Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Хэргийн индекс | 121/2020/0008/з |
Дугаар | 13 |
Огноо | 2020-07-07 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 13
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн иргэн Ч овогт Б-ийн М-ийн нэхэмжлэлтэй, /регистрийн дугаар: 00000000000/
Хариуцагч:Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, төрсний бүртгэлд нөхөн бүртгэл хийхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2020/0008/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хяналтын улсын байцаагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ю нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.М миний бие 1986 оны 03 сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн. Миний бие хөдөө төрсөн бөгөөд тухайн үед Иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байж байгаад 1987 оны 11 сарын 22-ны өдөр бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан гэдэг. Энэхүү төрсний гэрчилгээг үндэслэн надад иргэний үнэмлэх, гадаад паспортыг Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон. Гэтэл 2020 оны 01 дүгээр сард төрсний бүртгэлийн лавлагаа авахаар Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад Монгол улсын иргэний төрсний бүртгэлд байхгүй байна, төрөлтийг нөхөн бүртгэх шаардлагатай гэсэн.
Тэгээд төрсний бүртгэлийг нөхөн бүртгэлээр хийлгэхээр материалыг өгсөн боловч эмнэлгээс төрөлтийн түүхийн баримт байхгүй, хөдөө төрсөн тул нөхөн бүртгэл хийх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Мөн ямар нэгэн улсын байцаагчийн акт шийдвэр гаргаж өгөөгүй төдийгүй, миний материалыг шийдвэрлээгүй, хүлээн аваагүй.
Миний бие цаашид энэхүү зөрчлөө засуулах, Монгол улсын иргэний төрсний бүртгэлд бүртгэл хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар “...захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох...” гэсний дагуу Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “төрсний бүртгэлд нөхөн бүртгэл хийхгүй байгаа” эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, төрсний бүртгэлд нөхөн бүртгэл хийхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бат-Өлзий сумын 2-р багийн иргэн Б-ийн М миний бие 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд гэртээ төрсөн. Тухайн үед иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байж байгаад 1987 оны 11 дүгээр сарын 22-нд бүртгүүлж гэрчилгээ авсан гэдэг. Төрөлтийн бүртгэлийн лавлагаа авахаар улсын бүртгэлийн байгууллагад хандахад төрөлт бүртгэлгүй байх тул төрснийг нөхөн бүртгүүлэхээр хандахад эмнэлгийн байгууллагаас төрөлтийн түүх ирүүлээгүй бол төрснийг нөхөн бүртгэх боломжгүй гэж хариу мэдэгдсэн...” гэсэн нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
1. Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд ЙБ86032006 регистрийн дугаартай Чулуун тайж овгийн Б-ийн М нь гэрлэсний бүртгэл, гадаад паспортын, иргэний үнэмлэхийн, хуучин иргэний үнэмлэхийн, архив лавлагааны сан хэсэгт тус тус бүртгэлтэй, тус хэлтсийн болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архивт хадгалагдаж байгаа 1984-1990 оны Бат-Өлзий сумын төрсний бүртгэлд хайлт хийн шалгахад ЙБ86032006 регистрийн дугаартай Чулуун тайж овгийн Б-ийн М-ийн төрөлтийн бүртгэл бүртгэлгүй байна.
2. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа”-г үндэслэн төрснийг бүртгэх ба уг иргэн нь төрөлтийн түүхийг ирүүлээгүй нь гэртээ төрсөн, эмнэлэгт төрсөн эсэх нь тогтоох боломжгүй юм.
3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т Монгол улсын иргэн бүр регистрийн дугаартай байх бөгөөд уг дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, тэдгээртэй адилтгах баримт бичигт бичигдэнэ” гэж заасны дагуу дээрх иргэний төрөлтийн бүртгэл бүртгэгдээгүй байхад дараагийн бүртгэл бүртгэгдсэн байгаа нь үндэслэлгүй юм. Иргэн Б.М нь иргэний хэргийн шүүхэд хандан төрөлтөө тогтоолгох /нас тогтоолгох/ хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, төрсний бүртгэлд нөхөн бүртгэл хийхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.М нь 1986 оны 03 дугаар сарын 20-нд Бат-Өлзий суманд төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотариатаар батлуулсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заажээ.
Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж хуульчилжээ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгчээ.
Иймд шүүхээс ЙБ00000000 регистрийн дугаартай Ч овогт Б-ийн М-ыг Монгол улсын иргэний төрсний бүртгэлд бүртгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Б.М-ийн хууль ёсны ашиг сонирхол, эрхийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106,3.12 дугаарт зааснуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дүгээрт зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төрсний бүртгэлд нөхөн бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, төрсний бүртгэлд нөхөн бүртгэл хийхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Б.М-ыг 1986 оны 03 дугаар сарын 20-нд Бат-Өлзий суманд төрснөөр төрсний бүртгэлд бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаарт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдьсугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.