| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0176/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/223 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0176/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Д.М-, Т.А- нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Ж.Я-, Б.У- нарын өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч А, М, У, Я нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А, М, У, Я нарт холбогдох эрүүгийн 2018002100164 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Т.А 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
2.Монгол Улсын иргэн, Д.М 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй
3. Монгол Улсын иргэн, Б.У 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
4.Монгол Улсын иргэн, Ж.Я, 1978 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковатрын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А, М, У, Я нар нь бүлэглэн, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэгээн устын цэхэр цөөрөм” гэх газраас хууль бусаар ашигт малтмал хайж 4.2 грамм алт олборлосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Т.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Уртнасан, Ядам, Мягмар бид нар “Цэхрийн аманд алт гарч байна гэнэ, очиж алт ухъя.“ гэж хоорондоо ярьж тохироод, хүнсээ цуглуулаад нэг пажеро маркын машиныг жолоочтой нь хөлс мөнгөө тохироод Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг болох “Цэгээн Уст цэхрийн ам“ гэх газар хүргүүлсэн юм. Тэгээд бид нар тэнд очоод нэг хуучин ухсан байсан нүхийг цааш нь үргэлжлүүлэн ухаж, шороог нь гаргаж ирж угааж байсан юм.
...Хохирол төлбөр төлсөн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг болох “Цэгээн Уст цэхрийн ам“ гэх газар хүргүүлсэн юм. Бид нарыг тэнд очиход хэсэг хүмүүс ухаж байгаад яваад өгсөн юм. Тэгээд бид нар шөнө болохоор нь тэд нарын ухаж байсан нүх рүү орж цааш нь үргэлжлүүлэн ухаж шороог нь гаргаж ирж угааж байсан юм. Ариунболд, Ядамаа хоёр тэр ухсан нүх рүү орж шороо ухаж гаргаж ирээд Уртнасан бид хоёр татаж гаргасан шороогоо угааж, гарсан алтыг нь цуглуулж байсан юм. Тэгээд байж байхад шөнө цагдаа нар ирсэн юм.
...Хохирол төлбөр төлсөн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Б.У-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А, Я, Мягмар бид нар “Цэхрийн аманд алт гарч байна гэнэ, очиж алт ухъя” гэж хоорондоо яриж тохироод, хүнсээ цуглуулаад нэг пажеро маркын машиныг жолоочтой нь хөлс мөнгөө тохироод Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг болох “Цэгээн Уст цэхрийн ам“ гэх газар хүргүүлсэн юм. Бид нар тэнд очоод хуучин ухсан байсан нүхийг цааш нь үргэлжлүүлэн ухаж шороог нь гаргаж ирж угааж байсан юм. Ядам, Ариунболд хоёр нүх рүү орж шороо ухаж гаргаж ирээд, Мягмар бид хоёр шороогоо угааж, гарсан алтыг нь би цуглуулж байсан юм. Тэгээд байж байхад шөнө цагдаа нар ирсэн юм.
...Хохирол төлбөр төлсөн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Ж.Я-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ байж байхад Ариунболд, Мягмар, Уртнасан нар ирсэн юм. Тэд нар надад “Цэхрийн аманд алт гарч байна гэнэ, очиж алт ухъя“ гэж хэлсэн юм. Би хэдэн төгрөг хэрэгтэй юм гэж бодоод тэд нартай хамт явахаар болсон юм. Тэгээд бид нар хүнсээ цуглуулаад нэг пажеро маркын машинаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг болох “Цэгээн Уст цэхрийн ам“ гэх газарт очиж нэг хуучин ухсан байсан нүхийг цааш нь үргэлжлүүлэн ухаж, шороог нь гаргаж ирж угааж байсан юм. Бид нар угаасан шорооноос гаргаж ирсэн алтаа Уртнасанд өгч бөөгнүүлж цуглуулж байсан юм.
...Хохирол төлбөр төлсөн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8/,
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэгээн устын цэхэр цөөрөм” гэх ам буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-13/,
-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 70 см урттай төмөр лоом 1 ширхэг, 30 см урттай, хоёр талын үзүүрийг тахийлгасан төмөр /осков/ 2 ширхэг, ногоон өнгийн хуванцар төмпөн 2 ширхэг, 3.38 грамм алт зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 25/,
-“...Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Хүйтний голын “Цэгээн устын цэхэр цөөрөм” гэх газарт зөвшөөрөлгүй хууль бусаар газрын хэвлийд халдсан гэх нийт 1.58м2 бүхий 2.1 м гүнтэй талбайд газрын хэвлийд учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцоход байгаль орчинд учруулсан хохирол нь нийт 75282 төгрөг байна.” гэх газрын хэвлийд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар тооцсон шинжилгээний дүн /хавтаст хэргийн 27-28/,
-“гулдмайн жин 3.38” гэх Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн /хавтаст хэргийн 37/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хонгор сумын 2 дугаар баг “Цэхэр цөөрөм” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ажиллаж байсан Д.М-, Ж.Я-, Б.У-, Т.А- нараас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчинд учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож нөхөн төлүүлмээр байна. Хууль бусаар газрын хэвлийд халдаж, эвдэгдсэн талбайг нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг нэмж төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43/,
-Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... орчны гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын нутаг дэвсгэрээр хяналт шалгалт хийж эргүүлээр явж байхад 2020 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг өнгөрч байхад үед Хонгор сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цэгээн Уст цэхрийн ам” гэх газарт Шарын гол сумын харьяат иргэн Т.А-, Б.У-, Д.М-, Ж.Я- нар нь хууль бусаар газрын хэвлийд халдаж, гар аргаар алт олборлож байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/,
-Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг өнгөрч байхад үед Хонгор сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цэгээн Уст цэхрийн ам” гэх газарт Шарын гол сумын харьяат иргэн Т.А-, Б.У-, Д.М-, Ж.Я- нар нь хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар алт олборлож байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/,
-Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг өнгөрч байхад үед Хонгор сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цэгээн Уст цэхрийн ам” гэх газарт Шарын гол сумын харьяат иргэн Т.А-, Б.У-, Д.М-, Ж.Я- нар нь хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар алт олборлож байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн. Тухайн олборлолт хийж байсан газар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хэргийн газрын үзлэг хийж зургаар баримтжуулан олборлолт хийж байсан багаж, хэрэгслүүдийг хураан авсан. Тухайн иргэдээс гаргаж ирсэн цагаан өнгийн хуванцар савтай ойролцоогоор 4.2 грамм байгаа гэх шаргал өнгийн металлыг хэргийн газрын үзлэгээр хураан авч, материалжуулж ажилласан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46/,
-“...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ханшаар тооцвол “бохир жин 3.38, сорьц 784.31, цэвэр жин 2.65, ханш 131102.22, үнэ 347420.88 төгрөг” байна.” гэх Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтэсийн эд мөрийн баримтаар хураагдсан алтыг үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 110/,
-“...70 см урттай төмөр лоом 1 ширхэг, 30 см урттай, хоёр талын үзүүрийг тахийлгасан төмөр /осков/ 2 ширхэг, ногоон өнгийн хуванцар төмпөн 2 ширхэг зэрэг эд зүйлсийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний байдлаар 31000 /гучин нэгэн мянга/ төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт / хавтаст хэргийн 119-120/,
-Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 144/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч А, М, У, Я нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Цэгээн устын цэхэр цөөрөм гэх газраас хууль бусаар ашигт малтмал хайж 4.2 грамм алт олборлосон болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Д.М-, Ж.Я-, Б.У-, Т.А- нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас 75282 төгрөгийн хохирол учирсан болох нь газрын хэвлийд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар тооцсон шинжилгээний дүнгээр /хавтаст хэргийн 27-28/ тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн /хавтаст хэргийн 114/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А, М, У, Я нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Т.А-, Б.У-, Ж.Я- нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т, шүүгдэгч А, М, У, Янар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч А, М, У, Янарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч А, М, У, Янарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А, М, У, Я нар нь энэ хэрэгт 13 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70 см урттай төмөр лоом 1 ширхэг, 30 см урттай, хоёр талын үзүүрийг тахийлгасан төмөр /осков/ 2 ширхэг, ногоон өнгийн хуванцар төмпөн 2 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 3.38 грамм алтыг улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А, М, У, Я нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А, М, У, Я нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А, М, У, Я нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А, М, У, Я нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А, М, У, Я нарт анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт 13 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70 см урттай төмөр лоом 1 ширхэг, 30 см урттай, хоёр талын үзүүрийг тахийлгасан төмөр /осков/ 2 ширхэг, ногоон өнгийн хуванцар төмпөн 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.38 грамм алтыг улсын орлого болгохоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч А, М, У, Янарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А, М, У, Я нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ