Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 113

 

Л.Нармандах, Р.Оргил нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Л.Нармандах, Р.Оргил, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, гуравдагч этгээд Г.Баяраа, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны  өдрийн 963 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0071 дүгээр магадлалтай, Л.Нармандах, Р.Оргил нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 61 дүгээр зүйлийн 61.10, 64 дүгээр зүйлийн 64.3, 64.4, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Нармандах, Р.Оргил нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” 16 дугаар тогтоолын 07 дугаар хороо буюу П.Давхарбаяр, Г.Баяраа нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0071 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Л.Нармандах, Р.Оргил нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрпийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбарт бодитой дүгнэлт хийгээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн оролцогч нарын хууль ёсны хусэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй, хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэр, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэхгүйгээр өөрийн үзэмжээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгч нар анх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд “хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн ийнхүү нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулжээ. Харин нэхэмжлэгч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Сонгуулийн дүнг гаргасан хариуцагчийн дараах шийдвэрүүдийг хүчингүй болгуулах ... нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл, сонгуулийн хорооны 16 дугаар тогтоолын Г.Баяраа, Д.Давхарбаяр нарт холбогдох хэсэгт” гэж, мөн “... нэмэлт санал хураалт явуулахыг даалгах” гэжээ. Харин нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэмэлт санал хураалт явуулахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Өөрөөр хэлбэл ... нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл, ... Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 16 дугаар тогтоолын Г.Баяраа, Д.Давхарбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үлдэж байгаа.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэр дэвшигч нарыг сонгогдсон тооцох тухай 16 дугаар тогтоолын 07 дугаар хороо буюу П.Давхарбаяр, Г.Баяраа нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэжээ. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороогоор тус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эс хэрэгсэн өөрөө шууд сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Шүүх нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байсан ч нэхэмжлэлийн шаардлага төдийгүй сонгуулийн хорооны эрх мэдэлд халдан өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн байна.

3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа зөрчсөн. Гэтэл хариуцагчид нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг гардуулахгүйгээр хариу тайлбар, нотлох баримт ирүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр урьдчилсан шүүх хуралдааныг зарласан байгаа нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байна. Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл 70.3-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 3-аас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчдөд мэдэгдэнэ” гэсэн атал нэг хоногийн өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ гардан аваад нэг хонож байхад хуульд заасан хугацаа, журмыг зөрчин урьдчилсан хэлэлцүүлэг товлож, хуралдуулсан. Гэтэл хавтаст хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн гэх баримт байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээ гардуулаагүй хирнээ урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон байна.

Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрх, үүргийг эрх тэгш эдлүүлэх зарчимтай атал хариуцагч талын эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагааг анхан шатны шүүхийн шүүгч ихээхэн явуулсан нь дээрхээс эхлээд хэрэгт авагдсан шүүх хжралдааны тэмдэглэлүүдээс тодорхой харагдана. Тухайлбал, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрчүүд асуулгах тухай хүсэлт гаргажээ. Гэтэл шүүхээс тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр /хүсэлт шийдвэрлэсэн тэмдэглэл/ шууд гэрчүүдэд шүүх хуралдааны товыг мэдэгдэж гэрчээр оролцуулсан байна. Гэтэл хариуцагчийн гэрч оролцуулах хүсэлтийг/тухайн маргаан бүхий акттай холбоотой нийт сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлддэг эрх бүхий улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэрч асуулгах хүсэлт, мөн тухайн акттай холбоотой ирц бодох аргачлал бүхий хүснэгтийг баталсан Сонгуулийн ерөнхий хорооноос тус тус гэрч асуулгах/ огт хүлээн авч шийдвэрлээгүй. Хэргийн оролцогч нарын хүсэлтийг ийнхүү алагчлан хангасан байх бөгөөд энэ талаараа ямар нэгэн захирамж гаргаагүй атлаа гэрчээс мэдүүлэг авах талаар хуульд заасан журмаа ноцтой зөрчлөө.

Хавтаст хэргийг дугаарлахыг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй, энэ байдлаараа задгай материалтай шүүх хуралдааныг явуулсан бөгөөд нотлох баримт, процессын бусад баримт бичгүүд нь аль хуудсанд, хаана байгаа нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтуудаа хүссэн үедээ хэрэгтээ нэмж хийх боломжоор өөрсдийгөө хангаж байна. Хамгийн сүүлд давж заалдах гомдол гаргахаар хэргийн материалтай танилцахад мөн л хэргээ дугаарлаагүй байх бөгөөд гэрч оролцуулах хүсэлтийг шийдсэн захирамж, талуудын хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж, тэмдэглэлүүд асуухад байхгүй байсан бөгөөд шүүгчийн туслах нь хайгаад олохгүй байгаа юм. Харин давж заалдах шатны шүүхэд хэргээ шилжүүлэхдээ тэрхүү баримтаа нөхөж хийх магадлалтай байна. Ийнхүү шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ илтэд нэхэмжлэгчийн талыг барьж байсан учраас шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргахад шүүгч өөрөө татгалзлыг шийдвэрлэсэн хууль зөрчсөн ёс зүйн ноцтой алдаа юм.

4. Хуулийн үндэслэлийн талаар. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан байдаг.

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.10, 64 дүгээр зүйлийн 64.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Дээрх хуулийн заалтуудаас харахад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй байхаар тодорхой заасан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйл 64.3 дах хэсэгт заасан бүртгэлийг сэргээнэ гэдэг нь сонгогчдын нэрийн жагсаалд бүртгэгдсэн сонгогчдын нэрсийн тоо дээр нэмэгдэнэ гэж заасан байдаг. Хуулийн нэр томъёог бичигдсэн үг өгүүлбэрээр нь шууд ойлгох бөгөөд нэгэнт хуульд “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй гэж шууд заасан байхад эсрэгээр нь оруулан тооцох ёстой хэмээн шийдвэрлэсэн.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт заасантай холбоотой үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллагын ямар нэгэн ажилтан “түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрсийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах тухайн өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад пасспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдийн нэрсийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгосон, мөн тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдсэн гэх нотлох баримт, үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хуулийн заалтыг нотлох баримтгүйгээр хэрэглэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцох ёстой мэтээр буруу дүгнэсэн байна.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн болон бодит үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмаа зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийн үндэслэлийг хэрэглэлгүй, хуулийг буруу хэрэглэж, хуулийг хэт гуйвуулан буруу тайлбарласан байхад түүнийг огт үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчиж байгааг нягталаагүй, дээрх хуулийг зөв хэрэглэх байтал огт хэрэглэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ш.Базаррагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Р.Оргил, Л.Нармандах нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Л.Нармандах, Р.Оргил нар “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 7 дугаар хороо, 7 дугаар тойргийн 1958, 1959 дүгээр хэсгийн санал авах байранд явагдсан сонгуулийн сонгогчдын ирц тухайн тойргийн хэмжээнд хүрээгүй байхад хүрсэн гэж үзсэн хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. Харин 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нар нэхэмжпэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 7 дугаар хороо, 7 дугаар тойргийн 1958, 1959 дүгээр хэсгийн санал авах байранд явагдсан сонгуулийн сонгогчдын ирц тухайн тойргийн хэмжээнд хүрээгүй байхад хүрсэн гэж үзэж сонгуулийн дүнг гаргасан хариуцагчийн дараах шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, А. Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 7 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл, Б. Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 тоот тогтоолын “7 дугаар хороо буюу Г.Баяраа, П.Давхарбаяр нарт холбогдох хэсэг”, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар хороо, 7 дугаар тойрогийн 1959 дүгээр хэсэгт нэмэлт санал хураалт явуулахыг хариуцагчид даалгах” гэж өөрчилсөн байна.

Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх нь нэхэмжлэл шинээр гаргах ойлголт байхад шүүх Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2-т заасан шаардлагыг хангаагүй, хариуцагч нь тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан талаар захирамж гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзах байжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т “... сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гаргасан өдрөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана...”, 113.6-д “...хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй...” гэснийг тус тус зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан шийдвэр гаргасан.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооноос М.Амартунгалагт олгосон 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн итгэмжлэл нь холбогдох хуулиудад заасан бүхий л эрх үүргийг хэрэгжүүлэх гэж нэхэмжлэл гардаж авах, хариу тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох, хүсэлт, гомдол гаргах, давж заалдах, хяналтын гомдол гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх, эвлэрэн хэлэлцэх, мөн хариуцагч, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль эрхийг эдлэх, төлөөлөх зэрэг захиргааны хэргийн маргаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл заалтаар оролцох, тусгайлан олгосон хуулийн зүйл, заалтгүй итгэмжлэл байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “...төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 28.2.1-д “...хариу тайлбар гаргах...” гэж заасныг зөрчсөн итгэмжлэлийг үндэслэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл гардуулан хариу тайлбар авчээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-20.1.7, 21 дүгээр зүйлд заасан аль эрхийг эдэлж, үүргийг хүлээх нь тодорхойгүй байна.

Шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан урьдчилсан хэлэлцүүлэгийн хуралдаанаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр Г.Баяраа, П.Давхарбаяр нарыг татан оролцуулж, гуравдагч этгээдээр татах захирамж гаргаж танилцуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах ажиллагааг хийгээгүй, мөн гуравдагч этгээдийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, уг хуралдаанд гуравдагч этгээд Г.Баяраа, П.Давхарбаяр нар хэний нэхэмжлэлтэй, нэхэмжлэлийн шаардлага юу болох талаар мэдэхгүй хуралдаанд оролцуулж, гуравдагч этгээд нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг хязгаарласан, эрх зүйн байдлыг нь дордуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан байна. Мөн урьдчилсан хэлэлцүүлэгийн товыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасны дагуу 3 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байхад гуравдагч этгээд нарт тухайн өдрөө мэдэгдэж оролцуулсан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, гуравдагч этгээд П.Давхарбаяр, Г.Баяраа нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гэрч асуулгах, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах, шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүгч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “... хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ...” гэснийг зөрчиж, хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд шүүгч хүсэлт шийдвэрлэх тухай бүртээ шүүгчийн захирамж гаргаагүй болно. Шүүх сонгуулийн маргааныг тусгай журмын дагуу хэлэлцэх эрхтэй боловч хэргийн оролцогч нарын эрхийг хууль бусаар хязгаарлах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй нь хууль бус юм. Хэргийн оролцогч, зохигчид нарын мэтгэлцэх, шүүхээр нотлох баримт гаргуулах, цуглуулах, гэрч асуулгах, үнэлүүлэх, нотлох баримт үгүйсгэх зарчмыг хэрэгжүүлээгүй.

Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгч ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа, өөрчлөөд байгаа, шүүхээр ямар асуудал шийдвэрлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байхад шүүх өөрөө нэхэмжпэлийн шаардлагыг тайлбарлан хууль хэрэглээний хувьд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийг нэгдмэл байдлаар ойлгож, тайлбарлан шийдвэрлэсэн нь буруу, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна...” гэснийг зөрчжээ. Мөн Үндэслэх хэсэг нь тогтоох хэсэгтэйгээ зөрчилдөж байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага болох Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар хороо, 7 дугаар тойргийн 1959 дүгээр хэсэгт нэмэлт санал хураалт явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байхад шүүх Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “...Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтанд бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна...” гэж заасныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр хэсэгт баримтлан хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн бөгөөд мөн Тогтоох хэсгийн 2 дугаар хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага 2. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар хороо, 7 дугаар тойргийн 1959 дүгээр хэсэгт нэмэлт санал хураалт явуулахыг хариуцагчид даалгахаас татгалзахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “...харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрт дурдаж өгөөгүй.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...дээрх зохицуулалтаас үзэхэд сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцсон тохиолдолд сонгогчдын ирцийг хүрсэн гэж үзэж сонгуулийн дүн гаргах нөхцөл бүрдэх ба харин сонгогчдын ирц тавь буюу түүнээс дээш хувьд хүрээгүй бол сонгуулийн дүн гаргах боломжгүй болж, нэмэлт санал хураал явуулах үр дагавар үүснэ. Мөн дээрх зохицуулалтаас үзэхэд сонгогчдын ирцийг тооцохдоо сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдоос тооцохоор тодорхой хуульчилсан байна...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.10-т “...түр хасав гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй...”, 61.16-д “...сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.10-т заасан түр хасав бүртгэлтэй сонгогчдыг мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасны дагуу сонгогчийн бүртгэлийг сэргээж, сонгуулиа өгсний дараа сонгуулийн нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулан дүнг гаргахыг хуулийн 61 дүгээр зүйлийн 61.16-д заасан заалтаар хориглосон байна. Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасны дагуу сонгогчийн бүртгэлийг сэргээж байгаа нь сонгууль өгөх эрхээр нь хангаж байгаа бөгөөд нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулан нийт сонгогчдын тоонд нэмж оруулан тооцох хуулийн зохицуулалт биш юм.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.5-д заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн байх бөгөөд эрх бүхий этгээдээс сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулж болох “хуульд заасан” нэг тохиолдлыг уг зүйлийн 4 дэх хэсэгт зохицуулжээ.

Тодруулбал, 64 дүгээр зүйлийн 64.4-т “Санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд ... нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдэнэ” гэжээ. Энэхүү заалт нь сонгогчдын нэрийн жагсаалтад дахь иргэний “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээг хүчингүй болгосноор тухайн сонгогчийн нэрийн “бүртгэл” нь сэргэнэ гэж ойлгогдож байна.

Хэрэв Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-ийг хариуцагч болон гуравдагч этгээд нарын маргаж байгаачлан “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ нь хүчингүй болсон сонгогчийг зөвхөн санал өгсөн иргэний тоонд оруулна, харин сонгогчдын нэрийн жагсаалтад оруулахгүй гэж тайлбарлавал “сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлгүй иргэн сонгууль өгч болно” гэж ойлгоход хүргэнэ. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн агуулгатай, тухайлбал уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлнэ” гэсэнтэй нийцэхгүй юм.

Мөн Сонгуулийн тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.10-т ““Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй” гэсэн нь “Түр хасав” гэсэн тэмдэглэгээ нь хүчингүй болсон сонгогчид хамааралгүй юм.

Иймд Сонгуулийн хуулийн дээрх болон холбогдох бусад зүйл, заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хэргийн оролцогч нарын гомдол үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

1. Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбарт бодитой дүгнэлт хийн, хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэсэн байх бөгөөд “хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Нэхэмжлэгч нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, мөн нэг шаардлагаасаа татгалзсан ба тэд нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 7 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн саналын нэгтгэл, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 тоот тогтоолын “7 дугаар хороо буюу Г.Баяраа, П.Давхарбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсныг шүүх хангах үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-т “...Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 7 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэр дэвшигч нарыг сонгогдсон тооцох тухай 16 дугаар тогтоолын дугаар хороо буюу П.Давхарбаяр, Г.Баяраа нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороогоор тус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эс хэрэгсэн өөрөө шууд сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байсан ч нэхэмжлэлийн шаардлага төдийгүй сонгуулийн хорооны эрх мэдэлд халдан өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн...” хэмээн гомдож байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

3. Орон нутгийн сонгуулийн маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1-д заасанчлан тусгай журмаар шийдвэрлэдэг тул хуульд заасан хугацаанд багтаан хэргийг хянан шийдвэрлэх үүднээс процесс ажиллагааны ердийн хугацааг, тухайлбал урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэх зэргийг шүүгчээс хугацаа заан хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй юм. Харин нэхэмжлэлийг гардуулалгүйгээр урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн нь процессын алдаа байх хэдий ч шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч болон гуравдагч этгээд нарт нэхэмжлэлийг гардуулж хариу тайлбарыг авсан байх тул шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц алдаа гэж үзэхээргүй байна. Мөн хэргийн оролцогчдоос гаргасан гэрчээр асуулгах тухай хүсэлтийг шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд “маргаанд нотолгооны ач холбогдолгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгч нараас Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн сонгогчдын ирц тойргийн хэмжээнд хүрээгүй байхад хүрсэн гэж үзсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.3-т заасныг зөрчөөгүй байна. Мөн тэднээс хариуцагчийн энэхүү хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.

5. Хариуцагчаас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан бүх эрхийг хэрэгжүүлэхээр олгосон итгэмжлэлийн талаар төлөөлөгч болон төлөөлүүлэгчийн зүгээс маргаагүй, энэхүү итгэмжлэлийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тул энэ талаарх гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.  

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нараас гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байгаа /1 дүгээр хавтас, 96, 119 дэх тал/ тул процессын зөрчил гараагүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны  өдрийн 963 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0071 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ