Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 64

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 09 сарын 27 өдөр               Дугаар 64                                           Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Иргэдийн төлөөлөгч Г.Наранцэцэг, Х.Өнөрзаяа

Улсын яллагч Д.Энх-Амар

           Гэрч Ц.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, Х.Эрдэнэбаатар 

Шүүгдэгч О.Боргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Боргилд холбогдох 201517000351 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн харъяат, 1971 оны 03 сарын 02-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Асгат сумын Жаргалант багийн Дэнжийн 1-1 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЛА71030219 регистртэй, Умбаа овгийн Отгоны Боргил.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Боргил нь танхайн сэдэлтээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015.11.07-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 4-р баг сумын төвд Халзанхүүхэний гэрт ТОЗ-8 маркийн галт зэвсгийг сумлан цэнэглэж, Ц.Амаржаргалыг айлган сүрдүүлж улмаар бууг авах гэж очсон Ц.Наранболдын цээжин тус газар нь тулган Ц.Наранболд нь бууны хошууг өөрөөсөө холдуулах үед буудлага үйлдэгдэж хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч О.Боргил шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 11 сарын 07-ны өдөр орой 19 цагийн үед хадам ээж Халзанхүүхэнийд очсон. Манай эхнэр гэрээсээ яваад 7 хоносон. Гэрт хоол ундгүй, хүүхдүүд байхгүй хэцүү байсан. би эхнэрээ гэртээ яаж авчирах вэ гэж бодоод явж байгаад буу авч очоод эхнэрээ айлгаж байгаад гэр рүүгээ авчирая гэж бодсон. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би хүүхдээ санаад байсан. Би хүн алая гэж бодоогүй. Би эхнэрээ л айлгая гэж бодсон. Би хэрвээ хүн алах санаатай байсан бол Наранболдыг босч ирэхээс нь өмнө буудах боломжтой байсан. Би хүн рүү буу тулгаагүй, Наранболд өөрөө л эгчийг алах гэж байгаа юм уу оронд нь намайг алчих гээд бууг цээж рүүгээ тулгахад эхнэр зүүн орон дээрээс болиочээ хүн алах нь уу гэж хэлэхээр нь би эхнэр рүү харахад Наранболд бууг татсан, бууг татагдахад миний хуруу бууны гохон дээр байсан болохоор буудлага үйлдэгдсэн. Би буу авч очсон үйлдэлдээ гэмшиж байна. Энэ буу манай өвгөн ааваас надад үе дамжин ирсэн тул ямар нэг бичиг баримт байхгүй гэв. 

 

- Шүүгдэгч О.Боргилын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг Дэнжийн 01-01 тоот хашаа байшинд эхнэр Ц.Амаржаргал болон 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Би хувиараа гагнуур хийж, автомашин засварладаг юм. 2015 оны 10 сарын эхээр надаар гагнуур хийлгэсэн болон автомашин янзлуулсан хүмүүс мөнгө өгөхгүй архи авчирхаар нь өгсөн архийг нь хамт хуваагаад уучихдаг болохоор манай эхнэр чи архи уулаа гэсэн шалтгаанаар Асгат сумын төвд байх өөрийнхөө ээжийн гэр лүү 3 хүүхдээ аваад 2015 оны 10 сарын дундуур яваад өгсөн. Үүнээс хойш би гэртээ хоол цай байхгүй гадаа гагнуур хийж автомашин янзалж мөн эхнэр гэрлүүгээ явчихсанд нь уурлаад архи уугаад ажлаа хийгээд байж байсан. 2015 оны 11 сарын 07-ны өдөр эхнэр Амаржаргал руу утсаар нь залгаж чи гэртээ хүрээд ир бага охиноо санаад байна архи уухгүй гэж хэлэхэд чи одоо согтуу байна гэрлүүгээ очихгүй чамд хүүхдээ өгөхгүй гэхээр нь чи явдаг чигээрээ яв харин 3 хүүхдээ авч тэжээж чадна гэхэд тийм зүйл байхгүй би өөрөө тэжээж чадна гэж хэлээд Амаржаргал гар утсаа салгасан. Дахин залгасан боловч утсаа аваагүй. Нэг авахаараа өөдөөс хэрүүлийн чанартай зүйл яриад байсан. Би уурлаж гэртээ 0.5 граммын ерөөл нэртэй архи ганцаараа уугаад 19 цагийн үед гэрт байсан өөрийн эзэмшлийн ТОЗ-8 маркийн бууг 2 ширхэг сумтай авч эхнэр Амаржаргалын байгаа газар луу очиж гэрийнх нь гадна буугаа тавьчихаад гэр лүү нь ороход гэрийн хойд хэсэгт манай эхнэрийн төрсөн эрэгтэй дүү нь болох Наранболд зурагт үзээд манай эхнэр 2 настай охиныхоо хамт гэрийн зүүн талын орон дээр сууж байхаар нь эхнэр Амаржаргалд хандаж гэрлүүгээ явъя гэхэд явахгүй чи чигээрээ яв гэсэн би охиноо үнсье гэхэд үнсүүлэхгүй чи архиа уугаад явна уу ажлаа хийгээд явна уу гэхээр нь уур хүрээд гэрээс гарч гэрийн гадна орхисон ТОЗ-8 маркийн бууг авч гэрлүү баруун гартаа барьж орж ирээд бууны хоолойнд сумыг хийж бууг цэнэглэсэн. Энэ үед гэрийн хойд талд сууж байсан Наранболд над руу ирээд та яагаад байна хүн алах нуу хүн алах гэж байгаа бол эгчийг биш намайг алаарай гээд ирсэн. Энэ үед би бууг хойд зүгт хошууг нь харуулаад биеийнхээ баруун хэсэгт бариад зогсож байсан. Наранболд цээжнийхээ баруун хэсгээр бууны хошуунд тулж зогссон. Тэгтэл гэрийн зүүн талын орон дээр сууж байсан эхнэр Амаржаргал намайг хүн алах нь болиочээ новшоо гэж хэлэхээр нь миний анхаарал эхнэр лүү харсан чинь Наранболд бууны хошуунаас барьж байгаад бууны хошууг баруун зүгт харуулж булаасан. Энэ үед миний гар бууны гох дээр дарж буудлага үйлдэгдсэн. Наранболд надаас бууг булааж аваад газар унагааж цагдаа нар иртэл дарж суусан. Би бууг харуулж айлгаж байгаад эхнэр хүүхдээ гэрлүүгээ авч авч явъя гэж бодсон. Харин бууны хоолойд сум хийж цэнэглэсний дараа Наранболд над руу ирж хүн алах нуу эгчийг алахгүй намайг алчих гээд бууны хошуунд цээжээрээ тулж зогссон. Би буудах ямар нэгэн санаа байгаагүй. Харин буу булааж авахад гох дээр дарагдчихсан юм. Буудлага үйлдэгдсэний улмаас хэн нэгэн нь гэмтэж бэртээгүй эд хөрөнгө эвдрээгүй. Энэ буу надад уламжлан ирсэн юм. Ямар нэгэн бичиг баримт болон бүртгэл байхгүй. Би Асгат сумын төвд танилтайгаа нэг шил архи уусан. Үүний дараа эхнэрлүүгээ утсаар ярьсан чинь өөдөөс загнахаар нь гомдсондоо дахин нэг шил архи ганцаараа 18 цагийн үед уусан өөр архи уугаагүй....” гэх мэдүүлэг. /хх-50-56/

 

- Хохирогч Ц.Наранболдын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай төрсөн эгч Амаржаргал нь 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн манай гэрт ирж хонох болсон. Боргил ах чинь архи уугаад байхаар нь хүрээд ирлээ гэж байсан. 2015 оны 11 сарын 07-ны орой 19 цагийн үед Амаржаргал эгч 2 настай хүүхдийнхээ хамт  гэрийн зүүн орон дээр, би гэрийн хойд талаар сууж зурагт үзээд байж байтал гаднаас Боргил ах согтуу орж ирээд гарч байсан. Би зурагт үзээд юу ярьж ямар үйлдэл гаргасныг нь ажиглаж хараагүй. Боргил ах гаднаас дахин орж ирэхдээ калибрь буу барьчихсан гэрийн үүд хэсэгт бууг сумлаж, цэнэглээд ална гэж бахирахаар нь “ та яагаад байна боль “ гээд Боргил ах руу очсон чинь өөдөөс бууны хошуу чиглүүлж миний цээжний баруун хэсэгт тулгасан. Энэ үед зүүн орон дээр  сууж байсан Амаржаргал эгч Боргил ахад хандаж “ чи болиочээ айлд буутай орж ирлээ “ гэж загнасан чинь Боргил ах Амаржаргал эгч рүү харахаар нь бууны хошуунаас баруун гараараа барьж байгаад баруун тийш нь холдуулж дарсан чинь буу дуугарахаар нь бууг булааж аваад Боргилыг газар унагааж дээрээс нь дарчихсан юм. Амаржаргал эгч гэрээс гараад орж ирэхдээ цагдаа дуудчихлаа гэсэн. Надад учирсан ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Эд зүйл эвдрээгүй. Уг буу хэний эзэмшил болохыг мэдэхгүй байна. Миний бодлоор эхнэрээ айлгаж гэрлүүгээ авч явах санаатай ирсэн байх. Амаржаргал эгч гэртээ очихгүй 7-8 хоног манайд байсан. Амаржаргал эгч Боргил ах нар нь хэрэлдэж муудлаа гэж сонсож байгаагүй. Боргил ах хувиараа гагнуур хийдэг юм. Хүмүүс архи өгөөд сүүлийн үед архи уугаад байгаа гэсэн. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Боргил ах хувиараа гагнуур хийдэг ар гэрийнхээ ажилд сайн авто машин  засдаг хүнд тусархаг, даруухан хүн юм. Ажил амьдралынхаа төлөө зүтгэдэг хүн юм. О.Боргил буудах байсан эсэхийг мэдэхгүй. Тухайн үед О.Боргил согтуу байсан. Миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед ээж Халзанхүүхэн нь гэртээ байгаагүй. Улаанбаатар хотод байсан....” гэх мэдүүлэг. /хх-23/

 

- Гэрч Ц.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: Манай нөхөр О.Боргил нь хувиараа гагнуур хийдэг юм. 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд ээлжийн жижүүрээр ажилласан. Намайг жижүүртэй үед О.Боргил нь архи уугаад байхаар нь архиа боль гэдэг. О.Боргил нь хүмүүсийн эд зүйлийг гагнаж өгөхөд нь мөнгө өгөхгүй архи уулгаад байдаг юм. 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс Асгат сумын төвд ээж Халзанхүүхэний  гэрт очоод 7 хоносон. 2015 оны 11 сарын 07-ны орой 19 цагийн үед төрсөн дүү Наранболд, 2 настай Өнөржаргал охины хамт ээжийнхээ гэрт байж байтал гаднаас О.Боргил согтуу орж ирээд үүд хэсэгт зогсож байгаад 2 ширхэг калибрийн сум харуулаад алнаа гэж хэлчихээд буцаад гарсан. Удалгүй Боргил нь буу барьчихсан орж ирээд гэрийн үүдэнд зогсож байгаад буугаа цэнэглэсэн. Энэ үед би гэрийн зүүн орон дээр сууж байсан. Харин Наранболд нь гэрийн хойд талд зурагт үзээд сууж байсан. Наранболд сууж байсан газраасаа босоод Боргил руу очиход Боргил нь бууныхаа хошууг Наранболдын цээжний баруун хэсэгт тулгаад ална гэж бахирч байсан. Энэ үед нь би зүүн орон дээр сууж байхдаа “ Боргилоо чи болиочээ, айлд буутай орж ирлээ “ гэж хэлсэн чинь Боргил нь буугаа Наранболд руу тулгаж байхдаа над руу харсан чинь Наранболд бууны хошууг баруун зүг чигтээ холдуулсан чинь буудагдаж дуу нь гарсан. Наранболд нь Боргилыг барьж авч газар унагааж доош харуулж байгаад дээрээс нь дараад суучихсан. Би гэрээс гарч дуудлага дуудсан. Буу дуугарснаас болж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан хохирол байхгүй. Буу бол Боргилын буу юм. Манай гэрт байж байдаг. Бичиг баримт байхгүй. Боргил бол намайг цохиж зоддоггүй. Бид хоёр маргаж мууддаггүй юм. Архи уулаа гэдгийг хэлээд чи архи уугаад байвал би ээж рүүгээ явлаа гээд байсан. Чамтай маргаж муудах зүйл байхгүй гэдгийг хэлээд явсан. Наранболд Боргил хоёр урьд маргаж муудаж байгаагүй. Энгийн харилцаатай хүмүүс. Боргил нь ямар учраас буу барьж ирсэн талаар мэдэхгүй байна. Боргил нь гэртээ ирэхгүй юм уу гэж хэлэхээр нь чи архи уухаа больсон үед чинь очно гэж хэлж байсан. Буугаар айлгаж намайг гэрлүүгээ авч явах гэж л буутай ирсэн байх тэрнээс биш хүн алах эд зүйл гэмтээх зорилгоор буутай ирээгүй байх. Надад ямар нэгэн гэмтэл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.... “ гэх мэдүүлэг. /хх-26/

 

- Гэрч М.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Асгат сумаас баруун тийш 4 киллометр Мухар гэх газарт нутагладаг. Өнгөрсөн намар 9 сарын 20-ны орчим байх манай малд чоно ороод хонио алдаж нилээдийг нь нохойд бариулсан юм. Тэгээд 10 орчим хоногийн дараа суман дээр гагнуур хийлгэхээр Боргил дээр очоод байхдаа малаа нохойд оруулсан талаар яриад буутай болох юмсан гэхэд бяруугаар ч гэсэн өгчихнө гэж байсан. Тэрнээс хойш бол би яриагүй. 2015 оны 09 сарын 20-ны орчим дээрх яриа болсон. 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр надтай уулзалдаагүй, буугаа зарах талаар яриагүй. Би тухайн үед намаржаан дээрээ байсан... гэх мэдүүлэг. /хх-31/

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 2016.11.07 /хх-04-07/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. Гэрэл зураг 2016.12.08 /хх-14-19/

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл. 2016.11.18 /хх-19-20/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.11.08-ны өдрийн №43 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-33-35/

- Аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт. 2016.12.04 /хх-37-39/

- О.Боргилын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-57/

- Сүхбаатар аймгийн Асгат сумын 4-р багийн Засаг даргын 2015.11.08-ны өдрийн 198 тоот тодорхойлолт. /хх-59/

- О.Боргилын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2015.11.19-ний өдрийн 4/86 тоот албан бичиг. /хх-62/

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ. 2015.11.26 /хх-71-72/

- О.Боргилын Иргэний эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар. /хх-73-88/

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2016.02.02-ны өдрийн 5/03 дугаартай прокурорын тогтоол./хх-103/

- Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016.02.23-ны өдрийн 24 тоот тодорхойлолт. /хх-106/

- Монгол Улсын батлан хамгаалахын төв архивын 2016.03.01-ний өдрийн 2020 дугаартай албан бичиг, хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа. /хх-109-110/

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2016.03.17-ны өдрийн 5/11 дугаартай прокурорын тогтоол /хх-117/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Боргилд холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч О.Боргил нь тухайн гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдээгүй, харин гэр бүлийн маргааны улмаас явсан эхнэр хүүхдээ авахаар, гэртээ хариулахаар хохирогчийнд ирж, эхнэр Ц.Амаржаргал гэртээ харихгүй гэснээс маргалдан буу сумлан хохирогч Ц.Наранболдын цээжинд тулгаж буудлага үйлдсэн нь тодорхой сэдэлттэй буюу эхнэртэйгээ маргалдсан асуудлаас үүдэлтэй, хувийн сэдэлттэй байна гэж үзнэ.

Тэрээр хохирогч Ц.Наранболдтой ямар нэгэн хэрүүл, маргаан үүсгээгүй, гэрт зөвхөн эхнэртэйгээ ярилцаж, харилцсан, элдэв цээртэй хараал хэлэх, бусдын басамжлан доромжлох үйлдэл гаргаагүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаагүй буюу нийгмийн хэв журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, зүйлчлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч О.Боргил нь согтуурсан үедээ 2015.11.07-ны өдрийн 19.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын 4-р баг сумын төвд Халзанхүүхэний гэрт эхнэр Ц.Амаржаргалтай маргалдан ТОЗ-8 маркийн галт зэвсгийг сумлан цэнэглэж, бууг авах гэж очсон Ц.Наранболдын цээжин тус газар нь тулган, түүнийг бууны хошууг өөрөөсөө холдуулах үед буудлага үйлдэж хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Боргил, хохирогч Ц.Наранболд, гэрч Ц.Амаржаргал нарын мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч О.Боргил “ би эхнэрээ авч явахаар, айлгахаар буу авч очсон, би бууны гохны ард хураагаа хийсэн байсан, Наранболдыг санаатай буудаагүй” гэж, өмгөөлөгч нар “ О.Боргил буугаар хэн нэгнийг алахаар онилж шагайгаагүй, хүн алах санаа зорилго байгаагүй, субъектив санаа зорилго үгүйсгэгдэж байна“ гэж маргаж буйг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь О.Боргил нь хэрэг үйлдэх үедээ согтуурсан байсан, ална гэж хэлэн бууг сумлан хүний цээжинд тулгаж, бууг холдуулах үед буудсан зэрэг хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн нөхцөл байдлыг үндэслэвэл шүүгдэгч О.Боргил болон түүний өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар маргаж буй дээрх үндэслэл үгүйсгэгдэх бөгөөд тэрээр хохирогч Ц.Наранболдыг буудаж хор уршиг учруулахыг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнийг зориуд бий болгосон буюу гэмт хэргийг гэм буруугийн шууд бус санаатайгаар үйлджээ. Тэрээр бууг сумлаж Ц.Наранболдын цээжинд тулгаснаар түүнийг алж болохыг буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршигийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байна. 

Дээр дурьдсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар О.Боргилд холбогдох хэрэг нотлогдож, тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдыг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Боргилын үйлдсэн  гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

  О.Боргил согтуурсан байснаа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрөх бөгөөд хохирогч Ц.Наранболд, гэрч Ц.Амаржаргал нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон байна.

  

О.Боргил нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэхээр завдсан боловч гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлж байгаа, түүний үйлдлээс бусдад гэмтэл, хор уршиг учраагүй, уг хэрэг гэр бүлийн харилцаанаас үүдэлтэйгээр үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг үндэслэн түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо. 

 

Шүүгдэгч О.Боргил энэ хэргийн улмаас 13 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ц.Наранболд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэжээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмрийн 17837 дугаартай, замагны 6556 дугаартай ТОЗ-8 маркийн бууг улсын орлогод оруулж, 0.6 мильметрийн хар хүрэн өнгөтэй 1 ширхэг хонгиог устгана.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Боргилд холбогдох хэргийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар өөрчилж, зүйлчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч Умбаа овгийн Отгоны Боргилыг галт зэвсэг ашиглан бусдыг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т тус тус заасныг журамлан, тусгай  ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар шүүгдэгч О.Боргилыг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг журамлан ялтан О.Боргилд оногдуулсан 03 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус заасныг журамлан ялтан О.Боргилын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  6. Ялтан О.Боргил бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ц.Наранболд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож ялтан О.Боргилд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмрийн 17837 дугаартай, замагны 6556 дугаартай ТОЗ-8 маркийн бууг улсын орлогод оруулж, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, буудлагад ашиглагдсан 0.6 мильметрийн хар хүрэн өнгөтэй 1 ширхэг хонгиог устгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.СУГАР

                                                            

                                           ШҮҮГЧИД                          Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

                                                          

                                                                                     С.НАСАНБУЯН