Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж  

Улсын яллагч С.Болорзул, 

Нарийн бичгийн дарга Н.Гантулга,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимт хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1914006140409 тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дунд захын худалдааны төвөөс Есөн-Эрдэнэ зах руу явах асфальтан зам дээр 6 настай *******-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /                                   

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Жаргалант зочид буудлын урд талын замаар чигээрээ явж байсан замын зорчих хэсгийн нөгөө талд 2 хүүхэд зогсож байгаа бололтой байсан. Тэгээд дөхөөд очсон чинь нөгөө хоёр хүүхдийн нэг нь урдаас гүйгээд ороод ирэхээр нь тормоз гишгэж баруун дараад зогссон. Тэгээд буугаад харсан чинь нөгөө хүүхэд эрэгтэй хүүхэд байсан ба 6 настай гэсэн байх уйлаад доошоо суусан байсан. Тэгэхээр нь хүүхдийг өргөж машинд суулгасан юм... гэх мэдүүлэг / хх-ийн 46-47 /,

Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.... Би тэд нараас түрүүлээд явж байсан. Тэгээд зам гарахаар болоод замын хажуу хэсэгт ирээд зогсож байгаад зам гарах гээд гүйгээд явж байсан чинь намайг машинтай хүн ирээд шүргэсэн тэр машин нилээн хол ирж байхаар нь амжих байх гэж бодоод гүйсэн чинь амжаагүй тэр ах намайг ирээд шүргэсэн. Тэгээд тэр ах намайг машинд суулгаад эмнэлэг рүү хүргэж өгсөн. Ер нь хурдтай явж байсан. тоормоз гишгэх үеэр чимээ гарсан зөвхөн баруун талын хөлийг дайраад гарсан намайг харахад машин холоос ирж байх шиг байсан амжих байх гэж бодоод гүйсэн боловч амжаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 /,

Хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... гэрээс 13 цаг болж байхад тэд нар явсан удахгүй манай нөхрийн том эгч болох ******* утсаар залгаад ******* машинд мөргүүлсэн эмнэлэг аваад явсан байна гэж хэлсэн. ******* эгчид болохоор эгчийн манай хүүхдүүдтэй цуг явсан хүүхэд нь хэлсэн байсан. Би эмнэлэг рүү явъя гээд гэрээс гараад ирсэн чинь манай хүүхдийг мөргөсөн гэх жолооч манай 2 хүүхдийг муулгасан хүрээд ирсэн юм. Бид нар эмнэлэг рүү явсан. Манай охин хэлэхдээ дүү М.М-д машин ирж байна байж бай гэхэд үгэнд нь орохгүйгээр гүйгээд машины урдуур орсон гэж хэлсэн. Хүүхдийн өмсөж явсан пүүзний шагай хэсгээр ханзарсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 /,

Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

…Би хойноос нь явж байсан болохоор түүнийг яг яаж машинд мөргүүлснийг хараагүй нэг мэдсэн М.М хөлөө бариад засмал зам дээр хэвтэж хажууд нь машин зогсож байсан. *******-н хувьд яг дайруулаагүй шүргүүлсэн байсан. Тэр машин уг нь гайгүй хурдтай явж харагдсан хир хурдтай явсан эсэхийн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Манай дүү М.М, Өлзий ахын гэрийн наана байх засмал зам дээр машинд шүргүүлсэн. Тухайн үед бид нар бие биеийнхээ гараас бариад явж байгаагүй тус тусдаа явж байсан. Хамгийн урд нь болохоор манай дүү М.М явж байсан ба тэр түрүүлж зам гарах гэж байгаад машинд шүргүүлсэн юм. Тухайн машин дундаж хурдтай явж байсан. Гарцгүй газраас гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би Улаанбаатар хотод байсан эхнэр утсаар залгаад хүүхэд машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн маргааш нь хотоос гэртээ ирсэн чинь хүүхэд хөлөө гипсдүүлсэн байсан. Тэрнээс хойш хүүхдээ Улаанбаатар хот руу авч яваад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Гэмтэл согог судлалын хүүхдийн тасагт, “Допооз” гэх хувийн эмнэлэгт эмчлүүлсэн нийтдээ 5000000 төгрөгийн зардал гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дүгээр сарын 23-ний өдрийн 616 дугаар шинжээчийн

1. *******-ийн биед баруун шилбэний шаант ясны далд хугарал, шилбэнд шарх, зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 64/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаар шинжээчийн

1. Тухайн зам тээврийн осол нь Toyota prius маркийн 04-68 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон *******ийн ******* //-ийн буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй

2. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.

3. Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн нэгдсэн сангаас зам тээврийн осолд холбогдсон ******* овогт *******ийн ******* //-нь жолоочийн дугаартай В ангиллын үнэмлэхтэй. Тухайн зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан байна.

4. Насанд хүрээгүй хохирогч *******-н харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан нь Монгол Улсын Замын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-т зааснаар /Эцэг эх асран хамгаалагч бүх шатны байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртлэх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан /10 хүртлэх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байсныг зөрчсөн байна. Насанд хүрээгүй хохирогч ******* замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг байхгүй учир энэ нь зам тээврийн осолд өртөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна./

4. Toyota prius маркийн 04-68 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан ******* овогт *******ийн ******* //-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 ..Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн...гэх мэдүүлэг /66-67/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 605 дугаар шинжээчийн

1. Toyota prius маркийн 04-68 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 5.000.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 73-74/ зэрэг болно.

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 04-05/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-13/, зам тээврийн ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31/,  Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 32-40/ шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /  хх-ийн 19/, шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82/,  эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 18/,  шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/,  эмчилгээний зардлын баримт /хх-ийн 90/, эмчилгээний картны хуулбар /91-102/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон  хохирогч, насанд хүрээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дунд захын худалдааны төвөөс Есөн-Эрдэнэ зах руу явах асфальтан зам дээр 6 настай *******-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн... хоёр хүүхдийн нэг нь урдаас гүйгээд ороод ирэхээр нь тормоз гишгэж баруун дараад зогссон,… хүүхэд  доошоо суусан байсан  өргөж машинд суулгасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 46-47 /,

Насан хүрээгүй хохирогч *******...Би зам гарах гээд гүйгээд явж байсан чинь намайг машинтай хүн ирээд шүргэсэн тэр машин нилээн хол ирж байхаар нь амжих байх гэж бодоод гүйсэн чинь амжаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 /,

Гэрч ийн ...хүүхдээ Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын хүүхдийн тасагт, “Допооз” гэх хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 54-55 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дүгээр сарын 23-ний өдрийн 616 дугаартай ... ******* биед баруун шилбэний шаант ясны далд хугарал, шилбэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 64 /

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаар... Toyota prius маркийн 04-68 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан ******* овогт *******ийн ******* // нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн ..гэх дүгнэлт /хх-ийн 66-67/ зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс ******* авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэж заасан ба шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өндөр насны тэтгэвэрт байдаг, сар бүр 474000 төгрөгийн тэтгэвэр авдаг буюу тодорхой орлоготой зэргийг харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч хууль ёсны төлөөлөгч *******ид гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд 2500000 төгрөг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “...Toyota prius маркийн 04-68 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдав.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******гийн 01963021 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 593448 дугаартай жолоочийн  үнэмлэхийг *******д,  1 ширхэг саарал өнгийн пүүзийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ид буцааж олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон        

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу гурван сарын хугацаанд буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-т зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн... 04-58 БНХ Тоёото приус маркийн авто машин... битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******гийн 01963021 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 593448 дугаартай жолоочийн  үнэмлэхийг шүүгдэгч *******д, 1 ширхэг саарал өнгийн пүүзийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ид буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.БАЙГАЛМАА