| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0422/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/439 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2020/0422/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогч Х.Х.У-
Шүүгдэгч Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2018000000481 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Б-, 1978 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой хаяггүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Н.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сард Дархан- Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 8 дугаар хэсгийн Мангиртын задгайд буюу гэртээ төрсөн эх Х.Х.У-ын хэвлийн тус газарт нь сэрээгээр хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
-мөн согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 8 дугаар хэсгийн Мангиртын задгайд буюу гэртээ архины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар төрсөн эх Х.Х.У-ын баруун хөлийг өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Н.Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…анх 2020 оны 4 дүгээр сарын дундуур би гадуур архи ууж байгаад гадаа харанхуй болоод шөнийн 22 цаг болж байсан байх нэлээд согтуу гэртээ ороод орон дээр танихгүй хүн хэвтэж байх шиг болохоор нь сэрээ аваад гэдэс рүү нь хатгасан юм. Манайх тэгэхэд тог байхгүй, харанхуй байсан бөгөөд тухайн үед ээжийг гэж бодолгүй танихгүй хүн гэрт ороод ирсэн байна гэж бодоод тэгсэн юм. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрийнхээ ойролцоо тэнд амьдардаг И, Б нарын хамт 2 шил архи уугаад салсан юм. Тэгээд гэртээ ороод нэмж архи уумаар санагдаад ээжээсээ архины мөнгө асуухад мөнгө байхгүй гээд байсан. Ээж ногоон дээр хэд хоног ажиллаад ирчихсэн, ээжийг мөнгөтэй байгаа гэдгийг би мэдэж байсан болохоор ээжээс дахин дахин мөнгө нэхэж байгаад надад 20000 төгрөг гаргаж өгөхөөр нь би “мөнгө байсан л юм байна шүү дээ” гээд ээжийн хөл рүү өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.”гэх мэдүүлэг,
-Хохирогч Х.У- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүү маань нэг удаа миний гэдэс рүү сэрээгээр зураад өнгөрсөн, дараа нь нэг удаа өшиглөхөд хөл хугарсан байна лээ.
...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд Н.Б-аас өөр хүүхэд байхгүй учир хэрэв энэ хүүхэд маань шоронд явчихвал би түлээгээ оруулж галаа түлж чадахгүй хөлдөж үхэх байх. Ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 5/,
-Хохирогч Х.Х.У-ын “Аюулын зэргийн үнэлгээний маягт” /хавтаст хэргийн 6-7/,
-Гэрч П.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 09-ний орой 22 цаг өнгөрч байхад манай гэрийн хойно амьдардаг Н.Б- манай хүүхдийн утас руу залгаад “ээж жалга руу унаад хөлөө хугалчихлаа” гэж надтай ярихаар нь би яасан юм бол гээд байж байтал Н.Б- өөрөө удалгүй манай гэрт согтуу 20000 төгрөг барьчихсан орж ирээд манай нөхрийг дагуулаад архи авна гээд дэлгүүр явсан.
...тэгээд Б гэх Н.Б-тай хамт архи уугаад яваад байдаг залуу тухайн үед хамт байсан ба нэг шил архиа аваад гараад явсан. Манай нөхөр гэртээ үлдсэн. Тэгээд өглөө нь манай нөхөр Н.Б-ынд очиход настай ээж нь гэртээ ганцаараа нэг хөл нь хугарчихсан хэвтэж байхаар нь Н.Б-ыг асуухад Ширээ нуруу явчихсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай нөхөр Х.У- эгчийг дүүтэйгээ хамт эмнэлэгт үзүүлээд хөлийг нь гипсдүүлээд манайд ирсэн юм. Х.У- эгч хөлөө гипсдүүлээд манайд ирэхдээ өөрөө хүү Н.Б- маань намайг хэвтэж байхад хөл рүү өшиглөөд баруун хөлийн шилбэ хугалчихсан байна гэж байсан.
...2020 оны 04 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан энэ оны хавар Н.Б- ээжийнхээ гэдэс рүү сэрээгээр хатгасан гэсэн. Энэ талаар нөхрөөсөө сонссон. Н.Б- архи уудаг учраас согтуу ирээд ээжийнхээ гэдэс рүү сэрээгээр хатгасан байх гэж би ойлгосон.” гэх мэдүүлэг / 13-15/,
-Гэрч Б.Ү- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний мэдэж байгаагаар 2020 оны хавар 4 дүгээр сарын үед санагдаж байна. Н.Б- ээжийгээ зодоод хэвлий буюу гэдэс рүү нь сэрээгээр хатгасан байсан. Дараа нь буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 18:00 цагийн үед Х.У- эгч манайд байж байгаад гэртээ ороод маргааш өглөө нь 08 цагийн үед над руу залгаад “Бэлгээ шөнө орж ирээд хөл рүү өшиглөөд хөл хугалчихлаа.” гэхээр нь би эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
-Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Б-ын гэрт хамтдаа будаа ачих ажилд явах гээд очиход Н.Б- гэртээ байхгүй харин ээж Х.Х.У- нь гэртээ ганцаараа хөл өвдөөд янгинаад байна гээд байж байхаар нь би яасан юм гэтэл Х.Удрах эгч “Б- өчигдөр орой согтуу орж ирээд хөл рүү өшиглөсөн чинь хөл янгинаад байна.” гэж байсан. Тэгээд Х.Х.У- эгчээс Н.Б-ыг асуухад хаачсаныг нь мэдэхгүй гэсэн. Тэгээд удалгүй Н.Б- гаднаас орж ирээд бид хоёр ус дөхүүлж өгөх гээд байж байтал гадна биднийг ажилд авч явах хүн машинтай ирчихээд дуудахаар нь яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/
-“...Х.Х.У-ын биед баруун хөлийн шилбэний шаант ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Х.Х.У-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Х.Х.У-д учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 883 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24/,
-“...Х.Х.У-ын биед хэвлийн зүүн доод хэсгийн шархны сорви тогтоогдлоо. Дээрх шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Х.Х.У-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Х.Х.У-ад илэрсэн шархны сорви нь 2020 оны 04 дүгээр сард үүссэн байх боломжтой. Х.Х.У-ад учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ,,,, дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Н.Н.Б- нь 2020 оны 04 дүгээр сард Дархан- Уул аймгийн Дархан сумын ,,, дугаар багийн 8,,,,, буюу гэртээ төрсөн эх Х.Х.У-ын хэвлийн тус газарт нь сэрээгээр хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
-мөн согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ,,,,, цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,, дугаар багийн 8 дугаар хэсгийн ,,,,,,,,,, буюу гэртээ архины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар төрсөн эх Х.Х.У-ын баруун хөлийг өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Н.Н.Б-, хохирогч Х.Х.У- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Н.Н.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Х.Х.У- нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 12/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Н.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Н.Н.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Н.Н.Б-д согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б-д оногдуулсан Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Н.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б-д оногдуулсан Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Н.Н.Б-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Н.Н.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ