Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/00083

 

 

 

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/00083

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х С” ХХК,

 

Хариуцагч: Б.Ц нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиол 43 730 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг  хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр "Х С" ХХК-тай "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан 89 000 000 төгрөгийн өртөг бүхий сендвичэн барилгыг бариулсан. Гэрээний 3.1-т заасан хугацаанд барилгыг хүлээн авах ёстой байсан боловч бага зэргийн саатлын улмаас 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр барилгыг хүлээн авсан. Барилгыг хүлээн  авах үед ямар нэгэн доголдол шууд мэдэгдэх боломжгүй байсан. Миний зүгээс төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан. Ингээд барилгыг хулээн аваад дотор сан болон дулааныг тавьж 2015 оны 10 дугаар сарын 25-ны  өдөр барилгаа  түрээслүүлсэн. Энэ хугацаанд бага зэргийн дусаал гоожиж байсан, шинээр хийгдсэн учир ингэж байгаа  юм байх гэж байтал удалгүй хүйтэрч, цас ороод дээврээс дусаал гоожихоо больсон. Өвлийн хүйтэнд ямар нэгэн зүйл мэдэгдээгүй бөгөөд харин хавар дулаараад цас хайлах үеэс дээврээс дусаал гоожиж эхэлсэн. Энэ үед Ц-тай яриад “их хэмжээгээр дусаал гоожоод байна” гэхэд ирж силикон шахаж өгсөн. Гэвч зун болж бороо орохоор их хэмжээгээр дусаал гоожиж эхэлсэн тул дахиад Ц-тай удаа дараа ярьж байж 2 удаа ирсэн, тэгээд ажилчдаа дээвэр рүү гаргаад зассан. Тухайн үед би Япон улсад байсан бөгөөд түрээслэгч Б над руу ярьж, бид 2 Ц-т хэлж байсан. Гэвч засвар нь үр дүнгүй болсон учраас дахин янзалж өгөхийг хүсэхэд “одоо манайд хамаагүй” гээд ирээгүй. Иймээс миний бие мэргэжлийн хяналтын газарт хандсан боловч Мэргэжлийн ерөнхий газрын даргын 505  тоот  тушаалаар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс дүгнэлт гаргахаа больсон гэсэн  хариуг амаар өгсөн. Иймд доголдлын талаар "Ю Би Пропертиз" ХХК-иар дүгнэлт гаргуулсан. Миний бие 89 000 000 төгрөгийн өртөг бүхий 330 м.кв барилга бариулсан бөгөөд “Х С” ХХК нь барилгыг чанартай хийж гүйцэтгэж өгнө гэсэн боловч барилгын ажил зураг болон далд ажлын актыг үйлдээгүйгээр барахгүй өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ авах боломжгүй байна. Ю Би Пропертиз ХХК-иар зөвхөн дээврийг дахин солиход шаардлагатай үнэлгээг гаргуулсан. Гэтэл уг  барилгын суурь муу тавигдсан учраас  шал нь маш их хагаралтай, хаяавч цементүүд бутарсан, хаалга буруу суурилснаас эвдэрч засахад их хэмжээний хөрөнгө шаардаж байна. Том хаалга  резенин жийргэвчүүд тасарсан. Том хаалганы доор маш их хэмжээний зай гарсан урчаас дулаан алдалт ихтэй, ролик замууд эвдэрсэн байдалтай байна. Түүнчлэн уг компани солонгосын  сендвичээр  хийж гүйцэтгэнэ гэсэн боловч зөвхөн  4 ханыг солонгос сендвичээр хийж, дээврийг хятадын хямдхан, чанарын шаардлага хангахгүй материалаар хийж захиалагчийг хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулсан. Ер нь чанарын шаардлага хангасан зүйл байхгүй болох нь одоо байгаа их эвдрэл  гэмтлээс харагдаж байна. Иймд "Х С" ХХК  болон  Б.Ц нараас ажил  гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 43 730 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ц.М нь 2015 оны 6-р сарын 30-ны өдөр Х С ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 89 000 000 төгрөгийн үнэ бүхий сэндвичэн барилга  бариулсан. Барилгыг 2015 оны 9-р сарын 15-ны өдөр хүлээн авсан. Тухайн үед барилгыг хүлээн аваад доголдлыг мэдэх боломжгүй байсан. Х С ХХК барилгын дээвэр шал, хана хаалга зэрэг угсралтыг хийж барилгыг босгосон. Харин барилгын доторх сантехник, дулааныг Ц.М нь өөр газартай гэрээ хийж хийлгэсэн. Гэтэл барилгын ашиглалтын явцад дээврээс дусаал гоожиж эхэлсэн бөгөөд өвлийн улиралд мэдэгдээгүй, хавар болж цас хайлахад, зуны улиралд бороо ороход дусаал гоожсон. Тухайн үед Ц.М нь Япон улсад байсан. Тус барилгыг бусдад түрээслүүлсэн бөгөөд түрээслэгч, Ц.М нар нь Х С ХХК, Б.Ц нартай удаа дараа ярьж байж дусаал гоожоод байгаа хэсгийг 2, 3 удаа засварлуулсан. Энэ засвар нь бол амжилттай болоогүй. Мэргэжлийн хяналтын газраар үнэлүүлэх гэсэн боловч улсын комисс хүлээн аваагүй барилгыг бид үнэлэх боломжгүй гэсэн тул хөрөнгийн үнэлгээний компаниар дүгнэлт гаргуулсан. Ц.М-ийн барилга 330 м.кв талбай бүхий 15х22 хэмжээтэй барилга бариулсан. Барилгын зураг төсөлгүй барилгыг Х С компани барихдаа ил, далд ажлын актыг үйлдээгүйгээс гэрчилгээг авах  боломжгүй нөхцөл байдал үүссэн. Барилгын дээврийг дахин солих шаардлагатай, шал нь маш муу, хаалга буруу суурилагдсан учраас хугарч унасан, дулаан алдалт ихтэй, ханаа дагаад дусаал гоождог. Барилгын 4 ханыг солонгос сэндвичээр хийж, дээврийг нь чанарын шаардлага хангаагүй материалаар хийсэн. Бид хохирол 43 730 000 төгрөгийг нэхэмжилж энэ дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн.  Нэхэмжлэгч бид ярилцаад шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндэслэлээ өөрчилж байна. Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилуулж, дүгнэлт гарсан. Дүгнэлтээр дээвэр болон ус зайлуулах суваг буруу хийгдсэн гээд 1 854 110 төгрөг, дотор засварын зардлын хамт 2 137 850 төгрөгийн зардал гарахаар тооцсон. Нэхэмжлэгч үнэлгээ хийлгэхэд 300 000 төгрөг төлсөн, хаалга эвдэрч солисон 1 500 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд  4 500 000 төгрөг төлсөн нийт 8 437 850 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээг хийхдээ гүйцэтгэгчийг төлөөлж Б.Ц гэрээ хийсэн учраас хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжилж байгаа үнийн дүнгээ 50, 50 хувиар нь гаргуулмаар байна гэв.

 

Хариуцагч Х С ХХК-ийг төлөөлж Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээг захиалагчийн хүсэлтээр, зураг төсөл байхгүй байхад хийсэн. Барилгын ханыг солонгос сэндвичээр, дээврийг Монгол материалаар хийсэн байгаа. Бид нар удаа дараа очиж дээврийн дусаалга, эвдрэлийг засч өгсөн. Уг барилгыг барихад 5 үндсэн ажлаас бүтсэн. Бид нар агааржуулах систем заавал хийлгэхийг санал болгож, маш сайн захиж хэлсэн. Анхнаасаа Вьетнам авто засвар ажиллуулдаг газар байсан, хуучин барилгыг буулгаж цоо шинээр барилга барьсан. Уг барилгыг барьж байхад ямар үйл ажиллагаа явуулахаа хэлээгүй. Дараа нь машин угаалгын газар түрээслүүлж ажиллуулсан байсан. Агааржуулагчгүй учраас чийгтэй орчин маш их цана цохисон, цанталт нь дусаал болоод гоождог. Одоо түрээсийн үйл ажиллагаа явагдаж байна. Харин шинжээч очсоны дараа агааржуулалтын төхөөрөмж тавьсан байсан. Чанарын шаардлага хангасан барилга болсон. Шинжээчийн дүгнэлтээр 1 854 110 төгрөгийн зардал гаргаж засах боломжтой гэсэн дүгнэлт гарсан, үүнийг зөвшөөрч байна гэв. 

 

Хариуцагч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Б.Ц-аас мөнгө нэхэмжилж нэхэмжлэл гаргасан байна. Б.Ц нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд, Ц.М нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа. Д.Билэгсайхан гэдэг хүний барилгыг Ц.М хариуцаж бариулсан. Нэхэмжлэлийг Д.Билэгсайхан гаргах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 349.1 дэх хэсэгт гомдол гаргах хугацааг 6 сараар тогтоосон. Барилгын шаардлагатай холбоотой гомдлыг 3 жил дотор гаргах ёстой. Барилгат улсын бүртгэлийн гэрчилгээ, зураг төсөл байхгүй албан ёсоор барилга байгууламж гэж үзэх баримт байхгүй байна. Гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Маргаж байгаа нь солонгос улсад үйлдвэрлэсэн хавтангаар барих байсан боловч хятад материалаар барьсан гэдэг. Ажил гүйцэтгэх гэрээний  3.6 дахь хэсэгт аль нэг улсын сендвичээр  барина гэж тохироогүй, шинэ материалаар  барина гэж тохирсон. Захиалагч зураг төсөл гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөлгүй зураг төсөлгүй барилга барьсан гэж үзсэн. Эдгээр шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.М нь “Х С” ХХК, Б.Ц нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирол 43 730 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8 437 850 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба нэхэмжлэлийн шаардлагаас 2 137 850 төгрөгийг Х С  ХХК-иас хангуулахаар хангаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болон хариуцагч Б.Ц-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Ц.М нь  Х С ХХК-тай 2015 оны 06-р сарын 30-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж 15х22 хэмжээтэй сендвичэн барилгыг бариулах, захиалагч ажлын хөлсөнд 88 000 000 төгрөг төлөх, ажил гүйцэтгэгч барилгыг 2015 оны 7-р сарын 14-ний өдрөөс 2015 оны 8-р сарын 5-ны дотор барьж хүлээлгэн өгөхөөр /хх 20-22/ тохирчээ.

 

            Ажил гүйцэтгэгч  Х С ХХК-ийг төлөөлж Б.Ц гэрээ байгуулсан байх ба  гүйцэтгэгч нь Хан сурагсан ХХК, ажлыг тухайн компани хийж гүйцэтгэсэн, энэ талаар талууд маргаагүй байна. Харин Б.Ц иргэнийхээ хувьд гэрээ байгуулаагүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...Ц.М нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

 

            Ажил гүйцэтгэгч Х С ХХК нь ажлыг гүйцэтгэж 2015 оны 9-р сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн, захиалагч ажлын хөлс 89 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй байна.

 

            Харин нэхэмжлэгч нь барилгын доголдлын талаар, өөрөөр хэлбэл, дээврээс ус гоождог, хаалга буруу суурилуулснаас эвдэрч сольсон” талаар маргаж, доголдлыг арилгуулахаар шаарджээ.

 

            Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ю Би Пропертиз ХХК-иар авто угаалгын газар ажиллуулж байгаа гэх сендвичэн барилгын дээвэр солих, камер солих ажлын хохирлыг 43 427 161 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг нотлох баримтаар /хх 5-19/ гаргасан байх ба дүгнэлтийг захиалагчийн хүсэлтээр хийсэн, бодит байдалд нийцсэн эсэх нь эргэлзээтэй.  

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2017 оны 11-р сарын 23-ны өдрийн 838 тоот дүгнэлт гаргахдаа талуудыг оролцуулан үзлэг хийж, дээврийн ажил доголдолтой эсэх, доголдол гүйцэтгэлийн улмаас, эсхүл ашиглалтын улмаас үүссэн эсэхийг тогтоосон, үндэслэл бүхий дүгнэлт гэж /хх 118-1136/ дүгнэлээ.

 

Барилгын дээвэр чанарын доголдолтой, энэ нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой, засварын ажлыг хийж гүйцэтгэхэд 2 137 850 төгрөгийн зардал гарахаар тооцсон байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Бусад зардал нь ашиглалтын явцад үүссэн засвартай холбоотой байна.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч үнэлгээ хийлгэхэд 300 000 төгрөг төлсөн /хх 72/ нь хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас доголдлыг арилгах бодит зардал биш, хаалга эвдэрч солисон гэх 1 550 000 төгрөгийн баримт нь /хх 158/ нь худалдан авсан хаалганы талаарх баримт болох нь тодорхойгүй, худалдан авагч тодорхойгүй, Х С ХХК-ний гүйцэтгэсэн ажлын доголдол гэх баримт хэрэгт авагдаагүй, улмаар авто угаалгын газарт хаалгыг суурилуулсан гэх 160-174 дэх талд авагдсан фото зурагнууд нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул Х С ХХК-тай холбоотой гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.М нь 2017 оны 05-р сарын 30-ны өдөр өмгөөлөгч Р.П-тай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, өмгөөлөгч нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцох, гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг харилцан жич тохирохоор /хх 67/, 2017 оны 12-р сарын 18-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, ажлын хөлс 4 300 000 төгрөг төлөхөөр тохирсон /хх 175-176/ байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь биелүүлэх үүрэгтэй, үйлчлүүлэгч 4 300 000 төгрөгийн хөлсийг өмгөөлөгчид төлсөн нь баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаас,  үүнийг ажил гүйцэтгэх гэрээний улмаас  учирсан хохиролд тооцох үндэслэлгүй.

 

 Хэрэгт авагдсан СД бичлэг нотлох баримтын шаардлага хангаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 352-р зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан сурагсан ХХК-иас 2 137 850 /хоёр сая нэг зуун гучин долоон мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж Ц.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 6 300 000 төгрөгийн нэхэмжлэл болон хариуцагч Б.Ц-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376 600 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Х С ХХК-иас 49 188 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА