| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03984/И |
| Дугаар | 102/ШШ2018/00227 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2018/00227
| 2018 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2018/00227 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: М.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 037 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Т-тай 2017 оны 9-р сарын 3-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийж, 2 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. 2017 оны 10-р сарын 9-нд эхний сарын хүү 350 000 төгрөгийг надад өгсөн. Мөн 2017 оны 11-р сарын 3, 12-р сарын 3-нд төлөх хүүг нийлүүлээд 12-р сарын 9-нд 750 000 төгрөг өгсөн. Ц.Т-аас зээл 2 500 000 төгрөг, хүү 375 000 төгрөг, алдагги 162 500 төгрөг нийт 3 037 500 төгрөг нэхэмжилсэн боловч одоо 2 500 000 төгрөг гаргуулж өгнө гэв.
Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.О-аас 2017 оны 9-р сарын 3-ны өдөр 2 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулсан нь үнэн. Тус гэрээний дагуу 10-р сарын 3-нд 350 000 төгрөгийг хүүнд өгсөн. 11-р сарын 3-нд өгөх хүүг БНХАУ-д явж байсан тул амжилгүй 12-р сарын 3-нд 2 сарын хүү болох 750 000 төгрөгийг өгсөн. Эдгээр хугацаанд ямар нэг байдлаар зугтах, залилан мэхлэх үйлдэл хийгээгүй, цаашид ч ийм үйлдэл гаргахгүй болохыг мэдэгдэж байна. Миний бие амины орон сууц угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Арчи Спэйс Монголиа компанийг удирдан ажилладаг ба ажлын шаардлагаар О-аас мөнгө зээлж Шарга морьтын зусланд баригдах байшингийн эргэлтэнд оруулж, тухайн байшинг 11-р сард дуусгах төлөвлөгөөтэй байсан ч захиалагч талын мөнгөний саатлаас болж хүлээлгэж өгөх хугацааг 5 сард болгон хойшлуулсан. Нэхэмжлэлд дурьдсан үндсэн төлбөр 2 500 000 төгрөгийг 5-р сарын 10-нд буцаан өгөх боломжтой тул миний боломжийг хүлээн авч хугацаа олгоно уу. Одоогийн байдлаар барилгын ажил бүрэн зогссон тул орлого орох боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О нь Ц.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 037 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан, энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
М.О нь 2017 оны 9-р сарын 03-ны өдөр Д хаус ХХК-тай “Зээлийн гэрээ” байгуулж, 2 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 5-9/ тохирчээ.
Зээлдүүлэгч нь зээлдэгчид 2 500 000 төгрөгийг Ц.Т-ын дансанд шилжүүлсэн байх ба зээлийн гэрээнд Д ХХК-ний тэмдэг дарагдсан боловч компанийг төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал нь Б.Б бүртгэгдсэн байна.
Ц.Т нь тухайн компанийг төлөөлөх эрхгүй бөгөөд өөрийн удирддаг компаний үйл ажиллагаанд хэрэглэхээр хувиараа тохирч зээлсэн, энэ талаар талууд маргаагүй байна.
Зээлийн гэрээний болон хугацаа дууссаны дараа зээлдэгч зээлийн хүүд 1 100 000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн, нэхэмжлэгч энэ хэмжээгээр шаардлагаа багасгасан тул хангах үндэслэлтэй.
Хариуцагч Ц.Т шүүх хуралдааны мэдэгдлийг 2017 оны 1-р сарын 15-ны өдөр хүлээн авсан боловч ирээгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Т-аас 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж М.О-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Т-аас 54 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА