Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Донийн Отгонбаатар |
Хэргийн индекс | 163/2022/0033/Э |
Дугаар | 2022/ШЦТ/121 |
Огноо | 2022-05-17 |
Зүйл хэсэг | 27.10.4.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/121
2022 05 17 2022/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,
хохирогч ,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын өмгөөлөгч У.Хандсүрэн,
шинжээч Д.Отгонцагаан,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2115001470235 дугаартай, 163/2022/0033/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Батзориг овогт *******ын *******, ******* аймаг, ******* суманд 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, ******* аймаг, ******* сум, ******* багийн ******* дүгээр гудамжны 46 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 32 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгаас Хутаг-Өндөр сумын чиглэлийн улсын чанартай авто замд ******* улсын дугаартай Isuzu Forward загварын тээврийн хэрэгсэл жолоодон Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Арван наймт гэх газарт явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч Б.Мөнхнасангийн амь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2115001470235 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгаас Хутаг-Өндөр сумын чиглэлийн улсын чанартай авто замд ******* улсын дугаартай Isuzu Forward загварын тээврийн хэрэгсэл жолоодон Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Арван наймт гэх газарт явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч Б.Мөнхнасангийн амь насыг хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн өгсөн: Энэ хүн миний амьдралыг орвонгоор нь эргүүллээ. Айлын хүүхдүүдэд аав гэж байхад миний хүүхдүүд хүний нүд хараад бүлтэлзэж байна. Бага маань орой болгон аавыгаа нэхэж байна. Аав хэзээ ирэх юм гэж байнга надаас аавыгаа нэхэж байна. Том маань өсвөр насны хүүхэд. Аав нь байхгүй байхад хүүхдүүдэд маань хэцүү байна. Манай хүүхдүүдэд зааж зөвлөх хүн алга байна. *******ийг согтуу байж машин барьж болохгүй гэж хориглосоор байхад яах гэж машиныг нь барьсан юм. Анх удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж худлаа хэлж байна. Өмнө нь согтуугаар манай арын жалга руу машинаа оруулж байхад нь манай хүн цагдаагаас гуйж байгаад мулталж авсан. Яагаад ингэж худлаа хэлж байгаа юм. Машин барихаараа энд, тэнд осол хийж байсан. Нэг удаа осол хийгээд манай хүн машины чинь чиргүүлийг чирч ирж байсан. Голын эрэг дээрээс хөдлөхдөө маргаанаасаа болоод тэгж хурдтай явсан уу? гэдгийг тайлбарлаад өгөөч. Хоёр хүүхэд өнчрүүлчихээд ингэж ярихаас ичээч. Өмнө нь хоёр удаа согтуугаар машин бариад явж байсан. Би та нарыг нийлээд архи уухаар уурлаж, архинаасаа холдож болдоггүй юм уу? гэж хэлж байсан. Манай нөхрийг өнгөрөхөөс нь өмнө манайд ууж байгаад манай нөхөрт хандан миний машин чиний машинаас хурдан гэхэд чинь би чамд уурлаж байсан. Манай хүн чамайг өмөөрөөд надтай хүртэл маргаж байсан. Чамайг гэж бодоод явж байсан найзыгаа яагаад ингэж байгаа юм. Тэгтлээ их өс хонзон байсан юм уу?, миний хүүхдүүд танай хүүхдүүдтэй адил. Аавыгаа санаж байгааг нь харах надад ямар хэцүү байдгийг мэдэх үү. Хүний хүүхдүүд аавдаа эрхэлж байхад миний хүүхдүүд хэзээ ч аавдаа эрхэлж чадахгүй болчихоод байна. Манай хүн надаас хүртэл чамайг өмөөрч байсан. Би маш их гомдолтой байна. Хүний амь насыг мөнгөөр хэмжиж болохгүй. Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдүүд эцэг, эхийнхээ хайр халамжинд өсөх эрхтэй. Надад одоо осолд орсон тэр том машиныг харах зориг алга. Оршуулгын зардалд баримтгүй зүйл байгаа. Ламаар ном уншуулсан, газарт явсан зардал баримтгүй байгаа. Нийт оршуулгын зардалд 15.830.000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 32.000.000 төгрөг, нийт 47.830.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс авсан 7.800.000 төгрөгийг нийт нэхэмжлэлээсээ хасаж тооцно гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ын өгсөн: Эхний зогссон газраа архи уугаад хөдлөхөд машинаас болж маргалдсан. Би 23-ны өдөр эхнэр, хүүхэдтэйгээ талийгаачийнд очиход *******, талийгаач, Төгсөө нар архи уугаад сууж байсан. Тэгээд юм ярьж байхдаа ******* талийгаачид чиний машин хужаа бөгстэй гэж маргаан гарч байсан. Маргааш өглөө нь 9 цаг өнгөрч байхад талийгаач намайг дуудсан. Би өөрийнхөө машиныг хашаанд нь тавиад хөдөлсөн. ******* аймгийн Петровис шатахуун түгээх станц дээр түлш хийгээд байж байхад жижиг тэрэгтэй ах таарсан. Тэр ахтай таараад Бяцхан хөтөл дээр нэг шил архи хувааж уусан ба тэр архинаас талийгаач уугаагүй. Булганаас гарахад дэлгүүр дээр зогсоод ******* ах архи авч гарч ирээд гүүр өнгөрөөд авсан архиа уусан. Эхний 1 шил архийг уугаад талийгаачийн согтолтын хэмжээ их болоод бөөлжөөд дахиж уугаагүй. 2 дахь шил архинаас нэг л татсан. Жавхаа, Төгсөө нар явлаа гэхээр нь ******* ахыг хамт аваад яв гэсэн орхиод явсан. Хоёр дахь шил архиа задлаад нөгөө хэд уугаагүй хөдөлсөн. Тэгээд сууж байхдаа ******* талийгаачтай маргалдсан. Тэнд надаас гадна жижиг тэрэгтэй явсан ахын хүүхдүүд байсан. ******* ах жижиг тэрэгтэй ахтай сүүлийн архийг ууж дуусгасан. Өмнөх архийг нь бид хэд бөөндөө ууж дуусгасан. Сүүлийн нэг шил архийг ууж байхад ******* талийгаачид чиний машин миний машиныг гүйцэхгүй гэж маргахаар нь талийгаачийг хөдөлье гээд машинд оруулаад хойно нь суулгасан. ******* ахыг явъя гэхэд архиа ууж дуусгана гээд босохгүй байсан. Тэгээд архиа ууж дуусаад намайг жолооны ард сууж байхад миний талын хаалгыг татаад жолоо булаацалдсан. Би машин барих хэрэггүй, машинаа зогсоо гэсэн шаардлагыг зөндөө тавьсан. Машин барьж хөдлөхөд нь зогс гэсэн зогсохгүй байсан. Намайг барьж явахад машины хурд хэмжигч нь ажиллаж байсан. Машинаа зогсоо гэсэн зогсоохгүй байхаар нь аргаа бараад шээе гэж хэлэхэд зогсох гээд хурдаа хасахад осол болсон. Багцаагаар 140 км цагийн хурдтай явсан. Би машины хурдыг гадарлана. Би 3 хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан. Бага маань одоо 9 сартай. Саяхан хүний гараас гарч байна. Эхнэр маань 3 хүүхдээ асардаг байсан бол одоо надтай хамт 4 хүнийг асарч байгаа. Гэртээ ажил хийдэг нь ганц би байсан ба зун ажил зогссон байсан болохоор хамт явсан. Би одоо ажил хийх чадваргүй байна. Өнөөдөр томографикийн зураг авахуулсан. Эгмээ хадуулсан байсан ба үзүүлэхэд эгэмний яс хугараад гүйцэд бороолоогүй тул дахиж хадуулахаар болсон. Эхнэр бид хоёр тусдаа гараад удаагүй, 1 жил болж байсан. Осолд ороод гэрээ зарсан. Хадмындаа байж байгаад 10 дугаар сараас ахынхаа хашаа байшинд амьдарч байгаа. Баримтгүй 5.000.000 төгрөгийн зардал гарсан ч баримт бүрдүүлэх боломж байгаагүй. Нийт 4.000.000 төгрөг нэхэмжилснээс ******* 1.000.000 төгрөг өгсөн. Цаашид 3 сар болоод томографикийн зураг авахуулах ёстой. Бороолохгүй бол дахин хагалгаанд орно гэх мэдүүлэг,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.Отгонцагааны өгсөн: Туслах үнэлгээчний хийсэн үнэлгээг сайн хянаагүй үнэлгээний баримт дээр гарын үсэг зурсан. Үнэлгээний дүгнэлтэд машинд байхгүй эд ангийг оруулж үнийн дүнг зөрүүтэйгээр гаргаж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Зах зээлийн үнэлгээг гаргахдаа 2021 оны зах зээлийн үнэлгээг тооцох судалгааг өөрийн биеэр хийсэн. Тооцооллыг хийхдээ тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн огноо, орж ирсэн огноог тооцохдоо 3 янзаар тооцсон. Тохируулгыг хийгээд 32.000.000 төгрөг гэж зах зээлийн үнийг тооцсон. Хэдэн нум байгаа гэдгээс болоод үнэ нь өөр өөр байдаг. Туслах үнэлгээчин машины эд анги дээр деталь алдаа гаргасан ч тооцооллын хувьд машины үнэ өөрчлөгдөхгүй тул тээврийн хэрэгслийн үнийн талаарх дүгнэлт дээр өөрчлөлт орохгүй. Тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргахдаа мөрдөн байцаагч болон прокурорын тогтоолоор хийдэг. Даатгалын үнэлгээг хийхдээ Арвижих инстимент хариуцлагатай хувьцаат компани үнэлгээг гаргасан. Үнийн дүн дээр өөрчлөлт орохгүй. Дүгнэлт гаргахдаа 3 янзын байдлаар харьцуулж орж ирсэн машины үнийг харьцуулан судалгааг гаргасан. Мөн 08 дугаар сарын 09-ний өдөр судалгаа хийсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар хүргүүлж байсан. Судалгааг хийхдээ үйлдвэрлэсэн он сар, даацын хэмжээг харсан тул тээврийн хэрэгслийн үнийн дүн дээр өөрчлөлт орохгүй. Харин импортолсон он дээр өөрчлөлт орно. Тухайн тээврийн хэрэгслийн явах эд ангид байдаггүй зүйлийг оруулсан байсан ба үнийн дүнгийн зөрүү 1.655.000 төгрөгийн зөрүү гаргаснаа хүлээн зөвшөөрнө. Хөдөлгүүр дамжуулах эд ангид 1.765.000 төгрөгийн зөрүү, гүүзүү эд ангиас зөрүү 2.355.000 төгрөг, нийт 5.775.000 төгрөгийн зөрүү гарсан. Шууд бус үнийн дүнгээр 405.000 төгрөг гээд нийт 6.180.000 төгрөгийн зөрүү гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учир тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ нийт 17.283.000 төгрөг байна. Тээврийн хэрэгсэл завсар ороогүй гэж байгаа тул явах эд ангийн үнэлгээг дахин гаргуулах боломжтой гэх мэдүүлэг,
5. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн Арван наймт гэх газарт Булган-Хөвсгөл чиглэлийн улсын чанартай асфальтан замаас Isuzu Forward загварын ******* уосын дугаартай тээврийн хэрэгсэл гарч онхолдсон байдалтай байв. ...Тээврийн хэрэгсэл хойд зүгт харсан байдалтай, кабин бүхэлдээ хэлбэрээ алдсан, тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас хойд зүгт 2.1 метр зайд дээшээ харсан байдалтай эрэгтэй хүний цогцос байв. ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 5-10 дахь тал/,
6. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцос болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-18 дахь тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ийн өгсөн: Би гомдолтой байна. ...талийгаачийн буяны ажилд нийт 16 сая төгрөг зарцуулсан. Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байршуулсны төлбөр 900.000 төгрөг, тээврийн хэрэгслийг тээвэрлэсний төлбөр болох нийт 400.000 төгрөг, уг тээврийн хэрэгслийг одоо ашиглах боломжгүй болсон байна. Ийм учраас тээврийн хэрэгслийн үнэлгээ болох нийт 32 сая төгрөг гарсан тул уг тээврийн хэрэгслийн үнэлгээг нэхэмжилж байна. Мөн тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргахад төлбөр гэж 530.000 төгрөг гарсан. Манай гэрээс талийгаач нөхөр Б.Мөнхнасан ганцаараа ажил хийж мөнгө олдог байсан. Одоо нөхөр маань нас барсан учир манай гэр бүл орлогогүй болсон. Манай гэр бүл зөвхөн хоёр хүүхдийн улсаас өгч байгаа мөнгөөр амьдарч байна. Ийм учраас хоёр хүүхдээ насанд хүртэл нь тэтгэмж тогтоолгомоор байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
8. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын өгсөн: ...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхнэрийн эгчийн нөхөр болох талийгаач Мөнхнасангийн хамт Мөнхнасангийн машинтай Булган аймаг, Хутаг-Өндөр сумын нутгаас мал ачих зорилгоор ******* аймгаас гарсан. Мөн хамт Жавхаа гэх хүний машинд *******, Төгсөө гэх 3 хүн явахаар болсон. Ингээд ******* аймгаас гараад Булган аймаг явах замд Бяцхан хөтөл гэх газарт бид нар зогссон. Талийгаач бид хоёр Жавхаа гэх хүний машинд ороход *******, Төгсөө гэх хоёр хүн Хараа нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Талийгаач уг архинаас 3 хундага уусан. Тэгтэл жижиг тэрэгтэй хуурай ах нэрийг нь мэдэхгүй хүн *******, талийгаач Мөнхнасан нартай уулзаад амраад Өвөрхангай аймаг явж байгаа тухай хэлсэн. Уг хүнийг гаргаж өгье гэж ******* хэлээд цааш хөдөлсөн. Булган аймаг ороод ******* 2 шил архи аваад Булган аймгаас хойш байх гүүр өнгөрөөд замаас гарч зогссон. Тэгээд хуурай ах гэх эрэгтэй хүн, *******, Төгсөө, талийгаач Мөнхнасан нар нэг шил архийг хувааж уусан. Эхний нэг шил архийг хувааж уусны дараа Жавхаа, Төгсөө хоёр түрүүлээд машинтайгаа явсан. *******ийг явъя гэж хэлэхэд үгүй гэж хэлээд яваагүй. Тэгээд үлдсэн нэг шил архийг задлаад талийгаач нэг хундага уугаад бөөлжөөд байсан учир архи дахиж уугаагүй. Танихгүй эрэгтэй ах, ******* нар уг архийг хувааж уугаад дуусгасан. Сүүлчийн архийг ууж байхад ******* талийгаач Мөнхнасан хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгэхээр нь би талийгаачийг машинд суу гэж хэлэхэд талийгаач надад ах нь машин дотор орж унтъя гэж хэлээд машинд суусан. Тэгээд би *******ийг машинд суу гэхэд одоохон архиа дуусгаад суулаа гэж хэлээд удалгүй архиа ууж дуусаад машинд суусан. Машинд суугаад би жолоо барина гэж хэлээд надаас жолоо булаагаад байхаар нь би жолоо өгөхгүй гэхэд над руу дайраад байсан. Тэгээд ******* надад хандан би засмал зам ортол машин баръя засмал зам руу ороод чи өөрөө машин барь гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолоогоо *******д өгсөн. Ингээд засмал зам руу ороод ******* надад жолоогоо өгөхгүй машин бариад явсан. Тэгээд засмал зам дээр гараад ******* хурдаа нэмсэн миний барагцаагаар бараг 140 км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Учир нь урд явсан гурван жижиг тэрэг гүйцэж түрүүлсэн хамгийн сүүлд Харрьер гүйцэж түрүүлсэн. Тэгээд цааш явж байгаад засмал замын шороонд татагдаад, урд байсан бетонон шон мөргөөд буцаж зам руу ороод замын хажуу тийш унах шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Энхтөгсийн өгсөн: ...би найз Жавхлантөгсийн хамт түүний машинтай, талийгаач Мөнхнасан болохоор Өсөхбаяр, ******* нарын хамт машинтайгаа 2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөө ******* аймгаас 10 цаг өнгөрч байхад гарсан. Бид нар Булган аймаг, Хутаг-Өндөр сумаас хүний мал ачиж ******* аймагт зөөж тээвэрлэх ажилтай байсан. Бид нар хамт явж байгаад Булган аймаг, Булган сумын нисэхийн гүүрний ойролцоо 11 цаг өнгөрч байхад салсан. Талийгаач Мөнхнасан Жавхлантөгс бид хоёрыг түрүүлээд Хутаг-Өндөр сумын Уньт баг ороод машины ачаан дээр модны үрдэс ачаад байж бай, би хүнтэй уулзчихаад хойноос чинь яваад очъё гэж хэлээд Жавхлантөгс бид хоёр түрүүлээд явсан. Салж явснаас хойш 10 минутын дараа би Мөнхнасангийн гар утас руу залгаад хаана явж байна гэхэд, явж бай гэж хэлсэн. Тэгээд Жавхлантөгс бид хоёр чигээрээ явсаар байгаад 12 цаг өнгөрч байхад Хутаг-Өндөр сумын Уньт баг ороод машин дээр модны үртэс ачаад хоолны газар хоол идээд байж байхад Жавхлантөгсийн эхнэр залгаад Мөнхнасан, Өсөхбаяр, ******* нар аваарт орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд Жавхлантөгс бид хоёрыг буцаад явж байхад зам дээр Мөнхнасангийн машин онхолдчихсон, цагдаа байж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Жавхлантөгсийн өгсөн: ...Би найз Энхтөгстэй хамт өөрийнхөө машинтай, талийгаач Мөнхнасан болохоор Өсөхбаяр, ******* нарын хамт машинтайгаа 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өглөө ******* аймгаас 10 цаг өнгөрч байхад гарсан. Бид нар хамт явж байгаад Булган аймаг, Булган сумын нисэхийн гүүр өнгөрөөд 11 цаг өнгөрч байхад талийгаач Мөнхнасан нь Энхтөгс бид хоёрыг түрүүлээд Хутаг-Өндөр сумын Уньт баг ороод машины ачаан дээр модны үртэс ачаад байж бай, би хүнтэй уулзчихаад хойноос чинь яваад очъё гээд *******, Өсөхбаяр хоёртой хамт өөрийнхөө машинтай үлдсэн. Салж явснаас хойш 10 минутын дараа Энхтөгс, Мөнхнасангийн гар утас руу залгаад хаана явж байна гэхэд талийгаач явж бай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр чигээрээ явсаар байгаад 12 цаг өнгөрч байхад Хутаг-Өндөр сумын Уньт баг ороод машин ачаан дээр үртэс ачаад цайны газар хоол идээд байж байхад манай эхнэр залгаад Мөнхнасан, Өсөхбаяр, ******* нар аваарт орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд Энхтөгс бид хоёрыг буцаад явж байхад зам дээр Мөнхнасангийн машин онхолдчихсон, цагдаа нар үзлэг хийж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
11. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Вандандоржийн өгсөн: 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед авто осол гарсан гэх дуудлагын дагуу Булган аймаг, Бугат сумын нутаг дэвсгэр Арван наймтын дөрөлж гэх газарт ачааны машин замын хажуу руу онхолдсон байдалтай байсан. Ослын газарт очиход тээврийн хэрэгслийн урд гурван эрэгтэй хүн газарт хэвтэж байсан. Нэг залуу нь авраарай гээд орилж байсан тул хамгийн түрүүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. ******* гэх залуу байсан. Тусламж үзүүлэхэд газарт хэвтчихсэн зүүн талын хөл шилбэ хэсгээрээ ил хугарч гадагш эргэсэн байдалтай, бүх бие шороо болчихсон, бие бүхэлдээ зүсэгдсэн олон шархтай байсан. Би цуг очсон яаралтай тусламжийн эмчид эмчилгээг зөвлөж, дараагийн хүнийг үзсэн. Дараагийн хүн нь саарал өнгийн фодболк, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэйг үзэхэд газар руу доош харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...нас барчихсан байсан учраас дараагийн 3 дахь эрэгтэйд тусламж үзүүлсэн. Хар өнгийн хувцастай эрэгтэй баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. ...үзлэг хийхэд биеийн олон хэсэгт зүсэгтсэн шархтай, толгойн үстэй хэсэгт зүсэгдсэн том шархтай, дух, зулай хэсэг хавдар ихтэй, 2 гараа хөдөлгөж чадахгүй, бүрэн амьсгал авч чадахгүй байдалтай байсан. Анхан шатны тусламж үзүүлэн 3 дахь эрэгтэй буюу Өсөхбаярыг эхэлж аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтай явуулсан. Хөл гэмтсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж түргэний тээврийн хэрэгслийг иртэл хүлээж байгаад мөн аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. Хөл нь гэмтсэн хүн буюу ******* гэх залуу би тээврийн хэрэгслийг барьж явсан гэж хэлж байсан. Нас барчихсан эрэгтэй болон хөл гэмтсэн эрэгтэй хоёроос архи үнэртэж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
12. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай: Талийгаачийн цогцост хүзүү сээрний 4-5, 7-8 дугаар нугалмын салсан хугарал, нугасны бүрэн бус тасрал, баруун 8, 9,10,11 дүгээр хавирганы хугарал, хугарал орчмын булчин дахь цус хуралт, хуйхны цус хуралт, элэгний язрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн мөр, зүүн бугалга, бэлэг эрхтэн, төмсөгт олон тооны зүсэгдсэн шарх, дух, зүүн баруун хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн баруун мөр, баруун бугалга, зүүн баруун шуу, хэвлий, зүүн гуя, баруун өвдөгт олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 69-74 дэх тал/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7022 дугаартай: ын биед их тархины баруун зүүн талд бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн хажуу ховдол дахь шингэн цус, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, суурь ясны баруун их далавч, хүзүүний 2 дугаар нугалмын доод ирмэг сэлтэрч салсан хугарал, 6, 7 дугаар нугалмын арын сэртэнгийн бүрэн салсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.5-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
14. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21/251 дугаартай: тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 32.000.000 төгрөгөөр үнэлсэн, мөн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21/389 дугаартай дүгнэлтэд тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг 23.463.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-109, 119-129 дэх тал/,
15. Булган аймгийн замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай: жолооч ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаа зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал/,
16. Мөрдөн шалгах ажиллагаанд *******ийн яллагдагчаар өгсөн: ...би архи ууж байсан газраасаа талийгаач Мөнхнасангийн 31-54 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хөдөлсөн. Тухайн машин дотор талийгаач Мөнхнасан, Өсөхбаяр бид гурав хамт сууж явсан. Ингээд Хутаг-Өндөр сум орох гээд замдаа явж байтал Арван наймтын хөтлийг даваад явж байтал зам эвдрэлтэй байсан. Тэгэхээр нь би замын эвдрэл нүх сүлжээд явж байгаад нүх таарахаар нь зүүн дараад буцаагаад баруун гар тийш дартал замын хажуу шороо хэсэгт татагдаад замын урд талд байсан эрээн шон мөргөөд замын хажуу тийш орж унасан. Тэгээд би газарт сэрсэн. Сэрээд би Мөнхнасан байна уу? гэхэд дуу гарахгүй байсан. Тэгэхээр нь би Өсөхбаяраа гэхэд би энд байна толгой, хүзүү эвгүй болсон байна гэж хэлсэн. Тэгээд ийш тийш харахад Мөнхнасан газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би Мөнхнасан дээр мөлхөж очоод дуудахад дуугарахгүй байсан. Би нэлээд согтуу байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6-8 дахь тал/,
17. Итгэлт эстимейт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 667 дугаартай: 2000 онд Япон Улсад үйлдвэрлэгдсэн, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, улаан өнгийн Isuzu Forward загварын ******* улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийн зах зээлийн үнэлгээг 32.000.000 төгрөгөөр тогтов гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаагаар ******* нь хохирогч , амь хохирогч Б.Мөнхнасан нарын хамт мал ачих зорилгоор ******* улсын дугаартай Isuzu Forward загварын тээврийн хэрэгсэл жолоодон 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгаас хөдөлж Булган аймгийн Бугат сумын сумын 2 дугаар багийн нутагт явах замдаа асфальтан замын хажуу талын бетонон шон мөргөж, замаас гарч онхолдсон, уг ослын үед Б.Мөнхнасан нь тээврийн хэрэгслийн цонхоор шидэгдэн унахдаа биедээ цээж, хэвлийн хөндийн хавсарсан хүнд гэмтэл авч эмнэлгийн тусламж авч чадалгүй ослын газарт нас барсан, ******* улсын дугаартай “Isuzu Forward” загварын тээврийн хэрэгслийг ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явсан зэргийг тус тус гэрчилж хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хэргийн газар дээр байсан хохирогч , гэрч Ж.Энхтөгс, С.Жавхлантөгс, Г.Вандандорж нарын мэдүүлэг, хэргийн газар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, талийгаачийн биед цээж, хэвлийн хөндийн хавсарсан хүнд гэмтэл, хүзүү сээрний 4-5, 7-8 дугаар нугалмын салсан хугарал, нугасны бүрэн бус тасрал, баруун 8, 9,10,11 дүгээр хавирганы хугарал, хугарал орчмын булчин дахь цус хуралт, хуйхны цус хуралт, элэгний язрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн мөр, зүүн бугалга, бэлэг эрхтэн, төмсөгт олон тооны зүсэгдсэн шарх, дух, зүүн баруун хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн баруун мөр, баруун бугалга, зүүн баруун шуу, хэвлий, зүүн гуя, баруун өвдөгт олон тооны зулгаралт болсныг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт, ын биед их тархины баруун зүүн талд бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн хажуу ховдол дахь шингэн цус, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, суурь ясны баруун их далавч, хүзүүний 2 дугаар нугалмын доод ирмэг сэлтэрч салсан хугарал, 6, 7 дугаар нугалмын арын сэртэнгийн бүрэн салсан хугарал гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэнийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 7022 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судласнаар шүүгдэгч ******* нь уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол гаргаж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд амь хохирогч Б.Мөнхнасангийн биед тогтоогдсон гэмтлүүд болон хохирогч ын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *******ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч ******* жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах зэрэг замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, Б.Мөнхнасангийн амь хохирч хүнд хор уршиг учирчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь талийгаачийн оршуулгын зардалд 16.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, журмын хашааны төлбөр 900.000 төгрөг, тоног төхөөрөмж зээлээр авсны төлбөр 4.300.000 төгрөг, тээврийн хэрэгслийн ачилтын төлбөр 400.000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 32.000.000 төгрөг, нийт 55.600.000 төгрөгийг, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг гаргуулах, хохирогч нь эмчилгээний төлбөрт 4.729.800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон Тольдох Оюуны Өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээч Д.Отгонцагаан нь гаргасан дүгнэлтээ тайлбарлаж чадахгүй, эргэлзээтэй, зөрүүтэй дүгнэлт гаргасан тул шүүхийн хуралдааныг түр хугацаагаар хойшлууж, дахин шинжээч томилж тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн байдлыг өнөөгийн зах зээлийн үнэ болон тухайн үеийн зах зээлийн үнийг тогтоолгохоор явуулсныг Итгэлт эстимейт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээч эргэлзээгүй тогтоож дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг нэхэмжлэхгүй, учир нь уг тээврийн хэрэгслийн оронд шүүгдэгч ******* нь Pruis 30 загварын тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлж өгсөн гэх тайлбарыг ирүүлсэн тул Isuzu Forward загварын ******* улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно.
Шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т гэм хорын хохиролд 7.800.000 төгрөгийн, хохирогч т гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байна.
Шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын хэрэгт гарган өгсөн нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үүнд: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгч хөлс 2.000.000 төгрөгийг, хохирогч ын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг тус тус Иргэний хуульд заасан гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин бусад зардлын хувьд зайлшгүй гарах зардалд хамаарч байх тул шүүгдэгчээс нийт 16.398.000 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 13.800.000 төгрөгийг, хохирогч т 2.529.800 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн шатнаас хуульд заасан хохирол төлөх хугацааг авч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 2.800.000 төгрөг, хохирогч т 500.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байна.
Иймд гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул үлдэгдэл хохиролд шүүгдэгч *******ээс нийт 13.029.800 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 11.000.000 төгрөгийг, хохирогч т 2.029.800 төгрөгийг тус тус олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн тэтгэлгийг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Нэгдүгээр хавтаст хэргийн 225-235 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн Засаг даргын оршин суух болон ам бүлийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх шийдвэрлэлтийн бүртгэл зэрэг нотлох баримтаар шүүгдэгч ******* нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг, ******* сумын ******* багийн *******-46 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуурх орлоготой, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, гэм хорын хохирлыг хэсэгчлэн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хэзээ ч нөхөгдөшгүй гэм хор учирсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн санал болгосон дөрвөн жилийн хорих ялаас доош нь татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Батзориг овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******ээс гэм хорын хохиролд нийт 13.029.800 төгрөгийг гаргуулж, 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т, 2.029.800 /хоёр сая хорин есөн мянга найман зуу/ төгрөгийг хохирогч т тус тус олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн тэтгэлгийг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, жолооны үнэмлэх хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР