Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 10

 

“******* банк”-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

            Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2017/00020 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “******* ******* уул” ХХК, “******* хан уул” ХХК, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Б.******* нарт хариуцагдах,

            “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.392.775.024.08 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Б.*******, хариуцагч “******* хан уул” ХХК-ийн төлөөлөгч А.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч А.*******, нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч “******* банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч “******* ******* уул” ХХК нь ******* банкнаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1090/23 тоот зээлийн гэрээ байгуулан 1.250.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлийн барьцаанд

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 413.5 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 629.7 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 623.3 мкв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 416.7 мкв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газар эзэмших эрх зэргийг тус тус барьцаалсан байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн хүүнээс 124.767.123.82 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 1.250.000.000 төгрөг, үндсэн хүү 15.369.863 төгрөг, нийт 1.265.369.862.46 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “******* ******* уул” ХХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эзэмшдэг, 49 хувийг “******* хан уул” ХХК эзэмшдэг тул компанийн үүсгэн байгуулагчид оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хариуцлага хүлээхийн хувьд “******* хан уул” ХХК, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарыг хариуцагчаар татсан болно.

Иймд зээлийн нийт төлбөр 1.265.369.862.46 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6.484.799 төгрөгийн хамт зээлдэгч “******* ******* уул” ХХК, батлан даагч Б.*******, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “******* хан уул” ХХК нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Зээлдэгч хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* банк” ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “******* банк”-наас тус шүүхэд зээлдэгч “******* ******* уул” ХХК, батлан даагч Б.*******, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “******* хан уул” ХХК нарт холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн байх тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1.Үндсэн хүү – 154.250.518.70 төгрөг,

2.Нэмэгдүүлсэн хүү – 1.152.308.92 төгрөг,

3.Зээлийн үлдэгдэл – 1.222.002.333.45 төгрөг,

Нийт 155.402.827.62 төгрөгийн хүүний төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* ******* уул” ХХК нь Чингэлтэй дүүргийн Ард бизнес, ******* банкны салбартай 2015 оны 12 сарын 30-ны өдөр 1090/23 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 жилийн хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл төлөгдөж эхлээгүй, үндсэн хүүг хуваарь ёсоор төлж байсан. Зээлийн гэрээ дуусгавар болоогүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байх үед 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдвэрийн барилгад гал түймэр гарсан. Тухайн өдөр салхи ихтэй байснаас гал түргэн хугацаанд нэмэгдэж өөрсдийн болон гал унтраах хүч бүхэлдээ ажиллаад ч галыг зогсоож чадалгүй үйлдвэр бүхэлдээ шатсан харамсалтай явдал гарсан. Зээлийн гэрээний барьцааны зүйл устсан тухай тэр даруй банкинд утсаар, албан бичгээр мэдэгдсэн. Хэд хоногийн дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Тусгай активын газрын дарга Амарсанаа нь албаны бусад хүмүүстэй газар дээр нь ирж танилцаад, ******* банкны Өмнөговь аймгийн салбар дээр уулзалт хийгээд явсан. Тухайн үед бид зээлийг төлөх боломжгүй боллоо, зээлийн хүүг зогсоогооч гэсэн хүсэлтийг ч өгч байсан. Мөн энэ үед 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 109000058120 тоот дансанд орж ирсэн 79.988.500 төгрөгийн гүйлгээг банк саатуулан барьсан ба тухайн өдрийн дансны бодит үлдэгдэл 80.042.028 төгрөг байсан. Иймээс Иргэний хуулийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацаанаас өмнө гэрээнээс татгалзаж болно гэсний дагуу банкийг зээлийн гэрээнээсээ татгалзаж байна гэж ойлгосон. Иймд Зээлийн гэрээний 6.2.3-т заасан барьцааны зүйл устсан тохиолдолд гэрээ дуусгавар болохоор заасан тул 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэж үндсэн хүү 15.369.863 төгрөгийг хүлээн зөвшөрөөхгүй. Харин үндсэн зээл 1.250.000.000 төгрөгөөс банкны саатуулан барьсан 80.042.028 төгрөгийг хасч тооцох ёстой. “******* Гурван уул” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 30-аад ажилчидтай, 3.267.610.815.5 төгрөгийн үндсэн, 496.862.911 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 45.727.380 төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд материалтай махан махан бүтээгдэхүүн, цэвэр усны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орон нутгийн хэрэгцээг бүрэн хангадаг, үйл ажиллагаа нь тогтворжсон компани байсан. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед гал түймэр гарч дээр дурдсан хөрөнгө, бүтээгдэхүүн, санхүүгийн болон бусад бүх бичиг баримт устсан. Гал түймэрийн шалтгааны талаар Гамшиг судлалын хүрээлэн, гамшгийн туршилт шинжилгээний төвийн 9/143 тоот дүгнэлт 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарсан. “******* ******* уул” ХХК-нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 51%, “******* хан уул” ХХК 49 %-ийн оролцоотой орон нутгийн өмчит компани байсан тул дээрх хувь нийлүүлэгч нарт өөрт оногдох хөрөнгийг данснаас хасах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 004 тоот тогтоолоор уламжилсан. Одоогоор Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гараагүй байна. Хэдийгээр “******* Гурван уул” ХХК татан буугдаагүй, дампуураагүй боловч үйл ажиллагаа нь түр зогссон байгаа тул 1.169.957.972 төгрөгийг “******* ******* уул” ХХК хариуцах болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “******* ******* уул” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* банкнаас 1090/23 тоот гэрээгээр авсан 1.250.000.000 төгрөгөөс банкны саатуулан барьсан 80.042.028 төгрөгийг хасч 1.169.957.972 төгрөгийг “******* ******* уул” ХХК хариуцах болно гэдгээ 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тайлбарт тодорхой гаргаж өгсөн болно гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Буяндэлгэр овогтой ******* би ******* банк ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1090/23 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай нэхэмжлэлтэй танилцлаа. Үүнд:

1. “******* ******* уул” ХХКомпанийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 002 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшихээр чөлөөлөгдсөн.

 2. “******* ******* уул” ХХКомпанийн 49 хувийг эзэмшигч “******* хан уул” ХХКомпанийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэн Аптанцэцэг овогтой *******т шилжүүлсэн тул “******* хан уул” ХХКомпанийн өмнөөс тайлбар хүргүүлэх боломжгүй.

3. Иргэн Б.******* би 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 1090/23 тоот гэрээнд “******* ******* уул” ХХКомпанийн гүйцэтгэх захирлын хувьд гарын үсэг зурсан тул энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг холбогдох хуулийн этгээдүүдэд хүргүүлнэ үү гэжээ.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Буяндэлгэр овогтой ******* би ******* банк ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1090/23 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Б.******* би энэхүү 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хувьд биелүүлэх боломжгүй болно гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* ******* уул” ХХК нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар тогтоолоор орон нутгийн өмчийн оролцоо 51 хувь, хувийн хэвшлийн оролцоо 49 хувь байхаар тогтоосны дагуу “Max махан бүтээгдэхүүн боловсруулах, хөргөх, хадгалалт” гэсэн үндсэн эрхлэх үйл ажиллагааны, “Таван хошуу мал, сүүний фермийн үйл ажиллагаа”, “Талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, “Гадаад, дотоод худалдаа”, “Үр тариа болон бусад ургамал тариалалт” гэсэн туслах үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор дүрмийн сан 100.000.000 төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн а/87 дугаар захирамжаар 49 хувийн хөрөнгө оруулагчаар “******* хан уул” ХХК-ийг шалгаруулан хөрөнгө оруулалтын асуудлыг тус тус хийж “******* ******* уул” ХХК-ийг 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа эхлүүлэн ажилласан. Аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн а/271 захирамжаар орон нутгийн хөрөнгө оруулалтыг 1.600.000.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. ******* болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь заалтын дагуу Өмнөговь аймгийн орон нутгийн өмчөөс 2014 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтаар “******* ******* уул ХХК-ийн орон нутгийн өмчийн 51 хувийг хувьчлах саналыг ******* өмчийн хороонд хүргүүлж, ******* өмчийн хороо 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 426 дугаар тогтоолоор хувьчилж худалдах зөвшөөрөл гаргасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолоор “******* ******* уул” ХХК-ийн орон нутгийн өмчийн 51 хувийг хувьчлах ажлын бэлтгэл ажлыг хангах, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг ажиллаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралд тайлангаа танилцуулсан ба уг танилцуулгад “******* болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.6 дахь заалтад аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд “орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ******* өмчийн хорооны мэргэжил арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “б”-д “тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэж зааснаар аймгийн Засаг дарга хувьчлах тухай санал боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэрлэхийг үүрэг болгох саналыг оруулж байна.” гэсэн санал оруулсны дагуу аймгийн Засаг даргаас хувьчлах тухай саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралд танилцуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 08 дугаар тогтоолоор “******* ******* уул” ХХК-ийн орон нутгийн эзэмшлийн 51 хувийг хувьчлах, мөн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж “Хөрөнгө хувьчлах тухай” 98 дугаар тогтоол гаргаж хөрөнгө хувьчлах, худалдах тухай асуудлыг аймгийн Засаг даргад зөвшөөрч аймгийн Засаг дарга уг тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1-1405 дугаар албан бичгээр орон нутгийн өмчийн 51 хувийг тогтоосон доод үнээр худалдан авах эсэх талаар мэдэгдлийг “******* ******* уул” ХХК-д хүргүүлсэн бөгөөд “******* ******* уул” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч болох “******* хан уул” ХХК 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар албан бичгээр орон нутгийн өмчийн 51 хувийг худалдан авах боломжтой гэсэн санал ирүүлж 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан “******* хан уул” ХХК нь худалдан авсан нийт үнэ болох 1.651.000.000 төгрөгийг гэрээний хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр багтаан орон нутгийн төсөвт төлөх үүрэг хүлээсэн. Мөн “******* ******* уул” ХХК нь ******* банктай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан банкнаас 1.250.000.000 төгрөгний зээл авсан байгаа нь “Хөрөнгө хувьчлах тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 98 тоот тогтоол, уг тогтоолыг үндэслэн хийгдсэн “******* ******* уул” ХХК-ийн орон нутгийн өмчийн 51 хувийг худалдах, худалдан авах тухай гэрээг “******* ******* уул” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч “******* хан уул” ХХК-ийн төлөөлөл нь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дараа хийгдсэн үйлдэл байх тул Өмнөговь аймаг нь “******* ******* уул” ХХК-ийн ******* банкнаас авсан зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй байгаа нь харагдаж байна. Иймд дээрх тогтоол шийдвэрийг үндэслэн “******* ******* уул” ХХК нь 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, орон нутгийн өмчийн нэгдсэн тайланд нэгтгэгдээгүй, орон нутгийн төсөвт 1.651.000.000 төгрөгийн өглөгтэй, орон нутгийн өмчийн оролцоотой бус компани юм. Ийм учраас худалдах, худалдан авах ажиллагаа хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж явагдсан тул Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ******* банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчаас хасаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хянан шийдвэрлэнэ үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хариуцагч “******* ******* уул” ХХК, “******* хан уул” ХХК, Б.******* нараас 1.169.957.972 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгож, 222.817.052 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг зээлийн гэрээгээр төлбөрийн үүрэг хүлээхгүй болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ******* банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.419.763 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* уул” ХХК, “******* хан уул” ХХК, Б.******* нараас 6.077.040 төгрөгийг гаргуулан ******* банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “******* хан уул” ХХК-ийн захирал А.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч “******* ******* уул” ХХК-ийн Орон нутгийн өмчийн 51 хувийг худалдах, худалдан авах гэрээний хуулбар нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй...” гэсэн байна. Эндээс уг худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр мөн эсэх болон өмчлөгчийн талаар дүгнэлт хийгээгүй нь ойлгогдож байх тул 51 хувь нь Орон нутгийн өмчийн өөрөөр хэлбэл хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 49 хувь, “******* хан уул” ХХК-ийн оролцоотой байгуулсан “******* ******* уул” ХХК хэвээр байгаа гэсэн дүгнэлт гарч ирж байна. Нөгөө талаар “******* ******* уул” ХХК-ийн эрх зүйн чадварын талаар нэхэмжпэгч ******* банк болон бусад хариуцагч нарын зүгээс энэ асуудал дээр ямар нэг маргаан үүсгээгүй байгаа. Шүүх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцлагаас чөлөөлсөн. Тиймээс ******* банк, “******* ******* уул” ХХК-ийн хооронд байгуулагдсан 1090/23 тоот зээлийн гэрээний төлбөрийг 49 хувийн төлөөлөл болох “******* хан уул” нь мөн үүрэг хүлээх боломжгүй.

Шийдвэрийн тогтоох нь хэсгийн “...******* ******* уул” ХХК, “******* хан уул” ХХК, Б.******* нараас 1.169.957.972 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч ******* банкинд олгож...”, гэсэн 1-р заалтаас “******* хан уул” ХХК-ийг хасах, “...хариуцагч “******* ******* уул” ХХК, “******* хан уул” ХХК, Б.******* нараас 6.077.040 төгрөгийг гаргуулан төрийн банкинд олгосугай...” гэсэн 3-р заалтаас “******* хан уул” ХХК-ийг хасах тухай давж заалдах гомдлыг гаргаж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэн Б.*******ын хувьд хариуцах боломжгүй гэдгээ тайлбарласныг үндэслэх хэсэгтээ нягтлан үзэж дүгнэлт өгөөгүй байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч “...Б.******* нь ******* банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах батлан даагчийн хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй болно...” гэсэн ганц өгүүлбэрээр надад төлбөр хариуцуулсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* банк, “******* ******* уул” ХХК-тай байгуулсан 1090/23 тоот зээлийн гэрээний 1090/23-02 тоот батлан даалтын гэрээний “нөгөө талаас” гэдэгт иргэн нэрийг бичсэн боловч , мөн гэрээний “...НЭГ. Нийтлэг үндэслэл хэсэг буюу 1.1-д “******* ******* уул” оноосон нэртэй ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал” гэж бичсэн байгаад шүүх дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны шаардлага хангасангүй. Аливаа хуулийн этгээдийг тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал буюу тэр албан тушаалд ажиллаж байгаа иргэн байгуулах нь ойлгомжтой. Тэр утгаараа би “******* ******* уул” ХХК-ийг төлөөлсөн юм.

Тухайн зээлийг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу авсан нь 2015 он 12 дугаар сарын 09-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь эх хувиараа нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байна.

Хэрвээ би иргэн Б.*******ын хувьд батлан даагчаар оролцож байгаа бол Иргэний хуульд заасан ёсоор банктай би батлан даалтын гэрээ байгуулна. Түүгээр зогсохгүй “******* ******* уул” ХХК-тай мөн харилцан гэрээ байгуулсан байх ёстой. Гэтэл ямар ч ийм байдал нотлогдохгүй байгаа.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2017/00020 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтаас “...Б.*******...” гэснийг хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Харин давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулж алдааг зөвтгөх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч “******* банк” ХХК /цаашид ******* банк гэх/ нь хариуцагч “******* ******* уул” ХХК, иргэн Б. *******, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “******* хан уул” ХХК—д холбогдуулан үндсэн зээл 1,250,000,000.0 төгрөг, үндсэн хүү 15,369,863.0 төгрөг нийт 1,265,369,862,.46 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  үндсэн хүү 154,250, 518.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,152,308.92 төгрөг, нийт 155,402,827.62 төгрөг гэж зээлийн хүүг нэмэгдүүлж, зээлийн үлдэгдэл 1,222,002,333.45 төгрөг  болгон үндсэн зээлийг бууруулж нийт 1,392,775,024.08 төг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчилсөн байна. /хэргийн 1-р хавтас 01-03 дугаар  хуудас, хэргийн 2-р хавтас 459 дүгээр тал/

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хариуцагч иргэн Б.******* нь зээлийн гэрээнд “******* ******* уул ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд батлан даагчийн гэрээнд гарын үсэг зурсан,  хариуцагч Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь “Гурван ******* уул” ХХК-ий төрийн өмчид оногдох 51 хувийг “******* хан уул” ХХК-д худалдсан, “******* хан уул” ХХК нь үнийг бүрэн төлснөөр өмчлөлийг шилжүүлэхээр  тохирч гэрээ байгуулсан байсан бөгөөд гэрээ хэрэгжиж эхлээгүй, өмчлөгч “******* ******* уул” ХХК хэвээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус  маргажээ.

“******* ******* уул” ХХК-ий үүсгэн байгуулагч нь “*******  хан уул” ХХК, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, компаний гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.******* бөгөөд улсын бүртгэлд ямар нэг өөрчлөлт ороогүй, төлбөрийн чадваргүйд тооцогдоогүй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, хэргийн оролцогч нарын тайлбар зэргээр нотлогдож байна. /хэргийн 2-р хавтас, 421, 430-433 дугаар тал/  

******* банкны хүсэлтийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.*******ийг оролцуулсан шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 143/ШЗ2016/01743 тоот захирамжийн агуулгаас А.*******ийг хариуцагчийн төлөөлөгчөөр биш иргэнийх нь хувьд хамтран хариуцагчаар оролцуулсан  боловч тэрээр “******* ******* уул” ХХК-ий гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, “******* хан уул” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалын хувиар  хариуцагч “******* ******* уул” ХХК, “******* хан уул” ХХК-ийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь түүний шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтийн агуулга, шүүхийн шийдвэрийн удирдлага хэсэгт бичигдсэн байдал зэргээс тодорхой байна. / хэргийн 2-р хавтас, 441-443, 486, 491 дүгээр тал/  Мөн А.******* нь дээрх хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болох нь “******* ******* уул” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 002, 003 тоот тогтоол, “******* хан уул” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний эрх шилжүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба түүний эрх зүйн байдлын талаар хэргийн оролцогч нар маргаагүй, хуулийн этгээдийн талаарх лавлагааг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байна. /хэргийн 2-р хавтас, 420-425, 430-435, 491 дүгээр тал/

Хариуцагч “******* ******* уул” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний үүргээ зөрчөөгүй байх үед 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үйлдвэрт гал түймэр гарч зээлийн гэрээний барьцаа хөрөнгө шатсан, энэ тухай банкинд мэдэгдэж хүүгээ зогсоогооч гэж утсаар болон албан бичгээр мэдэгдсэн, банкны төлөөлөгч ирж танилцсан боловч хариу мэдэгдээгүй байгаа, 2016 оны 5 дугаар сарын 17-нд банк нь харилцах дансанд байсан 80,042,028.0 төгрөгийг барилт хийж гүйлгээ хийхийг зогсоосон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар банкийг гэрээнээсээ татгалзаж, зээлийн гэрээний 6.2.3-т зааснаар гэрээг дуусгавар болгожээ гэж ойлгосон, үндсэн зээл 1,250,000,000 төгрөгөөс 80,042,028.0 төгрөгийг хасч 1,169,957,972 төгрөгийг төлнө гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ. /хэргийн 2-р хавтас, 441-442, 465 дугаар тал/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 80 саяын барилтыг хийсэн нь үнэн, үүний 25 саяыг үндсэн зээлд, үлдсэнийг нь хүүний төлбөрт суутгаж, зээлнээс хассан тухай тайлбар гаргасан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл тусгагджээ. /хэргийн 2-р хавтас, 486 дугаар тал/

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* банкны Ард бизнес төв нь “******* ******* уул” ХХК-д 1090/23 тоот зээлийн гэрээний дагуу  1,250,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, сарын 2,2%-ийн хүүтэйгээр зээлж мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч “******* ******* уул” ХХК нь банкийг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан ба  зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулангийн “...банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгүүд шатсанаас зээлийн эргэн төлөх эх үүсвэр байхгүй болсон...” гэсэн тайлбраас өөр зээлийн гэрээний хугацаа  дуусаагүй, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт ороогүй байхад үндсэн зээлийг бүхэлд нь шаардсан болон хариуцагчаар 4 этгээдийг сонгосон, тэдэнд хүлээлгэх хариуцлагын талаарх үндэслэлээ тайлбарласан, нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. /хэргийн 2-р хавтас,408 дугаар тал/

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэсэн.

“******* ******* уул” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн компанийн байранд гал түймэр гарч 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1090/23-01 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүд, үйлдвэрийн тоног төхөөрөмж шатаж зээл төлөх боломжгүй болсон тул зээлийн хүүг зогсоож өгөх хүсэлтийг 2016 оны 5 дугаар сард 35, 43,44,45 тоот албан бичгүүдээр хүргүүлж байсан, ******* банкнаас газар дээр нь ирж танилцаж байсан зэрэг нь тэдгээр албан бичгүүд, Монгол шуудан ТӨХК-ий мөнгө хураах тасалбрууд, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /хэргийн 2-р хавтас, 444-446, 450-457 дугаар тал/ Харин ******* банк нь “...хариуцагч “******* ******* уул” ХХК-ий захирал Б.*******тай холбогдож зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж, шинээр барьцаа хөрөнгө нэмж өгөхийг удаа дараа ярилцсан боловч үр дүнд хүрээгүй...”, “...гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сард уулзахдаа уулзалтын тэмдэглэлээр мэдэгдсэн, үүгээр гэрээ цуцлагдсан...” гэж хүсэлт, тайлбар гарган мэтгэлзсэн боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй байна.  

Зээлдэгч “******* ******* уул” ХХК нь хүндэтгэн үзэх үндэслэлээр зээлийн гэрээ цуцлах саналаа хүргүүлсэн байхад зээлдүүлэгч ******* банк нь гэрээнээс татгалзах хугацааг тогтоож эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгч банкийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэв.

 Мөн гэрээнээс татгалзах хугацааг тогтоогоогүй, зээлдэгчийн хүсэлтэд хариу өгөөгүй атлаа нэхэмжлэгч банк нь Зээлийн барьцааны гэрээ болон Банк, эрх бүхий хуулийн этгээпийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллаганы тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөрчин зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байхад зээлдэгчийн хүсэл зоригоос гадуур түүний харилцах дансны хөдөлгөөнийг саатуулан зогсоосон зэргээс үзэхэд банкийг зээлийн гэрээгээ дуусгавар болгосон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд гал түймэрт барьцааны хөрөнгө устсан 5 дугаар сарын 10-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалсанд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь ёсоор 2016 оны 4 дүгээр сарын 17-ноос 2016 оны 5 дугаар сарын 10 хүртэлх хугацааны хүүг нэхэмжлэх эрх банкинд байгаа боловч энэ хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй, хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч ******* банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу эсэргүүцсэн тайлбар ирүүлээгүй байна.

Хамтран хариуцагч нарын хүлээх хариуцлагын шийдвэрлэсэн талаар:

Шүүх хамтран хариуцагч Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг гэрээний дагуу үүрэг хүлээхгүй, хамааралгүй этгээд гэж дүгнэсэн нь зөв боловч үндэслэлээ буруу тайлбарласан байна.

Орон нутгийн өмчийн оролцоотой “******* ******* уул” ХХК-ий орон нутгийн өмчийн 51 хувийг 1,651,000,000 төгрөгөөр худалдан авахыг  “******* ******* уул” ХХК-д санал болгож зөвшөөрсөн нөхцөлд гэрээ байгуулах, зөвшөөрөөгүй нөхцөлд нийтийн дуудлага худалдааагаар  худалдах тухай Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоол гарчээ.  /хэргийн 1-р хавтасны 96 дугаар тал/

Өмнөговь аймгийн Засаг даргын “батлав” гэсэн тамга тэмдэгтэй  “******* хан уул” ХХК болон Засаг даргын дэргэдэх өмчийн албаны хооронд байгуулагдсан  “******* ******* уул” ХХК-ий орон нутгийн өмчийн 51 хувийг худалдах, худалдан авах тухай гэрээ” гэж нэрлэгдсэн бичмэл баримт хэрэгт авагдсныг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж шүүхийн шийдвэрийн болгоогүй атлаа хэрэгт “******* ******* уул” ХХК-ий орон нутгийн өмчийн 51 хувийг нийтийн дуудлага худалдаагаар худалдсан тухай баримт хэрэгт авагдаагүй байхад “...аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь зээлийн гэрээг байгуулахаас өмнө тухайн компаний өөрт ногдох хэсгийг хувьчилсан...” гэж үзсэн нь буруу, харин “******* ******* уул” ХХК-нь хуулийн этгээдийн эрх зүйн чадвар хэвээр байгаа тул компаний хариуцлагыг хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч хүлээхгүй.  Үүнтэй холбогдон “******* ******* уул ” ХХК-ий эрх зүйн чадвар хэвээр гэж үзэж байгаа нөхцөлд хөрөнгө оруулагч Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал төдийгүй “******* хан уул” ХХК  тухайн компаний өмнөөс хариуцлага хүлээх боломжгүй. Түүнчлэн “******* хан уул” ХХК  нь “******* ******* уул” ХХК-ий 51 хувийг худалдан авсан нь болон маргаж буй 1090/23 тоот зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэл   хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хэргийн 1-р хавтасны 6-7 дугаар хуудсанд авагдсан Батлан даалтын гэрээний эхний өгүүлбэрт “Энэхүү батлан даалтын гэрээг ...Батлан даагчаас 2015 оны 12-р сарын 15-нд албан ёсоор ирүүлсэн хүсэлт, 2015 оны 12-р сарын 30-ны өдрийн ******* банкны  Зээлийн ерөнхий хорооны хурлын 95/03 тоот шийдвэр, Зээлдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн ... байгуулав...” гэсэн байх боловч дурдсан батлан даагчийн болон зээлдэгчийн хүсэлтүүд, бусад шийдвэр зэрэг иргэн Б.*******ыг маргаж буй зээлийн гэрээний үүргийг нөхөх хариуцлага хүлээсэн батлан даагч болохыг нотлох нотлох баримтуудыг хариуцагч талаас гаргаж шүүхэд ирүүлээгүй байх тул иргэний хувьд биш гүйцэтгэх захирлын хувьд гарын үсэг зурсан гэх  хариуцагч Б.*******ын татгалзалыг нэхэмжлэгч няцааж чадаагүй, Иргэний хуулийн  байна. Харин Б.******* нь “******* ******* уул” ХХК-ий ТУЗ-ийн зөвшөөрлөөр зээлийн гэрээ байгуулж ажилласан нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 007 тоот тогтоолоор нотлогджээ./хэргийн 2-р хавтас, 482 дугаар тал/

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “******* ******* уул” ХХК-ий зээлийн гэрээний үүргийг “******* хан уул” ХХК болон иргэн Б.******* нар хамтран хариуцах үндэслэл тогтоогдоогүй,  нэхэмжлэгч тэдгээрийг хамтран хариуцагчаар оролцуулсан үндэслэлээ тодорхойлоогүй байхад ******* банк, “******* ******* уул” ХХК-ий хооронд байгуулагдсан 1090/23 тоот зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу “******* хан уул” ХХК болон иргэн Б.******* нарт хамтран хариуцуулж төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр “******* хан уул” ХХК, иргэн Б.******* нарын давж заалдах гомдлыг хангаж, тэдний төлбөр хариуцахаас чөлөөлж,  “******* ******* уул” ХХК-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд төлбөр хариуцуулаагүй шийдлийг хэвээр үлдээж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах гомдолд хариуцагч Б.*******, “******* хан уул” ХХК нь тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 2025680 төгрөгийг төлсөн баримтыг хавсаргаж ирүүлсэн байна. Анхан шатны шүүх  шийдвэртээ 3 хариуцагч тус бүр ямар үүрэгтэйг нэг бүрчлэн заагаагүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн хэмжээг 3 хариуцагч нь тэнцүү хэмжээгээр хариуцна. Энэ дагуу нийт нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 1/3 болох 2025680 төгрөгийг тус тус төлж баримтыг ирүүлсэн хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авсан атлаа үлдэгдэл улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 143/ШЗ2017/00266 тоот шүүгчийн захирамж гарсан нь  хуульд нийцээгүйг дурдаж байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00509 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дугаар “... “******* ******* уул” ХХК, “******* хан уул” ХХК, Б.******* нараас...” гэснийг “...“******* ******* уул” ХХК-иас...” гэж, 2 дугаар заалтыг бүхэлд нь “Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, “******* хан уул” ХХК, иргэн Б.******* нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “******* хан уул” ХХК-иас төлсөн 2,025,680 төгрөгийг, иргэн Б.*******аас төлсөн 2,025,680 төгрөгийг Хаан банкны Өмнөговь Татварын хэлтсийн 5585042119 тоот данснаас гаргуулж “******* хан уул” ХХК, иргэн Б.******* нарт шүүгчийн захирамжаар олгосугай. 

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.БЯМБАЖАВ

                                                                ШҮҮГЧИД                                       Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                                             Н.НАСАНЖАРГАЛ