Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/304

 

 

 

 

 

 

 

 

 

2019        11          21                                               2019/ШЦТ/304

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт Т-д холбогдох 1921000000314 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...овогт Т-д. /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т нь 2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хорооллын 67 дугаар байрны гадна согтуугаар иргэн ...Ө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Т нь 2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хорооллын 67 дугаар байрны гадна согтуугаар иргэн ...Ө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921000000314 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ...Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар баг, “Ивээл” хорооллын Хас банктай 67 дугаар байрны тоглоомын сааданд найз Ө ...нарын хамтаар 3 ширхэг том савтай пиво уусан юм. ...тухайн үед манай найз Ө миний гуяыг маань базаад үнсье гэж гээд согтуурхаад байсан. ...Ер нь манай найзууд намайг шоглож миний бөгс рүү маань цохиж эмэгтэй хүнд байхаар бөгстэй хүн гэж доог дохуу хийдэг юм. ...Ө архиндаа согтуурхаж намайг үнсэж тэврээд зүгээр байлгахгүй оролдоод байсан. ...миний дургүй хүрсэн ...Ө миний бөгснөөс маань базаад авахаар нь би уурлаад түүнийг цохиж зодох болсон. ...Би эхэлж нүүрэнд нь 2-3 удаа цохисон. Дараа нь араас нь хөөж очоод 1 удаа цохиод газар унах үед нь нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

            Хохирогч Т.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн орчимд би Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын Хас банктай байшингийн зүүн талын тоглоомын сааданд найз З-хүү, Т, Э нарын хамтаар 2,5 литрийн 3 ширхэг пиво уусан. ...З-хүү, Тхоёр муудалцаж эхлэсэн. Улмаар би голоор нь орж салгаж болиулах гэтэл Т намайг хэл амаар доромжилж 2-3 удаа нүүрэн тус газарт минь цохисон бөгөөд намайг алхаад цааш явж байх үед дахин миний араас ирээд намайг унагаж байгаад миний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсөн. ...Би өөрийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг Төрболдоос авсан тул одоогийн байдлаар надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

 

            Гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Тнь Ө-ын нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон ба түүнийг газарт унасан байхад нь мөн өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

            Гэрч Н.З-хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тнь Ө-ын нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон ба газарт унасан байхад нь Т өшиглөөд байсан. Э бид хоёр Ө-ыг зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 646 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Т.Ө-ын биед хоёр нүдний алимны салстад цус харвалт, эргэн тойрон цус хуралт, зүүн хацар, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт, дух, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэг, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ.

     3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

     4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сархиулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний алимны салстын цус харвалт эргэн тойрон цус хуралт, дух нүүрний зүүн хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн, зүүн хацар, баруун сарвууны ар хэсгийн зулгаралт, зүүн чихний ар хэсэг, дээд уруулын цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Иргэний мэдээллийн лавлагаа, сурагчийн хувийн хэрэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26, 27-31, 32, 33, 34 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.Ө шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921000000314 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т нь 2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хорооллын 67 дугаар байрны гадна согтуугаар иргэн ...Өзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ...Т-ынмөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Ө /хх-ийн 9-13 дугаар хуудас/, гэрч Э /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Н.З-хүү /хх-ийн 16 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 646 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Тнь хохирогч Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ты-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ...Т-ын... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...овогт Т-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...Т-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ...Т-ын... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН