Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/228

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2020/0202/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч Ц.С-,

Шүүгдэгч Х.М- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Х.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018002510194 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х.М, 1993 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Урьд 3 удаагийн ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.М- нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн  байх өөрийн гэртээ эхнэр Ц.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Х.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Архинаас болж ийм зүйл болсон. Би ажлаасаа гараад, найз нөхөдтэйгөө нийлж сүүлийн нэг жилийн хугацаанд архи уудаг болсон. Одоо ажил хөдөлмөр хийж, найзуудаасаа зайгаа барьж, архинаас татгалзаж байгаа.

...Эхнэрээсээ уучлалт гуйсан. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нөхөртэйгөө эвлэрсэн. Одоо хамт амьдарч байгаа.

...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,

 

-Гэрч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Мөнхбаяр манай хашаанд хажуу талын байшинд Ц.С-той хамт амьдардаг юм. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд Мөнхбаярын гэрт чимээ гараад байхаар нь орсон чинь Мөнхбаяр 2 найзтайгаа ирчихсэн Солонгын хамарнаас цус гарчихсан байхаар нь би Мөнхбаярыг “юу болоод байгаа юм бэ?” гээд загнасан чинь Мөнхбаяр гараад явсан.

...Солонго надад Мөнхбаяр зоддог гэж ярьж байсан. Тэрнээс би бол харсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/,

 

-“Ц.С-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.С-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 299 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст 10-11/,

 

-Хохирогч Ц.С-д эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 12-13/,

-“Аюулын зэрэг 6 буюу бага гарсан” гэх аюулын зэргийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 26-27/,

 

-“Х.М- нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлээгүй байна.” гэх Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолтоор /хавтаст хэргийн 93/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Х.М- нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум байх өөрийн гэртээ эхнэр Ц.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 299 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст 10-11/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх ба шүүгдэгч Х.М-, хохирогч Ц.С- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байх тул шүүгдэгч Х.М-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Х.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Ц.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.М- нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Х.М- нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.М-т үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь Х.М- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг биечлэн эдлээгүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолтоор /хэргийн 93/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байх тул өмнөх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.М-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Х.М-т 00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Х.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.М-т үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Х.М-т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Х.М-т Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ