| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03719/И |
| Дугаар | 102/ШШ2018/00062 |
| Огноо | 2017-12-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2018/00062
| 2017 оны 12 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2018/00062 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Х Ц” групп ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: ШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 04690 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу ШШГГ-аас ажиллагаа хийгдэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 115-р байрны 5 дугаар давхрын баруун хэсэгт байрлах 210 метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах, шинжээч томилж үнэлгээ хийх зэрэг ажиллагаанууд хийгдэж байгаа. Үл хөдлөх хөрөнгө нь зээл олгосон Нямдаваагийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Үүнтэй холбогдуулан Х Ц групп ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийг буцаан манай нэр дээр шилжүүлсэн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд үл хөдлөх хөрөнгийг 359 955 912 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлэгдсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А шүүхуд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 04690 дугаартай шийдвэрээр Х Ц групп ХХК-иас 329 295 450 төгрөг гаргуулж иргэн Г.Н-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, удаа дараа төлбөр төлөх мэдэгдлийг Х Ц групп ХХК-д өгсөн боловч төлбөр төлөгдөөгүй. Иймд төлбөр авагч Г.Н-гийн хүсэлтээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 115 дугаар байрны 5 дугаар давхарт байрлах 210 м.кв үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, ШШГГ-лэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Х Ц ХХК-иас компанийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийг тогтоож, үнэлгээ өгсөн боловч үнэлгээнд санал өгөөгүй, үл хөдлөх хөрөнгийг нэр дээр шилжсэн тохиолдолд үнэлгээг өгнө гэсэн хариу өгсөн учраас шинжээч томилсон. Ингээд шинжээч 389 955 912 төгрөгөөр үнэлсэн, үнийн дүнгийн 70 хувь болох 272 969 138 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, талуудад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг Х Ц групп ХХК-ний нэр дээр шилжүүлэхээр шийдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Г.Н өмчлөгчөөр байгаа боловч эзэмших, ашиглах эрхгүй, өөрөө дуудлага худалдаанд оруулахыг хүссэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Ц групп ХХК нь ШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 04690 дугаартай шийдвэрээр “Х Ц групп” ХХК-иас 329 295 450 төгрөг гаргуулж иргэн Г.Н-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.
Х Ц групп ХХК, Г.Н нар зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Улсын бүртгэлийн Ү-2205046686 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 115 дугаар байрны 5 дугаар давхарт байрлах 210 м.кв үл хөдлөх хөрөнгийг зээлдүүлэгч Г.Н-гийн нэр дээр шилжүүлсэн байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4-р сарын 27-ны өдрийн 00981 тоот шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үл хөдлөх эд хөрөнгийг Х Ц групп ХХК-ний нэр дээр буцаан шилжүүлэхийг Г.Н- даалгасан /хх 5-6, 18-19/, шүүхийн шийдвэрүүд хүчинтэй байна.
ШШГГ-х ажиллагааны шатанд төлбөр авагч Г.Н-гийн хүсэлтээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явагдсан, албадан дуудлага худалдааны үнийн санал өгөхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн, төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн 252 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор Итгэлт-Эйстимэт ХХК-г шинжээчээр /хх 27-32/ томилжээ.
Шинжээчийн 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн 47/2017 тоот дүгнэлтээр тухайн хөрөнгийг 389 955 912 төгрөгөөр үнэлсэн /хх 33-38/, энэ үнэлгээний 70 хувиар тооцож дуудлага худалдааны санал болгох доод үнийг 272 969 138 төгрөгөөр тогтоож төлбөр төлөгч Х Ц групп ХХК-д мэдэгдсэн /хх 39/ байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүйгээс гадна төлбөр төлөгч нь “...зах зээлийн үнээс хэт доогуур үнэ тогтоосон” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, ШШГГ-х тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2205046686 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 115 дугаар байрны 5 дугаар давхрын баруун хойд хэсэгт байрлах 210 м.кв үл хөдлөх хөрөнгийг 389 955 912 /гурван зуун наян есөн сая есөн зуун тавин таван мянга есөн зуун арван хоёр/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Х Ц групп ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА