Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/222

 

 

                                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2019/0219/Э/219/2019/0046

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ын хууль ёсны төлөөлөгч Б.Сэржмаа,

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Г.Б-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нарын өмгөөлөгч Б.Цэдэндамба,

Шүүгдэгч Б.Ц-, Г.Б-,

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаазгай овогт Гүнтэвийн Батцэнд, Шаазгай овогт Батцэндийн Өсөхбаяр, Хасгууд овогт Басангийн Цэдэндорж нарт холбогдох эрүүгийн 1818008350162 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Г.Б/, суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 9, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

2.Монгол Улсын иргэн, Б.Ц, төрсөн 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

3.Монгол Улсын иргэн, Б.Ө, төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 9, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нар нь бүлэглэн, 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Мөнгөт толгойн ар” гэх газарт байх тариан талбайгаас иргэн Б.Ч-гийн хураасан 126 кг улаан буудайг иргэн Г.Отгонбаярын өмчлөлийн 79-17 ДАХ улсын дугаартай “Хюьндэй портер” маркын бүхээгтэй ачааны машиныг ашиглан, хулгайлан авч 124500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр оторт яваад 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 23:00 цагийн орчимд утас дуугарахаар нь аваад хүүхдэдээ утсыг дамжуулж өгсөн. Тэгээд Б.Ө- утсаар яриад гарч яваад 5 шуудай будаа авчирсан.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл би тариан талбайд манаачаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.Ө- гэх хүү хааяа үхэр, малаа асууж надтай утсаар ярьдаг байсан. Тэгээд надад будааны хог гарвал өгөөрэй гэж хэлсэн. Ийнхүү 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр комбайнаас унасан будааны хогийг шуудайлаад Б.Ө- руу залгахад завгүй байна гэсэн. Тэгээд орой би Б.Ө- луу дахиж залгаад 5 шуудай будааг хашааны доор бөөгнүүлсэн байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

 

-Өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Ц- гуай залгахаар нь би “хонио услаад завгүй байна.” гээд тасалсан. Тэгээд орой дахин утас дуугарахад аав надад утсыг дамжуулж өгсөн. Тэгээд ярьтал Б.Ц- гуай 5 шуудай будаа пойлны доор байгаа гэж хэлсэн. Авахаар очиход 6 шуудай будаа байсныг нь аваад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар  сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар  сарын 20-нд шилжих шөнө тариа хураалт 20-30 хувьтай явж байсан. Би “Түрүү шим” ХХК-нд хувьцаа эзэмшдэг. “Түрүү шим” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Мөнгөт толгойн ар” гэх газарт 274 га газрыг эзэмшдэг юм. Би 2018 оны 10 дугаар  сарын 19-ний орой байгаагүй Хушаат руу комбайны сэлбэгэнд явсан, манай нөгөө залуу түлшинд явж, Цэдэндорж үлдсэн байсан. Цэдэндорж тэр хооронд шүүгдэгч нартай утсаар холбогдож будаа хулгайлсан байсан.

...өнгөрсөн өвөл энэ хэдийн дүү нь гээд нэг залуу утсаар яриад “бид нар өмгөөлөгчтэйгөө яриад 6 шуудай будаа хулгайлсан гэж мэдүүлэг өгсөн байгаа, та тэгж мэдүүлэг өгөөрэй” гэж хэлж байсан.

...хэдий хэмжээний будаа хурааж, хэдий хэмжээний будаа алга болсон гэдэг нь комбайны жолооч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Миний хувьд алдсан будаагаа харин ч бага үнээр үнэлж нэхэмжилсэн.

...тариа хураалтын үеэр намайг ажлын гэрт байхад Батцэнд эхнэртэйгээ гэрийн гадаа ирээд Цэдэндоржид хандаж “тэжээлийн будаа мэдэж байгаарай” гэж хэлэхэд нь Цэдэндорж “чиш, гэрт хүн байгаа” гэж хэлж байсан тохиолдол ч байгаа.

...тэр шөнө будаа хулгайлж 2 удаа явсан гэдэг нь тодорхой байгаа. Учир нь эд нар машины гэрлээ унтрааж явж байсан болохоор тарианы хашааг 2 удаа мөргөж, хашааг эвдсэн байсан.

...миний хувьд хуулийн байгууллагын өмнө худлаа хэлэх ямар ч шаардлага байхгүй. Харин энэ хэд ямар үйл явдал болсон талаар үнэн зөвөөр ярьсан нь дээр байх. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарт хамгийн багаар ял шийтгэж өгнө үү гэж хүсч байна.

...би Цэдэндорж гэдэг хүнийг сарын 500000 төгрөгийн цалинтайгаар тариан талбайн сахиулаар ажиллуулж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35, 37-38, 238-239, 2 дугаар хавтаст хэргийн 158-159/,

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-13, 2 дугаар хавтаст хэргийн 74-77/,

-7917 ДАХ улсын дугаартай “Хуайндай портер” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 14-17/,

-Г.Б-, Б.Ц- нарын гар утаснуудын гадагш хийсэн дуудлагуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 18/,

-88381068 дугаартай Б.Ц-, 89224079 дугаартай Б.Сэржмаа нарын гар утасны орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 20-24/,

-Гүнтэвийн Батцэндийн 93209451 дугаарын утасны орсон гарсан яриа, мессежний дэлгэрэнгүй болон эзэмшигчийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 26-27/,

-Өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ын нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 28/,

 

-Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чойжилсүрэн “будаанаас хураагаад өгөөч” гэхээр нь ажилд нь туслах гэж очсон. Тэгээд будаа хураалцсан. Би тэр өдөр Жаргалсайхан ахтай будаа хурааж байсан. Будаа хурааж байсан газар будааг нь ачих машин байхгүй, гэр барьсан газрын урд хэсэгт будааг цэнхэр бүтээлэг дэвсээд буулгасан байсан. Тэр газарт 3 удаа бүтэн комбайнаар, 1 удаа талаас дээгүүр буулгасан, тэгээд орхисон байсан.

...миний унаж байсан комбайн Орос улсад үйлдвэрлэсэн “Нива” маркын комбайн байсан. Нэг удаа дүүргээд буулгахад 2 тонн гаран буудаг.

...маргааш өглөө нь нилээн будаа алга болчихсон байсан. Би хичнээн будаа алга болсон гэдгийг анзаараагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45/,

 

-Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим “Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас будаа хураагаад өг” гэж Чойжилсүрэнг дуудахаар нь очсон өдрөө будаан талбай дээрээ ажилласан. Шөнө манай талбай дээр буулгасан будаанаас алга болсон байсан байна лээ. Бид нар шөнө 03 цаг өнгөрөөгөөд буугаад гэртээ очиж амарцгаасан.

...Тэр шөнө би хурааж байсан будаагаа гэрийн гадаа буулгасан. Очсон өдрөө би 4 тонн гаран будаа буулгасан байхаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-47/,

 

-Гэрч Н.Ж-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар хураасан будаагаа ачих машин олдохгүй талбай дээр цэнхэр бүтээлэг дэвсээд буулгаж байсан.

...миний явж байсан комбайн Оросын “Нива” маркийн комбайн юм. 1 удаа дүүргээд буулгахад 2 тонн ордог. Би тэр өдөр 3 удаа буулгасан. Тэгэхээр 7 тонн орчим будаа тэр газар байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-50/,

 

-Гэрч П.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг үүрээр тариан талбай дээрээ 4-5 цагийн үед байж байхад нэг гэрлээ унтраасан машин манай тариан талбайн хашааны цаад талаар явж байсан. Би машин дотроо сууж байсан. Тэгээд энэ хүмүүс манай хашааны торон хаалга онгорхой орхисон байна гээд би ирж байсан машины өөдөөс нь зөрж очоод хартал манай хашааны хаалга онгорхой орхисон байсан. Тэгээд би өөрөө очоод хаалгаа хаагаад буцсан. Очиж байхад надтай хажуу талаар 6 метр зайтай өнгөрсөн. Би харахдаа портер маркын машин байна гэж анзаарсан. Ямар ч байсан бүхээгтэй машин байсан. Үүр сайн цайгаагүй, харанхуй байсан. Би тэр машины дугаар, маркыг нь анзаарч хараагүй.

...яг хэдэн удаа явсан талаар нь бол мэдэхгүй байна. Миний харснаар бол надтай нэг л удаа таарсан, цагийг нь тодорхой сайн мэдэхгүй байна. 3-5 цагийн хооронд л би тэгж таарсан. Ямар ч гэсэн бүхээгтэй машин байсан. Харанхуй байсан, уг нь бол их ойрхон өнгөрсөн юм. Тэр машин гэрэлгүй явж байсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52, 2 дугаар хавтаст хэргийн 188/,

 

- Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...9717 ДАХ улсын дугаартай машин нь миний нэр дээр байдаг. Би 2 жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор суманд байдаг Г.Б-, Г.Баттөр гэх ах, дүү хоёртоо хэрэглэж бай гээд өгсөн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53/,

 

-Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 сарын 19, 20-ны өдрүүдэд гэртээ байгаагүй юм. Манай нөхөр Батцэнд, манай хүү Өсөхбаяр нар байсан юм. Би Дарханд дөнгөж сургуульд орсон 6 настай хүүхэд дээрээ очоод хэд хонож байсан юм. Тэгсэн намайг байхгүй хойгуур ийм асуудал болсон байна лээ. Миний 89224079 гэсэн дугаар хөдөө гэрт байсан юм. Ямар учиртай юу ярьсныг нь би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58/,

 

-Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 2450 000 төгрөг байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 61-62/,

 

-Үнэлгээнд хамрагдсан дээрхи автомашины зах зээлийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 3200000 төгрөг байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 72-73/,

 

-Хохирогч Б.Ч-д хохирол төлбөр болох 2450000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн банкны баримт /1 дүгээр хавтаст хэргийн 174/,

 

-“Хохирол болох 2450000 төгрөгийг Г.Б-ээс авсан. Иймд миний бие хохиролгүй болсон тул гомдол саналгүй.” гэх хохирогч Б.Ч-гээс гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 175/,

 

-Хохирогч Б.Ч-гээс гаргаж өгсөн “Спирт бал бурам” ХХК-нд 2018 онд тарьж ургуулж тушаасан буудайн чанарын үзүүлэлтийн баримт бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 181-185/,

 

-.... ДАХ улсын дугаартай хюьндэй портер маркын тээврийн хэрэгслийн бодит жин нь 2680 кг, нийт хувийн жин нь 1680 кг, ачааны зориулалттай 1 тн даацтай тээврийн хэрэгсэл болно.

.......ДАХ улсын дугаартай хюьндэй портер маркын тээврийн хэрэгсэл 5 тн улаан буудай тээвэрлэх боломжгүй.” гэх техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 62-64/,

 

-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 68-73/,

 

-“...Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ нь 2018 оны 10 дугаар сарын байдлаар 124500 төгрөг байна.” гэх 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 79-82/,

 

-Шинжээч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шинжилгээ хийхэд 7917ДАХ улсын дугаартай хюьндэй портер маркын тээврийн хэрэгслийн ачааны эзлэхүүн нь 4 м3 байсан. Уг тээврийн хэрэгслийн ачаанд улаан буудай ачихад ойролцоогоор хуурай буудай 1.5-1.6 тн ачих боломжтой. Нойтон буудай ачвал 1.8 тн орчмыг ачих боломжтой.

...уг тээврийн хэрэгсэлд 5 тн улаан буудай тээвэрлэх боломжгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 93-94/,

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 173-176/,

 

-Тариа хураасан гэх комбайнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 177-179/,

 

-6 шуудай будаа битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 181-185/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлалаа.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, шүүгдэгч Г.Б-ийн эхнэр Б.Сэржмаа нарын гар утаснуудын гадагш хийсэн дуудлагуудад үзлэг хийсэн тэмдэглэлээр /1 дүгээр хавтаст хэргийн 18, 20-24, 26-27/ эдгээр утасны хооронд тодорхой хэмжээгээр дуудлага хийж, мессэж бичиж байсан боловч энэ нь тэжээлийн будаа хулгайлах талаар харилцан ярилцсан гэдгийг шууд нотлох баримт биш юм.

 

Мөн шүүгдэгч Б.Ц- нь 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө шүүгдэгч Г.Б-ийн эхнэр Б.Сэржмаагийн эзэмшлийн 89224079 дугаарын утсаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-тай холбогдож “тэжээлийн будаа ирж ав” гэж ярилцсан талаар шүүгдэгч нар маргаагүй бөгөөд энэ ажиллагаанд шүүгдэгч Г.Б- оролцсон эсэхийг хангалттай нотолж чадаагүй бөгөөд шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх талаар эргэлзээ төрж байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ц- нь хохирогч Б.Ч-гийн эзэмшлийн тариан талбайн харуулаар ажиллах талаар хохирогч Б.Ч-тэй амаар тохиролцон, сард 500000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь шүүгдэгч Б.Ц- болон хохирогч Б.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Цэдэндорж гэдэг хүнийг сарын 500000 төгрөгийн цалинтайгаар тариан талбайн сахиулаар ажиллуулж байсан.” гэх мэдүүлгээр /2 дугаар хавтаст хэргийн 158-159/ нотлогдож байна.

 

Хэрэг учрал болох үед тариан талбайгаас хурааж буулгасан будааг шүүгдэгч Б.Ц-ид итгэмжлэн хариуцуулж өгсөн талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй боловч тэрээр тариан талбайн сахиулаар ажиллаж, цалин авч ажиллаж байсан тул талбайгаас хураасан будааг тариан талбай дээр буулгаснаар тэрээр тухайн будааг харж хамгаалах үүрэг үүсэж байгаа бөгөөд бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завших, захиран зарцуулах эрхгүй юм.

 

Гэтэл шүүгдэгч Б.Ц- нь хохирогч Б.Ч-гийн эзэмшлийн будааг үрэгдүүлэх, завших, захиран зарцуулах эрхгүй атлаа өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т 6 шуудай буюу 124500 төгрөгийн будаа өгсөн болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ц-ийн үйлдлийн улмаас бага хэмжээнээс доош буюу 124500 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Б.Ц-ид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ын хувьд шүүгдэгч Б.Ц-оос будаа авах талаар харилцан ярилцаж, Г.О өмчлөлийн 79-17 ДАХ улсын дугаартай “Хюьндэй Портер” маркын бүхээгтэй ачааны машиныг ашиглан, 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Мөнгөт толгойн ар” гэх газарт байх тариан талбайгаас иргэн Б.Ч-гийн хураасан 126 кг улаан буудайг хулгайлан авч, 124500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж, бусдад 124500 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.Ч- нь “хохирол болох 2450000 төгрөгийг Г.Б-ээс авсан. Иймд миний бие хохиролгүй болсон тул гомдол саналгүй.” гэх хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 175/ гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд мөн байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, ар гэрийн амьдралын нөхцөл байдал, нас, сэтгэхүйн онцлог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 79-17ДАХ улсын дугаартай, “Хуайндай портер” маркийн бүхээгтэй ачааны машин нь ГБ нэр дээр бүртгэлтэй /хэргийн 15/ байгаа бөгөөд уг автомашин нь 3200000 төгрөгийн үнэтэй болох нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 72-73/ нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 3200000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Б.Ө-, хууль ёсны төлөөлөгч Б.Сэржмаа нараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б-, Б.Ц- нар нь энэ хэрэгт 71 хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Ч- нь хохирлоо бүрэн авсан бөгөөд энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн 6 шуудай будаа нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө байх тул 6 шуудай будаа битүүмжилсэн прокурорын тогтоолыг /2 дугаар хавтаст хэргийн 181-185/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, 6 шуудай будааг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт Б.Ц, Г.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Ц, Г.Б нарыг цагаатгасугай.

 

2.Өсвөр насны шүүгдэгч Б.Ө-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж, ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хойшлуулсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-, хууль ёсны төлөөлөгч Б.Сэржмаа нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3200000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Ц-, Г.Б- нар нь энэ хэрэгт 71 хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол 6 шуудай будаа битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, 6 шуудай будааг улсын орлого болгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б-, Б.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ