Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/487

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох 2034000000645 хэргийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М. Н, , Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, урд ял шийтгэлгүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.Н нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн Уяачдын хороолол 61-ын гарам гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 23-наас 2020 оны 10 дугаар сарын 24-нд шилжих шөнө иргэн С.Пүрэв-Очирын хашаанаас 40 боодол өвсийг нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-04 тал/, хохирогч Д.Мөнхзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-06-07 тал/, гэрч Н.Нямдаваагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11-12 тал/, гэрч Б.Түвшинтогтохоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-14 тал/, “ЭМ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ын эд зүйлийн үнэлгээ хийсэн тэмдэглэл/хх-16-24 тал/, М.Нийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-34-40 тал/, яллагдагч М.Нийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-9-10 тал/, яллагдагч М.Нийн мэдүүлэг /хх-32-33 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Н нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн Уяачдын хороолол 61-ын гарам гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 23-наас 2020 оны 10 дугаар сарын 24-нд шилжих шөнө иргэн С.Пүрэв-Очирын хашаанаас 40 боодол өвсийг нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Мөнхзаяагийн: “...Өвөл уяа морьдоо тэжээх гээд Дорнод аймгийн Хөлөнбөөр сумаас 20.000 боодол өвс авч ирсэн юм. Авчирсан өвснүүдээ хашаандаа хураачихаад туслах уяач Нийг эхнэртэй нь үлдээсэн юм. 2020 оны 10 сарын 25-ны өдөр манай туслах уяач Мөнхбат 80408438 дугаарын утсаар 09 цагийн үед залгаад урьд шөнө 01 цагийн үед хоёр машинтай хүмүүс ирээд манай хашаан дотор байсан өвснөөс ачаад явчихлаа гэж хэлсэн. Би айгаад очиж чадсангүй, портер машин дээр дүүргээд ачаад явсан ойролцоогоор 50 орчим боодол өвс байсан байх гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” Гэх мэдүүлэг /хх-6-7 тал/,

-гэрч М.Нийн: “...Хэд хоногийн өмнө Даваа над руу утсаар залгаад хямдхан өвс байна уу гэж асуухаар нь би болох байх аа гэж хэлээд утсаа тасалсан тэгээд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Даваа руу утсаар залгаад мөнгөний хэрэг байна 5.000 төгрөгөөр хэдэн боодол өвс зармаар байна гэтэл Даваа авахаар болоод бид хоёр орой уулзахаар болсон 00 цаг өнгөрч байхад Даваа утсаар залгаад би ирчихсэн байна гэхээр нь гэрээс гараад очтол Даваа манай баруун талын хашааны гадаа ирчихсэн байхаар нь зам зааж өгөөд хашааныхаа зүүн талд гадаа портер машиныг нь хашаа шахаж зогсоож байгаад Даваатай хамт ирсэн танихгүй 2 залуутай өвс хашаа давуулж ачсан, ачиж дуусаад тэр гурав яваад би гэр лүүгээ орсон.” Гэх мэдүүлэг /хх-9-10 тал/,

Гэрч Н.Нямдаваагийн: “...Би өдрийг нь сайн санахгүй байна хэдэн хоногийн өмнө аймгийн төвд Нацагийн эхнэр Зуунаатай таараад ойр зуурын юм ярьж байтал Зуунаа Сэлэнгэд манай хашаанд өвч буусан хямдхан зарж магадгүй гээд өнгөрсөн. Хэд хоногийн дараа Нацагаатай Зүүндэлгэрт таараад өвс байна уу гэж асуутал байхгүй хэд хоногоос ярья гээд салсан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нацагаа утсаар залгаад мөнгөний хэрэг байна хэдэн боодол хямдхан өгчихмөөр байна гэхээр нь би авъя гээд өдөр нь утсаар ярьж тохиролцоод орой 00 цаг өнгөрч байхад Сэргэлэн суманд ганцаараа өөрийнхөө машинтай ирсэн, манай хүргэн дүү Энхнасанг найзтай нь хамт дуудсан тэр хоёр цэнхэр өнгийн портер машинтай ирсэн тэгээд бид гурав Нацагийн хашааны зүүн талд гадаа нь зогсож байгаад Насан Нацагаа бид гурав өвс ачсан ачиж дуусаад явах гэтэл портерын урд дугуй хагарсан байсан би сумын төв ороод цэцэрлэгийн галч Гадас ахаас запас дугуйг аваад буцаж ирээд сольж тавиад хөдөө манай гэрт ирээд өвсөө буулгасан.” Гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,

Гэрч Б.Түвшинтогтохын: “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед найз Энхнасан Сэргэлэн сумаас өвс ачаад хөдөө хадам ахын өвөлжөө рүү буулгах гэсэн юм ачааныхаа машиныг өгөөч гэхээр нь би өөрөө бариад хамт явсан. Бид хоёр сумын төвд очоод хадам ах Даваатай уулзсан, Даваа ах нь энэ хашаанаас өвс ачна гээд сумын төвийн баруун талд байдаг сүүлд баригдсан блокон хашааны зүүн талд хашааны гадна зогсож байгаад Энхнасан, Даваа тэгээд бас нэг танихгүй хүн байсан тэгээд тэр 3 өвс ачсан ачиж дуусаад хөдлөх гэтэл миний машины баруун урд дугуй хагарчихсан байсан Даваа ах сумын төвөөс дугуй авчраад сольж тавиад нөгөө танихгүй залуу үлдээд Насан бид хоёр миний машинтай, Даваа ах өөрийнхөө машинтай бид гурав сумын төвөөс зүүн тал руу хөдөө өвөлжөөн дээр нь буулгачихаад Насан бид хоёр Төв аймаг руу гэртээ ирсэн.” Гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

 “ЭМ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/455 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан/хх-16-24 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч М.Н нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн Уяачдын хороолол 61-ын гарам гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 23-наас 2020 оны 10 дугаар сарын 24-нд шилжих шөнө иргэн С.Пүрэв-Очирын хашаанаас 40 боодол өвсийг нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч М.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч М.Н-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн Уяачдын хороолол 61-ын гарам гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 23-наас 2020 оны 10 дугаар сарын 24-нд шилжих шөнө иргэн С.Пүрэв-Очирын хашаанаас 40 боодол өвсийг нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мөнхзаяад учруулсан 400.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

 

            Шүүх шүүгдэгч М.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Н-д хорих ял оногдуулалгүй, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

        

           Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М. Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ийг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

              5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              6.Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ