| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/04074/И |
| Дугаар | 0122 |
| Огноо | 2018-01-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 0122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Б.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Б.Б-т холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, нөхөн гаргуулах, 2 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б.Э, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд Б.Бтой танилцаж, 2008 онд гэрлэлтээ батлуулан хамтдаа манай аавынд амьдарч байсан бөгөөд 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Н, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Э нар төрсөн. 2011 онд охин 3 настай, хүү 6 сартай байхад Б.Б нь бид 3-ыг орхин сураггүй алга болсон. Тэр цагаас би нялх хүүхдүүдтэй үлдэж, өдийг хүртэл үр хүүхдээ харж үзэх байтугай ирж уулзаж байгаагүй. Миний хүү Б.Быг танихгүй, охин сураг л мэднэ. Сураг сонсоход Б.Б нь дахин амьдрал зохиож сайхан амьдарч байгаа. Миний бие мөн бусаддтай гэр бүл болж, бидний дундаас хүүхэд төрсөн байгаа. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Нандин-Учрал, хүү Б.Э нарыг миний асрамжинд үлдээж, хариуцагч биднийг 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс орхин явсан тул уг хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулж, мөн Б.Нандин-Учрал, Б.Э нарын сургалтын төлбөрийн 50 хувь болох нийт 2 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд Б.Б.Этой танилцаж, 2008 онд гэрлэлтээ батлуулан хамтдаа амьдарсан. 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Н, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Э нар төрсөн. Бид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2011 оны 6 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Б.Б.Э нь одоо бусадтай гэр бүл болж, хүүхэд төрүүлсэн байгаа. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Мөн хүүхдүүдийг эхийх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Мөн хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлнө. Түүнчлэн, сургалтын төлбөрийн 50 хувь болох 2 650 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Э нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг болон нөхөн тэтгэлэг, 2 650 000 төгрөг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б.Э болон хариуцагч Б.Б нар 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болж, тэдний дундаас 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Н, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Э нар төрсөн нь 0122304-1110 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний болон 1149, 2892 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна гэрлэгчид энэ талаар маргаагүй байна.
Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2011 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн охин Б.Н, хүү Б.Э нар нь эхийн асрамжинд байгаа, талууд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх талаар маргаагүй байхаас гадна хүүхдүүдийн насны онцлого болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн тэднийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэхээр байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 650 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “охин Б.Н, хүү Б.Э нарын ерөнхий боловсролын сургуулийн нэг жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах” гэж тодорхойлсон бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэвч хариуцагч нь уг шаардлагыг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2011 оны 6 дугаар сараас шүүх хурал болох хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах гэж тодорхойлжээ.
Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно. Гэтэл дээрх хугацаанд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гараагүй, мөн дээрх хугацаанд талуудын гэрлэлт хүчинтэй байсан байх тул хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр талуудын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг тогтоон гаргуулж, мөн 2 650 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “хариуцагчаас 2011 оны 6 дугаар сараас шүүх хурал болох хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2 650 000 төгрөг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж, улсын орлогод оруулав.
Талууд эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Э, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Н, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Э нарыг эх Б.Б.Эын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Н, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Э нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Боос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Боос 2 650 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Эод олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас “хариуцагчаас 2011 оны 6 дугаар сараас шүүх хурал болох хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 57 350 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 127 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН