| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/04022/И |
| Дугаар | 102/ШШ2018/00047 |
| Огноо | 2017-12-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2018/00047
| 2017 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2018/00047 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д. Г,
Хариуцагч: Б.С нарт холбогдох орон сууц хөлслөх гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 1 662 046 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 8-р хороо 11-р байрны 235 тоот 1 өрөө сууц нь миний төрсөн эгч Т.Ж-гийн өмчлөлийнх юм. Эгч минь надад орон сууц хөлслүүлэх итгэмжлэл өгсөн байсан. Ингээд би 2015 оны 03-р сарын 06-ны өдөр Д.Г-тай гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай хөлслүүлэхээр тохирсон. Д.Г эхний 1 сарын төлбөрийг төлөөд байрандаа орсон. Гэтэл 2015 оны 07-р сард Д.Г нь “түрээслэхээ болилоо, манай дүү байр түрээслэхээр хайж байна, би дүүгээ оруулчих уу” гэж ярьсан. Ингээд би зөвшөөрч 2015 оны 07-р сарын 18-ны өдөр Б.С-той гэрээ 1 жилээр гэрээ байгуулсан. Сарын түрээсийн төлбөрийг 420 000 төгрөгөөр тохирсон. Эхний сарын мөнгөө Б.С нь өгөөд орсон. Ингээд дараагийн сарын төлбөрийг төлөхгүй удаад байхаар нь байраа эргэж тойрсон. Тэгээд хаалгаа тайлахгүй, гэрэлгүй болохоор нь хөдөө явсан байх гэж бодсон. Гэтэл Б.С11-р сарын эхээр “түлхүүрийг чинь дотор нь үлдээсэн” гэж захидал бичээд нүүсэн байсан. Д.Г-тай гэрээ хийхдээ сарын 400 000 төгрөгөөр тохирсон, байрнаас гарахдаа 2015 оны 06-р сарын байрны ашиглалтын зардал 16 575 төгрөг, алданги 8 178 төгрөг, байрны мөнгө 32 435 төгрөг, СӨХ-ны мөнгө 14 250 төгрөг, домофон 3 000 төгрөг, алданги 224 төгрөг нийт 45 009 төгрөгийг, Б.С-гоос 2015 оны 07-р сараас 11-р сарын байрны ашиглалтын зардал, 8,9,10-р сарын түрээсийн төлбөр, цоож солиулсны зардал, эрэн сурвалжлахад төлсөн 70 200 төгрөг, алданги 8 044 төгрөг нийт 1 617 036 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн дүн 1 662 046 төгрөг гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ байрыг 2015 оны 03-р сараас 06-р сар хүртэл манай ээж түрээслэх хугацааны 3 сарын төлбөр 1 200 000 төгрөгийг төлсөн. 2015 оны 06-р сарын 06-ны өдөр уг байрнаас гарахдаа төлбөр тооцоогүй, дараагийн хүнээ олоод гарсан. 2015 оны 6-р сарын байрны мөнгө, гэрээний алданги гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Би 2015 оны 07-р сарын 18-ны өдөр түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай, сарын 420 000 төгрөг төлөхөөр тохирсон. Би байранд нэг сар суусан. Эхний сарын төлбөр 420 000 төгрөгийг төлсөн. Дараагийн сарын түрээсийг 2015 оны 08-р сарын 18-ны өдөр өгөх байсан. Би тухайн үед жирэмсэн, хэвтэрийн дэглэм барьж байсан, түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тул “байрнаас чинь гарахаар боллоо, түлхүүрийг чинь дотор нь үлдээсэн шүү” гэж 2015 оны 8-р сарын 20-нд захиа бичээд гарсан. Учир байдлаа хэлээд хэрэглэсэн зардлаа боломжоороо хуваагаад төлнө, түрээсээ цаашид өгч чадахгүйнээ, дансаа өгчих гэсэн. Тэр үед манай нөхөр Дорнод аймаг руу ажлаар явах болсон, дэмий мөнгө төлж байхаар хадам аавын гэрийг харж үлдэх болоод 2015 оны 08-р сарын 20-ны өдөр нүүсэн. Гэтэл нэхэмжлэгч “би заавал түлхүүрээ өөрөө авна, хэрэглээний мөнгийг хувааж төлөхгүй” гэсэн. Намайг 11-р сарын 09-нд байрнаас гарах тухай хэлсэн гэж байна, өөрөө 2015 оны 8-р сард миний ээж Д.Г руу залгаад байраа хүлээлгэж өг гэж хэлсэн байсан. Одоо надад энэ мөнгийг төлөх боломж байхгүй, 2 нялх хүүхэдтэй, том хүүхэд минь өвчтэй хэцүү байна. Надад төлөх боломж байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь Д.Г, Б.С нарт холбогдох орон сууц хөлслөх гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 1 662 046 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Г-гаас 41 785 төгрөг, Б.С-гоос 1 534 834 төгрөгийг тус тус гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын бүртгэлийн Ү-2205000954 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 11-р байрны 235 тоот 1 өрөө сууцны өмчлөгч Г.Ж нь 2013 оны 9-р сарын 3-ны өдөр Т.Б-д “Итгэмжлэл” олгож, тухайн сууцыг түрээслүүлэх, хөлслүүлэх эрхийг 3 жилийн хугацаатай /хх 30-31/ олгожээ.
Т.Б нь Д.Г-тай 2015 оны 3-р сарын 6-ны өдөр “Орон сууц хөлслөх” тухай 11/235 тоот гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 11-р байрны 235 тоот 1 өрөө сууцыг 2015 оны 3-р сарын 6-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч сард 400 000 төгрөгний хөлс төлөхөөр /хх 6/ тохирчээ.
Хөлслөгч нь тухайн байранд 2015 оны 7-р сар хүртэл амьдарч түрээсийн төлбөрөө төлсөн боловч хөлслүүлэгчтэй тохирч гэрээгээ цуцалсан, энэ талаар талууд маргаагүй, харин 2015 оны 6-р сарын байрны ашиглалтын зардлыг төлөөгүй гэж нэхэмжлэгч маргасан байна.
Гэрээний 6-р зүйлийн 6.1-д зааснаар хөлслөгч нь орон сууцны ашиглалтын зардлыг төлөхөөр тохирсон байх ба харин хөлслүүлэгч Т.Б нь 2015 оны 6-р сарын ашиглалтын зардал 16 357 төгрөгийг алданги 8 176 төгрөгийн хамт нийт 24 535 төгрөг, Бат-Өргөө сууц өмчлөгчдийн холбоонд засвар үйлчилгээний зардалд 17 250 төгрөгийг тус тус төлсөн баримтаар /хх 4, 9/ тогтоогдсон байна.
Хариуцагч нь 41 785 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгчид хохирол учруулсан байх тул энэ хэмжээгээр Д.Г-гаас хохирлыг гаргуулах нь зүйтэй. Харин домофоны зардал 3 000 төгрөгийг төлөхөөр талууд тохироогүй тул хасч тооцлоо.
Хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “ямар нэг тооцоогүй болсон” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Талууд гэрээг 2017 оны 7-р сард цуцалснаар Т.Б нь Б.С-той 2015 оны 7-р сарын 18-ны өдөр “Орон сууц хөлслөх тухай” 11/235 тоот гэрээ байгуулж, дээрх сууцыг 2015 оны 7-р сарын 18-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч сард 420 000 төгрөгний хөлс төлөхөөр /хх 7/ тохирчээ.
Хөлслөгч нь тус сууцанд 1 сар амьдарч, гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 8-р сарын 20-нд нүүсэн гэх ба гэрээ цуцлах хугацаа 3 сар байна, энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолох Иргэний хуулийн 294-р зүйлийн 294.3, 294.4 дэх заалтыг зөрчсөн, улмаар гэрээгээр тохирсон хугацаанд хэлэлцэн тохирсон хөлс төлүүлэх хөлслүүлэгчийн эрхийг зөрчсөн, хөлслөгч гэрээ цуцалснаас хөлслүүлэгчид хохирол учруулсан байна.
Гэрээний 6-р зүйлийн 6.1-д зааснаар орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, кабель, утасны төлбөрийг хөлслөгч төлөхөөр тохирсон боловч хөлслөгч гэрээ цуцалснаас хөлслүүлэгч нь 2015 оны 7-10 дугаар сарын байрны мөнгө 93 566 төгрөг, цахилгааны төлбөрт 44 224 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны зардалд 69 000 төгрөг, хаалганы цоож солиулж 60 000 төгрөгний зардал, 8-10-р сарын түрээсийн төлбөр 1 260 000 төгрөг нийт 1 526 790 төгрөгийн, гэрээний 4.2-т тохирсноор алданги 8 044 төгрөг нийт 1 534 834 төгрөгийг төлж хохирсон /хх 4, 10-1416-17/ гэж үзнэ.
Харин домофоны зардал 3 000 төгрөгийг төлөхөөр талууд тохироогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 төгрөгийг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад 70 200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж хохирсон гэх боловч нотлох баримтын шаардлага хангаагүй /хх 15/ байх тул хангах үндэслэлгүй.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...нялх хүүхэдтэй, хүүхэд өвчтэй” гэж тайлбарладаг боловч энэ нь гэрээ цуцалснаас учирсан хохирлыг арилгахгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 302-р зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г-аас 41 785 /дөчин нэгэн мянга долоон зуун наян тав/ төгрөг, Б.Сгоос 1 534 834 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж Т.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 84 427 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 550 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 40 176 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА