| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0317/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/322 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: С.Болорзул
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1914007330422 дугаарт хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймаг Баян-Овоо сум “Наранмандал” ХХК-нд нэвтрэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт тоотод оршин суудаг, ******* овогт *******гийн ******* Регистрийн дугаар:
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах айлын хашаанд *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Тэгж байгаад ******* намайг хачин золбин шар банди дүүг дагуулж байнга тэнэдэг гэж хэлсэн. Тэгээд над руу босож намайг барьж авсан би *******тай барилцаж авахад миний уруул хэсэг рүү цохьсон, би цээж рүү болон нүд рүү нь цохьсон, шүд орчимд цохьсон талаар би мэдэхгүй байна. Тэгтэл тэнд байсан хүмүүс салгасан ******* шүд уначихсан байна гэж хэлсэн. Бид нар бөөнөөрөө гэрт ороход Баярсайхан шүдийг нь цохиод хаячихсан байна гэж хэлсэн. Тухайн үед би шүдийг нь цохьсон талаар мэдээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
… 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр би дүү Эрдэнэбаатартай юм яриад сууж байхад ******* дүүгийн хажуугаар ороод юм яриад байхаар нь байз би дүүтэйгээ юм ярьж байна золбин шар гэж хэлсэн. Тэгтэл ******* намайг хоолой цамцаар боож хойшоо унагааж дээрээс нүүрэнд гараараа цохиж өшиглөж дээрээс дэвссэн миний шүд унасан. Би шүд уначихлаа гэж хэлэхэд дахиж хүрч ирээд намайг цохиж зодож ална гэж хэлсэн. Тэгээд салаад би гэртээ харьсан..... гэх мэдүүлэг / хх-ийн 36 /
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 10 дугаар сарын 24-ны өглөө найзындаа нэг шил архи уусан. Тэгээд Эрдэнэбаатарынд байж байтал ******* ах орж ирсэн...Тэгтэл гадаа чимээ гарч ******* чи намайг золбин байхыг хэзээ харсан юм гэж хэлсэн тэр чимээгээр бид хоёр гарч ирэхэд ******* ахын шүдийг ******* цохиод унагачихсан байсан юунаас болсон талаар асуухад ******* намайг чи золбин байхыг хараагүй шүү гэж хэлээд явуулсан тэндээсээ салцгаасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 06 /
Гэрч *******ы мөрдөн байцаалтад өгсөн
... Би ******* руу залгаж ярьсан. Тэгээд ******* Эрдэнэбаатарынд ирээд нэг шил архи авч уусан...байж байтал ******* ах орж ирсэн... гадаа шуугиан болоод байхаар нь гарч иртэл ******* ******* ах руу чи намайг золбин байхыг харсан юм уу гэж хэлээд дайраад байсан. ******* бид хоёр дундуур нь ороод *******, ******* хоёрыг гэрт нь оруулж ирсэн.Тэр үед ******* ахын хамраас цус гарчихсан байсан би шүд унасан талаар бол мэдээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 08 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 625 дугаар шинжээчийн
1. *******ын биед баруун дээд 1,2-р шүдний булгаралт, зүүн дээд шүдний сулрал, баруун нүдний дээд, доод зовхи, чамархайд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10% алдагдуулна.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 21/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 31-35/, шүүгдэгч *******ын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/, депозит дансны хуулгууд /хх-ийн 45-49/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-63/, шүүгдэгч ******* хохирогч ******* нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3-12-4 тоот хашаанд *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч *******ын ... ******* намайг хоолой цамцаар боож хойшоо унагааж дээрээс нүүрэнд гараараа цохиж өшиглөж дээрээс дэвссэн миний шүд унасан ….гэх мэдүүлэг / хх-ийн 36/
гэрч ******* ... Ц.******* ахын шүдийг ******* цохиод унагачихсан байсан.… гэх мэдүүлэг /хх-ийн 07 /
гэрч *******ы ... ******* ахын хамраас цус гарчихсан байсан би шүд унасан талаар бол мэдээгүй... гэх мэдүүлэг / хх- ийн 08 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 625 дугаартай шинжээч.... биед баруун дээд 1,2-р шүдний булгаралт, зүүн дээд шүдний сулрал, баруун нүдний дээд, доод зовхи, чамархайд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /12-13/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаа ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-овоо сумын цагаан цахирын “Наранмандал” ХХК-нд нэвтрэгч ажилтай, тодорхой орлоготой, сарын цалин 700000 төгрөг авдаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүхээс оногдуулах торгохын ял биелэгдэх боломжтой, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... Самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА