Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/488

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч Н.Цэрэннамжил,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн 2034005350588 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н. Н, Монгол улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морингийн 9-409  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ТӨв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хаяа худаг” гэх газарт 82-94 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Мартын амь насыг хохироож, хохирогч Н.Цэрэннамжилын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Н.Цэрэннамжил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-05-06 тал/,  зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал / хх-07 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-08 тал/, Төв аймаг Баянхангай сум Хөшөөт 2 дугаар баг “Атар-13” гэх газарт Тоёота Пассо маркийн 82-94 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, зорчиж явсан Д.Март 26 настай эмэгтэй нас барсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-09-12 тал/, гэрч Н.Нинжмаагийн мэдүүлэг /хх-1315 тал/, гэрч М.Цэрэннамжилын мэдүүлэг /хх-16-17 тал/, гэрч Н.Нын мэдүүлэг /хх-18-19 тал/, гэрч Б.Алтанзулын мэдүүлэг /хх-20-21 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нинжмаагийн мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/, хохирогч М.Цэрэннамжилын мэдүүлэг /хх-26-30 тал/, Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №127 дугаартай дүгнэлт /хх-32-37 тал/, цогцосны гадна үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-39 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №10807 дугаартай дүгнэлт /хх-43-44 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №11180 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний №10808 дугаартай дүгнэлт /хх-49-50 тал/, Н.Нын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-83-85 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ТӨв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хаяа худаг” гэх газарт 82-94 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Мартын амь насыг хохироож, хохирогч Н.Цэрэннамжилын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-05-06 тал/,  зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал / хх-07 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-08 тал/, Төв аймаг Баянхангай сум Хөшөөт 2 дугаар баг “Атар-13” гэх газарт Тоёота Пассо маркийн 82-94 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, зорчиж явсан Д.Март 26 настай эмэгтэй нас барсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-09-12 тал/,

Гэрч Н.Нинжмаагийн: “...Өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү Н.Нын 82-94 улсын дугаартай тээврийн хэрэгслээр миний нөхөр Дамчаабадрал, охин Март, дүү Н нарын хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сум руу явж байсан ба Төв аймгийн Баянхангай сум өнгөрч яваад урдаа явж байсан ачааны том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд хажууд нь гарч ирээд замын хажуу руу онхолдож нэг бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ зогссон. Би машин дотроо байсан хүмүүсээ хартал миний охин машинд байхгүй байсан би охиноо хайх гээд машинаас гараад хартал миний охин машинтай ойрхон газарт хэвтэж байсан ба миний охин дугарахгүй, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд замын хүмүүс эмнэлэг цагдаа дуудаж өгөөд бид нар Төв аймгийн Баянхангай сумын эмнэлэгт ирсэн.” Гэх мэдүүлэг /хх-13-15 тал/

Гэрч М.Цэрэннамжилын: “...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн эхнэр Н, эхнэрийн эгч Нинжмаа, Нинжмаагийн охин Март нарын хамт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу 15 цагийн үед хөдөлсөн ба замдаа явж байгаад Төв аймгийн Баянхангай сум өнгөрч яваад урдаа байсан ачааны том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үедээ замын хажуу руу гарч онхолдсон ба тээврийн хэрэгсэл газарт нэг бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ тогтож зогссон. Тэгтэл машинд Н.Нинжмаа эгичнй охин Март байхгүй байсан ба гадаа машины ойролцоо хөдөлгөөнгүй ухаангүй хэвтэж байсан. Замын хүмүүс эмч цагдаа дуудаж өгсөн ба бид нарыг эмч ирж үзээд Баянхангай сумын эмнэлэгт авч ирсэн.” Гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,

Гэрч Б.Алтанзулын: “...2020.07.31-ний өдөр 20:05 цагийн орчимд Баянхангай сумын орон нутгийн засмал зам дээр зам тээврийн осол гарсан. Улмаар цагдаа Алтансүх болон бусад ажилчид нарын хамт очиход саарал өнгийн гэр бүлийн машин засмал замаас гараад онхолдсон байдалтай байсан. Хэргийн газарт очиход 1 эмэгтэй нас барсан байдалтай, бусад хүмүүс нь сандарч шоконд орсон байдалтай байсан. Улмаар нас барсан эмэгтэйг тухайн газар нь үлдээгээд бусад хүмүүсийг нь  сумын эмнэлэг рүү авч ирээд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд байж байна. Дээрх тээврийн хэрэгслийн жолооч нь гэх Н гэх эмэгтэй сандарсан, зүрх дэлссэн, цочролд орсон байдалтай байна. Н болон бусад хүмүүст өвчин намдаах, амьсгал зүрхний үйл ажиллагааг дэмжих, тархины хаван бууруулах зэрэг эмчилгээг хийсэн болно.” Гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нинжмаагийн: “...би энэ хэрэг өөрийн төрсөн охин талийгаач Д.Мартын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа болохоор энэ хэрэгт би өөрөө дахиж хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгмөөргүй байна. Миний биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд энэ дүгнэлттэй холбоотой санал хүсэлт гомдол байхгүй байна.” Гэх мэдүүлэг /хх-23-25 тал/,

Хохирогч М.Цэрэннамжилын: “...надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал алга байна.”гэх мэдүүлэг /хх-26-30 тал/

Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 096 дүгээр сарын 01-ний өдрийн №127 дугаартай: “...Талийгаачийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр цээжний баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, зүүн 8, 9, 10, 11-р хавирганы дан хугарал, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы хоёрлосон хугарал, орчны булчин, эд дэх цус хуралт, баруун уушгины тасрал, зүүн уутшгины язрал, уушгины эдийн няцрал, цус хуралт, цээжний хөндийн шингэн хуралдалт /700мл/, элэгний эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, зүүн хөмсөг, эрүү, баруун эгэм, цээж, аюулхай, баруун бугалга, баруун шуу, нурууны зулгаралт, цээжний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цус_ ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй. Талийгаачийн цусанд хийсэн биологийн шинжилгээгээр В/3/-р бүлгийн харъяаллын цустай байна. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас цээжний битүү гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.” Гэх дүгнэлт /хх-34-35 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний №10807 дугаартай “...Н.Нын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.”гэх дүгнэлт /хх-43-44 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №11180 дугаартай “...Н.Нинжмаагийн биед тархи доргилт, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.”гэх дүгнэлт /хх-46-47 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний №10808 дугаартай “...М.Цэрэннамжилын биед баруун уушгины дунд, доод дэлбэнд урагдал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, баруун талын 5-р хавирганы хугарал, сээрний 7, 10-р нугалмуудын их бие шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь наманд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” Гэх дүгнэлт /хх-ийн 49-50 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг , хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ТӨв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хаяа худаг” гэх газарт 82-94 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Мартын амь насыг хохироож, хохирогч Н.Цэрэннамжилын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэргийн улмаас нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч нарын буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Н.Н нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Н.Н гэмт хэргийн улмаас учирсан хохиролд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нинжмаад 10.000.000 /арван сая/ төгрөг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Н.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Нинжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар нь хохирол нэхэмжлээгүй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Н.Нын №1106566 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Н-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/ гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Н нь шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн 2034005350588  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Н нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нинжмаад 10.000.000 /арван сая/ төгрөг төлсөн, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдаж, 

хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Н-ын №1106566 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.ОТГОНЖАРГАЛ