| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1814004200256 |
| Дугаар | 2019/ДШМ/022 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.1.3.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2019/ДШМ/022
Н.Б, Б.Ц, Ч.О,
С.С, Ц.Э нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч Н.Б, Б.Ц, Ч.О, С.С, Ц.Э
Шүүгдэгч Ц.Э, Б.Ц нарын өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №08 дугаар эсэргүүцлээр Н.Б, Б.Ц, Ч.О, С.С, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1814004200256 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Үхэрчин мөнх овогт Н.Б, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
2016 оны 8 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д тус тус зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан,
2017 оны 1 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүнд сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар баривчлах ял дээр өмнөх 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим хэсэг 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосон.
2018 оны 8 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгэгдэн уг ялаа эдэлж байгаа, регистрийн дугаар /*******/
Монгол Улсын иргэн, Саарал овогт Б.Ц, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, Босоо овогт С.С, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, Ямаат овогт Ч.О, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, Галтмай овогт Ц.Э, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
2017 оны 4 дүгээр 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар /*******/
1. Ц.Э нь Б.Цтой бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал ............ тоотод хашаанд байх П.Нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 259.500 төгрөгийн хохирол учруулсан,
2. Б.Ц нь Ц.Этай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал ......... тоотод хашаанд байх П.Нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 259.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Н.Бтай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир .......... тоотод хашаанд байсан Ж.Гын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Бтай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал .......... тоот хашаанд байх Б.Бы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч Паносоник нэртэй 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж, 450.000 төгрөгийн, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа байшингийн цонхыг хагалж 80.000 төгрөгийн нийт 530.000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Бтай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Баянбулаг гэх газарт оршин суух Т.Нын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн С.Стай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 26-наас 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг .......... тоотод оршин суух С.Агийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Ч.О нь Н.Бтай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 17 дугаар гудамжны 19 тоот хашааны үүдэнд байсан Б.Лийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. С.С нь Б.Цтой бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 26-наас 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг ........... тоотод оршин суух С.Агийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Н.Б нь 2018 оны 8 дугаар сарын 16-наас 2018 оны 8 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* ******* зоогийн газрын хашаанд байх Б.Цгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 568.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 8 дугаар сарын 16-наас 2018 оны 8 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Есөн-Эрдэнэ захад үйл ажиллагаа явуулах Б.Гийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр болох дарханы газарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 70.000 төгрөгийг хохирол учруулсан,
Н.Б нь Ч.Отай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах ..... тоот хашааны үүдэнд байсан Б.Лийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Цтой бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир . тоотод хашаанд байсан Ж.Гын эз.......эмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Цтой бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал ........... тоот хашаанд байх Б.Бы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Паносоник нэртэй 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж, 450.000 төгрөгийн, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа байшингийн цонхыг хагалж 80.000 төгрөгийн нийт 530.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Цтой бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Баянбулаг гэх газарт оршин суух Т.Нын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Н.Б, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, Ц.Э, С.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Н.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дотор үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дарханы газарт 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 980.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, мөн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг, 8-4 тоотод байх Б.Даваасүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 350.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгтээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №218 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил хорих ял шийтгүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Б нь 2018 оны 8 дугаар сарын 03-наас 2018 оны 8 дугаар сарын 17-ны нийт 6 удаагийн холбогдох үйлдэл нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №218 дугаар шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно..." гэж хуульчилсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг шийтгэх тогтоол гарсаны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг хэрхэн нэмж нэгтгэх талаар 2015 оны Эрүүгийн хуульд зохицуулагдаагүй, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байна.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №266 дугаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа, дээрх хэргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул хэргийг буцаах нь зүйтэй гэж дүгнэн Н.Б, Б.Ц, Ч.О, С.С, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1814004200256 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.
Прокурор ******* 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №08 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Үүнд: Н.Б нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн байгаа боловч прокуророос яллагдагч Н.Быг нийт 6 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар ял өөрчлөн сонсгон 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №266 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд тухайн 6 удаагийн үйлдэл нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №218 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгдсэн боловч Н.Бын үйлдлүүд нь шүүхээр ял шийтгүүлсэний дараа илэрсэн, тэдгээр хэргүүдийг өмнөх шийтгүүлсэн хэрэгтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэн яллагдагч Н.Бын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн ял оногдуулахад яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Н.Б, Б.Ц, С.С, Ч.О, Ц.Э нарт холбогдох Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №93 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Ц, Ц.Э нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ц.Э нь нэг удаагийн хулгайн үйлдэлтэй, мөн Б.Ц нь бага насны хүүхдийн хамт амьдардаг, хүүхэд нь айлаар дамжин явж байгаа тул эдгээр хоёр шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс Н.Бт хорих ял оногдуулсан Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 156-160-р тал/ гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь дээрх шийтгэх тогтоол гарсаны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг хэрхэн нэгтгэх талаар Эрүүгийн хуульд зохицуулагдаагүй, хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байна, прокуророос Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 2018 оны №266 дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ хэмээн дүгнэж хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Учир нь Н.Б 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр болон 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрүүдэд нийт 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэн бусдад 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэж түүнд 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх шийтгэх тогтоол гарсаны дараа Баянхонгор аймгийн прокурорын газраас Н.Бын 2018 оны 8 дугаар сарын 03-наас 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрүүдийн хооронд үйлдсэн 6 удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал байгаа эсэхийг анхаарч үзээгүй нь буруу буюу өөрөөр хэлбэл Н.Бын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх нийт 8 удаагийн үйлдлээс 2 үйлдлийг нь салгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 гэсэн зүйлчлэлээр, 6 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-ээр шийдвэрлэн ял оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулахаар байгаа болно.
Иймд прокурор *******гийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Н.Б, Б.Ц, Ч.О, С.С, Ц.Э нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй, яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэх дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.
Үүнд: Ц.Э, Б.Ц нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал .... тоотод хашаанд байх П.Нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч эсгий туурга 2 ширхэг, брезентэн туурга 1 ширхэг, 1.5 литрийн “Хүрхрээ” нэртэй пиво 1 ширхэг, 25 литрийн хөнгөн цагаан битон 1 ширхэг зэргийг хулгайлсан, уг гэмт хэргээ үйлдэхдээ хохирогчийн гэрийн цонхыг хагалах, хаалганы цүүг эвдэх зэргээр 329.500 төгрөгийн хохирол учруулсан байхад прокуророос тэдгээрийг нийт 259.500 төгрөгийн хохирол учруулсан гэсэн нь ойлгомжгүй, хохирлын хэмжээ бодит байдлаас зөрүүтэй, хохирогчид учирсан прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй үлдэгдэл хохирлыг хэн хариуцан төлөх нь эргэлзээтэй,
Мөн Н.Б, Ч.О нарын бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах ...... тоот хашааны үүднээс иргэн Б.Лийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Ч.От прокурорын 2018 оны 256/а тогтоолоор эрүүгийн 1814004660251 дугаар хэрэг үүсгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан /хх-ийн 2-р хавтас 21-р тал/, Н.Б прокурорын 2018 оны 256 дугаар тогтоолоор эрүүгийн 1814004650251 дугаар хэрэг үүсгэн /хх-ийн 2-р хавтас 42-р тал/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татжээ.
Гэтэл Баянхонгор аймгийн прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 42 тоот тогтоолоор /хх-ийн 2-р хавтас 240-р тал/ Н.Б, Ч.О нарт холбогдох 1814004660251 дугаартай хэргийг Н.Б нарт холбогдох 1814004200256 дугаартай хэрэгт нэгтгэсэн боловч Н.Бт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн 1814004650251 дугаартай хэргийг нэгтгэлгүй орхигдуулсан, уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт хавсаргагдаагүй байна.
Н.Бын Ч.Отай бүлэглэн Б.Лийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлсан, Н.Б, Б.Ц нар бүлэглэн Ж.Гын “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлсан үйлдлүүдэд Н.Б, Б.Ц нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан /хх-ийн 2-р хавтас 21, 30, 34, 42-р тал/, тухайн хэргүүдийг Н.Б нарт холбогдох эрүүгийн 1814004200256 дугаарт нэгтгэсэн /хх-ийн 2-р хавтас 204, 213, 216-р тал/ атлаа тэдгээрт сонсгосон тухайн зүйл хэсгийг хэрхэн хүндрүүлэн өөрчилсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй,
Түүнчлэн Н.Б, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, тэдгээрт прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 68, 69 дүгээр “...яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай...” тогтоолоор /хх-ийн 4-р хавтас 1-2, 6-7-р тал/ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татсугай...” гэснийг нэмж өөрчлөн “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар яллагдагчаар татсугай...” гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай гэсэн атлаа яллах дүгнэлт үйлдэхдээ Н.Б, Б.Ц нарт өмнө нь сонсгосон, яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-т заасан зүйл ангийг орхигдуулан яллах дүгнэлт үйлдсэн, эдгээр хуулийн зүйл хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
Н.Бт сонсгосон “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 68 тоот тогтоолд “...*******...”-аар нь хулгайлах гэмт хэргийг байнга буюу 3-аас дээш удаа үйлдсэн болох нь...” хэмээн тухайн хэрэгт огт хамааралгүй хүний талаар дурдсан,
Ц.Эыг Б.Цтой бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал ....... тоотод хашаанд байх П.Нгийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан /хх-ийн 2-р хавтас 7-р тал/ атлаа түүнийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон яллагдагчаар байцаасан /хх-ийн 2-р хавтас 11-13-р тал/,
Б.Цид прокурорын 2018 оны 69 дүгээр тогтоолоор /хх-ийн 4-р хавтас 1-2-р тал/, Н.Бт прокурорын 2018 оны 68 дугаар тогтоолоор /хх-ийн 4-р хавтас 6-7-р тал/ яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар яллагдагчаар татаж нэмэлт өөрчлөлт оруулсан атлаа Б.Цид прокурорын 68, Н.Бт прокурорын 69 дүгээр тогтоолуудыг танилцуулан яллагдагчаар байцаасан /хх-ийн 4-р хавтас 3-5, 8-10-р тал/,
2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Н.Бт, Б.Ц нар нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Баянбулаг гэх газарт оршин суух Т.Нын гэрээс хоёр ширхэг мөнгөн хазаарыг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хазааруудыг н.Мөнх-Очир, Очироо гэх Баянхонгор аймагт амьдардаг хүмүүс өгсөн талаар мэдүүлсэн байхад уг этгээдүүдийг олж тогтоох талаар ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй,
Н.Б нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын гэр гуанзнаас хар өнгийн гар утсыг хулгайлсан талаараа тодорхой мэдүүлсэн байхад уг утасны эзэн нь хэн болохыг тогтоогоогүй, тухайн хулгайлж авсан гар утас нь хэдэн төгрөгийн үнэтэй ямар маркийн гар утас болох талаар холбогдох ажиллагаагүй хийлгүйгээр орхигдуулсан байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон талаарх шинжээчийн зарим дүгнэлтийг хэргийн оролцогч нарт бүрэн гүйцэд танилцуулаагүй,
Хэргийн холбогдогч болон гэрч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тухайн этгээд нь мэдүүлгээ өгч дууссаны дараагаар танилцуулж байгаа нь буруу юм. /хх-ийн 1-р хавтас 114-117, 132-135, 152-155-р тал/
Мөн Н.Б нь шүүхээс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 2 жил 2 сар хорих ял шийтгэгдсэн атлаа 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдэж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул түүний уг ялыг хэрхэн хаана эдлэж байгаад ямар нөхцөл байдалтайгаар суллагдсан эсэхийг буюу түүний хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Энэ нь цаашид шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд шууд нөлөөлөх тул холбогдох байгууллагуудаас шаардлагатай баримт бичгийг зайлшгүй гаргуулан авах нь зүйтэй юм.
Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 48, 50 дугаар талуудад авагдсан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргалын гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 913, 914 тоот “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” тогтоолуудад гарын үсэг зурагдаагүй орхигдуулсан нь тухайн тогтоолууд албажаагүй, хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Эдгээр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд тооцогдох тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан үндэслэлээ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсаны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эын тухайн хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******гийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Н.Б, Б.Ц, Ч.О, С.С, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1814004200256 дугаар хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Б, Б.Ц нарт хэрэглэсэн цагдан хорих, шүүгдэгч С.С, Ч.О нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
М.МӨНХДАВАА