Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0797/з |
Дугаар | 221/МА2016/0661 |
Огноо | 2016-10-17 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0661
Иргэн Т.Солонгын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 738 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Т.Солонгын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 738 дугаар шийдвэрээр: “Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 157 дугаар зүйлийн 157.5, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д заасныг тус тус баримтлан Т.Солонгын гаргасан ... Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний 738 дугаар шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн дараах үндэслэлээр эс зөвшөөрөн, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл дунд “гарын үсэг зураагүй, эцэг эхийн нэр болон утасны дугаар бичихгүй” тухай заагдаагүй нь хууль тогтоогчийн зүгээс түүнийг зөрчил хэмээн үзээгүй байна.
Хөрөнгө орлогын мэдүүлгийг дутуу бөглөж өгсөн нь зөрчил хэмээн дүгнэжээ. Гэвч түүнийг зөрчил гэж хууль тогтоогч үзээгүй байна.
Түүнчлэн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д зааснаар баримт бичгийг хүлээн авахдаа уг зөрчлийг арилгах үүрэгтэй байсан байна.
Хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй хэмээн дүгнэж, гарын үсэг зурах маягт дээр огноо бичүүлээгүй нь түүний нотолгоо хэмээн дүгнэсэн. Гэвч гарын үсэг зуруулахтай холбоотой зөрчлийн талаар Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д тоочсон байх ба тэр дунд огнооны талаар заагаагүй тул мөн л зөрчил биш бөгөөд хугацааны талаар уг зүйлийн 158.1.1-д заасан.
Харин Т.Солонгыг 2016 оны 08 дугаар сарын 31-ээс хойш нэрээ дэвшүүлсэн гэсэн баримт хариуцагч талд байхгүй болно.
Иймд, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 /Сонгууль зохион байгуулахтай холбогдон гарсан сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр нь тогтоол, зөвлөмж, албан бичгийн хэлбэртэй байна/, 154 дүгээр зүйлийн 154.2 /Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана/, 157 дугаар зүйлийн 157.5 /Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт нь авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу батлагдсан хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт байна/, 158 дугаар зүйлийн 158.1.1 /хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй/ гэх заалтуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 12 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Т.Солонгыг “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, хөрөнгө орлогын мэдүүлгийг батлагдсан маягтын дагуу ирүүлээгүй, зарим дэмжигч-сонгогчдын регистрийн дугаар, гарын үсэггүй зөрчилтэй” гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
Захиргааны байгууллага болохын хувьд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо нь захиргааны акт гаргахдаа Сонгуулийн тухай хуульд зааснаас гадна Захиргааны ерөнхий хуульд заасан зарчимд, түүний дотор хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д тусгагдсан хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангах ёстой.
Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй” гэх үндэслэлийг тусгасан боловч хавтаст хэрэгт цугларсан баримтаар тухайн тогтоолыг гаргахдаа Т.******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй гэдгийг ямар нэг баримтаар тогтоолгүйгээр тухайн шийдвэрийг гаргасан нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны дэмжигч-сонгогчдын зарим нь баримтад огноо бичээгүй нь бие даан нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй гэх үндэслэл болохгүй.
Үүнээс гадна хариуцагч байгууллага нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг батлагдсан маягтын дагуу ирүүлээгүй буюу Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.5-д заасныг зөрчсөн, мөн сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулаагүй, регистрийн дугааргүй, гарын үсгийн баталгаагүй, огноог бичээгүй зөрчил гаргасан гэж үзсэн атлаа Сонгуулийн тухай хуульд заасан холбогдох заалтыг хэрэглэлгүйгээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
Зүй нь тухайн тохиолдолд уг байгууллага тогтоолдоо Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтаас гадна 158 дугаар зүйлийн 158.1.3 /нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол/ дахь заалтыг үндэслэх байжээ.
Дээрхээс дүгнэн үзэхэд хариуцагч байгууллагын маргаан бүхий захиргааны акт хуульд нийцэж гараагүй, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчжээ.
Анхан шатны шүүх эдгээр асуудлаар буруу дүгнэлт хийснээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР