| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03531/И |
| Дугаар | 102/ШШ2018/00392 |
| Огноо | 2018-02-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2018/00392
| 2018 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2018/00392 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Н-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Э, хариуцагч М.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Нтай 2010 онд гэрлэсэн. Энэ хугацаанд 2010 оны 10-р сарын 11-ний өдөр хүү Н.Т, охин Н.Т нар, 2015 оны 7-р сарын 23-ны өдөр охин Н.Т нар төрсөн. Бид 2 хамт амьдарч байхдаа хоорондоо таарамжгүй харьцаатай, байнга хэрүүл маргаантай байсан. М.Н нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон. Иймд тусдаа амьдарсан. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгөөс 59-47 УБЯ дугаартай Groun машиныг М.Нид, Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхон, 301-р байрны 112 тоот 1 өрөө орон сууцыг бидэнд шилжүүлж өгөх, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг би төлөхөөр тохирсон гэв.
Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э тэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрлэлтээ цуцлуулах, 3 хүүхдээ асрамжинд нь үлдээх, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа. Мөн машинаа би авч, байраа Эрдэнэбилэг, 3 хүүхэддээ үлдээхээр тохирсон. Банкны зээлийг А.Э төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь М.Нид холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
А.Э, М.Н нар нь 2010 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2010 оны 10-р сарын 11-ний өдөр хүү Н.Т, охин Н.Т, 2015 оны 7-р сарын 23-ны өдөр охин Н.Т нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа бие биеэ хүндэтгэдэггүй, нөхөр М.Н нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас эхнэрээ зоддог, мөн гэр бүлээс гадуур өөр хүнтэй харьцаатай болсон, улмаар байнгын хэрүүл маргаантай байжээ.
Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж үзэж хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, эцэг М.Н нь тэтгэлэг төлөх, гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс 59-47 УБЯ дугаартай Groun машиныг М.Нид, Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхон, 301-р байрны 112 тоот 1 өрөө орон сууцыг А.Э болон 3 хүүхдэд үлдээхээр тохирсон байна.
Харин Худалдаа хөгжлийн банктай байгуулсан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг А.Э төлөхөөр тохирсон боловч зээлдэгч М.Н, С.Мягмар, А.Э нар нь тухайн банктай тохирч шийдвэрлэх асуудал байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2017 оны 10-р сарын 17-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан М.Н, А.Э нарын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 10-р сарын 11-ний өдөр төрсөн хүү Н.Т, охин Н.Т, 2015 оны 7-р сарын 23-ны өдөр төрсөн охин Н.Т нарыг эх А.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Н.Т, охин Н.Т, охин Н.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг М.Н-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан 59-47 УБЯ дугаартай Groun маркийн автомашиныг М.Н-д, улсын бүртгэлийн Ү-2205057048 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхон, 301-р байрны 112 тоот 1 өрөө орон сууцыг А.Э болон хүү Н.Т, охин Н.Т, Н.Т нарт тус тус үлдээсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Н-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА