Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/394

 

                                       

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Төрболд

Хохирогч Ч.Б

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өзөөн овогт Б.Б-д  холбогдох эрүүгийн 2021000000416 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 8-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өзөөн овогт Б.Б . /РД: ЖЯ /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Б  үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зүүн шанаа тус газарт хутгаар зүсэх, толгой тус газар руу нь шил шидэж зулайг нь зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “ Өмнө  өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хохиролд 2.500.000 төгрөг нэхэмжилнэ. Хүнийг эрүүл мэндээр нь хохироочихоод тоохгүй байна. Эгч нь эмнэлэгт хэвтүүлж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл чимээгүй байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хоол хийх гээд хутга бариад зогсож байтал Батчулуун гаднаас орж ирээд над руу агсраад одоо болтол хоолоо хийгээгүй байгаа юм уу гэхээр нь одоо хийх гэж байна ... гэхэд Батчулуун шууд миний нүүр рүү гараараа цохисон. Улмаар дахин намайг цохих гэхэд нь би хутгатай гараагаа хаах гэж байгаад түүний хүзүүг нь зүсчихсэн. ... мөн уурандаа тамхины үнс хийдэг шилийг аваад Батчулууны толгой руу шидээд оносон. ... би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,

 

Хохирогч Ч.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Пүүлээ, Манлай хоёр унтаж байсан бөгөөд би унтах гээд дээшээ хараад хэвтэж байтал гэнэт толгой руу юмаар цохих шиг болсон бөгөөд цус үнэртээд байсан. ... сэрээд харахад Бороо гартаа улаан иштэй заазуур барьчихсан байсан. ... миний хүзүү хэсэгт бага зэрэг зүсэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

 

Гэрч Ч.П  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Батчулуун, Бямбацогтыг хоолоо хийгээгүй юм уу гэж байх шиг байсан. Би гадагшаа гараад бие засчихаад ороод ирэхэд Батчулуун, Бямбацогт нар барьцалдаад зогсож байсан. ... Бямбацогт ширээн дээр байсан бид нарын тамхины иш хийдэг 500 граммын шилийг аваад Батчулуун руу шидсэн чинь түүний толгойг нь оноод цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 803 дугаар:

     1. Ч.Б ы биед зулай, зүүн шанаа, хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.    

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр тал/

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25 дугаар тал/

-Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 26 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Б  нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Б  үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зүүн шанаа тус газарт хутгаар зүсэх, толгой тус газар руу нь шил шидэж зулайг нь зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ч.Б , гэрч Ч.Пүрэвсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 803 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Б ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ч.Б ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 175.000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт 175.000 төгрөг хүлээн авсан хохирогч Ч.Б ы мэдүүлэг, шүүгдэгч Б.Б ын “Ч.Б д эхлээд 20.000 төгрөгөөр нэг удаа, 145.000 төгрөг, 10.000 төгрөг гээд 3 удаа нийтдээ 175.000 төгрөг өгсөн боловч Ч.Б  бүгдээр нь архи авч уусан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хохирогч Ч.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Ч.Б  нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчын зүгээс шүүгдэгч Б.Б од 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Б од ял оногдуулахдаа Монгол Улсад коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал гарсантай холбоотой гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн зарласан энэ үед нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б ын гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 175.000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Б ын ЖЯ  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Б.Б од  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өзөөн овогт Б.Б ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өзөөн овогт Б.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 175.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Б ын ЖЯ  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

5. Хохирогч Ч.Б  нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                                                                                                      

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА