| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/03777/И |
| Дугаар | 0231 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 0231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ог” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 20-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин хөлс 533 340 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гэрч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Ог” ХХК-д тогоочийн туслах албан тушаалд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Тус байгууллагад ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн гэрээндээ сарын үндсэн цалингаа 800 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд ажил олгогчоос ажиллуулж байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасныг ноцтой зөрчиж, миний нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэхээр удаа дараа шаардахаар төлөхгүй, санхүүгээс намайг туслахын албан тушаалд ажиллаж байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гээд төлөөгүй. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр намайг хэвийн ажлаа хийж байхад кемп менежер н.Эрдэнэцогт намайг дуудаад ажиллахаа боль гээд, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халсан тушаалын хуулбарыг надад өгсөн. Ямар үндэслэлээр намайг ажлаас халж байгаан гэхээр ямар нэгэн тодорхой үндэслэл хэлэхгүй мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон 2017 оны 8 дугаар сараас эхлэн ажил олгогчийн үндэслэлгүйгээр төлөөгүй нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлүүлэх, мөн нийгмийн даатгалын болон зрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 20-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин хөлс 533 340 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч “Ог” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С.Х нь тус компанид 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж туслах тогоочоор ажилд орсон. Тэрээр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хамт ажилладаг туслах тогооч О.С.Хтэй ажлын цагаар, ажлын байранд хэрэлдэж, маргалдан улмаар ажлаа хийхгүй ажилчдын хоолны цаг болж байхад өглөөнөөс орой болтол хэрэлдэж, тэнд талбай дээр буй ажилчдыг хоолгүй үлдээж, байгууллагын хэвийн үйлдвэрлэлийн ажиллагааг тасалдуулсан ахилгын ноцтой зөрчил гаргасан болно. С.С.Хтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.2.12, 9.2.14 дэх заалтад “Ажлын байраа дур мэдэн орхин явсан, удирдлагын зөвшөөрөлгүйгээр өөр ажил үүрэг, гүйцэтгэх, өөрийн ажил үүргээ гүйцэтгэхгүй байх, 9.2.14-д Компаний хөдөлмөрийн дотоод журам баримтлаагүй” гэж ноцтой зөрчлийг тодорхойлсон. С.С.Х нь Хөдөлмөрийн гэрээнд “ноцтой зөрчил” гэж тодорхойлсон сахилгын зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4. дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчын санаачилгаар цуцлана” гэж заасны дагуу ажлаас халсан. Иймд С.С.Хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С.Х нь хариуцагч “Ог” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг болон ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилд орсон 2017 оны 8 дугаар сараас ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 533 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч уг шаардлагаасаа татгалзажээ.
Хариуцагч нь дээрх шаардлагыг үгүйсгэн мэтгэлцэснээс гадна нэхэмжлэгчийг “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ ажил олгогчид өгөөгүй тул төлөлт, бичилт хийгээгүй, ...өгвөл ажилласан хугацааны төлөлт, бичилтийг хийнэ” гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, 533 340 төгрөг гаргуулах хэсгээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж шийдвэрлэв.
1. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг болон ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжэлийн тухайд:
Дээрх шаардлагаас “ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох” хэсэг нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болж байх тул шүүх уг хэсгийг бие даасан шаардлага гэж үзээгүй болно.
Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 17 дугаартай хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Улмаар ажил олгогч “Ог” ХХК-ийн захирлын мөн өдрийн тушаалаар ажилтан С.С.Хийг мөн өдрөөс эхлэн тогоочийн туслахын ажилд томилж, түүний сарын цалинг 800 000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй байна.
Хавтаст хэрэгт хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай 2 ширхэг, харилцан адилгүй тушаал авагдсан байна. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргасан тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, харин шүүхийн журмаар хариуцагчаас гаргуулсан тушаал нь хуульд заасан шаардлагыг хангасан буюу эх хувь байх тул шүүх уг тушаалыг нотлох баримтаар үнэлэв.
Хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С.Хийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн туслах тогоочийн ажлаас халжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг тушаалын үндэслэлээ нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 9.2.12, 9.2.14, 9.2.20-т “ажлын байраа дур мэдэн орхин явсан, удирдлагын зөвшөөрөлгүйгээр өөр ажил үүрэг гүйцэтгэх, өөрийн ажил үүргээ гүйцэтгэхгүй байх, компанийн хөдөлмөрийн дотоод журам баримтлаагүй, ажлын байр болон ажилчдын амрах байр буюу кэмп талбайд бусдыг доромжлох, хашгирах, маргалдах буюу бусдыг илтэд үл хүндэтгэсэн зан авир гаргасан” гэж заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийг санаачилгаар цуцалсан гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиодолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ нөхцөлд талууд хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтооно. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.5-9.2.26 дэх хэсэгт ямар зөрчлийг ноцтой гэж тооцох талаар заасан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд тайлбарласан “ажилтан ажлын байраа дур мэдэн орхин явах, удирдлагын зөвшөөрөлгүйгээр өөр ажил үүрэг гүйцэтгэх, өөрийн ажил үүргээ гүйцэтгэхгүй байх, компанийн хөдөлмөрийн дотоод журам баримтлаагүй, бусдыг хэл амаар доромжлох, мөн ажлын байр болон ажилчдын амрах байр буюу кэмп талбайд бусдыг доромжлох, хашгирах, маргалдах буюу бусдыг илтэд үл хүндэтгэсэн зан авир гаргасан” гэх зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хэдийгээр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлын байр дээр бусадтай маргалдсан гэх боловч үүнийг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь тушаалын хууль зүйн үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь мөн өдөр ажлын байраа дур мэдэн орхин явсан, өөрийн ажил үүргээ гүйцэтгээгүй гэх үйл баримт баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн, гэрч нарын мэдүүлэгээр нэхэмжлэгчийг ажлын байраа орхин явсан гэх боловч гэрчийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдохгүй байхаас гадна хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадахгүй байна.
Нөгөөтэйгүүр, ажил олгогчийн ажилтанг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх ёстой. Хариуцагчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг тушаалын үндэслэлээ нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ. Гэвч энэ талаар тушаалд тодорхой заагаагүйгээс хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх шаардлагыг хангаагүй байх тул тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 232 540 төгрөгийг /2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх нийт ажлын 60 хоног, 1 сарын дундаж цалин 800 000 төгрөг /21.5 хоног= 1 хоногийн 37 209 төгрөг х 60 хоног/ хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгав.
2. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. Гэтэл ажил олгогч нь нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлөх, мөн бичилт хийх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ ажил олгогчид өгөөгүй тул төлөлт, бичилт хийгээгүй, ...өгвөл ажилласан хугацааны төлөлт, бичилтийг хийнэ” гэх тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ ажил олгогчид өгөөгүй нь дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болойхгүй.
3. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 533 340 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 533 340 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдаанд уг шаардлагаасаа татгалзсан нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн дээрх татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн, хуульд харшилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 232 540 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх болон нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С.Хийг хариуцагч “Ог” ХХК-ийн тогоочийн туслахын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Ог” ХХК-иас 2232540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.С.Хт олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С.Хийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “Ог” ХХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч “Ог” ХХК-д холбогдуулсан “2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 533 340 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 50 671 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН