| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03320/и |
| Дугаар | 184/ШШ2017/02703 |
| Огноо | 2017-10-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2017/02703
| 2017 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 184/ШШ2017/02703 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоотод оршин суух овогт Я-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, баянгол 11-5 тоотод оршин суух Боржигон овогт П.Я-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Я, хариуцагч П.Я, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Я нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Д.Ятэй 1998 онд танилцаж гэр бүл болсон. 2002 онд гэрлэлтээ батлуулж, бидний хамтын амьдралын хугацаанд буюу 2002 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин Д.Баярцэцэг төрсөн. Үүнээс хойш бидний дунд үл итгэлцэл бий болж, 2009 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д.Ятай 1998 онд гэр бүл болж, түүнээс хойш 2002 онд охин Я.Б төрсөн. Миний бие 2007 онд Дундговь аймагт ажиллах болоод түүнээс хойш эхнэр бид 2 салсан. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Я нь хариуцагч П.Ят холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид 1997 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон учир 2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 468 дугаарт бүртгүүлсэн, 2002 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин Я.Б төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Охин Я.Б нь эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн дүгнэлт, суралцаж буй сургуулийн болон ам бүлийн тодорхойлолтууд хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчид хамт амьдардаггүй болох нь зохигчдын тайлбар, хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2007 оноос тусдаа амьдарсан. Д.Я, П.Я нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас дахин амьдрах боломжгүй болсон тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан учир амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш охин Я.Б нь эцэг П.Яийн асрамжилж байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шийдвэрлээгүй үлдээв.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаагүй гэсэн болно.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг сануулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шангуучин овогт ЯЯ, Боржигон овогт П.Я нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Яын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Яээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН