Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00586

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 597 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар магадлалтай,

Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай шийдвэр гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Д.Т-аас 97,901,595 төгрөг гаргуулан Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон, 1 дүгээр байрны 47 тоот хаягт байрлах, 78м.кв талбай бүхий орон сууц, мөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 56 тоот байрлах 39м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа хууль зөрчиж явуулсан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Т-аас 97,901,595 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор, төлбөр төлөгч нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул барьцааны хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн. Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар сарын 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 25 дугаар байрны 56 тоот дахь 39.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 52,000,000 төгрөгийн 70 хувь буюу 36,400,000 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, Хүслийн хотхон 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 47 тоотод байрлах 78.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 105,300,000 төгрөгийн 70 хувь буюу 73,710,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд орон сууцны зориулалттай 25 дугаар байрны 56 тоот 39.0 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 52,000,000 төгрөгийн 50 хувь буюу 26,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 30,000,000 төгрөгөөр, орон сууцны зориулалттай 1 дүгээр байрны 47 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 105,300,000 төгрөгийн 50 хувь болох 52,650,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 55,650,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон. 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 03/02 тоот тогтоолыг талуудад утсаар мэдэгдэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баталгаат хүргүүлж ажилласан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд П.Золзаяа бие даасан шаардлагадаа: ...Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Д.Т-ын төлбөрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа П.Золзаяа миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1 хороолол, 25 байр, 56 тоотод байрлах 45 мкв талбай бүхий орон сууцыг барьцаа хөрөнгө хэмээн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хоёрдахь дуудлага худалдаагаар худалдан борлуулжээ. П.Золзаяа миний зүгээс тус орон сууцыг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус орон сууцыг дотоод зохион байгуулалтыг хэвийн нөхцөлөөс өөрчлөн, сайжруулан янзлахдаа мкв-д тооцдоггүй байсан харанхуй өрөө, коридор зэрэг талбайг нэгтгэн нийлүүлж янзалсаар мкв-ын өөрчлөлт даруй 5-аар нэмэгдэж 39 мкв байсан бол одоогоор 45 болсон байна. Гэтэл үнэлгээ хийсэн үнэлгээ хийсэн үнэлгээчин нь хэмжиж үзээгүй байж гэрчилгээний хэмжээгээр мкв тогтоосон нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй үнэлгээ гэж үзэж байна. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 597 дүгээр шийдвэрээр: Нэхэмжлэгч Д.Т-ын орон сууцны хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай, гуравдагч этгээд П.Золзаяагийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1972 дугаар шүүгчийн захирамжийн дагуу түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тушаасан 70,200 төгрөг, гуравдагч этгээд П.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Төмөрбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Төмөрбаатараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Т- би Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 597 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан бол түүнийг шүүх хүчингүй болгох үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...Иймд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан   эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзнэ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг бичих нь нэг процедур ажиллагаа юм. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан нь шийдвэр гүйцэтгэлийн эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоосон ажиллагааг хууль ёсны гэж үзэх эрх зүйн үндэслэл болохгүй. Иймээс анхан шатны шүүх нь хоёр дахь албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явуулсан эсэхийг тогтоохын тулд эд хөрөнгө битүүмжилсэн, хураан авах, үнэлгээ тогтоосон ажиллагааг хуулийн дагуу явагдсан эсэхэд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “...хуулийн дагуу явагдсан...” гэх бүрхэг, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, үнэлүүлэх, анхны дуудлага худалдаа явуулах ажиллагааг хууль зөрчиж явуулсан.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 597 тоот шийдвэрт өөрчлөлт /тогтоох нь хэсгийн нэг дэх заалтыг “хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгох” тухай/ оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Д.Т- нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тэдгээрийн гаргаж өгсөн хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, эрх зүйн маргааныг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 , 167 дугаар зүйлийн 167.1-д заасныг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Т- нь 2 дахь  албадан дуудах худалдааг  хүчингүй болгуулах тухай хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлдээ “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх тухай  захирамж гарсан нь шийдвэр гүйцэтгэлийн эд хөрөнгө  битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоосон ажиллагааг хууль ёсны гэж үзэх эрх зүйн үндэслэл болохгүй...”, давж заалдах шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу гэжээ. 

Д.Т- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар Капитрон банкинд 97.901.595 төгрөг төлөх үүрэг бүхий төлбөр төлөгч тал байна.   

 Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185, 186  дугаар зүйлд дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэх бөгөөд уг баримт бичгүүдийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэрийг  албадан биелүүлэх ажиллагаа  эхэлнэ.

Албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх ба иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шийдвэрийг үндэслэн явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заажээ.

Төлбөр төлөгч Д.Т-ын хувьд төлбөрийг сайн дураараа төлж барагдуулаагүй тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан эхлүүлснийг түүнд мэдэгдэж, улмаар барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон, 1-р байрны 47 тоот хаягт байрлах, 78м.кв талбай бүхий орон сууц мөн, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 56 тоот байрлах 39м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, хураасан төлбөр төлөгч болон өмчлөгчөөс үнийн санал авч улмаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 78 м.кв талбай бүхий орон сууцыг 105.300.000 төгрөгөөр, 39 м.кв талбай бүхий орон сууцыг 52.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн,  ажиллагааны тус бүрийн мэдэгдлийг тухай бүрт нь төлбөр төлөгч, өмчлөгчид мэдэгдэж байжээ. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Мөн Д.Т- нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар, энэ хэргээс өмнө нь гомдол гаргаж, улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний 1309 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгааг шүүх дүгнэсэн байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн шинжээчийн тогтоосон  үнэлгээ нь анхан болон хоёр дахь дуудлага худалдааны суурь үнэ болдог. /хх26-28/

Барьцааны хөрөнгүүд нь анхны дуудлага худалдаагаар борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон 2019 оны 3 дугаар сарын 14 өдрийн 10 цагт дуудлага  худалдаанд оруулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгчид мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, 66 дугаар зүйлийн 66.2 , Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасантай нийцсэн, хоёр шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх51-60/

Дээр дурдсанаар гомдлыг хангах  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 597 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Т-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9  дүгээр сарын  20-ны өдөр төлсөн  70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА             

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР