Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0277

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2018/00277

Улаанбаатар хот

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Д-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б.Б, хариуцагч Д.Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Д.Дтай 1980 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж, 1981 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 1981 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Н, 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.Б нар төрсөн. Бидний гэр бүлийн харилцаанд үзэл бодлын зөрчилдөөн гарч байнгын хэрүүл маргаантай байдаг тул энэ байдлыг би тэсвэрлэхээс больж, 2016 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Гэр бүлийн дундын өмч хөрөнгөд хамаарах 3 өрөө орон сууц, 27м.кв талбайтай ажлын байр, суудлын авто машин, банканд хуримтлуулсан мөнгөн хөрөнгө зэрэг ихэнх хөрөнгийг эхнэр Д.Д.Д өөрийн нэр дээр бүртгүүлсэн байдаг тул тэдгээр хөрөнгийг түүний мэдэлд үлдээгээд Д.Д.Д, Б.Б.Б хоёрын дундын өмч хэмээн улсын бүртгэлд бүртгүүлсэн Баянгол ........................ тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны Д.Д.Дгийн өмчлөх эрхийг бидний хүү Б.Н нэр дээр шилжүүлж, Б.Б.Б, Б.Н нарын хамтын өмч хэмээн улсын бүртгэлд бүртгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б.Б нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагдаа: Д.Д.Д бид хоёрын хамтын өмчлөлд байгаа Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороололд Богд-Ар хотхоны 15А байрны 08 тоот орон сууцыг өөрт оногдох хувийг тэгш эрхийн зарчим ёсоор 50 хувийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан хүсэлтдээ: Миний бие гэр бүл цуцлах тухай нэхэмжлэлд дурдагдсан өмч хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Богд-Ар хотхон, 15А дугаар байр, 08 тоот сууцны өөрийн өмчлөгчийн эрхийг хүү Б.Н нэр дээр шилжүүлсэн тул бид хоёрын  хооронд өмч хөрөнгийн маргаангүй болсон. Иймд дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б.Б нь бусадтай гэр бүлийн харилцаатай болсон. Б.Б.Б бид хоёр 38 жил хамт амьдарч байх хугацаанд 3 хүүхэд төрүүлсэн. Бага хүү минь өвчний улмаас нас барсан. Одоо охин, хүү хоёр минь тус тусдаа амьдардаг. Гэр бүлээ элэг бүтэн авч үлдэх гээд би салахгүй гээд гуйж байсан. Гэрлэл цуцлах асуудлыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх байх. Миний бие хүнд өвчтэй. Эд хөрөнгийн маргаан бидний хооронд байхгүй. Хүү Б.Н ..................... тоот сууцнаас өөрт ногдох 50 хувийг шилжүүлж өгсөн. Одоо уг орон сууцны өмчлөгчөөр Б.Б.Б болон миний хүү Б.Нямбаяр нар бүртгэлтэй байгаа. Насны эцэст бие биеэ тулж түших насан дээрээ салж, улс нийгмийн нэр төрөө алдаж байна. Өгөх юмаа би өгсөн тул маргаан байхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б.Б нь хариуцагч Д.Д.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагаа анх “Гэр бүлийн дундын өмч хөрөнгөд хамаарах 3 өрөө орон сууц, 27 м.кв талбайтай ажлын байр, суудлын авто машин, банканд хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Д.Дгийн өмчлөлд үлдээж, ..................... тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцнаас хариуцагч Д.Д.Дд ногдох хэсгийг хүү Б.Н шилжүүлж, уг орон сууцыг  Б.Б.Б, Б.Н нарын хамтын өмчөөр бүртгүүлэхийг даалгах” гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа “дээрх орон сууцнаас өөрт оногдох 50 хувийг гаргуулах” гэж өөрчилсөн ба шүүх хуралдаанд уг шаардлагаасаа татгалзсан байна.

 

Хариуцагч нь гэрлэлт цуцлах шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан ба харин дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэжээ.

 

Шүүх гэрлэлт цуцлах шаардлалыг хангаж, нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгатлзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б.Б, хариуцагч Д.Д.Д нар 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлж, 1981 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1981 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Н, 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.Б нар төрсөн нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 45/023646 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон Б.Н, Б.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2016/27443 дугаар захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 332 дугаар “эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

 

Нөгөөтэйгүүр, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглох боловч хариуцагч нь хүндээр өвчилсөн гэдгээ баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-2205030691 дугаарт бүртгэлтэй, ................ 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг гаргуулах тухай шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзсан нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 217 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Б, Д.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б.Б хариуцагч Д.Д.Дд холбогдуулсан “..................... тоот хаягт байрлалтай 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН