаараагүй. Уг айлын эхнэр гэх хүүхэн босож ирээд Нямсүрэнг хоёр гурван удаа алгадахад Нямсүрэн хэдүүлээ явъя гээд Батцэнгэл бид хоёрыг дагуулж тэднийхээс гараад Бат-Эрдэнэ гэх айлд очиж хоносон. Батцэнгэл бид хоёр гэрийнх нь гадна байсан. Харин Батцэнгэл бид хоёр гэрт ороход гэрийн хойно унтаж байгаа юм шиг хэвтсэн байдалтай, Цэрэнтогтох нь гэрийн баруун талын авдарныхаа өмнө хамраа дараад сууж байсан. Цэрэнтогтоход цохиулсанаас болж надад тухайн үед учирсан гэмтэл бэртэл байхгүй болохоор гомдол санал байхгүй. Гэмтэл учраагүй болохоор шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй. Би цагаан машинтай хүнийг огт харж байгаагүй хүн байсан. Нямсүрэн машиндаа дуудаж оруулаад найзад нь 2000 төгрөг байна. Чи 500 төгрөг нэмээд нэг сав хятад архи аваад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхэд нь би тэгье гээд 2000 төгрөгийг аваад өвөртөө байсан хоёр хятад архийг өгсөн юм...   гэх мэдүүлэг / хх-ийн 27 х  /

- Гэрч Б.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2016 оны 04 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө 03 цагийн үед Амарсанаатай Батсуурь гэх айлаас 350 граммын хятад архи 2 савыг аваад гарч явтал нэг цагаан машин Батсуурийн гэрийн гадна таарсан юм. Тэр машин дотроос Нямсүрэн гэдэг миний таньдаг залуу гарч ирээд Амарсанаа бид хоёрыг та хоёр ороод энэ мөнгөөр нэг архи аваад ир гээд шалаад байсан. Тэгэхээр нь Амарсанаа Нямсүрэнгээс 2000 төгрөгийн нь аваад өвөртөө байсан 2 сав архиа Нямсүрэнд өгөөд араас чинь бид хоёр мотоцикльтой дагаад очъё гээд машины араас дагаад явахад нэг танихгүй айлд очсон. Уг айлд ороход гэрийн эзэн гэх залуу нэг залуутай сууж байсан. Айлын эхнэр хүүхдүүдтэйгээ хамт унтаж байсан. Тэгээд нөгөө хоёр сав хятад архиа хувааж уухад цагаан машины жолооч залуу нэг хундага архи уучихаад унтаад өгсөн байсан. Тэгээд бид нар архиа ууж дуусахад гэрийн эзэн гэх залуу нөгөө залуугаа Эрдэнэ-Очир гэсэн байх түүнийг хүргэж өгөхгүй бол болохгүй согтсон байна гээд цагаан машины жолоочийн түлхүүрийг аваад машинд нь суулгаад машинаа асаасан мөртлөө хөдөлгөж чадахгүй байсан. Тэгэхэд нь Амарсанаа та машины араагаа хийж чадахгүй байна гэхэд гэрийн эзэн гэх залуу машинаас буугаад шууд Амарсанааг татаж гаргаснаа нэг цохиод унагасан. Энэ үед Нямсүрэн машинаас буугаад одоо болио гээд гэрийн эзэн гэх залууг гэр рүүгээ аваад орсон. Хэсэг хугацааны дараа Нямсүрэн гэх залуу Амарсанаа бид хоёрыг дуудахаар нь ортол Эрдэнэ-Очир гэрийн хойд талд хэвтэж байсан. Гэрийн эзэн залуугийн хамарнаас нь цус гарсан байдалтай хамраа дараад сууж байсан. Харин гэрийн эзэн гэх залуугийн эхнэр нь босож ирээд Нямсүрэнг хоёр гурав алагдаад чи гар гэхэд Нямсүрэн бид хоёрыг дагуулж гараад Бат-Эрдэнэ гэх айлд очиж хоносон. Харин цагаан машины жолооч залуу болон айлын хүүхдүүд бүгдээрээ унтаж байсан. Өөр хүн бол байгаагүй. Амарсанаа бид хоёрыг дуудаж оруулж ирээд би Эрдэнэ-Очирыг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд харахад Эрдэнэ-Очирын хэвтэж байсан гудсан дээр нь бага зэрэг цус гарсан байсан...  гэх мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

- Гэрч Э.Мөнгөнсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2016 оны 04 дүгээр сарын 23-ны орой манай гэрт Цэнгэл, Нямсүрэн, Цэрэнтогтох, Оргилмаа болон манай нөхөр Эрдэнэ-Очир нар бүгдээрээ хоол идэж, нэг шил архи хувааж уусан юм. Гэтэл шөнө дунд бид нарыг унтаж байтал Нямсүрэн манайх руу зүс үл таних хоёр залууг дагуулчихсан согтуу байдалтай орж ирээд намайг Цэрэнтогтохтой маргалдаж байхад Эрдэнэ-Очир ах дундуур орж ирээд цохиулчих шиг боллоо  гэж хэлсэн. Тэгэхээр нь босож ирээд тэгээд Очироо ах чинь гайгүй юу гэж асуусан чинь Нямсүрэнтэй хамт явсан хоёр залуу хэлэхдээ гайгүй, гайгүй Цэрнээ ахынд унтаж байгаа гэж хэлэхээр нь үнэхээр л гайгүй л юм байлгүй гэж бодоод буцаад унтсан. Тэгээд өглөө болоход Эрдэнэ-Очир гэртээ ирэхгүй удаад байхаар нь Цэрэнтогтохынх руу яваад очиход Цэрэнтогтохын гэрийн хойд талд шалан дээр тавьсан хөнжил дээр нь баруун тийшээ толгойгоо харуулаад хэвтчихсэн, толгойноос нь цус гараад толгой, гарт нь наалдаад хатчихсан байдалтай хэвтэж байсан. Эхнэр нь сэрүүн байхаар нь асуухад Нямка галын хайчаар толгой руу нь цохьчихсон байгаа гэхээр нь би Цэрэнтогтохыг сэрээх гэж гарт нь хүрэхэд цэл хүйтэн, ямар ч мэдрэлгүй, сэрэхгүй байхаар нь сандраад Цэрэнтогтохынхоос гараад тэднийхтэй ойрхон байдаг Эрдэнэ-Очирын эгч, дүү нарт нь хэлээд эмч дуудсан....  гэх мэдүүлэг /хх-ийн 31 х /

- Гэрч А.Майцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ц.Эрдэнэ-Очир нь тархины хүнд гэмтэл авч ухаангүй, хурхирсан байдалтай байсан. Биеийн байдал маш хүнд, ухаангүй орчиндоо харьцангуй, амин үзүүлэлт харьцангуй тогтвортой боловч ухаан орохгүй байсан учир Аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчийн дуудлага дуудаж тархины хагалгаанд оруулахад биеийн байдал дээрдэхгүй байсан тул төв эмнэлэг рүү тээвэрлэж хүргэж өгсөн.. гэх мэдүүлэг /хх-ийн 33 х /

 

- Шинжээч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Уг гэмтэл хатуу мохоо зүйлээр буюу ямар ч байрлалд цохигдох үед үүсэх боломжтой юм... гэх мэдүүлэг /хх-ийн 44 х /

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 219 дугаартай дүгнэлтэнд: Д.Цэрэнтогтохын биед баруун, зүүн нүд, хүзүүний цус хуралт, хамар ясны муруйлт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2 арааны хөдлөл гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 35 х/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 220 дугаартай дүгнэлтэнд: Ц.Эрдэнэ-Очирын биед тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи няцрал, баруун гар хөлийн саажилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.2.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэжээ/хх- 39 дүгээр хуудас/

 

- Эд зүйл хураан авах тогтоол, Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол /хх-10-11х/

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 04 сарын 15-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол / хх-н 63-72 х /

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 13-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоол / хх-н 75-79 х /

 

  - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 08 сарын 14-ний өдрийн 35А дугаартай шийтгэх тогтоол / хх-н 83-85 х /

 

- Суллагдсан хүмүүст олгодог справка / хх-н 73, 80 х / зэрэг баримтууд болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч А.Нямсүрэн нь согтуурсан үедээ 2016 оны 04 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт оршин суух иргэн Д.Цэрэнтогтохын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдож Д.Цэрэнтогтохын бие махбодид   баруун, зүүн нүд, хүзүүний цус хуралт, хамар ясны муруйлт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2 арааны хөдлөл   бүхий гэмтэл хөнгөн гэмтэл, Ц.Эрдэнэ-Очирын толгойд галын хайчаар цохиж   тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи няцрал, баруун гар хөлийн саажилт   бүхий хүнд гэмтлийг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Нямсүрэнгийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогч Ц.Эрдэнэ-Очир, Д.Цэрэнтогтох, гэрч Х.Оргилмаа, Б.Амарсанаа, Б.Батцэнгэл, А.Майцэцэг нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 219, 220 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч А.Нямсүрэн нь согтуурсан үедээ хохирогч Д.Цэрэнтогтохыг   бусдыг зодож цохилоо   гэдгээр шалтаглан муудалцан түүний нүүрэнд цохиж хөнгөн гэмтэл учруулсан, улмаар тэдгээрийн маргааныг зогсоох гэсэн Ц.Эрдэнэ-Очирын толгойд галын хайчаар цохиж хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд тухайн гэмт хэргүүдийг хувийн буюу тодорхой сэдэлттэйгээр, гэм буруугийн шууд санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ. 

Энэ нь хохирогч Д.Цэрэнтогтохын   Нямсүрэн гэнэт босч ирээд миний хамар руу цохиод хамрын цус гоожуулсан. Тэгтэл Эрдэнэ-Очир чи миний найзыг яагаад зодож байгаа юм гээд босч иртэл Нямсүрэн галын авдар дотор байсан галын хайчийг шүүрч аваад Эрдэнэ-Очирын толгойд зоож цусыг нь гоожуулсан  гэх, хохирогч Ц.Эрдэнэ-Очирын   би Цэрэнтогтохыг өмөөрч найзыг минь битгий зодоод бай гэж хэлээд дээшээгээ бостол А.Нямсүрэн галын хайчаар миний тархи руу цохисон. Тэгээд би галын хайчаар цохиулсанаасаа болоод ухаан алдсан. Ингээд Улаанбаатар хотод гэмтэл согог үндэсний төвд ухаан орсон...  гэх мэдүүлэгүүдээр  нотлогдоно.  

 

Шүүгдэгч А.Нямсүрэнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн болон хүнд гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Харин энэ хэргийн хохирогч Д.Цэрэнтогтох нь шүүгдэгч А.Нямсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдолгүй тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлэх бөгөөд А.Нямсүрэн нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасан хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  үзлээ.  

А.Нямсүрэн нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь түүний болон гэрч Х.Оргилмаа, Б.Амарсанаа, Б.Батцэнгэл нарын мэдүүлгүүдээр тогтоогдох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй талаар заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан хийгээд хуулийн дээрх зүйл хэсгүүдэд өөрөөр ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ гарч буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч А.Нямсүрэнгийн үйлдсэн  гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болох ба харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

А.Нямсүрэн нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 13-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2,  261 дүгээр зүйлийн 261-д зааснаар нийт 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялаа эдлэж 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан нь Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт/ хх- 80/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тэрээр хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгэгдэн, ялын хугацаа дуусч суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Анхны ардчилсан  сонгууль болж байнгын ажиллагаатай парламент  байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасныг баримтлан шүүгдэгч А.Нямсүрэнгийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор тогтоолоо.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 78 хоног цагдан хоригдсон, хохирогч Ц.Эрдэнэ-Очирт учирсан эдийн хохирол болох эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн бөгөөд харин иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт учруулсан шууд бус зардал болох 610.340 төгрөгийг төлөөгүй байх тул түүнээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг галын хайчийг эзэмшигч буюу хохирогч Д.Цэрэнтогтох авахгүй гэсэн тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, А.Нямсүрэнгийн эзэмшлийн 4 ханатай Монгол гэрийг битүүмжилсэн  Мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгоно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн  А.Нямсүрэн нь Ц.Эрдэнэ-Очирт учирсан хохирлыг нөхөн төлсөн тул А.Нямсүрэнд ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг хэрэглэж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү  гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Учир нь гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан тохиолдолд хуулийн дээрх заалтыг хэрэглэх үндэстэй бөгөөд Ц.Эрдэнэ-Очир нь иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт учруулсан 610.340 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй тул холбогдох хуулийг хэрэглэг боломжгүй байна.

 Мөн тэрээр өмнө хорих ял шийтгүүлсэн боловч засарч хүмүүжихгүй байгаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг үндэслэвэл түүнд оногдуулах хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзнэ. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент  байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасныг баримтлан шүүгдэгч А.Нямсүрэнгийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Нямсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч А.Нямсүрэнг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар  шүүгдэгч А.Нямсүрэнг 05 / таван/ жил 10 / арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т заасныг  журамлан А.Нямсүрэнд оногдуулсан 05 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр  зүйлийн 59.1, 59.2-т заасныг  журамлан А.Нямсүрэнгийн цагдан хоригдсон 78 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч А.Нямсүрэнгээс 610.340 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгосугай. 

 

8. Шүүгдэгч А.Нямсүрэн нь хохирогч Ц.Эрдэнэ-Очир, Д.Цэрэнтогтох нарт учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1 ширхэг галын хайчийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар ялтан А.Нямсүрэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

         11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР

 

ШҮҮГЧИД                                     Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

С.НАСАНБУЯН