| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 171402650137 |
| Дугаар | 2019/ДШМ/021 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 24.2.3., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2019/ДШМ/021
М.М болон ******* ******* ХХК-д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч М.М, хуулийн этгээд ******* ******* ХХК
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр эсэргүүцлээр М.М болон ******* Шижир ХХК-д холбогдох эрүүгийн 171402650137 дугаар хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, Суурь тойн овогт М.М, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол улсын хуулийн этгээд, багт байрлах, “******* *******” ХХК, регистрийн дугаар *******, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан М.М,
М.М болон хуулийн этгээд ******* ******* ХХК нар нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй байгуулсан НС 2017/05 дугаартай нөхөн сэргээлт хийх гэрээний дагуу Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Гүний ам гэх эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг 2017, 2018 онуудад явуулахаар байгуулан 2017 онд нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулахдаа гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож 2265 м2 буюу 0.27 га талбай бүхий байгальд 108843 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ******* Шижир ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.М болон шүүгдэгч хуулийн этгээд “******* *******" ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Үүнд: "******* *******” ХХК-д үйл ажиллагаа явуулах цэг солбицолыг зааж энэ тухай тэмдэглэл үйлдсэн баримтыг хэрэгт хураан авч хавсаргах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 707 дугаартай захирамжийг биелүүлэх, энэ тухай тэмдэглэл байхгүй бол холбогдох эрх бүхий этгээдийг гэрчээр байцаах,
уг хэрэгт Эрдэнэчимэг, Түвшин нарыг хэзээ хаана, ямар газрыг хэрхэн тэгшилсэн талаар гэрчээр мэдүүлэг авах,
мөн нөхөн сэргээлт хийх талаар аймгийн засаг даргатай байгуулсан гэрээний хавсралтыг хэрэгт хавсаргах,
******* ******* ХХК нь нөхөн сэргээлт хийх зорилгоор Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын засаг даргын тамгын газар, Бөмбөгөр сумын 1 дүгээр багт нийтдээ 210.000.000 төгрөгийг хандив өгсөтан гэх бөгөөд эдгээр газруудыг иргэний хариуцагчаар холбогдох этгээдийг тогтоож мэдүүлгийг авах,
мөн гэрч Д *******, БОАЖЯ-ны ойн ус кадастрын хэлтсийн дарга *******, мөн яамны хэлтсийн дарга ******* нарыг гэрчээр дахин мэдүүлэг авах, тэдгээр гэрч нараас "******* *******" ХХК нь аль талбайд олборлолт явуулж байсан болох, гэрээнд заагдсанаас өөр талбайд 0.27 га газар олборлолт явуулсан гэх бөгөөд 1, 2 дугаар талбайн аль талбай нь 0.27 га хэтэрсэн болох, гэрээнд заагдсанаас хэтэрсэн гэх талбайд олборлолт явуулсан эсхүл гэрээт талбайд олборлолт явуулж байсан болохын аль нь болох, зарим гэрч 2 газар хэтрүүлсэн гэж мэдүүлсэн зөрүүг арилгаж асууж тодруулах,
мөн улсын мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2017 оны 10 сарын 2-ны өдрийн 52 дугаар актыг тогтоосон холбогдох албан тушаалтанаас энэ актын талаар мэдүүлэг авах энэ актыг ямар учраас ямар зөрчилд гаргасан байсан учраас тогтоосон талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авах, өөрөөр хэлбэл “******* *******“ ХХК нь 0,27 га-д олборлолт явуулсан уу эсхүл зөвшөөрөгдсөн гэх талбайд олборлолт явуулсан уу гэдэг талаар мэдүүлэг авах,
мөн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан техникийн шинжтэй алдаа тухайлбал “насанд хүрээгүй яллагдагч М” гэж бичсэн газар орны нэрийг буруу бичсэн алдааг засах зэрэг ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч хуулийн этгээд "******* *******'' ХХК-ийг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар гэм буруутайд тооцуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдаанаас хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзжээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн газрын үзлэг дахин хийсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт дахин гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж, прокурорын шүүгдэгч хуулийн этгээд “******* *******" ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй гэх гомдлыг хангахаас татгалзахдаа шүүгдэгч хуулийн этгээд “******* *******" ХХК нь нэг гишүүнтэй компани бөгөөд уг компанийн захирал, төлөөлөх эрх бүхий этгээд М.Мд тогтоолыг танилцуулсан нь хуулийн этгээдэд танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзжээ.
Прокурор ******* 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Үүнд: Гэрээнд зааснаар Гүний ам гэх эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт явуулахыг заасан бөгөөд тухайн газрын хэмжээг харуулсан зураг хавтаст хэрэгт авагдсан бөгөөд түүнийг гэрээний хавсралт гэж үзэх үндэслэлтэй. Мөн тухайн гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтанг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж тухайн гэрээ нь хавсралттай эсэх, хавсралтад юу тусгасан болох зэргийг тодруулан асуух боломжтой.
Хэрэгт тухайн үед уурхайн даргаар ажиллаж байсан , ажилтан нарыг гэрчээр асуух шаардлагагүй. Учир нь тухайн гэрээнд зааснаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах зааг бүхий 2 газрьн цэг солбицолыг эрх бүхий албан тушаалтнууд тухайн газарт очиж зааж тусгаарлагч, зааглагчийг хатуу биетээр тогтоосон байдаг.
Мөн тухайн гэрээгээр хэр хэмжээний газрыг зааж өгсөн нь хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан газрын хэмжээг харуулсан масштаб зурагнаас харж болох бөгөөд тусгай хэмжигч багажаар хэмжиж тухайн газрын цэг солбицолыг тогтоож дүгнэлтийг гаргуулсан болно.
******* Шижир ХХК буюу хуулийн этгээд нь нөхөн сэргээлтийн гэрээнд зааснаар сум орон нутагт 210.000.000 төгрөгийн хандив тусламжийг өгсөн бөгөөд тухайн хандивыг хэрхэн яаж зарцуулсан болох нь тухайн хэрэгт хамааралгүй юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын эрх бүхий ажилтнаар ахлуулсан комиссын бүрэлдэхүүн хяналт шалгалт хийж явах үед тухайн хэргийн газарт хийсэн үзлэгээр гэрээнд заасан газраас өөр эрүүл газрыг ухаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хангалттай нотлон тогтоогдсон болно.
Мөн тухайн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн тавьсан актаар ******* Шижир ХХК болох хуулийн этгээд нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн тухайн эрх бүхий албан тушаалтан М.М нь тухайн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг төдийгүй ямар нэгэн эвдрэлд ороогүй нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах шаардлагагүй эрүүл газар болох нь дүгнэлтээр тогтоогдсон, 0.27 га газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулсан болно.
Нөгөөтэйгүүр тухайн хэргийн яллагдагч М Мөнх-Эрдэнийн эзэмшлийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолд насанд хүрээгүй яллагдагч М.М гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа хэдий ч тухайн хэрэгт яллагдагч нарын гэм буруутай үйлдэлд ямар нэгэн хамааралгүй, шийдвэр гарахад нөлөөлөхгүй юм.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхгүй буцааж байгаа нь үндэслэлгүй, эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна.Шинжээч томилж эрүүл газар уу, эвдэрсэн газар уу гэдгийг тогтоолгох, тухайн газрын цэг солбилцолыг зааж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавсралтыг хэрэгт хавсаргахгүйгээр энэ хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй байдаг. Мөн эрүүгийн хуулийг буруу хэрэглэж *******ийг яллагдагчаар татсан, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй тул зөрүүг арилгах зэрэг ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Захиалагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, гүйцэтгэгч ******* ******* ХХК нар харилцан тохиролцож Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Гүний ам гэх газрын 4 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээг бичгээр байгуулж гэрээг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал баталж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулжээ./хэргийн 35-40 дүгээр тал/
******* ******* ХХК-ийг дээрх гэрээний дагуу ажиллаж байхад нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын төлөвлөгөөт бус удирдамжийн дагуу шалгаж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон үндэслэлээр Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01-01-00/52 дугаар актаар ******* ******* ХХК-ийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, улмаар 2 эксковатор, 2 усан буу хураан авч, битүүмжилсэн баримтууд хэрэгт авагджээ./ хэргийн 12-16 дугаар тал/
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.М нь ******* ******* ХХК-ийн нэрийн өмнөөс Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Гүний ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон байна.
Харин Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс нь гэрээний захиалагчаар, ******* ******* ХХК нь гүйцэтгэгчээр оролцсон байх ба Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Гүний ам гэх газрын 4 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээний ерөнхий нөхцлийн 1.4-д зааснаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээр ахлуулсан мэргэжлийн байгууллага эвдэрсэн талбайн цэг, солбицол, шав тэмдгийг тогтоож, хавсралтаар баталгаажуулан улмаар ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн баримт гэмт хэрэг гарсан байдлыг нотлоход чухал ач холбогдолтой байхад энэ баримтыг хэрэгт хавсаргаагүйгээс ******* ******* ХХК нь гэрээний дагуу олгосон болон гэрээгээр олгоогүй ямар цэг солбицол бүхий хэдэн га газарт тус тус үйл ажиллагаа явуулсан байдлыг зааглан тогтоох боломжгүй байна. Тухайлбал;
- Шинжээч Баянхонгор аймгийн газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн дүгнэлт гаргахдаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Гүний хөндий гэх газарт аймгийн Засаг даргын тамгын газар, ******* ХХК-тай байгуулсан нөхөн сэргээлт хийх гэрээний дагуух цэг солбицлыг газар дээрээ үйл ажиллагаа явуулсан талбайтай давхцуулан шалгасан талаар дүгнэлт хэсэгт бичсэн байх боловч нөхөн сэргээлт хийх гэрээний цэг солбицлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, шинжээч дүгнэлт гаргахдаа шижилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц, мөрдөгчийн шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр дүгнэлтийн агуулгад тусгаагүй харин гаргасан 3 зургаа тайлбарлах төдийхнээр хандсанаас дүгнэлт тодорхойгүй, бүрэн бус болсон байхад нэмэлт эсвэл дахин шинжээч томилоогүй,
-Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолын 5-д ******* ******* ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн сэргээлт хийлгэхээр гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн гэх цэг солбицлыг тодорхой тоон үзүүлэлэлтээр нэг бүрчлэн бичсэн байх боловч энэ баримт хэрэгт авагдаагүй.
Мөн гэрээний захиалагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс буюу Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар нь ******* ******* ХХК-ийг газрын хэвлийн нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын гэрчилгээтэй харин ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөлгүйг мэдсээр байж Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай 79 тоот тогтоолыг үндэслэл болгон Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Гүний ам гэх газрын 4 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээгээр халхавчлан ашигт малтмал олборлох захиалагч болсон болох нь гэрээний ерөнхий нөхцлийн 1.7-д “... компани нь нөхөн сэргээлт хийх санхүүжилтийг өөрөө болон үйл ажиллагаанаас олсон орлогоороо санхүүжүүлэх...” ,1.8-д нөхөн сэргээлт хийх техникүүд ...угаах төхөөрөмж нэг ширхэг”, хоёрдугаар зүйлийн 3.8-д компани нь багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж дэмжигдсэн төсөл хөтөлбөр, арга хэмжээг нийт хөрөнгө оруулалтын 20 хувь болох 42 сая төгрөгөөр санхүүжилнэ..” гэх заалтуудад тусгалаа олсон төдийгүй Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт 105 сая төгрөг, Бөмбөгөр суманд 63 сая төгрөг, Бөмбөгөр сумын 1 дүгээр багт 42 сая төгрөгийн хандив өгсөн талаар М.М мэдүүлсэн байхад холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авалгүй орхигдуулсан.
Нөгөө талаар дээрх гэрээний ерөнхий нөхцлийн 1.13-д Компани нь нийгмийн хариуцлагатай уул уурхай-Хонгор нутаг төрийн бус байгууллагад гишүүн болж хамтран ажиллах бөгөөд тус компаний буруутай үйл ажиллагаанд төрийн бус байгууллага нь бусдын өмнө нэгэн адил хариуцлага хүлээнэ гэсэн заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан заалттай уялдаа холбоо, хамааралтай эсэх талаар нарийвчлан шалгаж тогтоох
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулыг нэмэгдүүлэх,баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгох, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Бичил уурхайгаар ашиг малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж тус тус хуульчилсан хэм хэмжээнүүдийн хүрээнд ******* ******* ХХК, түүний захирал М.М нь эвдэрсэн болон эвдрээгүй нийт хэдэн га газраас алт ялган авч олборлосон болон алтны тоо хэмжээ, үнэ ханшийг тодорхой болгох, тогтоосон хувь хэмжээгээр улсад татвар төлсөн эсэх, түүний төсөвт байгууллагуудад өгсөн хандивын тоо хэмжээний байдал, хандивт өгсөн мөнгийг алт олборлож олсон эсэх зэргийг нарийвчлан тогтоох нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаар тогтоолуудад гэрээнд заасан хэдэн га талбайн , ямар цэг солбицолтой газарт гэрээний дагуу нөхөн сэргээлт хийж улмаар хууль бусаар ашигт малтмал олборлосоныг орхигдуулж зөвхөн гэрээний бус 0.27 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлосон үндэслэл заасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-д заасан тусгавал зохих зүйлүүдийг бүрэн тусгаагүй орхигдуулжээ.
Дээрхээс дүгнэн үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 165 тоот захирамж үндэслэл бүхий болсон байх тул Прокурор *******гийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон магадлалд заасан үндэслэлүүдээр нэмэлт ажиллагаа хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******гийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б. БОЛОР-ЭРДЭНЭ