Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 473

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

 

Ш ХХК-ны,

 

ХариуцагчД ОНӨААТҮГ-т холбогдох 

 

Зээлээр худалдсан шатахууны үнэ 59219545 төгрөг алданги 29609772.5 төгрөг нийт 88829317.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017.09.12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч “Д” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Д ОНӨААТҮГ-тай 2015.05.11-ний өдөр шатахуун зээлээр худалдах Г/108 тоот гэрээг байгуулж, шатахуун нийлүүлж ирсэн. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “.....худалдан авагч нь худалдан авсан шатахууныхаа үнийг бэлнээр буюу дансаар энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүрэгтэй. 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт худалдан авагч нь шатахууныг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулна гэж тохиролцсон боловч үнийг төлж барагдуулахгүй биднийг хохироосоор байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги шаардах эрхтэй гэж заасан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт худалдан авагч нь үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй. 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт худалдан авагч тал шатахууны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэж заасан”. Иймд Г/108 тоот гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 59219545 төгрөг 2017.09.01-ний өдрийн байдлаар тооцсон алданги 29609772.5 төгрөг нийт 88829317.5 төгрөгийг Д ОНӨААТҮГ-аас гаргуулж манай компаныг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Д ОНӨААТҮГ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Манай байгууллага “Ш” ХХК-тай 2004 оноос хойш 10 гаруй жил хамтран ажилласан. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлж байсан. 2015 онд улс орны эдийн засаг хүндэрч, улс орон даяар эдийн засгийн хямралд орж, манай байгууллага бусад байгууллагаас авах авлагаа авч чадахгүй байснаас болж “Ш” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. 2015 онд 240 сая төгрөгийн худалдан авалт хийснээс 216 сая төгрөгийг нь төлж, хуримтлагдсан өр авлага үүссэн, 2016 онд 96.8 сая  төгрөгийн худалдан авалт хийж, энэ төлбөрийг бүрэн төлж өр авлага нэмэгдээгүй. Шатахууны төлбөрийн хувьд тооцоо бол нийлж байгаа учраас шатахууны үндсэн төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Одоогийн байдлаар “Ш” ХХК-д зээлээр авсан шатахууны төлбөр 59,219,545 төгрөгийн өртэй байгаа. Манай зүгээс эвлэрэх хүсэлтийг “Ш” ХХК-д гаргахад эхлээд үндсэн төлбөрөө төлж бай гэсэн боловч сүүлд эвлэрэх боломжгүй гэсэн. “Ш” ХХК-ны хуулийн зөвлөх болон захирал нь манай талаас гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа. Өр авлагаа 11 дүгээр сард барагдуулаад 11, 12 сарын борлуултаа бэлэн мөнгөөр авъя гэсэн боловч боломжгүй гэсэн. Энэ сард 30 сая төгрөг, дараа сард 30 сая төгрөг өгч үндсэн төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа. Алдангийн хувьд эдийн засгийн хүндрэлээс болж барагдуулах боломжгүй байна гэв. 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “Д” ОНӨААТҮГ-т  холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 59219545 төгрөг алданги 29609772.5 төгрөг нийт 88829317.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 59219545 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө,  алданги 29609772.5 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ. 

Нэхэмжлэгч Ш ХХК хариуцагч Д ОНӨААТҮГ-ын хооронд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Г/108, 2016.03.30-ны өдөр Г/64 дугаар шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, шатахууныг зээлээр худалдан авч тооцоог хийж байсан ба 2017.07.05-ны тооцоо нийлсэн актаар 59219545 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. 

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги шаардах эрхтэй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт худалдан авагч нь үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй . 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт худалдан авагч тал шатахууны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэж тус тус заажээ. 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээг шатахууныг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч энэхүү гэрээгээр худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн торгуультай төлөхөөр тохиролцож, эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн байх тул талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх үзлээ.

Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд уг гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагдсанаар гэрээнүүд хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хуульд зааснаар хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгч Ш ХХК-нь гэрээний дагуу шатахууныг худалдах үүргээ биелүүлсэн, хариуцагч Д ОНӨААТҮГ-нь худалдан авсан шатахууны үнийн үлдэгдэл төлбөр 59219545 төгрөгийг гэрээнд тохиролцсон хугацаанд буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т зааснаар төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 88829317.5 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө, 5.1-д худалдан авагч нь барааны төлбөрийг гэрээний 3.2-т заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги төлнө. Энэхүү алданги үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тохиролцсоны дагуу алданги 22.517.912 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Хариуцагчийн шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт эдийн засагт нүүрлэсэн хямрал чадавхиас шалтгаалан үүргийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байсан талаарх түүний тайлбар болон үүрэг гүйцэтгэгчийн зөрчлийн шинж байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар багасган алдангид 14.804.886.25 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 14.804.886.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д ОНӨААТҮГ-аас үндсэн төлбөр 59.219.545 төгрөг, алдангид 14804886.25 төгрөг бүгд 74024431,25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602096.59 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 37170165,63 төгрөгийг гаргуулж Ш ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д ОНӨААТҮГ-аас 74024431,25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14804886,25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602096.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ОНӨААТҮГ-аас 37170165.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               П.БОЛОРМАА