Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

2022          05            10                                    2022/ШЦТ/119

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

  улсын яллагч М.Сайнзаяа,

  шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

  шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

  Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2215000000065 дугаартай, 163/2022/0114/Э индэкстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт *******ы *******, Булган аймаг, ******* суманд 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг, урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг шийтгэх тогтоолыг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, 25 настай, эрэгтэй, РД: ГП97072910.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Бандийн Ухаа гэх газраас хохирогч *******ын 3 тооны нас бие гүйцсэн адууг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000065 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Бандийн Ухаа гэх газраас хохирогч *******ын 3 тооны нас бие гүйцсэн адууг хулгайлан авч, 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *******тай уулзаад зогсож байхад ченж мотоциклийн мөнгөө авна гэсэн. Тэр өдөр шуургатай байсан ба маргааш ав гэхэд одоо авна гэсэн. Тэгээд мотоциклоо очоод авсан. Тухайн үед шуургатай болоод ойр хавийн юм сайн харагдахгүй байсан. Отгонбат ахын адуу таарахаар нь 3 тооны адуу барьж өгөөд явсан. Тэгээд ченж тэр 3 адууг ачаад хот явсан. Би Жамбыг буулгаж өгөөд гэртээ харьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролдоо мотоцикл болон нэг тооны адуу өгсөн. Ээжийнхээ төрсөн дүүгийн мотоциклийг болон нэг тооны адуу хохирол төлбөртөө өгсөн байгаа гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд *******ийн эзэмшлийн Samsung S8 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-9 дэх тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн *******ын өмчлөлийн 2021 оны 06 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, импортлогдсон огноо тодорхойгүй, L7GPCKLY1M170034 арлын дугаартай, улбар шар өнгөтэй, 150 мотортой, Dayun загварын шинэвтэр, гаднаас харагдах ямар нэг эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-16 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын өгсөн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Бандийн Ухаа гэх газарт адуугаа очиж үзэхэд манай адуунаас 3 тооны бүдүүн морь байхгүй байсан. Тэгээд ******* сумын нутгаар 2 хоног хайгаад олдоогүй. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр Сувдаа сумын цагдаагийн тасагт ирж 3 тооны адуу алга болсон байна гэж бүртгүүлсэн юм. Ингээд сүүлд нь адуугаа хайж явсаар байгаад манай хамаатан *******ы ******* гэх залуу нь манай 3 тооны адууг хулгайлж аваад ченжид зарсан болохыг олж мэдсэн. Тэгээд би Эрхэмээ гэх ченжтэй уулзтал *******аас 3 тооны адуу худалдаж авсан. Надад зураг нь байгаа гээд үзүүлсэн. Би тэр зургуудыг гар утаснаас нь үзтэл манай алдагдсан 3 тооны адуу мөн байсан. ...Миний хулгайд алдагдсан 3 тооны адуунууд бүгд гурвын тоон тамгатай, нас бие гүйцсэн бүдүүн морьд байсан. Нэг дэх нь хонгор халзан зүсмийн гурвын тоон тамгатай 9 настай бүдүүн морь, хоёр дахь нь бас хонгор халзан зүсмийн гурвын тоон тамгатай 7 настай, дэлтэй бүдүүн морь, гурав дахь нь ахар дэлтэй, хонгор зүсмийн 8 настай бүдүүн морь байгаа юм. ...******* нь миний мал, эд хөрөнгийг зарж борлуулах, өөрийн эзэмшилдээ авах захиран зарцуулах ямар нэгэн эрх байхгүй. ******* бид хоёр ярилцан тохиролцож би *******ын улбар шар өнгийн Даюун загварын шинэвтэр мотоциклийг авахаар тохиролцсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25, 27 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******гийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр Отгонбат Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Бандийн Ухаа гэх газарт адуундаа очиж үзэхэд манай 3 тооны адуу байхгүй байна гээд гэртээ ирсэн юм. Ингээд манай нөхөр Отгонбат ойр хавиар 2 хоног хайгаад олоогүй ирсэн юм. ...Манай нөхөр Отгонбат бид хоёр адуугаа хайгаад хүмүүсээс сураг гаргаж явсаар байгаад манай нөхрийн хамаатан болох *******ы ******* гэх залуу манай 3 тооны адууг хулгайлж аваад ченжид зарсан болохыг олж мэдсэн. Тэгээд нөхөр бид хоёр Эрхэмээ гэх ченжтэй уулзтал *******аас 3 тооны адуу худалдаж авсан. Надад зураг нь байгаа гээд үзүүлсэн. Бид хоёр тэр адууны зургуудыг нь гар утаснаас үзтэл манай хулгайд алдсан 3 тооны морь мөн байсан. Тэгээд тэр Эрхэмээ гэдэг ченжээс 3 морио асуутал нэг нь ч байхгүй бүгдийг нь махлаад Улаанбаатар хот руу зарчихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ийн өгсөн: ...Тэгээд Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Бандийн ухаа гэх газарт гурвын тооны тамгатай саарал азаргатай бараг 30 орчим тооны адуу байсан. Тухайн үедээ ******* энэ адуунууд миний адуу гэж хэлж байсан. Би тэр газарт байдаг Батсүх гэдэг айлын гадаа очоод баръя гэсэн чинь ******* би угаасаа адуугаа урагш нь гаргана, танай малчны гадаа очоод баръя гэсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлтэл ******* миний машин дээрээс мотоциклоо буулгаад ганцаараа туугаад Булган аймгийн ******* сумын Аргайтын мухар гэх газарт манай малчин Цэдэннамж гэдэг айлын гадаа очсон. Малын хашаанд нь хамт явсан банди, бид хоёр шахаж өгөөд ******* өөрөө 3 тооны адууг барьж аваад миний машинд ачсан. ...Ингээд би тэр өдрөө 3 адуугаа амьдаар нь ачаад Улаанбаатар хот руу Эмээлтэд очиж замын ченжид үнэ тохироод жижиг хонгор морийг нь 900.000 төгрөгөөр, дэлтэй хонгор халзан морийг нь 1.000.000 төгрөгөөр, дэлгүй хонгор халзан морийг 1.050.000 төгрөгөөр өгсөн юм. ...Надад ******* нь хонгор халзан морь, дахиад хонгор халзан морь, бас нэг хонгор морь гээд 3 тооны морь барьж өгсөн. Тухайн адуунуудыг өөрийнхөө адуу гэж хэлж байсан. Надад барьж өгсөн 3 тооны адуунууд бүгд гурвын тооны тамгатай байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн: ...Миний санаж байгаагаар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 16-17 цагийн үед шинэ улбар шар өнгийн мотоциклтой танихгүй залуу манай гадна саарал азаргатай нэлээн олон тооны адуу авч ирсэн. Араас нь ******* нэг залуугийн хамт ногоон өнгийн портер машинтайгаа ирсэн. Ингээд тэр мотоциклтой залуу манай хашаанд тууж ирсэн адуунуудаа оруулаад 3 тооны адуу барьж аваад *******ийн машинд ачаад явцгаасан. Би тухайн үед өөрсдийнхөө адууг ачиж байна гэж бодсон. ...******* манай гэрт орж ирээд энэ мотоциклтой залуу надаас мотоцикл авсан юм. Тэгээд өрөндөө 3 тооны адуу өгч байгаа юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг сумын төвд гэртээ байхад манай төрсөн ах ******* манай адуунаас хонгор морь 1, хонгор халзан морь 2, нийт 3 тооны адуу алга болсон байна. Яасан юм бол гээд эхнэртэйгээ ярихыг нь би сонссон. Тэгээд манай ах Отгонбат, бэр эгч Сувдаа хоёр адуугаа хайгаад хүмүүсээс асуугаад яваад байсан. Би бас сураг тавьж байсан. Ингээд би танил Эрхэмээ гэх ченж найзтайгаа уулзаж манай ахынх 3 тооны адуу алдсан чамд хүн адуу зарсан уу? гэж асуутал Эрхэмээ надад би худалдаж авсан малынхаа зургуудыг бүгдийг нь гар утсан дээрээ авдаг. Миний авсан зургуудаас үзэхгүй юу гэж хэлсэн. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би зургуудыг нь үзсэн. Тэгээд ахынхаа адуунуудыг сайн танихгүй болохоор ах *******, бэр Сувдаа хоёрыг дуудаж Эрхэмээгийн гар утсан дээр байгаа зургуудыг нь та хоёр мэддэгээрээ үзчих гээд би явсан. Удалгүй Отгонбат ах над руу залгаад чи фэйсбүүк  хаягаа өгчих зураг явуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд миний Pagamdulam Dashzeveg гэсэн хаяг руу Tserendorj Baasandorj гэсэн Эрхэмээгийн хаягаас давхардсан байдлаар авсан хонгор морь, дэлтэй хонгор халзан, дэлгүй хонгор халзан зүсмийн 3 тооны адууны 7 ширхэг зураг ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр санагдаж байна. Манай нөхөр Баасандорж нь гэрээсээ машиндаа түлш хийнэ гээд гарсан юм. Удаад ирэхгүй байхаар нь би утас руу залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд удалгүй дахиад би нөхрийнхөө гар утас руу залгатал ******* нь надад нөгөө мотоциклийн төлбөрийг өгсөн гэсэн. Ингээд манай нөхөр ******* нь өөрийнхөө портер машин дээр 3 тооны адуу ачаад ирсэн. Тэгээд манай нөхөр Улаанбаатар хот руу оруулж заръя гээд надтай хамт явсан. Би Улаанбаатар хотод Эмээлтэд очиж тэр гурван адууг машинаас буулгах үед нь харахад хонгор зүсмийн 3 тооны адуу байсан. Би тамга, имийг нь сайн хараагүй. ...Манай нөхөр ******* нь Пүүжээ рүү мөнгийг шилжүүлээд мотоциклийн нь өрийг дуусгана гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн: Тухайн үед намайг мотоцикл гаргаж өгөхөд Баасандорж ах ******* надаас гуйгаад байхаар нь би чамд хэлээд *******ад авч өгч байгаа юм гэхээр нь би *******тай юм ярихгүй, та өөрөө мөнгийг нь өгөөрэй би тантай ярина шүү гэж хэлсэн. ...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баасандорж ах миний данс руу өөрийнхөө гэх Хаан банкны данснаас 2.600.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

11. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн: ...******* тэр саарал азаргатай 30 гаран тооны адууг тууж ирээд тэр айлын малын саравчтай хашаанд нь хашсан. Бид нар хөдөө 12 цагийн үед очоод 16 цагийн үед ******* адуу тууж ирсэн. Тэгээд тэр адуунаас ******* дэлтэй, дэлгүй 2 хонгор халзан морь, 1 дэлтэй хонгор морь нийт 3 хонгор зүсмийн морьд бариад тэр ченжийн машинд ачиж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

12. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 2220078 дугаартай: нас гүйцсэн 3 тооны адууны үнэлгээг нийт 3.600.000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-81 дэх тал/,

13. Мөрдөн шалгах ажиллагаанд *******ын яллагдагчаар өгсөн: ...Баасандорж ахын машин дээр мотоциклоо ачаад Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Бандийн Ухаа гэх газар руу явсан. Тухайн өдөр шуургатай байсан бөгөөд адуу хайж явтал Отгонбатын адуу замын хажуу талд байж байхаар нь би энэ адуунуудаас Баасандорж ахад 3 адууг өгье гэж хэлсэн чинь тэг тэг, харин хаана барих уу? гэж асуухаар нь танай малчны гадаа очиж байгаад баръя гэж хэлсэн. Машин дээрээс мотоциклоо буулгаад замын хажууд байсан адуунуудыг туугаад Аргайтын Мухар гэх газар руу явсан. Баасандорж ах, ******* хоёр түрүүлээд явсан. Тэгээд би араас нь адуунуудыг тууж очоод хоёр халзан хонгор морь, нэг хонгор морь бариад Баасандорж ахын машин дээр очиж өгөөд явуулсан. Би мэдэж байсан, манай хамаатан Отгонбатын адуу юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******, гэрч *******, *******, , , , , Б.******* нарын өгсөн мэдүүлэг, Тольдох Оюуны Өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Бандийн Ухаа гэх газраас хохирогч *******ын 3 тооны нас бие гүйцсэн адууг хулгайлан авч 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ад 3 тооны бод мал буюу 3.600.000 төгрөгийн хохирол учирсан нь Тольдох Оюуны Өгөөж хариуцлагатай хувьцаат компаний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд 3.600.000 төгрөгийг шүүгдэгч *******аас нэхэмжилжээ.

Уг хохирол, нөхөн төлбөрийг шүүгдэгч ******* нь хохиролд өөрийн эзэмшлийн улбар шар өнгийн Dayun загварын улсын дугааргүй, тээврийн хэрэгсэл, нэг тооны адууг хохирогч *******ад өгөхөөр тохиролцсон гэдгийг шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь илэрхийлсэн байна.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ыг бусдыг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч *******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 111-112, 122-125, 133, 136-139 дахь талуудад авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний бүртгэл мэдээллийн зөрчлийн талаархи лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Булган аймаг, ******* суманд 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* гэх газарт мал маллан амьдардаг, урьд 1 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн улбар шар өнгийн Dayun загварын улсын дугааргүй, L7GPCKLY1M1170034 арлын дугаартай, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигч *******ад буцаан олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.

 

6. Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн улбар шар өнгийн Dayun загварын улсын дугааргүй, L7GPCKLY1M1170034 арлын дугаартай, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигч *******ад буцаан олгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОТГОНБААТАР